Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 537

 

                                                                                                                                                                              

 

 

 

 

 

 

 

 

             Б.Наранбаярт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван, хохирогч С.Нямдэлэг, Н.Энхбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Р.Булган,

Ялтан Б.Наранбаяр /цагдан хорих ангиас цахим сүлжээгээр оролцсон/,

Ялтан Б.Наранбаярын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Наранбаяр, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Наранбаярт холбогдох эрүүгийн 201624000118 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Буурал овогт Баасангийн Наранбаяр, 1988 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоматик телемеханикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 2 дугаар ангид механикч ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 2-31 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ВО88110416/,   

Б.Наранбаяр нь 2016 оны 2 дугаар сарын 14-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд “Субару Форестер” загварын 28-71 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин Н.Энхбаяр жолоочтой “Ниссан Террано” загварын 08-97 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Н.Энхбаяр, зорчигч С.Нямдэлэг нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зорчигч Д.Баасангийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Наранбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Наранбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодод хүндэвтэр гэмтлүүдийг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Наранбаяр нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Наранбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Наранбаяраас 194.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд, 46.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нямдэлэгт, иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд 1.000.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Нямдэлэгийн нүдний эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нямдэлэгт тус тус олгож, мөрдөн байцаагчийн 2016.2.22-ны өдрийн шүүгдэгч Б.Наранбаярын Хаан банкны 5015173629 тоот данс битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Б.Наранбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Наранбаяр давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Б.Наранбаяр нь 1988 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, Төмөр зам дохиолол холбооны механик, инженер мэргэжилтэй/. Аав Д.Баасан нь 70 настай, ээж Г.Цэрэндолгор нь 65 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 2-31 тоотод аав, ээжийн хамт оршин суудаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хурлаас 3 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Тухайн ослоор хүний амь нас хохироож, хохирогчийн гэр бүл болон өөрийн аав ээжийнхээ сэтгэл зүйд хар толбо үлдээсэн явдалдаа маш их гэмшиж байна.

Миний бие нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болон талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд 9.980.000 төгрөг, хохирогч Н.Энхбаярт 42.000 төгрөг, хохирогч С.Нямдэлэгт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд 3.800.000 төгрөг, нийт 14.022.000 төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулсан болно. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд 1.394.600 төгрөг, хохирогч С.Нямдэлэгт 546.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд 1.000.000 төгрөгийн тус тус бодит хохирлыг нь бүрэн барагдуулж дуусгана.

Мөн өөрийн биедээ хүнд гэмтэл авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв эмнэлэгт хагалгаанд орж бүтэн 5 cap хэвтэрт байх хугацаандаа эмч, эмнэлгийн дүгнэлтээр “сүүжний тогооны цөмөрсөн хугарал оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 80% алдсан гэж тогтоогдсон бөгөөд суумгай болсон. Одоогоор өвчиндөө шаналан цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлж, хөгшин болсон аав, ээж хоёрыгоо сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байна. Миний бие нь эрүүл мэндийн хувьд хүнд бэртэлтэй, цаашид удаан хугацаанд ял эдлэхэд бие, эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа тул миний энэхүү байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөлөн тэнсэн хянан харгалзах ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Эмчилгээ тасарснаас болж хөл хатингаршиж хөлгүй болж байна. Миний энэ байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.

