Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 550

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Түвшинжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

ялтан Б.Түвшинжаргалын өмгөөлөгч Н.Цэрэндулам,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Б.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Түвшинжаргалд холбогдох 201626011021 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бургууд овгийн Батдоржийн Түвшинжаргал, 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ын Байгалийн ухааны салбарын 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 9, аав, ээж, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Тээвэрчдийн 12 дугаар байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ПБ96060179/,

 

Б.Түвшинжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “И-Г-М” интернэт тоглоомын газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж хохирогч Б.Мөнх-Эрдэнийг зүй ёсны шаардлага тавихад нь үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодид нь “Зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн этмойд хөндийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Түвшинжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

Бургууд овогт Батдоржийн Түвшинжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож,

Б.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинжаргалд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинжаргалаас 6.600 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнх-Эрдэнэд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлээс 900.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, түүнийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

шүүгдэгч Б.Түвшинжаргалыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Түвшинжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Түвшинжаргал миний бие өөрийн үйлдсэн хэргийг шударгаар хүлээн зөвшөөрч байгаа ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнх-Эрдэнийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 900.000 төгрөгийг ар гэрийн зүгээс төлсөн. Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан. Миний анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Хойшид гэмт хэрэг үйлдэхгүй. Ээж минь бие султай, зүрх нь их өвддөг. Надад оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Түвшинжаргалын өмгөөлөгч Н.Цэрэндулам гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Түвшинжаргал өөрийн үйлдсэн хэргийн талаар маргаддаггүй ба хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнх-Эрдэнэд эмчилгээний зардалд 580.000 төгрөгийг төлсөн, хохирогч нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх Б.Түвшинжаргалаас 6600 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.Түвшинжаргал нь бусдын бие махбодь, эрүүл мэндэд гэм хор учруулж гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид Эмнэлгийн тусламж үзүүлсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй хохирогч гомдолтой гэснийг хүндрүүлэх нөхцөлд тооцож ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүх хурлын дараа хохирогчийн эмчилгээний зардлыг Б.Түвшинжаргалын aр гэрээс бүрэн төлж барагдуулсан ба 1.006.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон. Б.Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшдэг, хэргийн талаар үнэн зөв шударгаар мэдүүлсэн, хэрэг үйлдсэн даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Б.Түвшинжаргал нь МУИС-ийн 2 дугаар дамжаанд суралцана. Шүүхээс Б.Түвшинжаргалд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байна гэж үзэж гомдол гаргалаа. Оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: “...Б.Түвшинжаргалын “20.000 төгрөг хулгайллаа” гэх шалтгаанаас болж гэмт хэрэг гарсан. Б.Түвшинжаргал анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь түүний хувийн байдлыг харуулж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 560.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчоос “хохирол төлбөр бүрэн барагдаагүй” гэж ярьж байсан. Шүүх хуралдааны үеэр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан байдал харагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

                                                                        ХЯНАВАЛ:    

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.Түвшинжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “И-Г-М” интернэт тоглоомын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Мөнх-Эрдэнэтэй маргалдан, Б.Мөнх-Эрдэнэ түүнийг заамдан ариун цэврийн өрөөрүү оруулахад нь түүний цохиж, өшиглөх зэргээр зодож бие махбодид нь “Зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн этмойд хөндийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэлийг санаатай учруулсан болох нь:

ялтан Б.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгтэл намайг цохих гээд байхаар нь бултаад эргүүлээд шанаанд нь цохисон. Тэгсэн чинь миний үснээс үсдээд сэгсчээд, нэг гараараа үснээс зулгаагаад нөгөө гараараа зүүн талын шанаанд цохисон. Тэгтэл тэр үед миний араас нэг хүн намайг татсан, татахад нь би халтирах гээд байсан учир хөлөө дээш нь өргөхөд Б.Мөнх-Эрдэнэ ах доошоо бөхийсөн байсан би хөлөөрөө хамранд нь хүрчихсэн юм. Тэгээд салсан, Б.Мөнх-Эрдэнэ ахын хамарнаас цус гараад байсан учир бид хоёр хамт гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Үзүүлэхэд хамар нь хугарсан байна 80.000 төгрөгөөр янзална гэсэн” гэх мэдүүлэг /х7/,

“...намайг хулгайч минь гар гэж хөөж туугаад байхаар нь “Та юу гээд байгаа юм” гэхэд “Чи нааш ир” гээд намайг дагуулаад 00-н өрөө рүү ороод 00-н өрөөний хананд шахаад “Чи ахыгаа амжихгүй шүү” гээд боохоор нь би өөдөөс нь түлхтэл баруун шанаа руу нь гараараа цохихоор нь би бултаад өөрийг нь шанаанд нь цохитол үснээс зулгаагаад шанаа руу гараараа цохисон. Тэр үед тэнд ажилладаг Отгонбаяр гэх залуу орж ирээд миний араас татаад салгахад нь би арагшаа болохдоо хөлөө дээш нь өргөтөл хамарт нь оноод Мөнх-Эрдэнийн хамраас цус гараад хамар хугарчихлаа гэхээр нь хамт яваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /х29-30/,

