Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 533

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эрдэнэчулуунд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч           С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Дамбадаржаа,

ялтан Б.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч Ш.Чингис, З.Батшандас,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Б.Эрдэнэчулууны өмгөөлөгч З.Батшандасын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Эрдэнэчулуунд холбогдох 201626020185 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон гэгээн овгийн Батшандасын Эрдэнэчулуун, 1992 оны 9 дүгээр сарын         20-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7б байрны 57 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЕЙ92092037/,

Б.Эрдэнэчулуун нь 2016 оны 1 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ялимгүй зүйлээр шалтаглан, хүч хэрэглэж, иргэн М.Амарыг мөргөх, цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас:  Б.Эрдэнэчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон гэгээн овгийн Батшандасын Эрдэнэчулууныг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Б.Эрдэнэчулууныг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Эрдэнэчулуунд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Б.Эрдэнэчулуунд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Эрдэнэчулууны өмгөөлөгч З.Батшандас гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн нотлох баримтыг үнэн зөв, тал бүрээс нь бүрэн бодитой шударга үнэлж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоон шийдвэрлээгүй гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлт нь үйлдсэн хэргийн арга, сэдэлт, санаа зорилгыг тодорхойлж тогтоож чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд Б.Эрдэнэчулуунд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Эрдэнэчулуун энэ хэрэгт оролцоогүй гэж хэлээгүй ч энэ хэрэгт оролцсон оролцоог болон хэрэгт авагдсан баримтуудыг бодитой үнэлэн хэргийг зөв зүйлчлэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно" гэжээ. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт заасан хэрэг нь "Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчихдөө догшин авирласан" гэж хүндрүүлэн зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолд "Догшин авирлах гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ” гэжээ. Энэ хэрэгт асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс хохирогч М.Амар нь "Шөлөндөө" зоогийн газрын орох шатан дээр эхлээд О.Буджавыг мөрлөн маргалдсан. Дараа нь Б.Эрдэнэчулуун ирж цэргийн найзаа өмөөрөн, маргалдсан учрыг лавлаж нүүр рүү нь хоёр удаа цохьсон гэдэг мэдүүлэг байгаа. Яллах дүгнэлтэд бичсэнээр буюу прокурорын яллаж байгаагаар "ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн" гэх үйлдэл тогтоогдоогүй бөгөөд улсын яллагч энэ үйлдлийг ялгаж салган тодруулж тогтоосон байх үүрэгтэй. Харин Б.Эрдэнэчулуун нь бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг заахдаа : "...гэмт хэрэг хэдийд, хаана яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан" гэж заасан бөгөөд энэ хэрэг олон нийтийн дунд нийгмийн хэв журмыг зөрчин явагдаагүй, цэргээс ирсэн найз залуутай нь хүмүүс маргалдаж байгааг сонсоод Б.Эрдэнэчулуун очиж, маргалдсан гэдэг нь урьдчилж төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзсэн, үйлдлээ өөрөө мэдэж хянаж байсан, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоосон байдал нь танхайн гэмт хэргээс ялгагдах онцлог нь болж байна гэж үзэж байна.

Шүүх хуралдааны явцад хохирогч архи уусан байсан, иргэн О.Буджавыг мөрлөн, хэрүүл маргаан үүсгэсэн. Дараа нь Б.Эрдэнэчулуун ирсэн, зоогийн газарт биш шатан дээр энэ маргаан болсон зэрэг хэргийн үйл баримтууд тодорхой болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэчулууны үйлдэл нь тодорхой сэдэлттэй, хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй, хоорондоо маргалдан зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илт хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байх тул эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх боломжтой байна.