Ялтан Б.Наранбаярын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Б.Наранбаяр нь энэ хэргийн улмаас өөртөө хүнд гэмтэл авч, сүүжний тогооны яс бяцарч, хөдөлмөрийн чадвараа 80% алдсан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар батлагдсан ба үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх хурал дээр гаргаж өгсөн. Одоо босож чадахгүй тэргэнцэртэй, өөртөө үйлчилж чадахгүй, бусдын асрамж зайлшгүй шаардлагатай байгаа юм. Б.Наранбаяр анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Б.Наранбаярын давж заалдах гомдолд дурдсан 14.022.000 төгрөгөөс гадна давж заалдах хугацаанд нэмж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан. Үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайваны 194.600 төгрөг, хохирогч С.Нямдэлэгт тооцооны алдаанаас төлөгдөөгүй 46.000 төгрөг, гэрээний нэхэмжлэгч А.Гансүхэд төлөх 1.000.000 төгрөгийг давж заалдах явцад төлж дуусгасан. Мөн шүүгдэгчээс 1.200.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд, 500.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нямдэлэгт төлж барагдуулсан. Нийтдээ давж заалдах шүүхийн шатанд 2.950.000 төгрөг төлж барагдуулсан. Хохирлыг бүрэн барагдуулсан, ялангуяа өөрийнх нь эрүүл мэндийн байдлыг харж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ. Гэтэл шүүх хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал хэмээн үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Гэхдээ шүүгдэгч өмгөөллийн хөлсийг сайн дураараа нөхөн төлсөн. Цагдан хорих 461 дүгээр ангид Б.Наранбаярын эмчилгээ нь тасалдаад шаардлагатай эмчилгээ дутуу байгаа учраас хөл нь хатингаршаад хатаж эхэлсэн. Уг нь хагалгаанд орох шаардлагатай байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэдийгээр хохирол төлбөрийг авсан боловч гомдолтой байна. Миний эцгийг нас барснаас хойш Б.Наранбаярын ар гэрийнхэн бид нартай ирж уулзаагүй. Шүүхийн шийтгэх тогтоол гараад баримтын дагуу хохирлыг төлсөн болохоос, өмнө нь бид нартай огт уулзаагүй. Гэмтлийн эмнэлэгт “миний хүүхдийн бие муу, миний эцэг нас барчихлаа” гэхэд “тэр яахав ээ, сонссон” гэж хэлсэн. Хэрвээ Б.Наранбаяр согтуугаар автомашин жолоодоогүй бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан” гэв.

Хохирогч С.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санал нийлэхгүй байна. Миний нүд муу байгаа учраас 2013 онд БНСУ-д нүдний хагалгаанд орсон. Ослоос хойш миний зүүн нүдний болор гэмтээд хагалгаанд орох шаардлагатай болсон. Хөл хугарч, бяцралт үүссэнийг шинжээчийн дүгнэлтээр гаргаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Ослын улмаас миний нүд гэмтсэн учраас 5.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ миний нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгвөл гомдолгүй” гэв.

