Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

Н.Сүхбат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, ялтан Н.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, Б.Нямдорж, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Б.Баясгалан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Сүхбат нарт холбогдох эрүүгийн 201520000231 дугаартай хэргийг ялтан Н.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 26-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Албанч овогт Нямжавын Сүхбат нь согтуугаар 2015 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг "Дэлгэр мөрний дэнж" гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Нямдоржийн толгой тус газар модоор цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй,  Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Шандивууд овогт Баттулгын Нямдорж нь согтуугаар 2015 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг "Дэлгэр мөрний дэнж" гэх газар ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Н.Сүхбатын нүүр тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Нямдоржид Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Шүүгдэгч Шандивууд овогт Баттулгын Нямдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Б.Нямдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Албанч овогт Нямжавын Сүхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Н.Сүхбатад 5 /тав/ жил, 1 /нэг/ хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Сүхбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Сүхбат, Б.Нямдорж нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Сүхбатаас 836.950 төгрөг гаргуулан хохирогч Б.Нямдоржид олгож, Б.Нямдорж нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо, мөн хохирогч Н.Сүхбат гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Б.Нямдоржийн толгойн рентген зураг бүхий СD-ийг хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямдоржид өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Сүхбатад өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Н.Сүхбатад оноосон хорих ялыг хөнгөрүүлэх дараах үндэслэлтэй. Н.Сүхбатын хувийн байдлын хувьд  Шонхор дээд сургуулийн оюутан, өрх толгойлсон, зүрхний өвчтэй, группт байдаг ээжийнхээ хамт амьдардаг Б.Нямдоржид танхайрах гэмт хэрэг үйлдэхдээ Н.Сүхбатын хамрыг цохиж хугалсан байхад анхан шатны шүүх түүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Сүхбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Н.Сүхбат, Б.Нямдорж хоёрын хооронд урьд өмнө ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байгаагүй, тухайн орой Б.Нямдорж, н.Төртогтох хоёр маргалдсан ба Б.Нямдорж, Н.Сүхбат хоёрын дунд маргаан гараагүй нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх  Б.Нямдоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Н.Сүхбат урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, анх удаагаа хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшин, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хохирогч Б.Нямдоржид эмчилгээний зардалд 3.400.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Н.Сүхбатад оногдуулсан 5 жил, 1 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551–г журамлаж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Ялтан Н.Сүхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний  бие 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б.Нямдоржийг цохиж гэмтээсэн шалтгаан  нь тэр ямар ч шалтгаангүйгээр  миний хамрыг хуга цохиж, хоолой бооход би ухаан балартсан бөгөөд яагаад ингэснийг асууж очиход “Чам шиг өнчин ишиг хайх  эзэнгүй пиздаг яасан  ч яадаг юм. Хэн чамайг хайж ирэх вэ” гэж хэлэхэд би  голдоо ортлоо гомдсон. Хэрвээ Б.Нямдорж энэ маргааны суурийг тавиагүй бол хэрэг хэзээ ч гарахгүй байсан. Энэ хэрэг гарах  өдрөөс өмнө Б.Нямдорж болон  манай гэр бүлийн хооронд ямар ч үл ойлголцол байгаагүй. Шүүх хурал дээр Б.Нямдорж өмнө нь ар гэрийн хооронд үл ойлголцол  байсан мэтээр ярьсан, үүнийг түүний ээж н.Янжмаа, төрсөн ах Б.Ням-Очир хоёрын мэдүүлэг гэрчилж байна гэж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад үүнийг шалгаж тогтоогоогүй, хууль ёсны хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, нотлох баримт байхгүй байхад тогтоосон мэтээр Б.Нямдоржийн хэргийг хэрэгсэхгүй болгосон  нь хуулийн үндэслэлгүй байна. Би сэтгэл санааны цочролд орж Б.Нямдоржийг цохиж гэмтээсэндээ маш их харамсаж байгаа бөгөөд учирсан хохирлыг 100 хувь төлж  барагдуулсан тул миний хэргийг хуулийн дагуу хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Сүхбат 2015 оны 07 дугаар сарын 12-ны шөнө согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Нямдоржийн  толгойн тус газар нь модоор цохиж, хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 306, 532  дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  яллагдагчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Н.Сүхбат, Б.Нямдорж нар нь  2015 оны 07 дугаар сарын 12-ны шөнө согтуугаар  Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэр мөрний дэнж” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Нямдорж нь Н.Сүхбатын биед хөнгөн зэргийн гэмтэл, Н.Сүхбат нь Б.Нямдоржийн толгойн хэсэгт модоор цохиж түүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Нямдорж, ялтан Н.Сүхбат гэрч Г.Чулуун, Д.Мөнхбаяр, С.Баттулга, Б.Ням-Очир, Л.Янжмаа нарын мэдүүлэг, Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 532, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 537, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Н.Одбаярын мэдүүлэг зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Н.Сүхбат, Б.Нямдорж нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Н.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын “Б.Нямдорж нь танхайн гэмт хэрэг үйлдсэн байхад зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн, Н.Сүхбатад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү “ гэх гомдлуудын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:

1. Гэмт хэрэг гарах үед Б.Нямдорж, С.Төртогтох, Н.Сүхбат, Г.Чулуун, Д.Мөнхбаяр  нар нь урьд болж байсан бөхийн барилдааны талаар  маргалдаж байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байх бөгөөд Б.Нямдорж нь бөхийн эрэмбээр Н.Сүхбатыг миний үгэнд орох ёстой гэх үзлээр  түүнийг хацар луу алгадаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдлийн сэдэлт, субъектив санаа зорилго нь танхайн сэдэлтэд хамаарахгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Н.Сүхбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн хуулинд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд ялтан Н.Сүхбат болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын “Н.Сүхбатад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хэсгийг хүлээн авч, “Б.Нямдоржийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн” гэх хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх Б.Нямдоржийн үйлдсэн хөнгөн ангиллын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Б.Нямдоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй нь буруу тул зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг “Б.Нямдоржийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Б.Нямдоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж, 5 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Н.Сүхбатад 3 жил 6 сарын хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, ялтан Н.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гомдлын “Б.Нямдоржийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн “ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.