Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 532

 

 

 

Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Мажигсүрэн,

Ялтан Г.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

Ялтан А.Азжаргал, түүний өмгөөлөгч З.Батшандас,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Эрдэнэбилэг, ялтан А.Азжаргал, түүний өмгөөлөгч З.Батшандас нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт  холбогдох 201625030442 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нумтан овогт Ганболдын Эрдэнэбилэг, 1987 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв  аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, вагон засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар төмөр замын вагон чёдны депод засварчин ажилтай байсан, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал, Баянбулагын А30 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны Өршөөлийн тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:МЗ87041738/,

Хараадайхан овогт Амарсайханы Азжаргал, 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн дунд өлөнт гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТЕ87021617/,

Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17-оос 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран цэн” барьцаалан зээлдүүлэх газарт “ТОЗ-8” маркийн богиносгож тайрсан буу буюу галт зэвсэг хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэн авах зорилгоор хүч хэрэглэн орж, хий буудан улмаар ажилтан О.Тунгалагт буугаа тулган амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж, ширээн дээр нь байсан орлогын 1.440.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Эрдэнэбилэг, Азжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  Г.Эрдэнэбилэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Азжаргалд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарын нийт цагдан хоригдсон 118 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан А.Азжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн хэргээ үнэн зөв хүлээж, худал мэдүүлэг өгөөгүй хэрэг мөрдөхөд саад учруулаагүй мөн бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, хохирогч О.Тунгалагийн хохирол гомдолгүй болгосон. Анх удаа нийгэмд муу үлгэр дуурайлал үзүүлсэн гэмт үйлдэлдээ маш ихээр харамсаж, гэмшиж байна. Үүнээс хойш алдаагаа ухаарч, ойлгож залуу хүнийхээ хувьд ирэх ирээдүйгээ сайн сайхан авч явахаа амлаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан А.Азжаргалын өмгөөлөгч З.Батшандас давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Азжаргал нь уг дээрмийн гэмт хэрэгт ямар нэгэн зэвсэг хэрэглээгүй, хохирогчид гэмтэл учруулаагүй, хохирогчоос эд зүйл болон мөнгө аваагүй, Г.Эрдэнэбилэгийг дагаж явсан төдий оролцсон. Харин ч Г.Эрдэнэбилэгийн бууг булаан авч гарсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон. Энэ нь О.Тунгалагийн “...17 цаг 50 минутын үед гаднаас хар бараан өнгийн хувцастай 25 орчим насны нэг залуу орж ирэхээр нь цонхоо онгойлгоход доошоо тонгойчихоод харагдахгүй байсан. Тэгтэл тэр залуу өндийхдөө гартаа урт буу бариад онгорхой цонхоор над руу чиглүүлээд юм хэлэхээр нь хамгаалалтын дохиоллын товчлуурыг дараад суусан. Наана чинь хүн байгаа юм уу алнаа гэж орилоод “пид” гэх дуу гараад үүдний хэсгээс ломбардыг тусгаарласан хаалгыг өшиглөөд орж ирэхдээ 2 хүн болоод ороод ирсэн. Над руу Г.Эрдэнэбилэг буу тулгаад сейфний хаалга татаж үзээд тэр орчмын эд зүйлийг татаж онгичоод байсан. Түлхүүр өг гэж нэхээд ширээн дээр байсан боодолтой мөнгийг авсан. Би болохгүй, яваач гэж орилоход хаалганд зоолттой байсан түлхүүрийг аваад намайг цоожилчихоод гараад гүйсэн. Дараагийнх нь орж ирсэн залуу ямар хувцастай байсныг анзаараагүй...” /хх-37-39/, гэрч О.Мөнх-Эрдэнийн “...Камерийн бичлэгт 17 цаг 54 минутанд хар өнгийн хүрэмтэй, хар малгайтай ямар хүн /Г.Эрдэнэбилэг/ орж ирээд үүдэнд хаалганы дэргэд цүнхээ ухаж байгаад ямар төрлийн буу болох нь мэдэгдэхгүй буу гаргаж ирээд хоёр гараараа барьж байх шиг харагдсан. Тэр залуугийн араас дахин нэг залуу орж ирж байсан. Буутай этгээд ломбардны дотор талын цагаан вакум хаалгыг түлхэн орж ирээд төмөр сейфийг онгойлгож хараад ямар нэгэн зүйл аваагүй. Ширээн дээр байсан бичиг, цаасыг гараараа тарааж байгаа дүрс харагдсан. Тэгээд ширээний баруун булангаас бичиг, цаас авч байсан бөгөөд хананд шахаад зогсож байсан эмэгтэйтэй ямар нэгэн зүйл булаацалдаж байгаад гарч байсан дүрс байсан...” /хх- 47-49/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25, 27-28/ зэргээс дүгнэхэд А.Азжаргал нь хохирогчийн эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй, түүнчлэн үг ч хэлээгүй, хохирогч өөрөө А.Азжаргалыг ямар хувцастай ямархуу дүр төрхтэй хүн байсан гэдгийг мэдээгүй нь түүнийг энэ хэрэгт ямар оролцоотой болохыг нотолж байна. Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А.Азжаргал би сүүлд нь орж Г.Эрдэнбилэгийн бууг булааж аваад гарсан гэж мэдүүлсэнийг Г.Эрдэнэбилэг хүлээн зөвшөөрч байгаа нь А.Азжаргал дээрмийн үйлдлийг таслан зогсоосон гэж үзэх үндэстэй. Иймд А.Азжаргалын гэмт хэргийн оролцоо, шинж чанарыг харгалзан хорих ялыг нь багасгаж, дэглэмийг нь өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Эрдэнэбилэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах хугацаанд ямар нэгэн саад учруулалгүй үнэн зөвөөр нь байцаалт өгч бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирогч О.Тунгалаг нь хохирол гомдолгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг. Мөн өнгөрсөн хугацаанд талийгаач эцгийнхээ ажлыг өв залгамжлан Төмөр замд 2010 оноос ажиллаж, нийгмийн ажилд идэвхитэй оролцон хамт олноо манлайлан удаа дараа шагнал авч байсан удаатай. 2011 онд Улаанбаатар төмөр замын шигшээ багт орон 2015 оны Үндэсний их баяр наадмаар багаараа 3 дугаар байранд орж Монгол Улсын дэд мэргэн цолоор шагнуулсан. Эдгээр зан байдал өөрийн хийсэн хэргээ ухааран үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.     

