Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 003

 

Ж.Даулетханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр цагаатгах тогтоолтой Ж.Даулетханд холбогдох эрүүгийн 201604000018 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл, улсын яллагч А.Турдыбек, цагаатгагдсан этгээд Ж.Даулетхан, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр төрсөн, 46 настай, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жадик майма овогт Жаманы Даулетхан нь ХААН банкны Баян-Өлгий аймгийн Улаанхус сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас онц их хэмжээний хохирол учирч “Албан тушаалтан албан үүрэгтэй хайнга хандах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадик майма овогт Жаманы Даулетханд холбогдох эрүүгийн 201604000018 дугаар эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Даулетханыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Ж.Даулетхан нь хэдийгээр камерын системийг хянах эрхгүй боловч ажлын байрны тодорхойлолтын 2.48-д зааснаар цахилгаан, сүлжээ, техник хэрэгсэлд доголдол гарсан үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх ёстой байсан. Ж.Даулетхан нь ХААН банкны 2012 оны “Дохиолол хамгаалал, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын заавар”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн. Ж.Даулетхан нь дохиолол дуугарсан талаар мэдээлэл ирэхэд шаардлагатай арга хэмжээ аваагүй гэм буруугийн болгоомжгүй, хайхрамжгүй хандсан хэлбэр юм. Түүний үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан байхад шүүх цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Цагаатгасан этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан тогтоол гэж үзэж байна. Учир нь тухайн үед ахлах теллерээр ажиллаж байсан Ж.Даулетхан нь бусад теллерүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, кассын үйл ажиллагааг хянах, гүйлгээ хийх зэрэг үүрэг хүлээдэг болохоос шөнийн цагаар банкны өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээдэггүй болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргээр нотлогдон тогтоогдож байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Ж.Даулетхан нь ХААН банкны Баян-Өлгий аймгийн Улаанхус сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас онц их хэмжээний хохирол учирч “албан тушаалтан албан үүрэгтэй хайнга хандах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадик майма овогт Жаманы Даулетханд холбогдох 201604000018 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Даулетханыг цагаатгаж шийдвэрлэж энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

 

 Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ цагаатгах тогтоолын удирдлага болгосон хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр цагаатгах тогтоолын удирдлага болгосон хэсгийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2,” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Ж.Даулетханд Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201604000018 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Даулетханыг цагаатгасугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр цагаатгах тогтоолын удирдлага болгосон хэсгийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2,” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Ж.Даулетханд Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201604000018 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Даулетханыг цагаатгасугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                             Н.МӨНХЖАРГАЛ

Д.КӨБЕШ