Хохирогч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ослын улмаас гэмтэл аваад цаашдаа ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байна. Би 2016 оны 6 дугаар сард баруун гараа гипсдүүлээд анхан шатны шүүх хуралдаанд орсон. Одоо нэг талаараа унтаж чадахгүй байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван, хохирогч С.Нямдэлэг, Н.Энхбаяр нарын өмгөөлөгч Р.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нар гомдолтой гэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт бодит хохирлыг төлсөн, гэм хор арилсан бол ялтны ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзана гэж заасан. Үүнд хохирогч нар болон хохирогч Д.Баасангийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэж байгаа учраас гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч С.Нямдэлэг шүүх хуралдаан болохоос өмнө удаа дараа нарийн мэргэжлийн эмчид нүдээ үзүүлж, эм тариа авсан нэхэмжлэлийн зардлыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр таны нүдний гэмтэл ослоос шалтгаант холбоогүй байна гэж гарсан учраас хохирлыг гаргах үндэслэлгүй гэж үзсэн. Өмнө хохирогч С.Нямдэлэг нүдний хүнд хагалгаанд орсон учраас хүчтэй доргилт авч болохгүй гэсэн. Ослын улмаас нүд маш их доргиод хагалгаа нь сэдрээд нүдний болор нь цайрсан, нүдний цөцгийний бүдэгшил гэх шинэ гэмтэл үүссэн гэж оношилсон талаар шүүх хуралдаанд хэлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах саналыг удаа дараа гаргасан боловч хангаагүй. Учир С.Нямдэлэг хараагүй болохгүйн тулд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж удаа дараа ярьсан. Шинжээчийн дүгнэлтэд гэмтэл нь осолтой ямар ч шалтгаант холбоогүй байна гэсэн дүгнэлт гарсан учраас нэхэмжлэлийг хариуцагч талаас төлөх үндэслэлгүй гэдэг зүйлийг тавих бүрэн үндэслэлтэй болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар ач холбогдолтой байдал тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзсэн. Ялтны гаргасан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөөч гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд гэм хор арилсан байхыг шаарддаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар  зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хор арилаагүй байгаа учраас дээрх зүйл ангийг хэрэглэх боломжгүй байна. С.Нямдэлэгт үүссэн гэмтэл нь зам тээврийн ослоос үүссэн хор уршиг, үр дагавар үүсэж бий болсон байна гэсний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоод дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Наранбаяр нь 2016 оны 2 дугаар сарын 14-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд “Субару Форестер” загварын 28-71 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин Н.Энхбаяр жолоочтой “Ниссан Террано” загварын 08-97 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Н.Энхбаяр, зорчигч С.Нямдэлэг нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зорчигч Д.Баасангийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайваны “…Би талийгаачийн төрсөн ах нь юм. Талийгаач 1990 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн, нөхрийн хамт амьдардаг ч гэр бүлийн баталгаа байхгүй. Дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй. Үндэсний үлээвэр найрал хөгжмийн ангид эмч ажилтай байсан. Осолд орох үедээ жирэмсний амралтаа авсан байсан. Архаг хууч өвчингүй, эрүүл хүн байсан. Осол гарах үед өрхийн эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Одоогоор оршуулгын зардалд 19.540.000 төгрөг зарцуулсан. Үүнээс 16.540.000 төгрөг нь баримттай. Жолоочийн талаас 2.000.000 төгрөг өгсөн. ...Талийгаачийн барьж явсан гар утсанд үнэлгээ хийлгэхгүй. Жолоочид зохих хууль ёсны хариуцлага хүлээлгэж өгнө үү. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” /хх-51-52/,

Иргэний нэхэмжлэгч Н.Баярсайханы “…Би 2394 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Маш их гомдолтой байна. Одоохондоо эмчилгээ хийлгээгүй. Осолд орсноос хойш ч ямар ч эмчилгээ хийлгээгүй…” /хх-91-92-I/,

Иргэний нэхэмжлэгч Н.Батбаярын “…Би 2404 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байна. Миний баруун талын өвдөг, зүүн гар зэрэг хөндүүртэй өвчтэй байгаа, би одоохондоо боолтоо солиулаад, өвчин намдаах эм уугаад явж байгаа, өөр эмчилгээ хийлгээгүй…” /хх-102-103-I/,

