Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч             С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тогтох,

ялтан Д.Энхтайван, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,

ялтан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Э.Батхишиг, түүний өмгөөлөгч С.Намжилмаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Д.Энхтайваны гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт холбогдох 201501080438 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хөвдүүд овогт Доржрэнчингийн Энхтайван, 1973 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, гуталчин, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байр, 206 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЦБ73120877/,

-Улаанбаатар хүрээний Цэргийн тусгай шүүхийн 1993 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 4, 267 дугаар зүйлийн 2, 241 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 1997 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 5 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт  зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 219 дүгээр шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлд хамрагдан эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 15 хоног хорих ялаас чөлөөлөгдөн суллагдсан.

 

2. Хотгойд овогт Жаргалын Эрдэнэбат, 1976 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10 дугаар гудамжны 846 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ХИ76091315/,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаар  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын       2-ны өдрийн 1203 дугаар тогтоолоор 3 жил хорих ялыг өршөөн хасч, 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Д.Энхтайван нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчимд иргэн Э.Батхишигийг согтуу явж байхад хоёр талаас нь сугадан чирж Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “PC Mall” нэртэй цахилгаан барааны дэлгүүрийн ойролцоо харанхуй газарт аваачин амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, цохин хүнд гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн мөнгө 36.000 төгрөг, “Самсунг Галакси Эс-2” загварын гар утас нэг ширхэг, “Нөүт-1” загварын гар утас нэг ширхэг, энгийн жолооны үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлсийг дээрэмдэж нийт 431.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хөвдүүд овогт Доржрэнчингийн Энхтайван, Хотгойд овогт Жаргалын Эрдэнэбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид хүнд гэмтэл учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Ж.Эрдэнэбатад 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 жил хорих ял, Д.Энхтайванд 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Эрдэнэбат, Д.Энхтайван нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Эрдэнэбатын 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 208 хоног, Д.Энхтайваны 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 207 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэбатаас 85.018 төгрөг, шүүгдэгч Д.Энхтайванаас 295.018 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Э.Батхишигт олгож,