Ялтан Г.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэл, гэм хорын асуудалд маргахгүй. Учруулсан хохирлоо төлсөн, гэм хор арилсан гэж үзэж байна. Г.Эрдэнэбилэг хохирогчийг зөвхөн айлгах санаа, зорилгоор буу хэрэглэсэн, гэмтэл учруулаагүй. Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан бөгөөд Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. А.Азжаргал  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлд зааснаар хүнд гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан ялын дэглэмийг бууруулах үндэслэл байхгүй. Уг гэмт хэргийг үйлдэхэд А.Азжаргалын оролцоо байгаагүй гэж байна. Гэтэл гэмт хэрэг үйлдэх үед А.Азжаргал, Г.Эрдэнэбилэгийн араас нь орж ирсэн бөгөөд дээрэмдэх үед учирч болох саадыг арилгах зорилгоор хаалгыг дотор талаас нь түгжсэн байдаг. 2016 оны цагаан сараар анх Зүүнхараад уулзахдаа “дээрэм хийе, өрөө даръя” гэж ярилцаж хамт хоносон байдаг. Яллагдагч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх юм бол яллах үндэслэл болно гэсний дагуу урьдчилан үгсэн тохиролцсон байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анх өөр газарт нэг ломбардыг судалж дээрэмдэх гэсэн боловч А.Азжаргал “Бөмбөгөрийн тэнд нэг ломбард байгаа. Хэдэн жилийн өмнө би үйлчлүүлж байссан” гэж хэлж Г.Эрдэнэбилэгийг дагуулж очсон. Г.Эрдэнэбилэг “Өнөөдөр Улаанбаатарт очлоо” гэж хэлэхэд нь А.Азжаргал “буугаа аваад ирнэ биз дээ” гэж хэлж бууг  нь авчруулсан байдаг. Зэвсэгтэйг нь мэдээгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.                                                             

