Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 536

 

                                                                                                                                     

 

 

 

 

 

 

 

       

             Б.Төмөрхуягт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Энхтуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг,

Ялтан Б.Төмөрхуягийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг, ялтан Б.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Төмөрхуягт холбогдох эрүүгийн 201526012355 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Жаргалант овогт Бандиагийн Төмөрхуяг, 1966 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1159 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны 25 тоотод түр оршин суух,

         

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УЮ66070212/,

 

          Б.Төмөрхуяг нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны 25 тоот хашаанд байрлах нийтийн байрны 8 тоот өрөө буюу түрээсийн байрандаа төрсөн ах Б.Мөнгөнрейстэй архидан согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар хүч хэрэглэн олон удаагийн үйлдлээр цохиж зодон “гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод шарх” зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэж хохирогчийг танхайн сэдэлтээр, онц харгис аргаар, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Төмөрхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Төмөрхуягийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь  хэсэгт зааснаар Б.Төмөрхуягийг 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуягт оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуягийн цагдан хоригдсон 230 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Б.Төмөрхуягийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон шаргал өнгийн хуванцар иштэй, ишнийхээ хойд талд дундаа нүхтэй хутга /ажлын хэсгийн урт нь 9.8 см, өргөн нь 2.4 см, үзүүр хэсгийн өргөн нь 1.5 см, ишний урт нь 10.5 см/ 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй, иш дээрээ 3 см бөөрөнхий хэлбэртэй төмөр тавтай жижиг хутга /ажлын хэсгийн урт нь 8.5 см, өргөн нь хойд хэсгээрээ 2 см, үзүүр хэсгээрээ 1.5 см, ишний урт нь 10.5 см өргөн нь 2 см/ 1 ширхэг, цагаан өнгийн хөнжил, хөх, ногоон өнгийн ноосон цамц, ногоон өнгийн орны бүтээлэг, бэлтгэлийн хар өмд 1 ширхэг, хар саарал задгай энгэртэй цамц, ногоон өнгийн цахилгаантай богино куртик, судалтай богино өмд, улаан өнгийн задгай энгэртэй цамц, саарал эсгий углааш 1 хос, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Б.Төмөрхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялын хугацааг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Төмөрхуяг шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний бие онц ноцтой хэрцгий аргаар биеэ хамгаалах чадваргүй гэсэн заалтуудыг зөрчиж зүй бусаар хүн алах сэтгэл миний оюун ухаан санаанд, мөн зүрх сэтгэлд хүүхэд байхаасаа өдий 50 нас хүртэл хүнийг санаатай алах зорилго надад огтхон ч байхгүй билээ.

1. Сая энэ шүүх хурал дээр гэрч Балжинням байхгүй, түрүүний хуралд бас ирээгүй мөртлөө намайг цонхоор тоосго шидсэн гээд байгаа юм. Манай цонх нэг давхар болохоор хаагаад хадсан цонх онгойхгүй, тэр тоосгыг харсан бол тухайн үед мэдүүлэг өгсөн хүндээ зааж миний гарын хээг гаргахгүй яасан юм бэ, тэр тоосго аваад өгөхгүй, санаанаасаа худал хэлж болохгүй биз дээ.

2. Манай гэрт тийм олон тооны хутга байхгүй, энэ хутган дээр миний гарын хээ байхгүй байгаа.

3. Тухайн үед надаас архины сорьцны шинжилгээ авахгүй яасан юм бэ. Би тухайн үед эрүүл байсан гэхэд яагаад намайг биеэ удирдах чадваргүй согтуу байсан гээд байгаа юм бэ.

4. 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ах маань 60.000 төгрөгтэй гараад бүр шөнө 01 цаг өнгөрөөд орж ирсэн. Би тухайн үед зодуулж орж ирснийг мэдээгүй. Намайг дуудахаар нь гэрлээ асааж мэдсэн. Тухайн үед би гэнэт айгаад цагдаа, эмч дуудсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Тухайн үед гаднаас зодуулаад ороод ирсэн “надад туслаач” гэж хэлсэн. Би их хэмжээний цус хараад ухаан санаа бадаарсан, толгой эргэж унах шахсан.

5. Байрны эзэн Бат-Эрдэнэ намайг ахыгаа эсгий тавчикаар цохисон гэж худал ярьсан. Тэр тавчиканд миний гарын мөр байна уу. Би гадны хүний хажууд өөрийн аав шигээ ахтайгаа тэгэж харьцаагүй. Би ээж ааваасаа өвлөж авсан тийм бүдүүлэг зан байхгүй. Би аль болох хүнтэй эвтэй байхыг боддог юм.

6. Манай ах Мөнгөнрейс нь архи уугаагүй үедээ бие эрүүл, хөнгөн, өөрөө усанд яваад ирнэ. Хоол цайгаа хийж, ганцаараа мод түлээгээ хагалж чаддаг хүн байсан. Үе үе толгой нь их өвддөг байсан. Даралт их өндөр, өглөөд алхаж явах дуртай байсан.

Б.Төмөрхуяг миний бие тус цагдан хорих 461 дүгээр ангид 2015 оны 11 дүгээр сарын 18-наас хойш 250 хоног хоригдож байх хугацаандаа тус ангийн эмнэлэгт 3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Би 2013 онд тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтэж 15 хоног эмчлүүлж байгаад Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн 7 дугаар төвд хяналтад орж дараа нь группэд хөдөлмөрийн чадвараа 50 хувиа алдсан. Толгой эргэж тэнцвэр олоход муу, гуйвж дайвдаг. Оройн цагаар бүр ч гарч чаддаггүй. Даралт байнга 90-180 хүрч ихдэнэ. Тархины доргилтоос болж чих сонсголын бэрхшээлтэй болсон. Сая шүүх хуралд зарим зүйлийг сонсохгүй хэцүү байсан. Нүдний хараа муу болсон. Толгой дүүрэн ус хийсэн юм шиг гуйвж дайвж, их зовиуртай байгаа. Миний биеийн эрүүл мэндийн байдал ийм байгаа учир харгалзан үзэж миний зүйл ангийг хөнгөлж өгнө үү. Б.Төмөрхуяг би ийм байдалд орсондоо маш их өөртөө гэмшиж харамсаж байна. Тухайн үед би маш их айж, сэтгэл санаа сэтгэцийн өөрчлөлтөд орж, сандарч тэвдэж, санамсаргүй, ийм аймаар хүнд байдалд орсондоо би маш их гэмшиж харамсаж байна…” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг миний бие гомдол гаргаж байна.

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс Б.Төмөрхуягт оноосон ял шийтгэлийн талаар гомдолтой байна. Б.Төмөрхуяг нь талийгаач Б.Мөнгөнрейсийн төрсөн дүү, бидний хайртай дүү байсан бөгөөд, түүнд оноосон 20 жилийн чанга дэглэмтэй хорих ял дэндүү хатуу байна. Бид болон миний бие Б.Төмөрхуягт огтхон ч гомдолгүй атал, түүнд хэтэрхий олон жилийн хорих ял оноосон нь биднийг маш хүнд байдалд орууллаа. Нэгэнт нас барсан хүн босоод ирэхгүйгээс хойш бидний дүү Б.Төмөрхуягийг ингэж чангаар ял шийтгэх нь хэтэрхий харгис зүйл болох бөгөөд, төр төмөр нүүрээ буруу хүнд гаргаж байна гэж үзэж байна.