хохирогч Э.Батхишиг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 00034 дугаартай барьцаат зээлийн гэрээ 1 ширхэг, яаралтай тусламжийн хуудас 1 ширхэг баримт бичгийг тус тус хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Энхтайван гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Эрдэнэбаттай тэдний гэрт очихоор явж байхад бидний урд хохирогч Батхишиг согтуу явж байхыг хараад Эрдэнэбат захнаас нь араас нь татаж унагаад, бид хоёр халаасыг нь ухаж 2 ширхэг гар утас авсан нь үнэн. Бид буцаад явж байхад халамцуу бололтой 4 залуу өөдөөс ирж явсан. Би тэр 4 залууг тойроод гарсан. Миний араас Эрдэнэбат мөн тойроод гарах гэтэл нэг залуу нь замыг нь хөндөлссөн. Эрдэнэбатыг мөрөлж байгаа харагдсан ба Эрдэнэбат хөл алдаад хажуу тийшээ зайлж нөгөө талын явган хүний зам руу ороод цаашаа алхсан. Араас нь “хөөш” гээд дуудаад  байх шиг байсан. Тэгээд бид 2 гэр рүүгээ салаад явсан. Гэтэл мөрдөн байцаагч Мөнхбаяр ажилдаа мэргэжлийн бус хайнга хандаж, үнэнийг олж тогтоохыг эрмэлзээгүй. Зөвхөн нэг талыг барьж яллахын тулд ажилласан буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчийг зодож гэмтээсэн хүмүүс нь ял завшиж, хохирогч, яллагдагч нарын аль аль нь бие эрхтэн, амьдралаараа хохирч байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхээс хохирогч Э.Батхишиг, гэрч Мөнхжаргал, А.Алтантуяа, Э.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнэж үзээд “өөр хүмүүсийн халдлагад өртсөн гэж үзэх боломжгүй, дахин шалгах шаардлагагүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Э.Батхишиг 00 цаг 48 минутанд дээрэмдүүлсэн. Гэтэл гэрч Ц.Мөнхжаргал 01 цаг 30 минутын үед хохирогчийг олсон. Уг 50 минутын хугацаанд хохирогч өөр хүмүүсд зодуулсан байх боломжтой. Мөн гэрч А.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...00 цаг 40 минутын орчимд жинсэн яактай, хар саравчтай малгайтай өндөр шар залуу ганцаараа орж ирээд “дөрвүүлээ явж байна, 2 ортой өрөөнд орох гэсэн юм” гээд гараад явчихсан, эргэж орж ирээгүй” гэх мэдүүлгийг нягтлан шалгаж, таньж олуулах ажиллагаа хийгээгүй. Мөн гэрч Э.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...зодсон хүмүүсээ огт танихгүй гэсэн ба 20 гаран насны 3-4 залуу байсан гэсэн” гэх мэдүүлгийг шалгуулахыг хүсч байна. Хохирогч анхны мэдүүлэгтээ тодорхой бус зүйл мэдүүлсэн байдаг боловч сүүлд мэдүүлгээ өөрчилж анхны мэдүүлгээ үгүйсгэсэн. Хохирогч Э.Батхишиг “...яллагдагч нарын ар гэрийнхэнтэй уулзаж гурван талын гэрээ хийе. Тал мөнгийг нь төлчих, тал мөнгийг нь хугацаа заагаад төлчих. Гайгүй салгаж өгье, андуурч эндүүрсэн болгоё” гэж ярьж явсаныг ойлгохгүй байна. Мөн тэрээр анхан шатны шүүх хуралдааны үеэр “ийм хөгшин хонины насгүй хүмүүс байсныг мэдсэнгүй” гэж тавлан доромжилж байсан нь анх ямар хүмүүст зодуулсанаа мэдэхгүй байгаа нь харагдаж байна. Гэрч Э.Эрдэнэбилэг, Алтантуяа нарын мэдүүлэгтэй уялдуулж зочид буудалд байсан өндөр шар залууг шалгуулах, хэргийн газрын ойролцоох камерийн бичлэгүүдийг шалгуулах, Ж.Эрдэнэбатыг хэрэг гарсан өдөр шууд гэртээ харьсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан Д.Энхтайваны өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Энхтайваны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн бус хийгдсэн гэж үзэж байна. Хохирогч Э.Батхишиг мөрдөн байцаалтын шатанд “...надтай хамтран ажилллаж байсан Дарамбазар мөнгөний марганаас болж надад өширхөн хүмүүсээр зодуулсан”, “...20 орчим насны 3-4 хүн байсан” гэж мэдүүлсэн. Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нар хохирогч Э.Батхишигийн гар утсыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Э.Батхишигийн амьд биед нь аюулгүйгээр дээр нь дарж сууж байгаад гар утсыг нь авсан гэдэг. Хэрэг гарах өдөр зочид буудлын ресепшнээр ажиллаж байсан гэрч Алтантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...нэг залуу ирээд дөрвүүлээ байгаа, 2 ортой өрөө авъя гэж асуугаад явсан” гэж мэдүүлсэн. Тухайн өдөр Дарамбазар зочид буудалд тоглож байсан эсэхийг шалгах явцад энэ байдал тогтоогдсон. Мөн хохирогч 3-4 залуутай гудамжинд тааралдаж мөрлөлцөөд, орилоод явж байсан гэдэг. Хохирогч хэвийн бус, нилээд их архи уусан байсан. Анх хэнд зодуулснаа санахгүй байсныг бодоход нилээд согтолттой байсан байх. Хохирогчийг газарт хэвтэж байхад нь шөнийн 1 цаг 30 минутын орчим Цагдаагийн байгууллагын ажилтан олж эмнэлэгт хүргэсэн байдаг. Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нар хохирогчийн гар утсыг авсны дараа явж байсан гэх 20 орчим насны 4 залуугийн талаар шалгаж, тогтоох нь зүйтэй. Хохирогч Э.Батхишиг “...Ж.Эрдэнэбатыг сайн таньж байна. Надад гэмтэл учруулсан хүн мөн” гэсэн. Энэ мэдүүлэгтэй холбоотой шалгалтуудыг хийхэд  Ж.Эрдэнэбат, Д.Энхтайван нар аль аль нь хохирогчийг зодоогүй гэдэг. Хэргийг дутуу шалгасан гэж үзэж байна. Эдгээр асуудлуудыг шалгуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан. Хохирогч Э.Батхишиг “...Дарамбазар мөнгөний марганаас болж надад өширхөн хүмүүсээр зодуулсан” гэж анх мэдүүлж байсан боловч уг асуудалд оролцоогүй болох нь нотлогдсон байдаг.  4 залуугийн асуудлыг шалгавал хэрэг тодорхой болох боломжтой.” гэв.