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17-оос 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран цэн” барьцаалан зээлдүүлэх газарт “ТОЗ-8” маркийн богиносгож тайрсан буу буюу галт зэвсэг хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэн авах зорилгоор хүч хэрэглэн орж, хий буудан улмаар ажилтан О.Тунгалагт буугаа тулган амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж, ширээн дээр нь байсан орлогын 1.440.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч О.Тунгалагийн “...2016 оны 3 дугаар сарын 5-ны өглөө би 12 цагийн үед ганцаараа ирж ломбардаа нээгээд дохиоллоо унтраагаад ажилдаа орсон. ...манайхнаас ямар нэг хүн ирээгүй ганцаараа байсан. Харин гаднаас 20 орчим үйлчлүүлэгч үйлчлүүлж зарим нь барьцааны эд зүйлээ авч, зарим нь барьцаанд эд зүйлээ өгч мөнгө авсан. Тэгтэл 17 цаг 50 минутын үед гаднаас хар бараан өнгийн хувцастай 25 орчим насны нэг залуу орж ирэхээр нь харилцах цонхоо онгойлгоход тэрээр доошоо тонгойчихоод харагдахгүй байхаар нь өндийгөөд харах гэтэл юм харагдаагүй. Тэгсэн нөгөө залуу өндийхдөө хоёр гартаа урт буу бариад онгорхой цонхоор барьж над руу чиглүүлэхээр нь ширээнийхээ хажуу талд байрладаг хамгаалалтын дохиоллын товчлуурыг дараад суусан чинь “чи муу яаж байнаа” гэхээр нь түүнд хамт хүн байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхийн тулд ор руугаа харж байгаад “хөөе чи босооч” гэж хэлсэн чинь “наана чинь хүн байгаа юм уу, ална” гэж орилоод “пид” гэх дуу гараад үүдний хэсгээс ломбардыг тусгаарласан цоожтой вакум хаалгыг өшиглөөд л онгойлгоод орж ирэхдээ 2 хүн болоод ороод ирсэн. Над руу буу тулгаад сейфний хаалгыг татаж үзээд түлхүүрээ өг гэхээр нь захирал ирээд аваад явсан гэхэд тэр орчмын эд зүйлийг татаж үзээд юм хэлээд байсан. Би айж сандраад тухайн үед юу ч гэж хэлээд байсныг сайн санахгүй байна. Тэгсэн ширээн дээр цаасанд боодолтой байсан мөнгийг аваад сейфний түлхүүр нэхээд байсан. Тэдэнд би байхгүй байхгүй, яваач гэж орилоход өшиглөж орж ирсэн хаалганд зоолттой байсан түлхүүрийг авч гараад гаднаас нь намайг цоожилчхоод түлхүүр аваад гараад гүйчихсэн. Ингээд захирал Нарантуяа эгч рүү залгаад дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Эхнийх нь залуу хар бараан өнгийн хувцас, хар өнгийн масктай, хар өнгийн бээлий өмссөн байсан. ...Би туслаарай гэж орилоход “чимээгүй” гээд байсан. Намайг түлхээд байснаас цохиж гэмтээсэн зүйл байхгүй. Нөөтбүүк хадгалдаг сейф онгорхой байсныг онгойлгож харсан боловч эд зүйл аваагүй. Тооцоогоо харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Бэлнээр тогтмол 5.000.000-аас 6.000.000 төгрөг бэлнээр байдаг. Том сейфэн дотор төмөр цоожтой шургуулганд мөнгө байсан. Харин өдөрт орж гараад нийтдээ 2.000.000 төгрөг гүйлгээнд ордог. Би нийтдээ 2 удаа дохиоллоо дарж мэдэгдсэн боловч хамгаалалт ирээгүй. Гадаа камер болон дотор 3 нийтдээ 4 камер ажиллаж байсан... 1.440.000 төгрөгийг дээрэмдэн авч явсан юм. Ширээн дээр ил бэлэн 1.090.000 төгрөг байсан. Хажууд нь 350.000 төгрөгөөр бэлэн мөнгө байсныг авсан. Ширээн дээр нөөтбүүк болон гар утаснууд бэлэн байсан боловч бэлэн мөнгийг л авсан. Манай ломбардны дотор талын хаалга нь вакум хаалга байсан бөгөөд шууд тэр хаалгыг өшиглөөд онгойлгоод ороод ирсэн юм. Бас хаалганы шил рүү буудсан. Тэр үед би маш их айж сандарсан. Ширээний нүдэнд 800.000 төгрөг бэлэн байсныг харалгүй гараад явчихсан байсан...” /хх-37-39/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Нарантуяагийн “...17 цаг 40 минутын орчим О.Тунгалаг 99838430 дугаарын утаснаас миний 99083700 дугаарын утас руу залгаад “намайг ажил дээрээ байхад хүмүүс дээрэмдээд мөнгө аваад явчихлаа, одоо гараад явж байна гээд уйлаад ярьсан. Камерын бичлэгийг үзэхэд ойролцоогоор 20-27 орчим насны бараан өнгийн хувцастай О.Тунгалагтай харилцаж байгаа залуу нь гартаа жижиг буу барьчихсан байсан. Нөгөө залуу нь малгай байхгүй харагдахгүй байсан. Хоёулаа маск зүүчихсэн байсан. Тухайн үед цагдаа нар ирээд бид нарыг ломбарднаас гаргаад үзлэг хийсэн. ...мөнгөний орлогын бүртгэлээр шалгахад 1.440.000 төгрөг алдагдсан байсан...” /хх-43-44/,

