Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 535

 

                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Амартүвшинд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Энхболд,

Ялтан Б.Амартүвшингийн өмгөөлөгч Б.Золзаяа, С.Цэдэндамба,  

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Амартүвшин, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Амартүвшинд холбогдох эрүүгийн 201501000189 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Уранборжигон овогт Баярхүүгийн Амартүвшин, 1976 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газрын шалгагч ажилтай байсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, шнб 1/8 дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЕН76062003/,   

 

          Б.Амартүвшин нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Замын-Үүд автозамын боомтоор гарах чиглэлд шалгагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн БНХАУ-ын иргэн Жан Шуай /Zhang Shuai/-г 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хил нэвтрэлтийн Борекс программын бүртгэлд бүртгэлгүйгээр түүний гадаад паспортанд штамп дарж Монгол Улсын хилээр гарган албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн В.Алтанцэцэгээр зуучлуулан 2.000.000 төгрөг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Амартүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Амартүвшинг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б.Амартүвшинд төрийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Амартүвшинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Амартүвшинд оногдуулсан төрийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Амартүвшингээс 2.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн 201501000189 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Амартүвшин бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Амартүвшиний гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, Б.Амартүвшинд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Амартүвшин шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Би хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж, гэм буруугаа сайтар ойлгож мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулж болохгүйг ухамсарлан өөрийн зүгээс хамаарах мэдүүлэгт бүх үнэнээ үнэн зөвөөр хүлээж өгсөн. Миний хувьд хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй энэ үйлдэл нь ямар ноцтой үр дагавар авчирж болох ба ихээхэн том хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл болж байгааг сайтар ухамсарлан, албаныхаа болоод өөрийн нэр хүндэд сэв суулгасан энэ үйлдэлдээ дахин дахин гэмшиж, туйлын буруу, хууль зөрчсөн үйлдэл хийснээ ойлгож чин сэтгэлээсээ гэмшиж байна.

Би улсад 21 жил ажиллаж байгаа бөгөөд өөрийн болчимгүй гэнэн байдлаасаа болж анх удаагаа ийм асуудалд холбогдож, сэтгэл санаа ихээхэн цочирдож байсан болохоор өөрийн буруутай үйлдлээс учруулсан хохирол 2.000.000 төгрөгийг хэрхэн хаана, яаж барагдуулах тухайгаа ойлгож ухамсарлан барагдуулсан болно.

Би ганц бие, хоёр хүүхэдтэй /нэг нь 5 настай цэцэрлэгт, нөгөө нь насанд хүрээгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагч/ өрх толгойлсон эх хүн бөгөөд миний эцэг, эх өндөр насны тэтгэвэртээ суусан хүмүүс байдаг бөгөөд тэдэнд сэтгэлийн дарамт болчихоод байгаа ба хоёр хүүхдийн минь цаашдын сурлага хүмүүжил, амьдралд хар толбо үлдээж, яаж сурч хүмүүжиж, амьдрах бол гэхээс эх хүний хувьд сэтгэл санааны маш хүнд хямралд орж байгаа. Хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдож учруулсан гэм хор болох 2.000.000 төгрөгөө барагдуулж улсыг хохиролгүй болгосон нөхцөл шалтгааныг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж тэнсэн харгалзах төрлөөр өөрчилж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Энэ бүх байцаан шийтгэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэр нь надад их зүйлийг ойлгуулан ухамсарлуулсан бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж буйгаа дахин дахин хэлэхийн ялдамд цаашид та бүхний итгэлийг дааж улс эх орондоо үнэнч шударгаар ажиллаж амьдарч чадна гэдгийг чин сэтгэлээсээ амлаж байна…” гэжээ.  