 

Ялтан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. Ц.Алтанцол өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Э.Батхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ялтан нарыг “Хөгшин хонины насгүй” гэж шүүх хуралдаанд хэлсэн нь үнэн. Энэ хүмүүсийг харж нүд хорсож, бачимдсандаа тэгж хэлсэн. Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нар намайг зодсон хүмүүс мөн. Араас сугадсан хоёр залуу нэг нь өндөр, нөгөө нь намхан байсан. Ж.Эрдэнэбатыг хараад шууд танина. Ж.Эрдэнэбат миний зүүн талаас, Д.Энхтайван баруун талаас сугадаж аваад явсан. Тухайн үед миний гэдэс, гүзээ гарсан, ухаан санаа орж гарсан, бүтэн наркозтай, юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байсан учраас анхны мэдүүлгүүдээ яаж өгснөө санахгүй байна. Сүүлд өөрийнхөө мэдүүлгүүдийг уншсан. Намайг цагдаа олж очиход би ухаангүй байсан. Маш ихээр өвдөлт мэдэрч аврал эрэн машин зам дээр гарч тусламж гуйснаараа би өнөөдөр эсэн мэнд зогсож байна.” гэв.

 

Хохирогч Э.Батхишигийн өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Дарамбазарыг уг хэрэгт шалгасан бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх өмгөөллийн зардлыг хохирлоос хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Өмгөөллийн зардал 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Тогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв гарсан, хэрэг бүрэн нотлогдсон. Шүүгдэгч нарт тус бүрт нь 13 жилийн хорих ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн             284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Д.Энхтайван нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчимд иргэн Э.Батхишигийг согтуу явж байхад хоёр талаас нь сугадан чирж Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “PC Mall” нэртэй цахилгаан барааны дэлгүүрийн ойролцоо харанхуй газарт аваачин амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, цохин бие махбодид нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний ханын задрал, нарийн гэдэсний чацархайн задрал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 36.000 төгрөг, “Самсунг Галакси Эс-2”, “Нөүт-1” загварын 2 ширхэг гар утас, энгийн жолооны үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлсийг дээрэмдэж нийт 431.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Ж.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хар өнгийн куртиктэй залуу гар утсаараа яриад алхаж явсан. Тэгтэл Энхтайван “Хоёулаа энэ залуугийн гар утсыг нь булаая” гэхээр нь зөвшөөрөөд түрүүлж алхаад Буян Налайхын 4 замын уулзвар руу түрүүлж алхаад урдаас нь би явган хүний замын доогуур нь Энхтайван явган хүний замаар урдаас нь алхаж очоод Энхтайван нөгөө залууг хажуунаас нь түлхээд замын хажуу руу 2 байрны гол руу түлхээд унагахаар нь би гүйгээд очоод баруун гартаа барьсан байсан хар өнгийн гар утсыг нь дээр нь гарж сууж байгаад ноцолдож байгаад гарнаас нь булааж аваад босоход араас Энхтайван ирээд бас дээрээс нь дарж суугаад халаасыг нь уудлаад байсан. Би хажууд нь зогсож байгаад Энхтайван босохоор нь бид хоёр Баатараагийн дугуй засвар байр хоёрын голоор ороод доошоо замаа дагаад гүйсэн. ...Энхтайван халааснаасаа бас нэг хар өнгийн утас гаргаж ирээд “халааснаас нь ийм утас авсан шүү дээ, хоёулаа нэг газар тавиад шараа тайлъя” гэхээр нь “тэгье” гээд ...1 шил архи аваад тэрийгээ хувааж уугаад би Энхтайваны гэрт унтаад өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх1, х72/,

ялтан Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...урд нэг согтуу залуу гуйваад алхаад байсан. Тэгтэл Эрдэнэбат араас нь очоод татаад унагаах шиг болсон. Би араас нь яваад очиход нөгөө залуу газар дээшээ хараад хэвтсэн Эрдэнэбат куртикнийх нь захнаас зуураад доошоо дарсан хажууд нь сууж байхаар нь би очоод куртикнийх нь халаасыг ухахад хар өнгийн хавтгай юм байхаар нь тэрийг нь аваад хажууд байсан шар байрны хажуугаар буцаад явган хүний замаар явж байтал Эрдэнэбат араас гүйцэж ирээд надад нэг хар өнгийн нилээн том гар утас үзүүлээд “би нэг ийм утастай боллоо, харилаа” гэхээр нь би ч гэсэн харилаа шууд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх1, х78-79/,