Гэрч Н.Баярсайхан “…2016 оны 2 дугаар сарын 13-ны орой 23 цаг 50 минутын үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал-Өртөө гэдэг газраас тэнд амьдардаг Сарантуяа ахтай золгочихоод Улаанбаатар хотод байх гэр лүүгээ харихаар явсан. Тухайн үед би найз Гансүхээс 08-97 УНЛ улсын дугаартай “Н.Террано” загварын автомашиныг гуйж аваад, дүү Энхбаяраар жолоодуулан явсан. Харин машинд талийгаач Баасан, баз хүргэн Нямдэлэг, түүний эхнэр Бат-Өлзий, манай эхнэр Энхтайван, Нямдэлэгийн хүүхдүүд болох Батбаяр, Мишээл, Анударь, Отгондарь, Одбаяр, мөн манай хүү Одбаатар, Анар нар зорчиж явсан. Батсүмбэр сумаас хөдлөхдөө Энхбаяр машиныг жолоодон, жолоочийн хажуу суудал дээр талийгаач Баасан, өвөр дээр нь манай хүү Одбаатар, арын суудал дээр /жолоочийн харалдаа ард/ баруун гар талаас би сууж, миний зүүн талд эхнэр Энхтайван, түүний өвөр дээр хүү Анар, түүний цаана Бат-Өлзий, хажууд нь Нямдэлэг /хамгийн зүүн талд/, харин машины арын тээшийг тэгшилж, дээрээс нь гудас тавиад Батбаяр, Мишээл, Отгондарь, Анударь, Одбаяр нар сууж явсан. Ингээд Партизаны замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд Улаанбаатар хотруу явж байсан. Би явж байхдаа бага зэрэг зүүрмэглэсэн байсан ба нэг мэдсэн чинь түс хийх чимээ гарсан, нүдээ нээсэн чинь юу болсныг ойлгоогүй, би амьсгалж чадахгүй байсан, тэр үед эхнэр Энхтайван намайг давж машины хаалгыг онгойлгосон. Би машинаас буугаад харахад манай машинтай “Субару Форестор” загварын машин мөргөлдчихсөн, Энхбаяр гадаа зогсож байсан. Би юу болсон бэ гэхэд Энхбаяр энэ машин урсгал сөрж орж ирээд өөдөөс мөргөчихлөө гэсэн, тэгэхээр нь би машин дээр очоод хартал жолоочийн суудал дээр эрэгтэй хүн ухаангүй байсан, би тэр жолоочийг татаад чи яав аа гэхэд арын суудлаас нь бас нэг залуу бууж ирсэн. Тэгтэл манай хүү Одбаатар “аав аа” гэж орилсон, би буцаад машин дээрээ очоод хартал Одбаатарын толгой, нүүр хэсгээс нь цус гоожчихсон, талийгаач Баасанд тэврүүлчихсэн байсан, харин талийгаач Баасангийн толгойноос цус гарсан байсан ба би хаалгыг татаж онгойлгох гэсэн боловч хаалга нь мөргөгдөөд хумигдчихсан нээгдэхгүй байсан. Тэгэхлээр нь жолооч талаар нь очоод хүү Одбаатарыг татаж авах гэсэн боловч бас болоогүй тул буцаж нөгөө хаалган дээр очоод бага зэрэг татаж зай гаргахад эхнэр Энхтайван хүү Одбаатарыг татаж авсан. Харин талийгаач Баасанг татаж гаргах гэсэн боловч багтахгүй байсан. Энэ үед Улаанбаатар хотын чигт “Тоёота Ист” загварын автомашин явж байсныг хараад эхнэр Энхтайван урдаас нь гүйн очиж зогсоогоод, улмаар хүү Одбаатар, Анар, Нямдэлэгийн хүүхдүүд болох Мишээл, Анударь, Отгондарь, Одбаяр нарыг суулгаад хотруу явсан. Удалгүй тэр хавиар машинууд ирж, жолооч нартай нь нийлж байгаад талийгаач Баасангийн талын хаалгыг нээж, түүнийг гаргасан. Энэ бүхэн болж байхад Нямдэлэг машинаас гарчихсан, зам дээр хэвтэж байсан, харин Батбаяр надтай хамт, Энхбаяр яахаа мэдэхгүй шоконд орчихсон, Бат-Өлзий хаана юу хийж байсныг мэдэхгүй байна. Хүн болгон шоконд орчихсон байсан. Ингээд бүх хүмүүсээ машинаас буулгаад байж байхад 103-ын машин ирээд эхлээд талийгаач Баасан, Нямдэлэг, Батбаяр, Бат-Өлзий нарыг мөн нөгөө “Субару Форестор” загварын машины ухаангүй байсан жолооч залуу нарыг аваад явсан. Араас нь замын цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийсэн, үзлэг хийхэд Энхбаяр бид хоёр байсан. Намайг анх “Субару Форестор” загварын машины жолооч дээр очиход жолоочийн суудал дээр ухаангүй сууж байсан, дөхөхөд амнаас нь архи үнэртэж байсан. Би чи согтуу хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэр үед манай хүү Одбаатар орилохоор нь би машин руугаа буцаад явсан. Би найз Гансүхийн машиныг гуйж авсан, Гансүх машиныхаа төлбөрийг нэхэмжилнэ гэсэн. Мөн олон хүн гэмтсэн, хүнээ алдсан, маш их гомдолтой байна…” /хх-112-114-I/,