2. Б.Төмөрхуягт оноосон ял нь түүний хувийн байдал болоод эрүүл мэндийн байдалд дэндүү хатуурхсан зүйл боллоо. Б.Төмөрхуяг нь энэ жил 50 настай, группэд байдаг хүн. Гэтэл түүнд 20 жилийн ял оноосон нь үлдсэн бүх амьдралаа шоронд өнгөрөөх дэндүү харгис тавилан хүлээж байгаад бид маш их харамсаж, шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

3. Миний дүү Б.Төмөрхуяг нь ямар ч шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр ах Мөнгөнрейсийг зодож алсан гэж шүүх дүгнэсэн нь ор үндэсгүй. Учир нь, гэрч Бат-Эрдэнэ болон бусад гэрчийн мэдүүлгээр ах дүүс хоорондоо үе үе муудалцдаг тухай олон удаа ярьсан байхад шүүх ингэж дүгнэсэн нь буруу юм.

4. Талийгаач ах Б.Мөнгөнрейс нь илтэд хөнгөн шингэн хүн байсан бөгөөд, архи дарс уугаагүй үедээ хоол ундаа хийж, бидэн дээр ирээд тоглож наадаад явдаг хүн байсан. Гэтэл талийгаач биеэ хамгаалах чадваргүй дорой хүн байсан мэтээр шүүх дүгнэж, Б.Төмөрхуягийн ялыг хүндрүүлсэнд маш их гомдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд болон хохирогчийн ар гэрийн зүгээс Б.Төмөрхуягт ямар нэг хар муу зүйл санаагүй бөгөөд түүнд шүүхээс хөнгөн ял оноож, ах дүүсдээ амьд мэнд ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байгааг үүгээр уламжилж байгаа юм. Иймд Б.Төмөрхуягт оноосон ял шийтгэлийг хөнгөрүүлж, хүн чанар хүнлэг шийдвэр гаргаж өгнө үү…” гэв.

Ялтан Б.Төмөрхуягийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.Төмөрхуягийг тодорхой шалтгаангүйгээр хохирогчийг зодож олон тооны шарх гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.” гэсэн нь үндэслэлгүй байна.

Тодорхой шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлт гэх Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан зүйлчлэлийн тухайд гэвэл гэрч Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-48-I/-т “11 цагийн орчимд нөгөө ах дүү хоёр хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга дуугараад байхаар нь юу болоод байна гэж бодоод яваад ортол Төмөрхуяг нь саарал өнгийн эсгий тавчик барьчихсан ах Мөнгөнрейсээ загнаад зогсож байсан. Юу гэж загнасан юм гэхээр ахыгаа Жаажаа гэж авгайлдаг юм шиг байна лээ, энэ Жаажаа өмдөндөө баачихсан, дандаа намайг зовоогоод байдаг юм гээд уурлаад ахыгаа загнаад зогсож байсан”, гэрч Нямдоржийн мэдүүлэг /хх-68, 69-I/-т “2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00 цагийн үед манай гэрийнхэн унтах гээд хэвтэж байхад хажуу айлын 8 тоотод байдаг тэтгэвэрт байдаг нэг хөгшин бас нэг группэд байдаг гэх 2 хүн хоорондоо хэрэлдэж, маргалдаж байгаа юм шиг дуу чимээ гаргаад байсан. Миний сонссоноор бол хөгшин настай ах нөгөө арай залуу хүндээ хандан “дандаа хүүхэн шуухан авчирдаг, энд чинь би амьдардаг, хүүхэн шуухны газар биш” зэргээр маргалдаад байсан”, гэрч Балжиннямын мэдүүлэг /хх-53-I/-т “тэгээд би 8 тоотын хажуугаар нь гараад гадаа жорлон ороод бие засаад сууж байхад жорлонгийн өөдөөс харсан 8 тоотын цонхны гэрэл нь асаалттай, цонх нь онгорхой байсан. …Арай залуугийнх нь дуу чанга чанга дуугараад, хүн зовоож байдаг юм гээд юм яриад байсан, тэгснээ л өрөөнд нь пид пад гээд чимээ гараад байсан”, гэрч Б.Төмөрбаатарын мэдүүлэг /хх-81-I/-т “Төмөрхуяг ах надад ярихдаа Мөнгөнрейс ах /бид нар Мөнгөнрейс ахыг Жаажаа гэж авгайлдаг юм/ Жаажаа их төвөгтэй юм, архи их уух юм, их хорон үгтэй, агсам согтуу тавих юм, хажууд нь байхад их төвөгтэй гээд уйлаад ярьж байсан” зэрэг мэдүүлгээс үзвэл Б.Төмөрхуяг нь тодорхой шалтгаангүйгээр Б.Мөнгөнрейсийг алсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Б.Төмөрхуяг болон хохирогч Мөнгөнрейс нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байсан, хэрэг гардаг өдөр өглөөний 11 цагаас эхлэн хоорондоо муудалцаж байсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл шүүх Б.Төмөрхуягийг “тодорхой шалтгаангүйгээр бусдыг санаатай алсан” гэж үзэж Б.Төмөрхуягийн зүйлчлэлийг танхайн сэдэлтээр зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалт “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх зүйлчлэлийн тухайд гэхээр хохирогч Б.Мөнгөнрейс нь 1949 онд төрсөн, хэрэг гарах үед 66 настай байсан бөгөөд 170 см өндөртэй, бие бялдарын хөгжил сайтай, хөнгөн шингэн хүн байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогддог. Тухайлбал: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /хх-107-I/ “Цогцсын урт 170 см. Биеийн галбир зөв, булчингийн хөгжил дунд, өөхөн эдийн хөгжил дунд”, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /хх-126-128-II/-д “ер нь бол Мөнгөнрейс нь 66 настай байсан. Биеийн болон физиологийн хөгжил хэвийн. Өндөр гэхэд 170 см орчим байсан янз бүрийн туранхай, турж эцсэн байдал байхгүй байсан. Талийгаачийн цусанд 1.7 промилль спиртийн алкоголь илэрсэн нь дунд зэргийн согтолттой байсан гэсэн үг. Ер нь дунд зэргийн согтолттой хүний оюун ухаан нь өөрийгөө удирдан жолоодох чадвартай, хянах бүрэн боломжтой юм”, яллагдагч Б.Төмөрхуягт ял нэмж сонсгон байцаасан тэмдэглэл /хх-141-II/-д “Манай талийгаач ах бие хаа сайтай, ах маань намайг байхгүй үед усаа авна, түлээ модоо хагалчихна, шалаа угаачихдаг, идэвхитэй хөдөлгөөнтэй, хөнгөн шингэн хүн байсан шүү дээ” зэрэг мэдүүлгээс үзвэл хохирогчийг “биеэ хамгаалах чадваргүй” гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байгаа юм. Хохирогч Б.Мөнгөнрейс нь насаар ахмад боловч бие бялдрын хувьд шүүгдэгчтэй эн чацуу бөгөөд, бусдын асаргаа сувилгаа шаардахгүй биеэ авч явах бүрэн чадвартай нэгэн байсан нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Гэтэл шүүх хохирогч Мөнгөнрейс болон ялтан Төмөрхуяг нарын насны зөрүүг үндэслэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалт “онц харгис хэрцгий аргаар” гэх зүйлчлэлийн талаар ярихад анхан шатны шүүх нь ямар үндэслэлээр “онц харгис хэрцгий аргаар” хэмээн хүндрүүлсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Хохирогчид олон тооны гэмтэл учирсан байгаа байдал нь хууль зүйн факт болохоос биш, онц харгис хэрцгий арга хэрэглэсэн эсэхийг тогтоох баримт биш юм. Өөрөөр хэлбэл, Төмөрхуягийн үйлдлээ хэрэгжүүлэхдээ сонгон авсан арга барилыг тогтоож, түүнийг үндэслэн тухайн гэмт хэрэг онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой байсан.