хохирогч Э.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...төв замын хажуугийн “PC MALL”  дэлгүүртэй орон сууцны хажуугаар явган хүний замаар 1 дүгээр хороо чиглээд явж байхад араас хоёр залуу хоёр талаас сугадаж аваад байрны буланд тоглоомын газрын дэргэд авч ирээд 3-4 танихгүй залуучууд хэдэн талаас өшиглөж газар унагаад элэг рүү хэн нэг нь өшиглөөд намайг ямар ч тэнхэлгүй болгосон. Тэгээд миний халаасыг ухаад хоёр ширхэг гар утас, задгайгаар 40 орчим мянган төгрөг, жолооны үнэмлэх, хоёр хайрцаг “ESSE” нэртэй тамхи зэргийг аваад тэр залуучууд зугатаасан. Би арай гэж мөлхөж зам дээр гараад эмнэлгийн машинаар Налайхын эмнэлэгт хүргэгдээд тэр шөнөө эмчилгээ хийлгээд маргааш нь Гэмтлийн эмнэлэгт ирж хэвлийн хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг /хх1, х8-12/,

“...2 талаас 2 хүн сугадаж аваад 2 шар байрны гол хэсэг буюу нэрийг нь мэдэхгүй байна, компьютер тоглоомын газрын хажууд аваачиж цохиж унагаад цээж толгойгүй өшиглөсөн. Би зодуулснаас болоод ухаан алдсан байсан. Зарим үеийг санахад анх найз охин оролдсон гэсэн утгатай үг хэлээд барьж авсан. Энэ бол намайг худал хэлж барьж авах шалтаг байсан байх. Би тэр үед ямар ч эмэгтэй хүн оролдоогүй, уулзая, үерхэе гэж гуйсан ч асуудал байхгүй. Нэг мэдэхэд гүйцээчихье юм үлдээгүй бид гээд хоорондоо ярих нь сонсогдсон. Утас булааж зугтаагүй тэр 2 хүн шууд 2 талаас сугадаж чирээд цохиж газарт унагаад тал талаас өшиглөөд халаас ухаад байсан. ...хоёулаа эдгээр үйлдлээ зэрэг хийсэн. Харин хэн нь хаана цохисон цохилтоос нь болж газарт унаснаа мэдэхгүй байна. Намайг газарт унасаны дараа нэг нь миний дээрээс өвдөглөж дараад бүх халаас нэгжиж үзсэн.” гэх мэдүүлэг /хх1, х13-15/,

“...Би засмал замын хажуугын явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлтэй буюу тосгоноос 1 дүгээр хороо руу явж байхад хойноос 2 хүн ирээд 2 талаас сугадаад ертөнцийн зүгээр зүүн хажуу руу сугадаад чирч өргөөд хөндлөн байрлах байрны ар хэсэгт буюу компьютер тоглоомын газрын хажуу руу аваачаад шууд 2 талаас цохиж өшиглөсөнг мэдэж байна. ...намайг энэ хоёроос өөр хэн ч ирж зодож, цохиж, өшиглөж дээрэмдээгүй.” гэх мэдүүлэг /хх1, х163-165/,

“...баруун талаас сугаддаг өндөр залуу намайг гэдэс рүү буюу элэг рүү цохиж өшиглөж унагасан. Миний гэдэс маш их өвдөөд газар хэвтсэн. Бараг өвдөлтийн шоконд орж байсан. Тэгтэл одоо бодоход намхан залуу нь намайг хэвтээ байдалтай байхад дээрээс дарж суугаад бүх халаас тэмтэрч үзээд ухаад байхаар нь би болиулах гээд гараараа түлхэж, хааж эсэргүүцэл үзүүлэхэд нөгөө залуу нь толгой тархи руу хэд хэдэн удаа өшиглөсөн мөн дээр сууж байсан залуу бас цээж толгой нүүр нүдгүй цохисон. Би сүүлдээ өвдөлтөндөө болоод эсэргүүцэхээ болиод надад байгаа юмыг аваад хурдан яваасай гэж бодоод ухаан санаа орж гараад хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х166-168/,