Гэрч О.Мөнх-Эрдэнийн “...Дуудлагаар 17 цаг 53 минутад очиход Төрийн банк гэсэн хаягтай байшин байсан бөгөөд тухайн байшингаас ертөнцийн зүгээр урагш харсан доош подвол руу орсон хаалгатай, “Наран цэн” ломбард гэсэн хаяг байсан бөгөөд буугаад шалгахад “Бамбай” хамгаалалтын албаны инженерийн ажилчдын нэг нь ирсэн байсан ба дохиоллын систем шалгаж байсан. Тухайн ломбардны гадаа хүн байхгүй харин дотор нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн сандарсан байдалтай байсан бөгөөд ломбардны дотор талын хаалганы вакум цонх хагарсан, хаалганы зүүн доод буланд нь сум орсон байж болохоор жижиг нүх гарсан байсан. Өрөөний хойд талд шалан дээр том төмөр сейф онгорхой байдалтай байсан. Хяналтын камерыг шалгаж үзэхэд тухайн хяналтын камерын цаг нь бодит цагаас зөрж байсан ба хэдэн минутаар зөрж байгаа гэдгийг нь хараагүй. Камерын бичлэгт туссанаар бол 17 цаг 54 минутад хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн малгайтай, үүдний хэсэгт байх хаалганы дэргэд цүнхээ ухаж байгаад цүнхэн дотроосоо ямар төрлийн буу болох нь мэдэгдэхгүй богино буу гаргаж ирээд хоёр гараараа барьж байх шиг харагдсан ба тэр залуугийн араас дахиж нэг залуу орж ирж байсан. Тэгээд тухайн барьсан буугаа ломбарданд ажиллаж байсан эмэгтэй рүү чиглүүлэх үед эмэгтэй цочиж байгаа үйлдэл хийж байсан бөгөөд буутай этгээд буугаа хоёр тийш нь хөдөлгөхөд эмэгтэй сандал дээрээс босоод баруун талынхаа хана руу шахаж зогсоход нь буутай этгээд ломбардны дотор талын цагаан вакум хаалгыг түлхээд онгойлгож ороод төмөр сейфийг онгойлгож хараад ямар нэгэн зүйл авалгүй ширээн дээр байсан бичиг цаасыг гараараа тарааж байгаа дүрс харагдсан. Тэгээд ширээний баруун талын булангаас бичиг цаас авч байсан бөгөөд хананд шахаж зогсож байсан эмэгтэйтэй ямар нэгэн зүйл булаацалдаж байгаа дүрс харагдсан…” /хх-47-49/,

Гэрч Б.Эрдэнэбилэгийн “... Би Бамбай хамгаалалтын албанд 2014 оны 10 дугаар сард гэрээт хамгаалагчаар ажилд орсон. ...Тухайн дуудлага нь 17 цаг 45 минутад ирсэн бөгөөд 17 цаг 53 минутад очиж шалгасан. ...Ломбард руу ороход нэг эмэгтэй, нэг эрэгтэй, “Бамбай” хамгаалалтын албаны дохиоллын ажилтан ирсэн дохиоллыг шалгаж байсан юм. Хаалгаар ороход ломбардны дотор талын хаалганы цонх хагарсан, тухайн хаалга нь онгорхой байдалтай байсан...” /хх-60/,

Гэрч Б.Номингэрэлийн “... Би “Бамбай” дохиолол хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс хойш ажиллаж байна. ...2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 17 цаг 45 минутад дуудлага хүлээн авдаг 70157575 дугаарын утсанд 99833490 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад танайх ирдэггүй юм уу, манай ломбарданд хүмүүс дээрэм хийгээд гарч байна гэсэн. Танайх хаанах юм бэ гэж асуухад, Баруун 4 замын “Наран цэн” ломбард байна гэж хэлээд тасалчихсан. Тэгэхээр нь тэр чиглэлийг хариуцаж байсан Эрдэнэбилэг, Мөнх-Эрдэнэ нарт дуудлагыг дамжуулаад явуулсан. Тэр даруйдаа инженертээ бас мэдэгдсэн юм. Бид нар камер хянадаггүй ирсэн дуудлагыг дамжуулах үүрэгтэй ажиллаж байсан…” /хх-63-65/,