Гэтэл Б.Төмөрхуягийн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга барилыг эцэслэн тогтоогоогүй атал, хор уршиг, гэмтлийг үндэслэн онц харгис хэрцгий аргаар хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд объектив талын нэмэгдэл шинж болох гэмт үйлдлийг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг хуульчилсан зохицуулалт. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд гэмт хэрэг үйлдэхдээ сонгон авсан үйлдэл, хэрэгжүүлсэн ямар арга хэлбэр, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл зэргээс хамааран тухайн гэмт хэрэг “онц харгис хэрцгий аргаар” үйлдэгдсэн эсэхэд дүгнэлт өгнө.

Анхан шатны шүүх Б.Төмөрхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад заасны дагуу хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн аргыг биш, хохирогчид учирсан гэмтэл, уршгийг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Шүүх эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан талаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тухайд гэвэл гэрч Хишигнямын мэдүүлэг /хх-56-I/ “2015 оны 10 сард байх аа тэр хоёр чинь 10 тоотод байсан юм. Тэгэхэд ах өвгөн нь толгойгоо боочихсон байхаар нь “би яасан юм бэ” гэсэн чинь өвгөн нь “өндөр настны хуралд явж байгаад юм мөргөчихсөн” гэж хэлсэн. Тэгээд нэг хэсэг боолтоо солиулна гээд хоёулаа өглөө болгон эмнэлэг рүү явдаг байсан. Гэрч Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-50-I/-т “өмнөхөн ах нь толгойгоо боочихсон, нүд нь хөхрөөд хүрэнтчихсэн байсан” гэжээ.

Гэрч Н.Нарантуяагийн мэдүүлэг /хх-58-I/-т “Би яг одоо өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Төмөрхуяг нь Жаажаагийнхаа толгойг хагалчихсан гэмтэл рүү явж боолт хийлгэх гэж байгаа гэж байсан”, гэрч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч Т.Золмандахын мэдүүлэг /хх-71-I/-т “Бандиагийн Мөнгөнрейс гэж хүн нэмэлтээр 11 дэх хүн болж надад үзүүлж зөвлөгөө авч байсан байна. Миний хувьд уг хүнийг үзэхэд толгойдоо шархтай байсан учир боолт хийлгүүлсэн байна. Тухайн үед толгойны шарх нь хуйхандаа үүссэн ил шарх байсан юм” зэрэг мэдүүлгээс үзвэл хохирогч нь хэрэг гарахын өмнө толгойдоо ил шарх бүхий гэмтэл авч байсан нь тогтоогдож байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй шинжээчийн дүгнэлт /хх-122-125-II/-д зааснаар толгойдоо авч байсан бүх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэсэн нь ихэд эргэлзээтэй байна. 66 настай хүн бие физиологийн онцлогийн хувьд аливаа шарх, гэмтэл эдгэрэх явц удаан байх нь тодорхой бөгөөд ойлгомжтой асуудал юм.

Гэрчүүдийн мэдүүлгээр хэрэг гарахаас хориод хоногийн өмнө толгойдоо ил шарх авсан тухай тогтоогдож байгаа атал шинжээчийн дүгнэлтээр толгойдоо авсан шарх хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэж дүгнэгдсэн нь тухайн шинжээчийн дүгнэлтийн нотолгооны ач холбогдлыг бууруулж байна. Гэтэл шүүх энэхүү эргэлзээтэй асуудлыг дүгнээгүй орхигдуулж, Б.Төмөрхуягийн эрх зүйн байдлыг дордуулах нотлох баримтуудыг голчлон дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, Б.Төмөрхуягт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

Прокурор Р.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдолд тодорхой шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Энэ нь гэрч Бат-Эрдэнэ, Балжинням, Нямдорж нарын мэдүүлгээр хувийн сэдэлтээр гэдэг нь тогтоогдож байна гэсэн ч танхайн сэдэлт болох нь нэг гэрт амьдарч байгаа хоёр хүний эрх зүйн болон ёс зүйн уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, үл ялих зүйлээр шалтаглан төрсөн ахдаа архи өгөн, унтахгүй гэхээр нь орноос унагаасан нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг. Толгой руу нь өшиглөж унагаагаад үүнээс үүдээд тархины гэмтлийг авч дараа нь унтахгүй байна гээд маслоны ногоон иштэй хутгаар хутгалж гэмтэл учруулсан нь танхайн сэдэлттэй гэдэг нь тогтоогдсон. Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь мэдсээр байж гэх үндэслэлээр анхан шатны шүүх буруу зүйлчилсэн ба хувийн сэдэлттэй гэж хэлээд байгаа Бат-Эрдэнэ, Балжинням, Нямдорж нарын мэдүүлэг нь үгүйсгэгдэж байгаа. Б.Төмөрхуяг “миний ах хөнгөн, ус өөрөө авчихдаг, эрүүл үедээ намайг байхгүй байхад гэр орноо цэвэрлэдэг” гэсэн. Архи уусан үедээ биеэ хамгаалж чадахгүй байхад нь хийсэн үйлдэл нь аллага.

Өмдөндөө бие засдаг асуудал нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хохирогч биологийн насаар 66 настай. Биеийн өндөр хэд байхыг шинжээч эмч нар тогтоох боломжгүй. Хүний биологийн болон физиологийн байдлаас үл хамаараад 0.7 хувийн хүндэвтэр зэргийн согтолттой хүнийг биеэ хамгаалах чадвартай, чадваргүй гэдгийг тодорхойлох боломжгүй. Гэрчүүд өмдөндөө баасан гэж тавчик бариад загнаад зогсож байсан гэдэг. Гэрч Нарантуяа “10 дугаартай өрөөнд төрсөн ах дүү хоёр орсон цагаасаа хамт нийлж архи уудаг байсан. Нэг удаа Б.Төмөрхуяг ахынхаа толгойг хагалсан, гэмтлийн эмнэлэг рүү явуулж боолт хийлгэх гэж байна гэсэн. Хоорондоо зодолдохоороо дуу чимээ гаргаад байдаггүй. Яагаад гэвэл ах настай хүн болохоор ноцолдож чаддаггүй” байх гэж мэдүүлгээс үззхэд хохирогч биеэ хамгаалах чадваргүй, согтуу байсан байна гэдэг нь тогтоогддог. Онц хэрцгийн аргаар гэж зүйлчилсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байгаа. Онц хэрцгий гэдэг нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн, тарчилган зовоосон.

Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед анхан шатны шүүхийн 2 дахь хуралдаанд орохдоо хохирогчийн өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргаж нэмэлт шинжээч томилуулж дүгнэлт гаргахад талийгаачийн биед үхэлд хүргэсэн, эхний шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт зэрэг гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн. Онц харгис хэрцгий аргаар гэдгийг нь харуулах хохирогчийн биед 50-60 орчим цус хурж, зулгаралт шарх гэмтэл учирсан байна гэсэн нэмэлт дүгнэлт гаргасан. Прокурор хэрэгсэхгүй болгосон гэж яриад байгаа нь хөнгөн зэргийн гэмтэл, тэр нүдний доод зовхи, хуйхнаг, хутгаар зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, хацар, зүүн эрүү, цээж, зүүн шилбэ, бүсэлхий, нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн цээж, гуяны цус хуралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ нь нэгээс дээш хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл гэсэн учраас 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө үйлдэгдсэн хөнгөн зэргийн гэмтэл нь 6 сарын хугацаа өнгөрсөн учраас хөнгөн гэмтлийг хэрэгсэхгүй болгосон.

