Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

Б.Хишигдэлгэрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд,

прокурор Л.Энхтайван,

шүүгдэгч Б.Хишигдэлгэр,

хохирогч Б.Дэлгэрболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бат-Оргилыг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Хишигдэлгэрт холбогдох 201608000013 дугаартай 1 хавтас 140 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч болон улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1994 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 1-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Баяржаргалын Хишигдэлгэр РД:ЕУ94042410-т Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2016 оны 03 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Б.Хишигдэлгэр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын харьяат Б.Дэлгэрболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Хишигдэлгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Хишигдэлгэрт өмнөх тогтоолоор буюу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр энэ тогтоолоор буюу Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигдэлгэрээс 458.060 /дөрвөн зуун тавин найман мянга жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Багш нарын байр 15 тоотод оршин суух, ЗН92011415 дугаарын регистртэй, Боржигон овгийн Баярдоржийн Дэлгэрболдод олгохоор, хохирогч Б.Дэлгэрболд нь цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжилдэг ба цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжпэх эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоол нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хишигдэлгэрийн эдлэх ялыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Хишигдэлгэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хорих ялыг эс зөвшөөрч байна. шүүх хуралд оролцсон өмгөөлөгч хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал тавьсан боловч шүүх хорих ял оногдуулсанд гомдолтой байна. энэ хэргийг би ялтай байхдаа үйлдээгүй байхад шүүх ялтай байхдаа хэрэг үйлдсэн гэж мөн хэргийг 2016.05.24-ны өдөр шийдвэрлэсэн байж жинхэнэ эдлэх ялыг 2016.05.31-ний өдрөөс эхлэн тооцуулахаар зааж 05 сарын 24-с 05 сарын 31 хүртэл 7 хоногийг учир битүүлэг цагдан хорьж байгааг тус тус ойлгохгүй байна гэв.

 

Хохирогч Б.Дэлгэрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчилгээний зардал гэж 2 500 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримт хангалтгүй учир гаргуулах боломжгүй гэсэн шийтгэх тогтоол гарсан. Би сая хот явж эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаас бүрдүүлж ирсэн. Одоо 2 500 000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

 

Прокурор Л.Энхтайван улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Хишигдэлгэр нь 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Б.Хишигдэлгэрт Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасыг баримтлан ял оногдуулахаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эдлэх ялын хугацааг буруу тооцсон, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулж мөн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш 7 хоногийн дараагаас эдлэх ялыг тоолохоор тогтоосон нь тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгтэй зөрчилдсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна

 

Шүүгдэгч Б.Хишигдэлгэр нь Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны орой архи ууж согтуурсан үедээ Б.Дэлгэрболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт хууль, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж , 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзагдсан байх боловч сүүлчийн үйлдсэн хэрэг нь энэ тогтоолыг гарахаас өмнө буюу 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байхад анхан шатны шүүхээс ялыг нэгтгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д заасныг баримтлах  ёстой байтал эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг баримтлан шийдвэрлэж шүүгдэгчийг хоёр удаагийн ял шийтгэлтэй, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн мэт болгон буруу дүгнэлт хийж түүний хувийн байдлыг хэт дордуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байна.

 

Мөн тэрчлэн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг хэрэглэх тохиолдолд:  

1.Хорих болон  баривчлах ялыг хооронд нь нэгтгэж байгаагийн хувьд 58 дугаар зүйлийн 58.5-ыг баримтлах нь зөв боловч 58 дугаар зүйлийн 58.1-ийг давхар баримтлах ёстой байсныг баримтлаагүй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг баримтлан ялыг нэгтгэхдээ сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримийг нэмж нэгтгэх ёстой байтал эсрэгээр нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн.

3. 2 жил 1 сарын хорих ял дээр 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэхдээ  нэмсэн ялаа нэмэлгүй орхигдуулсан, түүнчлэн шүүгдэгч нь шүүх хуралдаан болтол батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтанд “... Хишигдэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй “ гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Мөн шүүгдэгчид холбогдох хэргийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн мөртлөө тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтанд “...эдлэх ялыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэж заасан нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т заасан шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно гэснийг зөрчсөн алдаа болжээ.

Иймд прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдсан гомдлын шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг зассан зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаас гадна шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэрэгтний хувийн байдалд нийцүүлэн тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Б.Хишигдэлгэрээс хохирогч Б.Дэлгэрболдод хохирол гаргуулах заалт байгаа боловч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  1 сарын баривчлах  ялыг нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д заасныг баримтлан багтаасан, эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хохирол төлсөн байх шаардлага нь зөвхөн хорих ял шийтгүүлсэн этгээдэд хамааралтай тул түүний баривчлах ял шийтгүүлсэн хэрэгт хохирол төлөөгүй нь түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахад хамааралгүй  гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.3, 317.1.4, 320 дугаар зүйлийн 320.1, 321, 324, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлтүүдийг оруулсугай.

А. Тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Баяржаргалын Хишигдэлгэрт өмнөх тогтоолоор буюу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд нь энэ тогтоолоор оногдуулсан 1 сарын баривчлах ялыг багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

           Б.  Тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      В. Тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан агуулга бүхий заалтыг хэрэгсэхгүй болгосон 8 дугаар заалтын оронд 8 дугаар заалт болгон оруулж нэмсүгэй

8.  Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Хишигдэлгэрт оногдуусан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавих үүргийг Говь-сүмбэр аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2.  Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЛХАГВАМАА

                                                        ШҮҮГЧ А.САЙНТӨГС

                                                        ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