Гэрч Н.Дэлгэрийн “... ломбардны гадаа нь зогсож байтал хаалга нь онгойгоод 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн гараад явсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэр хоёр залуутай зөрөөд ломбард руу орсон. Орохдоо манай нөхөр Мөнх-Эрдэнэ түрүүлж ороод би араас нь ороход Мөнх-Эрдэнэ эргээд надтай зөрөөд гараад гүйсэн. Тэгээд дотогш хартал ломбардны ажилтан эмэгтэй уйлчихсан шилэн лангууныхаа цаана зогсож байсан. Эргээд бид хоёр ломбард руу ортол ажилтан эмэгтэй нөхөр бид хоёрт хэлэхдээ хоёр эрэгтэй хүн орж ирээд доош тонгойгоод юм хийгээд байх шиг байхаар нь би том юм тавих гэж байгаа юм байх гэж бодоод дээшээ босоод цонхоороо харсан чинь ямар нэгэн юм харагдаагүй тэгэхээр нь буцаад суутал хоёр залуу босч ирээд хаалга руу буудаад хаалгаар ороод ирсэн. Тэгээд гартаа нэг тайрчихсан юм шиг буу барьчихсан над руу тулгаад сейфээ онгойлго гэхээр нь сейфний түлхүүр байхгүй гэхэд ширээн дээр байсан боодолтой мөнгийг аваад гараад явчихлаа гэсэн...” /хх-66-67/,       

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн “... ломбард руу 17 цаг 50 минутын үед ирээд хаалгыг нь татаад орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь утас руу нь залгадаг юм уу гэж бодоод утсыг нь хайгаад олоогүй, тэгээд 1-2 минут хүлээсэн. Уг нь бол байнга онгорхой байж байдаг юм. Би урьд нь нэг жилийн өмнө уг ломбардаар үйлчлүүлж байсан. Тэгээд явах гэж байтал хаалга онгойгоод дотроос нь 2 залуу гарахаар нь нээлттэй байгаа юм байна гэж бодоод зөрөөд ортол ломбардны охин “түлхүүр, бариад аваарай” гэж өөдөөс хашгирсан. Тэгэхээр нь би ломбардны дотор үүдний хэсэгт орчихсон байсан учраас эргэж гараад баруун тийшээ гүйгээд хойд болон урд тал, баруун тал руугаа хартал гүйж яваа хүн харагдахгүй байсан. Тэгээд буцаад ломбард руу ортол ломбардны охин “сая намайг дээрэмдчихлээ, эндээс мөнгө аваад явчихсан, хажуу талын хаалга руу буудах шиг болсон” гэж хэлсэн. ...эхэлж гарч ирсэн залуу нь хардуу хүрэмтэй, доогуураа юу өмссөн байсныг нь анзаараагүй нөгөө залуу нь ямар хувцастай байсныг нь анзаараагүй...” /хх 70-71/,

Г.Эрдэнэбилэгийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны цагаан сарын үеэр Азжаргалтай уулзаж дээрэм хийх талаар ярилцаж хийе гэсэн шийдвэрт хүрсэн. ...эмнэлэгт үзүүлж явахдаа вокзалын орчим байрлах ломбардыг судалсан. Тэгтэл Азжаргал бөмбөгөрийн урд байрлах “Наран цэн” гэх ломбардыг санал болгосон. ...би эхэлж ороод тусгаарлагч цонхны дэргэд зогсоод үүрч явсан цүнхээ буулгаж дотроос нь тайрсан буугаа гаргаад сумаа хийж цэнэглээд үйлчлэгч эмэгтэй рүү чиглүүлээд “чимээгүй, таныг яах ч үгүй мөнгө хэрэгтэй байна” гэхэд тэр эмэгтэй сандраад орилохоор нь би бас сандраад айлгах санаатай хажуу талын хаалга руу буугаа чиглүүлж буудаад хаалгыг нь өшиглөөд орсон. Энэ үед Азжаргал хаалга түгжээд ороод ирсэн. “мөнгө хаана байна” гэхэд захирал аваад явсан гэхээр нь ил боолттой байсан бэлэн мөнгийг аваад гарахад Азжаргал хаалгыг гаднаас нь түгжээд гарсан. Уг тайрсан бууг 3 жилийн өмнө ууланд явж байхдаа нэг хүнээс авсан. Бууны гол төмрийг тайрчихсан байсан. Харин би засаж янзлаад гар буу шиг болгоод савхин бүрээс хийсэн...” /хх-124-125/,