Харин шинжээч эмчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж байна. Дүгнэлтэд зулайн зүйн хажуу хэсгийн хуйхны шарх, шархны орчны эдийн зулгаралт, дээд доод уруулын дотор талын цус хуралт, хүзүүний баруун, зүүн 2 хажуу хэсэг болон зүүн хавирганы нум, баруун 10, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал зэрэг гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гавал тархины гэмтэл авсан цаг хугацаа нь хэрэг гарах үед авсан байх боломжтой гэж шинжээч нэмэлт дүгнэлт гаргасан. 50-60 орчим тооны цус хуралт, зулгаралт, олон тооны шарх үүсгэж өвтгөн амь насыг хохироосон учраас онц хэрцгий аргаар алсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт гаргасан. Б.Төмөрхуяг нь “Б.Мөнгөнрейс архи ууж ирээд толгойгоо боолгочихсон яваад байсан” гэдэг.

Хэрэг эхлэхэд хамгийн гол нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Золмандах эмч “Б.Мөнгөнрейс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр толгойгоо боолгосон, харин гэмт хэрэг 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө болсон. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үзүүлж зөвлөгөө авсан. Тухайн үед толгойдоо шархтай байсан учир боолт хийлгүүлсэн. Шарх нь хуйхандаа хүрсэн, амь насанд аюулгүй, өнгөц ил шарх байсан. Тархи дарагдаж нас барсан нь өөр гэмтлээс болсон гэх мэдүүлэг байгаа учраас Б.Төмөрхуягийн үйлдлийг хүндрүүлж зүйлчлээгүй. Ийм учраас ялтан Б.Төмөрхуяг болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Б.Төмөрхуяг нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны 25 тоот хашаанд байрлах нийтийн байрны 8 тоот өрөө буюу түрээсийн байрандаа төрсөн ах Б.Мөнгөнрейстэй архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж зодон “гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод шарх” зэрэг олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэгийн “...Б.Мөнгөнрейс миний төрсөн ах байгаа юм. Манайх эцэг эхээс есүүлээ, Б.Мөнгөнрейс хамгийн том ах маань байгаа. ...Ах маань өөрийн төрсөн дүү миний ихрийн өрөөсөн Бандиагийн Төмөрхуягийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48-25 тоотод байх нийтийн байранд өрөө түрээслэж амьдардаг юм. ...Б.Мөнгөнрейс ах маань тэтгэвэр авдаг, Б.Төмөрхуяг группэд байдаг, тэгээд энэ мөнгөөрөө ахуй амьдралаа болгодог байсан. Б.Төмөрхуяг, Б.Мөнгөнрейс хоёр ажил хийдэггүй. ...Б.Төмөрхуяг ах Б.Мөнгөнрейсийг цохиж зоддог байсан эсэх талаар мэдэхгүй. ...хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан зүйл ерөөсөө мэдэгдэж байгаагүй. ...Б.Мөнгөнрейс эхнэр, 2 хүүхэдтэй байсан, 10 гаруй жилийн өмнө эхнэр, 2 хүүхдээсээ салаад тусдаа амьдрах болсон. ...Б.Төмөрхуяг нь эхнэр 1 хүүхэдтэй байсан, бараг 1991 оны үед салсан, тэр цагаас хойш ганцаараа явж байгаа. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аль аль нь агсраад байдаггүй, хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байдаггүй байсан. Хэрэв хоорондоо таардаггүй байсан бол анхнаасаа хамт байлгахгүй байсан. ...Төмөрхуяг их ажилсаг, их зөөлөн сэтгэлтэй, юу л байна бүгдийг хийдэг, их аймхай, ямар нэгэн буруу зуршилгүй. ...Бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Эрдэнэ сумын 10 жилийн дунд сургуулийг 1984 онд төгссөн, 1984 онд Орос улсад мужааны мэргэжил эзэмшсэн. ...2002 онд Солонгос улс руу явж тэндээ 7-8 жил болсон. 2002 оноос хойш тархи толгой, чихний өвчтэй гээд группэд хамрагдсан. Толгой нь орой болохоор эргээд явж чаддаггүй юм. ...Мөнгөнрейс даралт өндөр, хөл жаахан муу. ...Мөнгөнрейсийн толгойгоо боосон, нүүр ам нь хөхөрсөн байсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Би 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед хөдөө явсан байсан. ...Нэг хүн Төмөрхуягийг бөө болгосон, тэрнээс хойш өөдлөөгүй, бөө болж байна гээд их зардал гарсан. ...Би хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын 21-нээс 22-ны өдөр байх тэр нийтийн байранд очсон ...тэрнээс хойш нэг ч удаа очоогүй. ...Би сүүлд тэр хоёрт халуун тогоо авч өгөөгүй, урьд нь талийгаач ах Мөнгөнрейс, Төмөрхуяг хоёрыг хороололд хашаа байшинд амьдарч байхад нь би халуун тогоо авч өгч байсан, тэр халуун тогоотойгоо Сонгинохайрхан дүүрэгт нүүсэн. ...Бидний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-42-45-I/,

Гэрч Т.Золмандахын “...Би Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд поликлиникийн тасагт гэмтлийн эмчээр ажиллаж байна. ...2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надад үзүүлэх хүмүүсийн цаг дууссан байсан тул Бандиагийн Мөнгөнрейс гэж хүн нэмэлтээр 11 дэх хүн болж надад үзүүлж зөвлөгөө авсан. Уг хүнийг үзэхэд толгойндоо шархтай байсан учир боолт хийлгүүлсэн байна. ...Тухайн үед толгойных нь шарх хуйхандаа үүссэн ил шарх байсан юм. ...2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надад үзүүлсэн Б.Мөнгөнрейсийн толгойны гэмтэл шарх нь амь насанд аюулгүй, өнгөц ил шарх байсан…” /хх-71-I/,

Гэрч Т.Энхбаярын “...Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр саатуулах байранд цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад шөнө буюу 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг 38 минутад “Сэлбэ-10”-aac “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Өндөр настны автобусны буудлын нийтийн байранд согтуу хүн байна” гэсэн дуудлагыг 86125629 гэсэн дугаарын утсаар өглөө гэсэн дуудлагын дагуу цагдаа, жолооч, ахлах ахлагч Мягмарын хамт машинтай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны 25 тоот хашаанд байх нийтийн байранд ирсэн. Тэгэхэд тус байранд агсам согтуу тавьсан шинжгүй тайван байхаар нь 86125629 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй болохоор нь нийтийн байрны нэг давхараар явж шалгахад 1 давхарын 08 тоотын наад талаасаа 3 дахь хаалганы завсараас гэрэл гараад байхаар нь хаалгыг нь татсан чинь онгорхой байсан, яваад ортол нэг настай өвгөн /Мөнгөнрейс/ газар байсан, матрасан дээр түрүүлгээ хараад хувцастайгаа байсан байхаа, сайн санахгүй байна, нүүр нь хажуу тийшээ харчихсан түрүүлгээ хараад хэвтэж байсан. Харин тэр өрөөнд арай залуу гэх юм уу нэг ах /Төмөрхуяг/ үүдэндээ сууж байсан. Би “яасан, дуудлага өгсөн юм уу” гэсэн чинь “дуудлага өгөөгүй ээ, ах бид хоёр одоо ингээд амрах гэж байна” гэхээр нь “за за” гээд би гараад, Мягмар жолооч бид хоёр тэндээс явсан. ...Үүдэнд сууж байсан ах согтолттой, нөгөө газар хэвтэж байсан настай өвгөн нь бүр юу ч дуугараагүй хэвтэж байсан, ямар байсныг нь мэдэхгүй. Тэр өрөөний доторх эмх замбараагүй, шалаар аяга хөглөрсөн байсан, цусны мөр харагдаагүй, өвгөний нүүр ам, толгой тархи нь зүгээр хэвийн байсан. Цус гарсан зүйл ажиглагдаагүй. ...Бид дуудлага аваад 10 минутын дараа л очсон. ...Хоёр настай хүний арай залуу нь “манай ах гараад алга болчихсон, гapaaд явсан гэж огт яриагүй...” /хх-73-74-I/,