Ялтан Б.Амартүвшингийн өмгөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Амартүвшингийн өмгөөлөгч Б.Золзаяа миний бие 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 тоот шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолоор Б.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Б.Амартүвшинд хобогдох хэргийг дараах үндэслэлээр хянаж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

1. Шүүгдэгч Б.Амартүвшин нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа ихэд гэмшиж байгаа юм. Б.Амартүвшинг сэжигтэн, яллагдагчаар татаж, байцаасан тэмдэглэл, хэргийн материалтай танилцсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдоно. /2 дугаар хавтаст хэргийн 162, 163, 164, 165, 168, 228/,

2. Шүүгдэгч Б.Амартүвшин нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Б.Амартүвшинг сэжигтэн, яллагдагчаар татаж, байцаасан тэмдэглэл, хэргийн материалтай танилцсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, В.Алтанцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Д.Нямсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдоно. /2 дугаар хавтаст хэргийн 102-104, 162, 163, 164, 165, 168, 226-228/

3. Шүүгдэгч Б.Амартүвшин нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Ял шиийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдоно. /2 дугаар хавтаст хэргийн 172/.

4. Шүүгдэгч Б.Амартүвшин нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй билээ.

5. Шүүгдэгч Б.Амартүвшин нь Дорноговь аймгийн Замын Үүд сум, 2 дугаар баг, шнб 1/8 дүгээр байрны 6 тоотод оршин суудаг. Өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 2 хүүхдийн хамт амьдардаг, ам бүл гурав. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д-136/ШШ2016/00234 тоот шийдвэрээр Б.Амартүвшин нь Ж.Баяр-Отгоноос гэрлэлтээ цуцлуулсан ба хүүхдүүд болох Б.Наранчимэг, Б.Гуамарал нар нь эх Б.Амартүвшингийн асрамжинд үлдсэн юм. Энэ нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Дорноговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д-136/ШШ2016/00234 тоот шийдвэр, Дорноговь аймгийн Замын Үүд сумын Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдоно. /2 дугаар хавтаст хэргийн 171, 173/.

6. Шүүгдэгч Б.Амартүвшин нь өөрийн гэсэн гэр орон байхгүй байр түрээслэн амьдардаг, хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлахгүйгээр үйлдсэн байх магадлалтай байна. Б.Амартүвшинг сэжигтэн, яллагдагчаар татаж, байцаасан тэмдэглэл, хэргийн материалтай танилцсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг В.Алтанцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Д.Нямсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдоно. /2 дугаар хавтаст хэргийн 102-104, 162, 163, 164, 165, 168, 226-228/.

7. Шүүгдэгч Б.Амартүвшин нь эрх зүйч мэргэжилтэй, төрийн албанд 10 гаруй жил ажиллаж, ажил байдал болоод эцэг эх, төрөл төрөгсөд, хувийн байдлын хувьд гэмт хэрэгт холбогдох этгээд биш юм. Энэ нь түүний эцэг эх, өөрийн намтар, төрийн албан хаагчийн анкет, ажилд орсон тушаал, дээд сургууль төгссөн дипломын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдоно. /2 дугаар хавтаст хэргийн 232-235, 236, 241-249/.

8. Б.Амартүвшинг хорих ялаар шийтгүүлж, хорих 461 дүгээр ангид хоригдсоноос хойш тэтгэвэрт суудаг эцэг, эхийх нь санаа сэтгэл хүнд байдалд орж 2 хүүхдийг нь харж хандах хүнгүй хэцүү нөхцөл байдалтай байна. Иймд Б.Амартүвшингийн хувийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн тэнсэх ял оногдуулж хянан харгалзуулж өгнө үү…” гэв.