Насанд хүрээгүй гэрч Г.Ганхүүгийн “…Осол болсон өдөр оройны 22 цаг өнгөрч байхад би Давааны өртөөний урдуур явж байхад Наранбаяр ах машинаа өртөөний дээшээ гаргаж байсан. Би Наранбаяр ахтай уулзахад “хоёулаа ойрхон манай найзын гэрлүү явчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд машинд нь суусан. Би машины арын суудал дээр суусан, харин Наранбаяр машинаа жолоодоод явсан. Ингээд засмал зам руу ороход Партизаны замаар явж байгаад хэсэг хугацаанд унтчихсан байсан. Нэг мэдсэн чинь машин мөргөлдсөн, Наранбаяр ах машины ард суучихсан “авраарай” гээд орилоод байсан. Би машинаас буугаад Наранбаяр ахыг машинаас татаж гаргасан. Тэгээд ойр тойрноо харахад “Ниссан Террано” загварын автомашинтай мөргөлдсөн байсан ба ойр хавиар нь хүмүүс орилдоод л яваад байсан. Би сайн учрыг ойлгоогүй, удалгүй түргэн тусламжийн машин ирээд Наранбаяр ахыг мөн өөр 2-3 хүнийг аваад явсан. Харин би Наранбаяр ахын машины хажууд үлдсэн, мөн нөгөө “Ниссан Террано” загварын машины хүмүүс бололтой хэдэн хүмүүс байсан. Тэр үед би ээжийн ах Дашдаваа руу утсаар ярьж дуудсан. Дашдаваа ах ирээд бид 2 хамтдаа Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү явсан. Намайг явах гэж байхад Замын цагдаа нар ирээд хэмжилт хийгээд, машиныг ачуулж байсан. Миний дух язарсан өөр гэмтэлгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдол санал байхгүй…” /хх-117-118-I/,