Гэрч Ц.Мягмарын “...Би 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад “Сэлбэ-10”-aac Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Өндөр настны автобусны буудлын нийтийн байранд согтуугийн дуудлагад Т.Энхбаярын хамт “УАЗ Фургон” загварын 30-22 УНЭ улсын дугаартай автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны 25 тоот хашаанд байх нийтийн байранд очсон. Тус байранд хөл хөдөлгөөн байхгүй нам гүм байсан, нөгөө дуудлага өгсөн утас руу нь Энхбаяр залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд бид хоёр айлуудын чимээ чагнаад нэг давхараар нь явсан. Энхбаяр нөгөө баруун гар талын хананых нь айлуудын хаалгыг би нөгөө талынх нь айлуудын хаалгыг чагнаж татаж үзээд шалгасан. Бид 2 давхар луу гарч шалгаад янз бүрийн шуугиан байхгүй болохоор нь “Сэлбэ-10” руу “янз бүрийн зөрчил байхгүй, дуудлага өгсөн утас нь холбогдохгүй байна” гэж мэдэгдээд буцаад хэлтсийнхээ саатуулах байран дээрээ ирсэн. ...Би Энхбаярын хамт тэр айлд ороогүй, бид хоёр тус тусдаа айлууд шалгаад явсан. ...Энхбаяр бид хоёрыг тэр нийтийн байранд дуудлаганд очсон байхад хэн нэгэн эрэгтэй хүн “манай ах гарч яваад алга болчихлоо, ирэхгүй байна” гэж бид хоёртой уулзсан, дуудлага өгсөн зүйл байхгүй...” /хх-76-I/,

Гэрч Д.Бат-Эрдэнийн “…Б.Мөнгөнрейс, Б.Төмөрхуяг нар төрсөн ах дүү гэдэг, энэ хоёр хүн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн манай нийтийн байранд нэг давхарт 8 дугаартай өрөөг түрээслэн амьдрах болсон, ах нь Б.Мөнгөнрейс 60 гаран настай, дүү Б.Төмөрхуяг нь 50 хүрч яваа гэсэн. Энэ хоёр хүн сарын эхээр тэтгэвэр буух үеэр л архи уугаад байдаг хүмүүс байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 10 цаг өнгөрч байхад өрөөгөөр нь шагайтал Б.Мөнгөнрейс, Б.Төмөрхуяг хоёр дундаа 0.33 литрийн жижиг шилтэй “Хараа” гэдэг архи тавьчихсан сууж байхаар нь би харчихаад “та нар болиоч ээ” гэж хэлсэн чинь Төмөрхуяг нь хойд айлын залуу “архи авч өгсөн түүнийгээ уугаад сууж байна” гэж хэлэхээр нь “та нар одоо боль, боль” гэж хэлчихээд буцсан. Тэр үед ах нь болох Мөнгөнрейс бүр согтчихсон доошоо тонгойгоод суучихсан байсан бөгөөд ямар нэгэн хэрэлдэж муудсан шинжгүй байсан. Түүнээс хойш 1 цагийн дараа 11 цагийн орчимд нөгөө ах, дүү хоёр хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга дуугараад байхаар нь юу болоод байна гэж бодоод яваад ортол Төмөрхуяг нь саарал өнгийн эсгий тавчик барьчихсан ах Б.Мөнгөнрейсийгээ загнаад зогсож байсан. Юу гэж загнасан гэхээр ахыгаа Жаажаа гэж авгайлдаг юм шиг байна лээ. “Энэ Жаажаа өмдөндөө баачихсан, дандаа намайг зовоогоод байдаг юм” гээд уурлаад ахыгаа загнаад зогсож байсан. Тэр үед өрөөнөөс хүний баасны үнэр үнэртэж байсан ба өрөөнийх нь хаалгыг хаагаад буцаад гарсан. Намайг гарах үед өрөөнд ямар нэгэн цус нөж болсон зүйл огт харагдаагүй. Тэгээд чимээгүй болоод дахиж хэрэлдэх чимээ гаргаагүй. ...Тэгтэл шөнө 01 цаг өнгөрч байсан байхаа, өрөөний хаалгыг учиргүй өшиглөөд хаалга цохиод байхаар нь “хэн бэ” гэж асуухад “би байна” гэж эрэгтэй хүн дуугарахаар нь хаалгаа онгойлгож өгтөл Төмөрхуяг зогсож байсан бөгөөд “яасан” гэж асуухад намайг “чи буугаад ир, шулам авгай минь чамаас болсон” гэж хэлээд буцаад яваад өгөхөөр нь би араас нь нэг давхарт бууж очоод Төмөрхуяг, Мөнгөнрейс нарын өрөөнд ороход нөгөө саарал өнгийн тавчик барьчихаад ахынхаа толгой руу хоёр удаа цохиод авсан. Төмөрхуягийг цохих үед ах Мөнгөнрейс нь буйдангаа түшээд нүүрээ дараад сөхрөөд суучихсан байж байсан ба Төмөрхуягийг тавчикаар хоёр удаа цохих үед хажуу тийшээ толгойгоо цонх руу харуулаад бөгсөн тал нь үүд рүү хараад унаад өгсөн. Тэгтэл шалан дээр нь цус болчихсон байхаар нь энэ ер нь биш боллоо гэж бодоод өрөөнөөс нь гараад цагдаа дуудсан. Намайг орох үед Төмөрхуяг нь амандаа “танай дүү охин чинь гэл үү, охин чинь гэл үү, мөнгийг чинь өгсөн юм уу” гээд үглээд уурлаад байсан. Би ойлгохдоо мөнгө төгрөгнөөс болоод муудсан хүмүүс байна гэж бодож байсан. ...Нэг удаа талийгаач ах хөгшин нь /Мөнгөнрейс/ толгойгоо даавуугаар боочихсон нүүр нь хөхрөөд хүрэнтчихсэн байхаар нь би “та яагаа вэ” гэсэн чинь “би юм мөргөчихсөн юм, дүү нь гэх Төмөрөө нь Жаажаагийн толгой нь өвдөөд халуураад байна, эм байна уу” гээд явж байсан. ...Үүнээс хэд хоногийн дараа би коридороор явж байсан чинь Төмөрхуягийн дуу нь хадаад чанга чанга хашгираад байхаар нь би хаалгыг нь нүдээд ороход Жаажаа гээд тэр хөгшин ах Төмөрхуяг хоёр хоёулаа архи уучихсан сууж байсан. Тэгэхээр нь би “та нар архи уугаад бие биенээ цохиж зоддог юм биш биз дээ” гэсэн чинь Жаажаа гээд тэр ах нь /Мөнгөнрейс/ дүү Төмөрхуяг руугаа хуруугаараа заагаад “энэ миний толгойг ийм болгосон” гэхээр нь би дүүд нь “чи настай ахыгаа цохиж зодоод яана аа” гэхэд Төмөрхуяг “би согтуу байсан тэгээд толгой руу нь цохьчихсон юм аа” гэхэд нь би “чи ингэж ахыгаа зодож болохгүй шүү дээ” гэхэд Төмөрхуяг “ах өмдөндөө бааж шээгээд уур хүргээд байдаг юм” гэж хэлж байсан. Өмнөхөн ах нь толгойгоо боочихсон нүд нь хөхрөөд хүрэнтчихсэн байсан болохоор би дотроо сэжиглэж бодож байсан учраас асуусан юм. ...Төмөрхуяг архи уухаараа хурц зантай, дуу их чангатай, шулам авгай гэнэ, эрүүлдээ бол гайгүй. Төмөрхуяг бөө юм шиг байна лээ, миний мэдэхийн нэг эмэгтэй, авгай, нөхөр хоёр ирж байгаа харагдсан. Төмөрхуяг надад ч гэсэн бөө гэж өөрийгөө хэлж байсан...” /хх-48-51-I/,