Б.Эрдэнэчулуун танхайн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж үзэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж, хохирогч М.Амар хохирлоо төлүүлсэн, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгч Б.Эрдэнэчулууны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хэргийг хуульд зааснаар тогтоолд өөрчлөлт оруулан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Эрдэнэчулууны өмгөөлөгч Ш.Чингис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Эрдэнэчулууны үйлдэл 2 минут орчим үргэжилсэн учраас догшин авирлаж танхайрсан гэж үзэхэд эргэлзээтэй. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Эрдэнэчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогч нь манай найзыг заамдаж барьсан байсан учраас салгах зорилгоор цохисон. Би хохирогч М.Амараас уучлалт гуйсан” гэв.

 

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн давж заалдах гомдол Б.Эрдэнэчулууны танхайрсан үйлдлийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. Хоолны газар, үйлчилгээ явагдаж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн учраас танхайн гэмт хэрэгт зүйлчлэх нь үндэслэлтэй. Б.Эрдэнэчулуун, М.Амар нарыг гэрч нар салгах гэж оролдсон байдаг. Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлсийг шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэв.

ХЯНАВАЛ:

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Б.Эрдэнэчулуун нь 2016 оны 1 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин өөрийн найзуудын дэргэд “Манай найзыг мөрөөр шүргэж маргаан үүсгэлээ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан, хүч хэрэглэж иргэн М.Амарыг мөргөх, цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хохирогч М.Амар гэх залуутай О.Буджав заамдалцсан, Гантулга дундуур нь салгах гээд голд нь байж байсан. Тэгэхээр нь би шууд очоод найзыгаа өмөөрөөд М.Амарын нүүрэнд нь хоёр удаа цохисон чинь найз нь гэх залуу гаднаас орж ирээд миний куртикнээс татаад салгахаар нь би эргэж хараад тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /х-40, 44/,

хохирогч М.Амарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...нүдний шилтэй халзан залуу намайг мөрлөхөөр нь би “Яаж яваад байгаан бэ” гэсэн чинь “Чи яаж яваад байгаа юм бэ, яаж ч явсан яадаг юм бэ” гээд шууд дайрч орж ирээд заамдаад… тэр үед Б.Эрдэнэчулуун гэх залуу нь дундуур орж ирээд нүүр рүү нь 2-3 удаа цохиод миний зүүн сонин болоод хавдаад хөхөрсөн. Мөн нүдний орчим язраад цус гарсан байсан. ...Б.Эрдэнэчулуун намайг цохисныхоо дараа тэлээгээ гаргаж ирээд цохих гээд байсан” гэх мэдүүлэг /х15/,

гэрч Г.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шатан дээр О.Буджав нэг хүнтэй заамдалцаад зогсож байсан. Д.Гантулга дундуур нь ороод салгах гээд байж байсан. Тэгээд Б.Эрдэнэчулуун хамгийн урд явж байгаад ороод О.Буджавыг заамдсан залууг шатан дээр хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /х18/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О.Буджавыг шатан дээр нэг залуу заамдсан… зогсож байсан. Тэгээд бид нар орж ирээд Б.Эрдэнэчулуун хамгийн урд байсан болохоор О.Буджавыг заамдсан залуугийн нүүр рүү нь хоёр удаа цохиод тэр залуу О.Буджавыг тавьсан” гэх мэдүүлэг /х20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “М.Амарын биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх 752 тоот шинжээчийн дүгнэлт /х34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих бүх байдлыг шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр  Б.Эрдэнэчулууны үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зөв зүйлчилж хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Эрдэнэчулууны анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь М.Амар нь гомдол санал байхгүй гэж тайлбарласан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан нь үндэслэлтэй болжээ.

 

Маргаан үргэлжилсэн хугацаанаас үл хамрааран ялтан Б.Эрдэнэчулууны дошгин авирлан танхайрсан үйлдлийн улмаас хохирогч М.Амарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдлын талаар шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул өмгөөлөгч З.Батшандасын гаргасан “...Зодоон удаан хугацаанд үргэлжлээгүй, 2 минут орчим болсон. Б.Эрдэнэчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хангах нь хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрдэнэчулууны өмгөөлөгч З.Батшандасын гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            Ц.ОЧ