А.Азжаргалын сэжигтнээр өгсөн: “...Ломбард руу Эрдэнэбилэг эхэлж орсон. Би араас нь дагаад ороход Эрдэнэбилэг буугаа тулгачихсан ломбардны ажилтан эмэгтэйг мөнгөө өг гээд зогсож байсан ба би дотогш оронгуут хаалгыг нь цоожилсон. Ширээн дээрх мөнгийг Эрдэнэбилэг ороод авсан. Мөн дотор хий буудсан. Анх цагаан сарын үеэр ...Эрдэнэбилэгийн түрээсийн байранд очиж архи ууцгаасан. Тэгэхэд Эрдэнэбилэг дээрэм хийе гэж ярьсан. Дээрэм хийх болсон шалтгаан нь бид хоёр хоёулаа банкны зээлтэй, би ажилгүй, Эрдэнэбилэг нуруу нь өвдөөд ажлаа хийж чадахгүй байсан болохоор дээрэм  хийе гэж ярилцсан боловч би итгэхгүй байсан. ...надад 500.000 орчим төгрөгийг Эрдэнэбилэг төмөр замын байрнууд дунд явж байхдаа өгсөн...” /хх-131-132/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2232 дугаар шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн марк, дугаар тодорхойгүй гар хийцийн галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Наран цэн” ломбардны хаалганы гадна талаас бэхжүүлж авсан арчдаст дахь тортогны үлдэц илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “Наран цэн” ломбардны хаалганы гадна талаас бэхжүүлж авсан арчдаснаас илэрсэн дарь тортогны үлдэц нь марк дугаар тодорхойгүй гар хийцийн галт зэвсгийн гол төмрөөс бэхжүүлж авсан арчдаснаас илэрсэн дарь тортог нь элементийн найрлагын хувьд төсөөтэй байна.” гэх дүгнэлт /хх-96/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-28/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-82-85/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарын гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг  чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Г.Эрдэнэбилэг, ялтан А.Азжаргал түүний өмгөөлөгч З.Батшандас нарын гаргасан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар “…хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч О.Тунгалагт учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, ялтан А.Азжаргалын өмгөөлөгч З.Батшандас “А.Азжаргалын гэмт хэрэгт оролцсон оролцоо, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь гэмт хэргийг хамтран үйлдэх нь нэг хүний үйлдсэн гэмт үйлдэлтэй харьцуулахад нийгмийн хор аюулаар их байдаг онцлогтой.

Тухайлбал гэмт хэргийг хамтран үйлдэх нь тухайн гэмт хэргийг түргэн хугацаанд үйлдэж, ул мөрөө баллах, гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйлээ хуваан борлуулах, нуун дарагдуулахад хялбар дөхөм болгодог.

Ялтан Г.Эрдэнэбилэг, А.Азжаргал нар нь бүлэглэн “Наран цэн” ломбарднаас эд хөрөнгийг нь дээрэмдэн авах зорилгоор галт зэвсэг хэрэглэн хий буудаж, хохирогч О.Тунгалагт сэтгэхүйн хүчирхийлэл үзүүлж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж, 1.440.000 төгрөгийг дээрэмдсэн үйлдэлд зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байгаагаас гадна анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхээс хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтан нарын гэм бурууд нийцсэн дүгнэлт хийжээ.

Мөн энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан нарын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, тэдний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр А.Азжаргал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч шүүхээс хүнд ангилалын гэмт хэргийг зэвсэг хэрэглэн бүлэглэн үйлдсэн, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул хүндрүүлэх нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулаагүй нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно…” гэж заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд зааснаас доогуур хэмжээний ял оногдуулах эсэх нь хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй явдал нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх хууль хэрэглээний алдаа биш тул ялтан Г.Эрдэнэбилэг, ялтан А.Азжаргал, түүний өмгөөлөгч З.Батшандас нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Эрдэнэбилэг, ялтан А.Азжаргал, түүний өмгөөлөгч З.Батшандас нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                     Н.БАТСАЙХАН