Гэрч Б.Балжиннямын “...Тэр шөнө 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цаг 04 минутын үед гарч бие засахаар өрөөнөөс гарах үед манай байрны эзэн Бат-Эрдэнэ эгч коридорт зогсчихсон, харин 8 дугаартай өрөөний хоёр өвгөний нэг нь арай залуухан нь дуу нь хадаад чанга чанга юм яриад байсан. Би өрөөнөөсөө гараад зогсож сааталгүй шууд гадагшаа гарч 00-д ороод бие засаад сууж байтал 8 дугаартай хоёр өвгөний өрөөнд нэг юм нүдээд байгаа бололтой пид пад гэх чимээ гараад байхаар нь би жорлонгийн хаалгаар хараад сууж байтал салхивчаар нэг юм аваад шидсэн, тэр нь тал дөрвөлжин тоосго харагдаж байсан. Яагаад түүнийг сайн мэдэж байна гэхээр жорлонгоос цонх нь ойрхон учраас унаж байгаа зүйлийг харахад зүгээр харагдаж байсан. Замын гэрэлтүүлэг хашаанд тусдаг мөн цас орчихсон болохоор гадаа гэгээтэй юм сайн харагдаж байсан. Харин өрөөнд болж байгаа юм цонхоор харагдахгүй байсан, яагаад гэхээр цонх наалт наасан учраас юм харагдахгүй байсан. ...Би Төмөрхуягийг ахыгаа зодож байгааг нь хараагүй, гэхдээ тэр хоёрын өрөөнд хэрүүл маргаан болоод байна гэж бодсон. Намайг бие засчихаад буцаад байр луу ороход 8 дугаартай өрөөний хаалга хаалттай байсан...” /хх-52-I/,

Гэрч Ч.Хишигнямын “...урд талынхаа дэлгүүрт ороод 330 граммын “Хараа” билүү “Ерөөл” архи аваад 08 тоотод орсон чинь ах нь гэх /Мөнгөнрейс/ орон дээрээ хэвтэж байсан. ...Тэгээд би ах өвгөнд архиа өгсөн залуу нь тэр архийг задлаад аягалаад өвгөнд нэг хийж өгөөд одоо болоо шүү гээд надад нэг хийж өгөхөөр нь би татчихаад би одоо гадуур ажилтай, та хоёр наадахаа уучих гэсэн тэгтэл залуу нь өөртөө хийгээд уусан. …Тэгээд би гадуур яваад орой 22 цагийн үед гэртээ таксигаар ирсэн юм. Тэгээд би унтаад өгсөн ба шөнө авгай бие засахаар гарч яваад орж ирэхдээ 08 тоотынх хоорондоо хэрэлдээд байх шиг байна гэж байсан. Тэгээд л цагдаа нар ирээд асууж тодруулах зүйл байна гээд аваад явсан. ...Хэрүүл маргаан хийж хоорондоо муудалцдаг байсан талаар мэдэхгүй байна. Заримдаа арай залуухан нь ах өвгөнийгөө аашлаад загнаад байгаа бололтой байдаг байсан. Архийг бол байнга шахуу л уучихдаг байсан. …Ах өвгөн нь толгойгоо боочихсон байхаар нь би “яасан бэ” гэсэн чинь өвгөн “өндөр настны хуралд явж байгаад юм мөргөчихсөн юм” гэж байсан. ...Арай залуухан нь надад “би хар талын бөө, үзүүлэх юм байвал үзүүлээрэй” гээд надад бөөгийнхөө хувцасыг чемоданаас гаргаж үзүүлж байсан...” /хх-55-56-I/,

Гэрч Н.Нарантуяагийн “...Төмөрхуяг нь би бөө гэж яриад орж гарч байгаа хүмүүсийг та нар үзүүлэх үү гэдэг байсан бөгөөд тэр 2 нийлж их архи уудаг байсан. Заримдаа ахыгаа зодоод тархи толгойг нь хагалчихдаг байсан, ахыгаа Жаажаа гэж дууддаг байсан. Би яг одоо хоног өдрийг нь сайн санахгүй байна, дүү Төмөрхуяг нь ах Жаажаагийнхаа толгойг нь хагалчихсан, гэмтэл рүү явж боолт хийлгэх гэж байгаа гэж байсан. Би юу болсон талаар нь дүү Төмөрхуягаас нь асуухад би согтуудаа ахынхаа толгойг хагалсан байна лээ гэж надад ярьж байсан. Тэгтэл Төмөрхуяг, Мөнгөнрейс хоёрын амьдарч байсан 10 дугаар өрөө хүйтэн байна гээд 8 дугаартай өрөөнд орсон ба 8 дугаартай өрөөнд орсон цагаас хойш Төмөрхуяг, Мөнгөнрейс 2 эрүүл өдөр байгаагүй, өдөр бүр архи ууж согтуу байсан. Мөн 8 дугаартай өрөөнд орсон өдрөөс хойш ахынх нь нүд хөхөрсөн, уруул нь хавдсан байхаар нь би харчихаад “та чинь яагаа вэ” гэж асуухад дуугарахгүй зогсоод байсан. Ер нь дүү Төмөрхуяг нь ахтайгаа нийлж архи уудаг, архи уухаараа ахыгаа зоддог. Өөр хоорондоо зодолдохоороо дуу чимээ гараад байхгүй, барилцаж ноцолдоод байдаггүй. Өвгөн настай хүн бөгөөд ноцолдож зууралдах чадалгүй байдаг байх. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өрөөндөө байгаад байгаа бололтой огт гарч харагдаагүй, хоёулаа гэртээ байгаад байсан. Тэгээд орой нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилждэг шөнө цагдаа ирээд манай өрөөнд орж ирээд хэрэг болсон байна харсан, сонссон зүйл байна уу гэж асууж байсан. Би тэр үед 8 дугаартай өрөөнд ороход Төмөрхуягийн ах Жаажаа нь нүүр ам нь гэмтсэн, өрөөнд шал болон хөнжил гудас нь бүхэлдээ цус болчихсон харагдаж байсан...” /хх-57-60-I/,