Гэрч Б.Бат-Өлзийгийн “…2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 00 минут өнгөрч байхад би гэр бүлийн хамт мөн дүү Энхтайван гэр бүлийн хамтаар, талийгаач аавын хамтаар Төв аймаг Батсүмбэр суманд очсон, тэнд очоод айл амьтнаар ороод хамгийн сүүлд Сарантуяа ахын гэрээр ороод орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу буцахаар болсон. Уг нь анх Улаанбаатар хотоос 2 машинтай ирсэн боловч, тэнд нэг машин маань эвдэрчихсэн тул бүгдээрээ “Ниссан Террано” загварын машинд суусан. Уг машиныг манай хүү Энхбаяр жолоодон хажуу талд нь талийгаач аав маань, аавын харалдаа ар талд манай нөхөр Нямдэлэг, түүний хажууд би, миний хажууд дүү Энхтайван, Энхтайвангийн цаад талд түүний нөхөр Баярсайхан, арын хэсэгт манай хүүхдүүд болох Батбаяр, Одбаяр, Отгондарь, Анударь, Мишээл нар суусан. Бид нар машины арын хэсгийг хөнжил гудсаар засаж суулгасан. Ингээд Партизаны замаар явж байхдаа би бага зэрэг унтчихсан байсан, нэг мэдсэн чинь юу ч болсон юм ойлгоогүй, шоконд орчихсон өмдөндөө шээчихсэн байсан, тэгээд хэсэг хугацааны ухаан ороход хүүхдүүдийг Энхтайван аваад явчихсан, Баярсайхан миний хүү Энхбаяр, Батбаяр нар талийгаач аавыг машинаас гаргаж байсан, мөн манай нөхөр Нямдэлэг гадаа газар хэвтэж байсан, удалгүй түргэн тусламжийн машин ирээд талийгаач, манай нөхөр Нямдэлэг, Батбаяр, нөгөө машины жолооч залуу, тэгээд би суугаад явсан, хэргийн газар дээр Баярсайхан, Энхбаяр хоёр үлдсэн. Түргэн тусламжийн машин ирээд бид нар суугаад явж байхад өөдөөс 1 цагдаагийн машин ирсэн, тэгээд зогсоогоод, замын цагдаагийн нэг ажилтан ирээд нөгөө машины жолооч залууг драгераар үлээлгэсэн чинь 0.79 хувийн согтолттой байна гэж гарсан. Тэгээд бид түргэний машинтайгаа цаашаа явсан, харин замын цагдаа нар ослын газар руу явсан…” /хх-119-120-I/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн “…Би Б.Наранбаярыг танина манай тэндэхийн хүү байгаа юм. 2016 оны 2 дугаар сарын 13-ны орой би айлаар жаахан хэсээд гэртээ халамцуухан байсан. Харин манай гэрийнхэн хотруу явчихсан гэртээ ганцаараа байж байхад яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна ойролцоогоор 22-23 цагийн орчимд гаднаас Наранбаяр дүү орж ирсэн. Тэгээд надтай золголт хийж манайд 2 аяга айраг, ганц том аягаар исгэсэн брашик уучихаад жаахан юм ярьж сууж байгаад дүү нь одоо гэртээ харьж амарлаа гээд манайхаас гараад явсан. Тэгсэн харин маргааш нь Наранбаярыг осолд орчихсон гэж тэр хавийн хүмүүсээс сонссон. Манайд гаднаас орж ирэхдээ эрүүл л байх шиг байсан. Манайхаас гарахдаа зүгээр биеэ авч явах чадвартай гарсан. Наранбаяр нь яриа хөөрөөтэй, илүү дутуу зангүй, хөөрхөн ааштай хүүхэд байгаа юм…” /хх-127-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 359 дугаартай Задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд “…Талийгаачид цээжний хүнд гэмтэл баруун 1-11, зүүн 1-10 дугаар хавирганы дан шууд бус хугарал, өвчүүний хөндлөн хугарал. Уушгины уг, голчийн цус хуралт, сээрний хоёр дугаар нугаламын мултрал, нугас татагдал, зүүн дунд чөмөгний булууны бяцарсан хугарал, баруун бугуйн мултрал, зүүн өвдөгний зулгаралт тогтоогдлоо. Авто ослын үед үүснэ. Цээжний гэмтэл нь цээж шахагдах, дарагдах үед зүүн дунд чөмөгний булууны бяцарсан хугарал, зүүн өвдөгний зулгаралт нь урдаас шахахад үүснэ. Шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээж дарагдсаны улмаас амьсгалын дутагдлаар нас баржээ. Цус нь 3 дугаар бүлэг байна. Эмчилгээ хийгдээгүй байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ…” /хх-130-131-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2414 дугаартай дүгнэлтэд “…С.Нямдэлэгийн биед баруун дунд чөмөгний далд хугарал, 1 хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун доод зовхи, дээд зовхи, бүсэлхийн баруун, зүүн хэсэг, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-140-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн нэмэлт 308 дугаартай дүгнэлтэд “…С.Нямдэлэгийн биед баруун, зүүн нүдний эвэрлэг солигдсон, баруун нүдний хиймэл болортой байх ба энэ нь урьд нь мэс засал хийгдсэн байх бөгөөд зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй байна. С.Нямдэлэгийн биед баруун дунд чөмөгний далд хугарал, 1 хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун доод зовхи, дээд зовхи, бүсэлхийн баруун, зүүн хэсэг, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-144-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2405 дугаартай дүгнэлтэд “…Н.Энхбаярын биед зүүн эгэм ясны хугарал, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-159-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2393 дугаартай дүгнэлтэд “…Б.Энхтайвангийн биед зүүн хөх, баруун шилбэ, баруун өвдөг, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-163-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвчний түүхээр гаргасан 2410 дугаартай дүгнэлтэд “…Б.Одбаатарын биед тархи доргилт, дух, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт, дээд урууланд зулгаралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” /хх-167-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2404 дугаартай дүгнэлтэд “…Н.Батбаярын биед баруун өвдөгт шарх, баруун гарын сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун өвдөпг шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн, баруун гарын сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-179-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2394 дугаартай дүгнэлтэд “…Н.Баярсайханы биед хамар, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-183-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2398 дугаартай дүгнэлтэд “…Б.Бат-Өлзийгийн биед зүүн гарын дунд ядам хурууны заагт шарх, дух, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын ядам хуруу, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөх, хэвлий, ууц, баруун гуя, баруун гарын чигчий хуруунд цус хуралт гэмтэл тоггоогдлоо. Дээрх зүүн гарын ядам дунд хурууны заагт шарх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-187-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2365 дугаартай дүгнэлтэд “…Б.Наранбаярын биед зүүн түнхний үений хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна…” /хх-211-I/,