Ялтан Б.Амартүвшингийн өмгөөлөгч С.Цэдэндамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БНХАУ-ын иргэн Жан Шуайгаас хээл хахуульд өгсөн мөнгийг В.Алтанцэцэгээр зуучлуулан авсан. БНХАУ-ын иргэн Жан Шуай их хэмжээний өр төлбөртэй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хилээр гаргах хориг тавьсан байх үед “БНХАУ-ын иргэн Жан Шуайгаас мөнгө авах ёстой юм. Мөнгөө олоод эргэж гарч ирнэ” гэж В.Алтанцэцэгийн гуйснаар хил нэвтрэлтийн бүртгэлд бүртгэлгүйгээр түүний гадаад паспортод тамга дарж хил гарган нэвтрүүлж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөө хил нэвтрүүлсэн. Тухайн өдрийнхөө орой нь В.Алтанцэцэгээс 2.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогдон 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хээл хахуульд зуучилсан гэх В.Алтанцэцэг нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Энэ хэрэгт хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Жан Шуайг энэ талаар нэг ч удаа байцаагаагүй. Үүнээс болж Б.Амартүвшингийн үйлдсэн гэмт хэргийг онцгойлон харж ял шийтгэлийг хөнгөрүүлээгүй учир шалтгааныг бүрэн хэмжээгээр тогтоогдоогүй гэж үзэж байна. Хээл хахуульд зуучлагч В.Алтанцэцэг нь 2008 оны цагаан сарын өмнө Б.Амартүвшингээс 2.000.000 төгрөгийг зээлж аваад 2014 оны 12 дугаар сарын 10-ын өдөр хүртэлх хугацаанд огт өгөөгүй байсан. Энэ талаар Б.Амартүвшингийн удаа дараагийн мэдүүлгүүд /2-р хх-ийн 262, 263/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг. В.Алтанцэцэг Б.Амартүвшинд мөнгө өгөхдөө Чинбаа гэдэг хүнээс 2.000.000 төгрөг зээлж аваад өгсөн. Чинбаа өөрийн дүү Хоролмаад Алтанцэцэгээс 2.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний юань аваарай гэж хэлснийг тухайн үед Хоролмаа нэхэж байгаа уг мөнгийг юаниар авсан болохыг 2-р хавтаст хэргийн 100-д Хоролмаагийн мэдүүлэгт тодорхой байдаг. В.Алтанцэцэг нь БНХАУ-ын иргэн Жан Шуайгаас авах ёстой мөнгөө аваад Б.Амартүвшингээс урьд зээлсэн мөнгөө хэрэг гарсан өдрийн орой өгсөн үү, эсвэл В.Алтанцэцэг БНХАУ-ын иргэн Жан Шуайтай хил гарсны дараа Б.Амартүвшинд мөнгө өгнө гэж ярьж тохирсны дараа мөнгийг өгсөн үү гэдгийг нарийн тогтоогоогүй. Монгол улс, БНХАУ-ын хооронд Эрүү, Иргэний хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд 2 улс харилцан бие биедээ тусалж, харилцан даалгавар явуулж, үүнийг нь биелүүлэх гэрээ байгуулсан. Үүний үндсэн дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 398 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу БНХАУ-ын иргэнийг байцаан тодруулсан бол Б.Амартүвшингийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд онцгой учир шалтгаан гарч ирэх байсан. Б.Амартүвшин ам бүл 3, 15  настай Наранчимэг, 5 настай охин Гуамарал нарын хамт амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Б.Амартүвшин энэ хэргийн улмаас олсон орлого 2.000.000 төгрөгийг төлөөгүй байснаар давж заалдах гомдол гаргах хугацаанд төлж дууссан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой болсон. Ийм учраас энэхүү байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Амартүвшин нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Замын-Үүд автозамын боомтоор гарах чиглэлд шалгагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн БНХАУ-ын иргэн Жан Шуайг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хил нэвтрэлтийн Борекс программын бүртгэлд бүртгэлгүйгээр түүний гадаад паспортод штамп дарж Монгол Улсын хилээр гарган албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн В.Алтанцэцэгээр зуучлуулан 2.000.000 төгрөг хээл хахуульд авсан болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Б.Амартүвшинг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б.Амартүвшинд төрийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Амартүвшингээс 2.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд Б.Амартүвшингийн хувийн байдлын хувьд 2 хүүхэдтэй, эхийндээ хамт амьдардаг, мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг буюу гэм хорыг арилгаагүй нөхцөл байдал байсан ч сүүлд өгсөн баримтаар хохирлыг барагдуулсан гэж үзсэн. Иймд прокурорын зүгээс Эрүүгийн хууль ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа учраас татгалзах зүйл байхгүй” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Б.Амартүвшин нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Замын-Үүд автозамын боомтоор гарах чиглэлд шалгагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн БНХАУ-ын иргэн Жан Шуай /Zhang Shuai/-г 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хил нэвтрэлтийн Борекс программын бүртгэлд бүртгэлгүйгээр түүний гадаад паспортанд штамп дарж Монгол Улсын хилээр гарган албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн В.Алтанцэцэгээр зуучлуулан 2.000.000 төгрөг хээл хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Б.Ариунцэцэгийн “...14280428 дугаартай Жан Шуайд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг ажил хүлээлцэх комиссоос хүлээж авсан. ...Энэ хэргийг хүлээж авахад Жан Шуай олдохгүй байсан бөгөөд хэрэгт хилийн хориг тавьсан байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Жан Шуайг шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үндэслэлээр шалгуулахаар хандсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгээд Монгол Улсын хилээр гарсан байна гээд хэргийг түдгэлзүүлсэн. Жан Шуай нь БНХАУ-ын Эрээн хотод 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр өмгөөлөгч Үлэмжид итгэмжлэл олгосон байгаа юм...” /хх-231-233-I/,