Гэрч Б.Бат-Ерөөлтийн “...Хэргийн талаар гэвэл нүдээр үзэж харсан зүйл байхгүй. Харин манай байрны 8 тоот өрөөнд амьдарч байсан Төмөрхуяг, Мөнгөнрейс 2 архи ууж Төмөрхуяг ахыгаа гэмтээж эмнэлэг явсан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд очоод нас барсан гэж дуулсан. Ер нь дүү Төмөрхуяг нь их дээрэлхүү ханддаг, их харьцаа муутай байдаг. Би нэг өдөр жорлонд бие засаад сууж байтал талийгаач ах нь цонхныхоо доор гадаа зогсчихсон “би орчихъё” гээд гуйгаад зогсоод байсан, тэгтэл дүү Төмөрхуяг цонхны цаанаас өрөөнөөсөө “пизда минь” гээд орилоод чанга чанга хашгираад загнаад байсан. Дүү Төмөрхуяг нь архи уучихаараа зан ааш муутай. Тэр ахыгаа л загнаад уурлаад байдаг юм. Тэр талийгаач ах нь нүд нүүр нь хөхөрчихсөн явдаг байсан. Хэрэг болохоос өмнө нэг хэсэг зогсоо зайгүй архи ууцгаасан, хэргийн талаар 7 тоот өрөөний залуу сайн мэдэж магадгүй. Төмөрхуяг архи уучихаараа талийгаач ахдаа их дээрэлхүү байдаг. Ер нь л дээрэлхүү гэж хэлнэ дээ, байгаа байдал харьцаж байгаа зэргээс харахад их дээрэлхэж ханддаг...” /хх-61-63-I/,

Гэрч Б.Буяннэмэхийн “...2015 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед гэж санаж байна, 8 тоотод байдаг 2 хүний дүү нь бөө гэж байсан бөгөөд надтай урьд нь тааралдчихаад чи ахдаа орж ирж үзүүлээрэй гэж хэлсэн байсан болохоор тухайн өдөр 22 цагийн үед орсон юм. Намайг ороход дүү нь гэх ах надад ах нь бөө байгаа юм, тэгээд надад утастай зүйл өгөөд үүнийг шатаагаад зүүн хойд зүгт хая гээд тэгээд ойр зуурын зан үйл хийлгэж байгаад би Мандал-Овоонд байх ээж Норовсамбуугийн гэрт нь очиж хоносон юм. Маргааш өглөө нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед ирэхэд манай эхнэр надад өчигдөр “8 тоотын ах дүү хоёр нэгийгээ алчихсан байна” гэх утгатай зүйл хэлсэн юм. Яг юу гэж хэлсэнийг одоо сайн санахгүй байна, ах нь өнгөрчихсөн байна гэж байсан. Намайг тэднийд ороход ах нь орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан. ...Өөр хэн нэгэн байгаагүй, тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Дүү нь намайг ороход бага зэргийн халамцуу байсан, ах нь согтуу байсан эсэхийг мэдэхгүй, намайг гаран гартал орон дээрээ хэвтээд л байсан...” /хх-64-67-I/,

Гэрч Ж.Нямдоржийн “...2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 00 цагийн үед манай гэрийнхэн унтах гээд хэвтэж байхад хажуу айлын 8 тоотод байдаг тэтгэвэрт байдаг нэг хөгшин бас нэг группэд байдаг гэх 2 хүн хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа юм шиг дуу чимээ гapгaaд байсан. Миний сонссоноор бол хөгшин настай ах нөгөө арай залуу хүндээ хандан “дандаа хүүхэн шуухан авчирдаг, энд чинь би амьдардаг, хүүхэн шуухны газар биш” гэх зэргээр маргалдаад орлилдоод байсан. Тэгэж байгаад хэн нэгэн нь 8 тоотоос гарч яваад дээшээ гарч байгаа дуу чимээ сонсогдсон ба ойролцоогоор 5-10 минутын дараа буцаж ирээд 8 тоот руу ороод хоорондоо зодолдож байгаа мэт дуу чимээ гарч байгаад чимээгүй болчихсон юм. Тэгээд шөнө 02 цагийн үед гэж санаж байна, манай хаалгыг цагдаа нар тогшоод болсон асуудлын талаар асуусан...” /хх-68-70-I/,

Гэрч Н.Баасанжавын “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03 цаг 46 минутанд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Өндөр настны буудлын хажууд хоёр давхар улаан нийтийн байранд “хутгалуулсан хүн цус алдаад байна” гэсэн дуудлагыг хүлээж аваад 04 цаг минутад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48-25 тоот хашаанд байх 2 давхар улаан тоосгон нийтийн байрны 1 давхарын нэг өрөө байранд opoxод шалан дээр хулдаасан дээр нэг настай өвгөн доошоо харсан байдалтай түрүүлгээ хараад хэвтчихсэн өмд нь шувтарсан /ямар өмд байсныг санахгүй байна/ зүүн хонгоны хэсэгт шархтай, шархнаас нь цус гарч байсан, хажууд нь хөнжил цус болчихсон байсан, тэгээд би шархыг цэвэрлэж, даралттай боолт хийгээд цус тогтоох тариа хийсэн, насылкаар тээвэрлэж Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн. ...Тухайн үед тэр байранд хутгалуулсан өвгөний дүү нь гэх арай залуу эрэгтэй хүн цуг байсан. Намайг “юу болсон юм бэ” гэхэд “намайг гаднаас орж ирэхэд ах шалан дээр ингээд цус гарчихсан хэвтэж байсан” гэж хэлж байсан. Тэр хүн өөрөө согтуу байсан ...Хутгалуулсан өвгөнөөс юу болсон хэн ингэсэн талаар асуугаагүй, тэр өвгөн согтуу, юм ярих чадваргүй байсан. ...Тэр өвгөний зүүн талынх нь хонгонд нь шархтай, цус гарч байсан, төмсөгнийх нь арьс урагдсан шархтай, нүд нь хөхөрч хавдсан, нүүрний хэсэг арьс зулгарсан шархтай, дагз орчим газарт цохиулсан бололтой хавдсан байсан...” /хх-77-I/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын “...Талийгаач Б.Мөнгөнрейсийн гавал тархинд учирсан үхэлд хүргэсэн суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн хуйхны цус хуралт зэрэг дүгнэлтэд дурдсан гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Ийм гавал тархины гэмтлийг авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийх, явах зэрэг боломж бага...” /хх-88-I,  хх-128-129-II/,

Шинжээч эмч О.Болороогийн “...Төмөрхуягийн зүүн гуянд /дотор дунд хэсэгт/ үүссэн 6.5x1.5 цайвар ягаан өнгийн гадуураа хүрэн бор өнгийн нөсөөт хүрээ бүхий арьсны түвшинтэй ижил түвшинтэй түлэгдлийн сорви гэмтэл нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө 6 сараас дээш хугацаанд үүссэн хуучин гэмтэл байсан...” /хх-89-I/,