хохирогч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Маргалдаж байхад зайл гээд байхаар нь би Түвшинжаргалыг заамдаж байгаад гараа тавьсан чинь Б.Түвшинжаргал миний зүүн талын нүдэнд гараараа нэг удаа цохисон. Нүдээ бариад доошоо тонгойтол дахиж миний зүүн талын нүд рүү өвдөглөсөн. Би өндийгөөд толинд нүүрээ хартал хамарнаас цус гарч байсан. Тэгээд байж байтал 00-д гадны хүмүүс орж ирээд салгасан ба хамт гэмтлийн эмнэлэг яваад үзүүлтэл миний хамар хугарсан байсан” гэх мэдүүлэг /х5-6/,

“...амандаа үглээд намайг зайл гээд байхаар нь чи яагаад гардаггүй юм гээд энгэрээс нь заамдаад автал миний гарыг түлхэж тавиулаад зүүн хөмсөгний орчимд гараараа нэг удаа цохиод доошоо тонгойход өвдөгөөрөө өвдөглөчихсөн. Тэгэхэд толгой манараад хамраас цус гараад би дээшээ өндийгөөд толинд нүүрээ хартал хамраас цус гарч байсан. Тэгээд хүмүүс орж ирээд Б.Түвшинжаргал надаас уучлалт гуйгаад бид хоёр хамт гараад эмнэлэг ороод үзүүлэхэд хамар хугарсан байна тэглүүлэхэд 80.000 төгрөг гэхэд Б.Түвшинжаргал яваад 80.000 авч ирээд хамраа тэгшлүүлсэн” гэх мэдүүлэг /х9-10/,

гэрч Л.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мөнх-Эрдэнэ ах байхгүй байхаар нь 00-н өрөө рүү ортол 00-н өрөөний голд Мөнх-Эрдэнэ ах доошоо тонгойгоод хамраа дараад суучихсан шалан дээгүүр бөөн цус болчихсон, Б.Түвшинжаргал гэх баньд дээгүүрээ нүцгэн байдалтай 00 өрөөний цонх налчихсан зогсож байсан. ...Мөнх-Эрдэнэ тэр дээгүүрээ нүцгэн залуутай 00-н өрөөнд хоёулаа байсан болохоор хэрхэн яаж зодож цохисон эсэхийг мэдэхгүй. Б.Мөнх-Эрдэнэ ах хэлэхдээ хамар руу өшиглөчихсөн гэж байсан.” гэх мэдүүлэг /х11-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Мөнх-Эрдэнийн биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн этмойд хөндийн цус хуралдалт, зүүн нүдний доод зовхи, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Амь насанд аюулгүй гэмтлүүд болно. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх 5058 дугаар шинжээчийн дүгнэлт /х21/ зэргээр нотлогдсон байна.

Б.Түвшинжаргалд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Түвшинжаргалын үйлдлийг “хохирогч өөрөө Б.Түвшинжаргалыг ариун цэврийн өрөө рүү дагуулан орж, маргааныг эхлүүлсэн, улмаар Б.Түвшинжаргал биед нь гэмтэл учруулсан” гэж зөв дүгнэн түүний хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Түвшинжаргалд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Гэвч ялтан Б.Түвшинжаргал нь одоо 20 настай, МУИС-ын Байгалийн ухааны салбарын 1 дүгээр дамжааны оюутан, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч Б.Мөнх-Эрдэнийн эмчилгээний зардалд 1.586.600 төгрөгийг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулснаар хохирогч нь “Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй учраас ял шийтгэлийг нь хөнгөвчлөн бууруулж өгөхийг хүсч байна” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан байдлыг харгалзан, ялтан Б.Түвшинжаргалд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд ялтан Б.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бичсэн бичвэр нь монгол хэл бичгийн зөв бичих зүйн хэрэглээний хувьд “2 жил, 6 сар хугацаагаар хорих” гэх байдлаар өгүүлбэрийн доторх зэрэгцсэн утга агуулгатайгаар таслалыг хэрэглэсэн, “бичиг баримт нь шүүхэд ирээгүй” гэх мэтээр утгын хувьд зохисгүй байдлаар бичигдсэн  байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Батдоржийн Түвшинжаргалд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан хоёр жил зургаан сарын хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоон, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Б.Түвшинжаргал нь 26 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                             Ц.ОЧ