Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Буян нарт  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор П.Удвал, ялтан Я.Буян, түүний өмгөөлөгч Б.Бунжаа, нарийн бичгийн дарга Б.Баясгалан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолтой, Я.Буян нарт холбогдох эрүүгийн 201620000036 дугаартай хэргийг ялтан Я.Буян, түүний өмгөөлөгч Б.Бунжаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 15-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 08 дугаар багт амьдардаг,  ял шийтгэлгүй,  Булгадар овгийн Ядамсүрэнгийн Буян нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Чимэдцэрэнгийн гарыг хутгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн 2016 оны 01 дүгээр сард Л.Чимэдцэрэнгийн гэрийн хаалганы модыг сүхээр цохиж санаатайгаар гэмтээсэн, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Л.Чимэдцэрэнгийн гэрийн хаалганы шилийг сүхээр цохиж хагалсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 02-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 08 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Харагчууд овогт Лхамжавын Чимэдцэрэн нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 08 дугаар багийн нутаг "Цагаан бураат" гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хүргэн дүү Я.Буянг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Булгадар овогт Ядамсүрэнгийн Буяныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, Харагчууд овогт Лхамжавын Чимэдцэрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Я.Буянд 2 /хоёр/ сар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих, шүүгдэгч Л.Чимэдцэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Я.Буянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ялд багтаан эдлэх ялыг 1 /нэг/ жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Я.Буян, Л.Чимэдцэрэн нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Буянгаас гаргуулах хохирол төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Чимэдцэрэнд оногдуулсан 1 жил, 2 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Л.Чимэдцэрэнд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Я.Буянд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

           Ялтны өмгөөлөгч Б.Бунжаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Я.Буян нь ам бүл 5, эхнэр бага насны 3 хүүхэдтэй. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчил гаргах буюу ял шийтгэл хүлээж байгаагүй. Бүтэн өнчин, ам бүлийнхээ амьжиргааны түвшинд хүрэлцэхүйц амины хэдэн тооны малтай. Я.Буян нь анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, гэм буруугаа гэмшиж ойлгосон, цаашид эрүүл мэндийн байдал нь удаан хугацаагаар хоригдож, биеэр ял эдлэх боломжгүй зэргийг харгалзан үзэж 1 жилийн  хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Я.Буянд учирсан гэмтлийг эмчлүүлэхгүй хугацаа алдвал амь насанд нь аюул учрах буюу 2 эрүүнд нь бохирдол авах, доороосоо даарснаас болж үрэвсэх боломжтой байна гэжээ.

         Ялтан Я.Буян давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо барагдуулсан. Энэ  нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жил хорих ялыг  тэнсэж өгнө үү. Учир нь миний  эрүүл мэндийн байдал цаашид удаан хугацаагаар ял эдлэх боломжгүй байна. Би эрүүгээ 2 удаа хадуулснаас болоод доороосоо даарч шүд, буйл үрэвсээд, толгой дүүрч, чих шуугиад байна. Мөн би 06 дугаар сард явж эрүүний хадаасаа авахуулах ёстой тул миний хорих ялыг тэнсэж өгнө үү гэв. 

           Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан Я.Буян нь шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй учир шүүх хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Я.Буянгийн хувийн байдал, гэм буруугаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Я.Буянд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Л.Чимэдцэрэн нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Цагаан бураат” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Я.Буянг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Я.Буян нь  2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Цагаан бураат” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Л.Чимэдцэрэнгийн гарыг хутгаар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн Л.Чимэдцэрэнгийн гэрийн хаалгыг удаа дараа санаатайгаар гэмтээсэн  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь гэрч Я.Даалхай, Я.Болормаа, Д.Золзаяа, Л.Жавзан, Н.Батмөнх нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 78, 79 дугаартай дүгнэлтүүд болон Л.Чимэдцэрэн, Я.Буян нарын мэдүүлэг зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Л.Чимэдцэрэн, Я.Буян  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Я.Буян түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын “ Шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнссэж өгнө үү” гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:

Я.Буян нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдал  болон  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Энэ талаар давж заалдсан ялтан Я.Буян болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Анхан шатны шүүх Л.Чимэдцэрэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахдаа түүнд хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллагад даалгаагүй байх тул тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Я.Буянд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, 61.4-т зааснаар Я.Буян, Л.Чимэдцэрэн нарт  хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай,” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар Я.Буянг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.