гэрч Э.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...түргэний машин ирээд зогстол манай хүү Батхишиг хүнд гудамжинд зодуулчихсан байна гээд ирсэн. Тухайн үед хүү маань согтуу байсан ба өөрийнх нь хоёр гар утас, түрүүвчтэй бичиг баримт, 30 орчим мянган төгрөг зэргийг зодсон хүмүүс нь аваад явсан байсан. Хүү маань надад хэлэхдээ тантай утсаар яриад 47 дугаар байрны тэнд алхаж явахад араас танихгүй хоёр залуу ирж сугадаж барьж аваад шууд харанхуй газар руу чирч оруулаад хэдэн талаас өшиглөж гүйцээ гэж хэлээд зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х33-34/,

гэрч Д.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би босоод галаа түлээд байж байтал ширээн дээр хар өнгийн гадуураа хар өнгийн хавтастай гар утас байсан. Авч үзэхэд хавтасных нь хармайнд жолооны үнэмлэх байсан. Эрдэнэбат сэрэхээр нь “энэ юун гар утас юм бэ” гэж асуухад “хүний утас” гэж хэлээд гараад явсан. ...Энхтайван, Эрдэнэбат хоёрын авчирч зарсан гар утас нь хар өнгийн гадуураа хар өнгийн хавтастай ноте 1 загварын гар утас, нөгөө гэрт байсан утас болохоор загварыг нь мэдэхгүй байна. Эс 1 билүү Эс 2 гэж байсан байх. Жолооны үнэмлэх нь хэн гэж хүнийх байсан гэдгийг санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх1, х37-38/,

гэрч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Буян-Налайх худалдааны төвийн урд 4 замын уулзвар дээр улаан гэрэл ассан зогсож байтал 5 шар байрны ард буланд газар хүн хэвтсэн гараараа даллаад байх шиг байхаар нь яваад очтол би хүнд зодуулчихлаа гээд ёолоод байхаар нь би эмнэлэг болон цагдаа дуудсан. ...хүнд зодуулаад хамаг юм дээрэмдээд аваад явчихлаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х170/

гэрч Э.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад 2 утас үзүүлээд  Ноте 1 загварын утсыг “энийг аав чинь олсон 50.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн” гэж хэлсэн. Харин Эс 2 загварын гар утсыг аавын чинь Энхтайвангийн утас. Надад зарсан юм чи барих утасгүй байгаа юм чинь түр барьж бай гэхээр нь аваад..., ...мөнгөний хэрэг гараад Ноте 1 загварын гар утсыг “Содон тусгал” ломбарданд 60.000 төгрөгөөр нөхрийнхөө хамт очиж тавьсан.” гэх мэдүүлэг /хх1, х171-172/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Батхишигийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний ханын задрал, нарийн гэдэсний чацархайн задрал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 08 шэ/621 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х48/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Д.Энхтайван нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Энхтайван нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Энхтайванд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй байна. Д.Энхтайван нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Энхтайван нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх 63 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х183/,

“...Ж.Эрдэнэбат нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Эрдэнэбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Эрдэнэбатад албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна. Ж.Эрдэнэбат нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Эрдэнэбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх 32 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х185/,

“Содон тусгал” Барьцаат зээлийн гэрээ /хх1, х159/,

Эд зүйлийн үнэлгээ /хх1, х189-190/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх1, х5/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх1, х6/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрүүл мэндийн бүртгэлийн маягт /хх1, х49-57/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс ялтнуудын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул ялтан Д.Энхтайваны гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..

 

Мөн анхан шатны шүүх ялтан Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарын ялтай байдал дуусгавар болсон талаар болон тэдний гэмт үйлдэл, оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг хэрхэн шийдвэрлэх талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн нь,

ялтан Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарын “Энэ хэрэгт өөр хүмүүс оролцсон, хохирогч Э.Батхишиг өөр хүмүүсийн халдлагад өртсөн, хэргээ нэмж шалгуулмаар байна” гэх тайлбаруудад хэрэгт авагдсан тодорхой нотлох баримтуудад тулгуурлан няцаалт өгсөн нь үндэслэл бүхий болжээ. 

Харин анхан шатны шүүх Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарын мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан “Хугацааг тоолоход уг хугацаа эхэлсэн цаг, хоногийг тооцоонд оруулахгүй” гэснийг анхааран үзэхгүйгээр буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан Д.Энхтайваны гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Эрдэнэбатын 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 206 хоног, Д.Энхтайваны 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 205 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.Энхтайваны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                             Ц.ОЧ