Гэрч Ж.Пүрэврагчаагийн “...Монгол улсын иргэн В.Ганзориг, түүний хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Жан Шуай нараас төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан. ...540 сая төгрөг авахаар шүүхийн шийдвэр гарсан. ...2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг байгуулж ажиллагаа эхэлсэн. Манай хэрэг нь шийдвэр гүйцэтгэгч Ч.Батбилэг дээр хуваарилагдсан. 2014 оны 8 дугаар сарын дундуур манай зүгээс хүсэлт гаргаад шийдвэр гүйцэтгэх алба Жан Шуайг хилээр нэвтрэхийг хориглосон. Хилийн хориог тавьснаас хойш хилийн хоригоо цуцлуулах талаар надаас болон шийдвэр гүйцэтгэх албанд олон удаа хүсэлт тавьсан. Жан Шуай нь надад “би Монголоос мөнгө олж чадахгүй байна, Хятадаас мөнгө олж ирье” гээд байсан. Миний зүгээр төлбөрийн 50 хувийг төлөх юм бол хил нэвтрэх эрхийг чинь зөвшөөрч болох юм гэж хэлсэн. ...Хилийн лавлагаа авахаар 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад орж ирсэн байна. Монгол Улсын хилээр гаргаагүй тухай лавлагаа ирээд байдаг. ...Эрүүгийн цагдаагийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/3809 албан бичгээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 09 цаг 35 минутад Эрээн хотын боомтоор хил нэвтэрсэн болохыг мэдэгдсэн...” /хх-2-3-II/,

Гэрч Ч.Мөнхтамирын “...Хилийн хориг нууцлалтай учраас би дангаараа хариуцдаг. ...Шалгагч бүрт хилээр нэвтрэхийг хориглосон хүмүүсийн нэрийг компьютерийн файл хэлбэрээр болон цаасан хэлбэрээр өгдөг. ...Хилийн лавлагааг нь программаас шүүж үзэхэд Жан Шуай нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад Буянт-Ухаа боомтоор орж ирсэн, буцаж гарсан талаар мэдээлэл байдаггүй. Энэ хүнийг Шийдвэр гүйцэтгэх газраас 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн бичгээр хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Одоо ч түдгэлзүүлсэн хүний нэрсэд хэвээр байна. Хил нэвтрэх эрхийг нь сэргээгээгүй байна...” /хх-10-11-II/,

Гэрч Д.Нямсүрэнгийн “...Б.Амартүвшинг сайн танихгүй, харин түүний аав С.Баярхүү, ээж Х.Чулуунцэцэг нарыг сайн танина. Б.Амартүвшинд Замын-Үүд суманд байх байраа түрээслэж байсан. 2014 оны 7 дугаар сарын сүүлээр байраа түрээслүүлж эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын дундуур Б.Амартүвшингээс 9, 10, 11, 12, 1 дүгээр сарын нийт 5 сарын байрны хөлс болох 1.750.000 төгрөг авсан. Манай охин Завхан аймгаас ирээд байраа түрээслүүлэхээ больсон. Албан ёсоор гэрээ байгуулсан зүйл байхгүй. Амаар ярьж тохирсон...” /хх-102-103-II/,