Техникийн шинжээчийн 155 дугаартай дүгнэлтэд “…1. 28-71 УБД улсын дугаартай “Субару Форестор” загварын автомашины жолооч Б.Наранбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: үүнд а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна үүнд а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. 08-97 УНЛ улсын дугаартай “Ниссан Терано” загварын автомашины жолооч Н.Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8. а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ үүнд 2.3 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Гэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8а, 2.36-д заасан заалтуудыг зөрчсөн боловч энэ нь уг зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна…” /хх-33-II/, автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-22-II/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9-I/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-13-I/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-14-16-I/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-17-18-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 1341 тоот дүгнэлт /хх-235-237-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 1489 тоот дүгнэлт /хх-2-4-II/, нас барсан гэрчилгээний хуулбар /хх-36-I/, хохирлын баримтууд /хх-45-65, 71-72, 90-I/, хохирогч С.Нямдэлэгийн өвчний түүх /хх-148-157-I/, хохирогч Б.Одбаатарын өвчний түүх /хх-171-177-I/, шүүгдэгч Б.Наранбаярын өвчний түүх /хх-216-223-I/, захиргааны зөрчлийн материал /хх-85-96-II/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс Б.Наранбаярт түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан, хүнд биш ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Наранбаяр “…Миний бие хохирол төлбөрөө төлж барагдуулсан, ослын улмаас хүнд гэмтэл авсан ба хөл минь хатангиршиж байгаа тул Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөлөн тэнсэн хянан харгалзах ял оногдуулж өгнө үү…” гэж, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг “…хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд байгааг анхаарна уу. ...мөн шүүгдэгчээс 1.200.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайванд, 500.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нямдэлэгт байцаан шийтгэх ажиллагааны зардалд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс Б.Наранбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоохдоо хэрэг учрал болох үед амь хохирогч Д.Баасан, хохирогч С.Нямдэлэг, Н.Энхбаяр, 08-97 УНЛ улсын дугаартай “Ниссан Терано” загварын автомашины жолооч Н.Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8а, 2.36-д заасныг тус тус зөрчсөн боловч энэ нь уг зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөөгүй, шүүгдэгч Б.Наранбаяр нь 0.79 хувь буюу хүндэвтэр зэргийн согтолттой байсан зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлөөгүй, шүүгдэгч хүндэвтэр зэргийн согтолттой байсан, өмнө нь Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар хасагдсан байсан /хх-93-II/ ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул их, гэм хор арилах боломжгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй болжээ.   

 

Энэхүү гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон, 2 хүнд хүндэвтэр, 5 хүнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх ба бусдын амь нас, эрүүл мэнд хохирсон хүнд хор уршиг учирсан байх ба шүүгдэгч дээрх нэхэмжилсэн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс байцаан шийтгэх ажиллагааны зардалд нийт 1.7 сая төгрөгийг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.    

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Наранбаяр, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Наранбаяр, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

           ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