Б.Төмөрхуягийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач ах бид хоёр архи хувааж уусан. Маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үеэс архи ууж эхэлсэн. ...Байрны эзэн авгай өрөөнд орж ирээд та хоёр ямар их архи уудаг юм, биеэ бодооч гэж хэлээд гарсан. Бид хоёр хоол хийж идээд талийгаач ах тамхи аваад ирье гэж хэлээд гарч яваад ирэхгүй удаад их оройтож орж ирсэн. ...Тэр үeд цагдаад мэдэгдэж хэлсэн. Өрөөнд талийгаач ах орсон, би ахыг унт гэж хэлэхэд ах “би ахиж архи уумаар байна” гэж хэлсэн. Түүнээс болоод ах бид хоёр муудалцаж би ахад уурлаад “та хүний үгэнд ордоггүй” гэж хэлсэн. Би ахыг орон дээр унтуулах гээд дараад хэвтсэн чинь унтахгүй өндийж босч ирээд байхаар нь гараараа толгой руу нь цохисон. Ор хананд нийлсэн байсан учраас би ахын толгойг хана мөргүүлсэн, орон дээр гарч сууж байгаад ахын толгой руу гуталтай хөлөөрөө 3-4 удаа тийрсээр байгаад орон дээрээс унагаасан. Тэгээд нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд дээрээс нь хөлөөрөө дэвссэн, тэгтэл ах маань “би өөрөө үхээд өгье, өөрөө үхээд өгье” гээд орилоод мөлхөөд байхаар нь би хутга аваад ахынхаа баруун талын гуяны дээд хэсэг өгзөгний доор шар иштэй хутга аваад хутгалчихсан. Цус тогтохгүй гараад байхаар нь ахыг хутгалсан хутгаа ахын хиймэл шүд, ахын баас болсон бандааш дотуур өмдний хамт гялгар уутанд хийгээд хашааны хаалганы хажууд байгаа муу усны нүхэнд хийсэн. ...Талийгаач ах Мөнгөнрейс намайг зодоогүй, зодож дийлэх ч үгүй. ...Талийгаач гаднаас орж ирэхдээ духны дээд хэсэг баруун талдаа жаахан шалбарсан орж ирсэн…” /хх-152-153-I/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2051 дугаартай дүгнэлтэд “…1.Талийгаач Б.Мөнгөнрейсийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9-10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү, цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2. 3үүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх баруун 10 дугаар хавирга, зүүн 9-10 дугаар хавирганы хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. 4. 3үүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 10 дугаар хавирга, зүүн 9-10 дугаар хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 6. Талийгаач нь АВО системээр В 3 дугаар бүлийн цустай байна. 7. 3адлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй…” /хх-107-108-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 763 дугаартай дүгнэлтэд “…1. Талийгаач Б.Мөнгөнрейсийн үхэлд хүргэсэн гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9-10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү, цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ гуяны цус хуралт зэрэг нийт 50-60 орчим тооны цус хуралт, зулгаралт, шарх гэмтэл учирсан байна. 2. 3улайн зүүн хажуу хэсгийн хуйхны шарх, шархны орчны эдийн зулгаралт дээд, доод уруулын дотор талд цус хуралт, хүзүүний баруун, зүүн 2 хажуу хэсэг болон урд хэсэг, баруун эгэм, өвчүү, зүүн хавирганы нум хэсэг, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн шуу, шилбэ, зүүн гуя, баруун бугалга, шуу, баруун хавирганы нум хэсэг, баруун шилбэний урд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд 2.3x0.1 см зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод хэсэгт оёдол тавьсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал зэрэг гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хоёр нүдний дээд, доод зовхины захаараа шаргал хүрээ бүхий хүрэн ягаан өнгийн цус хуралт, духны баруун тал, зүүн хөмсөг, духны зүүн тал, баруун нүдний гадна булан, эрүүний төвгөрийн баруун тал, эрүүний төвгөр, зүүн хацар, баруун хавирганы нум орчим, зүүн шилбэ, зүүн өгзөгний гадна доод хэсэг, бүсэлхий нурууны баруун доод хэсэг, нурууны голд бүсэлхийн 3, 4 дүгээр нугалам орчмын хүрэн улаан өнгийн тав тогтсон зулгаралтууд нь 1 хоногоос дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 3. Дээрх зулайн зүүн хажуу хэсгийн хуйхны шарх, шархны орчны эдийн зулгаралт, дээд, доод уруулын дотор талд цус хуралт, хүзүүний баруун, зүүн 2 хажуу хэсэг болон урд хэсэг, баруун эгэм, өвчүү, зүүн хавирганы нум хэсэг, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн шуу, шилбэ, зүүн гуя, баруун бугалга, шуу, баруун хавирганы нум хэсэг, баруун шилбэний урд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд 2.3x0.1 см зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод хэсэгт оёдол тавьсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал зэрэг гэмтлүүд нь гавал тархины гэмтэл авсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Б.Мөнгөнрейс 66 настай байна. 5. Б.Мөнгөнрейсийн цусанд 1.7 промилл спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна…” /хх-122-125-II/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-12-I/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15-I/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17-I/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-20, 21-27-I/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-34-37-I/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-39-I/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-90-91, 92-98-I/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-99-100, 101-105-I/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Б.Төмөрхуягийн гэм буруутай үйлдэл нь олны анхаарлыг татаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан шинжийг агуулсан болохыг нотолсон хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Төмөрхуяг, талийгаач Б.Мөнгөнрейс нар нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байсан ба хэрэг үйлдэгдэх үед мөн тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцаанаас болж хэрүүл маргаан үүсч, улмаар шүүгдэгч Б.Төмөрхуяг нь талийгаач Б.Мөнгөнрейсийг хутгалж, цохиж зодож санаатай алсан гэж үзэх үндэслэлтэй байна.    

Ялтан Б.Төмөрхуяг нь “Б.Мөнгөнрейсийг өмдөндөө баадаг, дандаа намайг зовоодог” гэх, Б.Мөнгөнрейс нь “Б.Төмөрхуягийг гэрт эмэгтэй хүн авчирлаа” гэх зүйлээр хоорондоо маргалдсан, хохирогчоос 1.7 промилл, шүүгдэгчээс 1.17 промилл спиртийн алкоголь илэрсэн зэргээс үзэхэд хохирогчийг биеэ хамгаалах, хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй байсан гэж үзэх хангалттай баримт нотолгоо байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Мөнгөнрейс нь Б.Төмөрхуягийн гэмт үйлдлийн эсрэг ямар ч хариу үйлдэл хийх чадваргүй болсон байсан, гэмт этгээд нь хохирогчийг өөрийгөө хамгаалах чадваргүй болсон байна гэж ухамсарлан ойлгож, тэрхүү нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж хангагдахгүй байна гэж үзэв.

Харин ялтан Б.Төмөрхуягийн гаргасан “…Миний биеийн эрүүл мэндийн байдал ийм байгаа учир харгалзан үзэж миний зүйл ангийг хөнгөлж өгнө үү…” гэх, ялтны өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, Б.Төмөрхуягт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү …” гэх давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй байх тул гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Төмөрхуягийг танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй учир шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал, Б.Төмөрхуягийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнгүй, Б.Төмөрхуягийн эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул ялтан Б.Төмөрхуяг болон түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 57 дугаар Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Төмөрхуягт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,  

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Жаргалант овогт Бандиагийн Төмөрхуягийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Жаргалант овогт Бандиагийн Төмөрхуягийг хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь  хэсэгт зааснаар Б.Төмөрхуягийг 20 /хорих/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь  хэсэгт зааснаар Б.Төмөрхуягийг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуяг-т оногдуулсан 20 /хорин/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуягт оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуягийн цагдан хоригдсон 230 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуягийн цагдан хоригдсон 200 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан Б.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ   

                 

                          ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Д.МЯГМАРЖАВ