В.Алтанцэцэгийн яллагдагчаар өгсөн “...2014 оны 12 дугаар сарын эхээр бараа татах гээд Замын-Үүдэд очсон байхдаа Жан Шуайтай тааралдсан. Жан Шуай нь орчуулагч Оргил гэх залуутай хамт түүний “Бенз” загварын автомашинтай явж байсан. ...2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөө Жан Шуайг Монгол Улсын хилээр гарсны дараа орой ажил тарсан байхад Амартүвшинтэй уулзаж 2.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр орчуулагч Оргилын “Бенз” загварын автомашин дотор өгсөн. Би Жан Шуайгаас 2.000.000 төгрөгийг өглөө нь Монгол Улсын хилээр гарахаас өмнө бэлнээр авсан байсан. Энэ мөнгийг хил гарсны дараа шалгагч Амартүвшинд өгсөн. Би хээл хахуульд зуучилсан гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” /хх-226-II/,

Б.Амартүвшингийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Алтанцэцэг эгч над руу 99117837 дугаараас залгасан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өглөө ажил цуглахаас өмнө над руу ахиж залгаад уулзъя гээд вокзал дээр машинтай зогсож байхад нь би машинд орж суусан. Би Алтай эгчид та хүнээс мөнгө авчихаад алга болчихсон гэдгийг нь хэлэхэд эгч нь мөнгийг нь одоо өгнө, харин Жан Шуайгаас мөнгө авах ёстой юм, энэ хүнийг Хятад руу гаргах хэрэгтэй байна, Монголд жоохон асуудалтай байгаа, гэхдээ зүгээрээ буцаад ороод ирнэ. Компьютерийн бүртгэлд хилийн хориг тавьсан байгаа байх гэсэн. Би ажил руугаа ороод 09 цаг өнгөрч байхад Жан Шуай нь орчуулагч Оргилын хамт ирсэн. Би Оргилыг бүртгээд Жан Шуайг компьютерт бүртгэлгүйгээр штампаа дараад гаргасан. Тэр орой ажил тарсаны дараа Алтай эгчтэй вокзал дээр машин дотор нь уулзаад 2 сая төгрөгийг бэлнээр авсан. ...Би тэр мөнгөөр 5 сарын байрны түрээсийн төлбөр 1.750.000 төгрөг өгсөн. Үлдсэн 250.000 төгрөгийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан. ...Бичиг баримт нь хүчин төгөлдөр бус, эсвэл хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үедээ 2 сая төгрөг өгнө гэхээр нь гаргасан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...” /хх-162-163, 165-167-II/ гэх мэдүүлгүүд болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 06/4106 дугаар албан бичиг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/7611 дугаар албан бичиг, хавсралт /хх-179-180-I/, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06/1879 дугаар албан тоот, хавсралт /хх-112-113-II/, Эрүүгийн цагдаагийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10д/3809 дугаартай албан бичиг /хх-98-I, хх-4-II/, Архивын баримт болон хил нэвтрэгсдийг бүртгэх программд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-187-194-I/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Б.Амартүвшин “…2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж тэнсэн харгалзах төрлөөр өөрчилж өгнө үү...” гэж,

түүний өмгөөлөгч Б.Золзаяа “…Б.Амартүвшингийн хувийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн тэнсэх ял оногдуулж хянан харгалзуулж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Б.Амартүвшин нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, анхан шатны шүүх хуралдаанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр шийтгэх тогтоолд заасан 2 сая төгрөгийг Улсын төсвийн дансанд төлсөн зэргийг харгалзан ялтан Б.Амартүвшингийн “…2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж тэнсэн харгалзах төрлөөр өөрчилж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Золзаяагийн “…Б.Амартүвшингийн хувийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн тэнсэх ял оногдуулж хянан харгалзуулж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү хэрэгт ялтан Б.Амартүвшин нь 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б.Амартүвшинд оногдуулсан төрийн албан тушаалд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.Амартүвшинг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж, түүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                                                           Д.МЯГМАРЖАВ