Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 46

 

  Б.*******-*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******-*******

          Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

         Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нарыг оролцуулан,

  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн Б.*******-*******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.*******-******* нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд эхнэр Н.*******-*******ийн бие эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.*******-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 /хорь/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3840000 /гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.*******-Эрдэний урьдчилан цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан торгох ялыг эдэлсэнд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******эс 146650 төгрөгийг гаргуулан хохирогч Н.*******-*******ид олгож, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үсийг устгаж, хар, улаан, ногоон өнгийн хээтэй өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.*******-*******ид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******-*******ийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны

өдрийн 51 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Гэрчээр асуугдсан эмч Т.*******. Д.*******, Б.*******, Б.*******, Ж.******* нарын тухайн үед хохирогч миний биеийн байдал ямар байсан талаар гэрчилдэг. Дээрх эмч нарын үзлэгийн оношноос үндэслэж шүүх эмнэлгийн шинжээч нарын дүгнэлтүүд өөр өөр байдлаар гарсан байдаг. Тэгэхээр дээрх эмч нарын мэдүүлэгээс хэнийх нь мэдүүлэг илүү бодитой үндэслэлтэй байна вэ гэдэгт шүүх ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна. Хохирогч би шинжээчийн 67 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үздэг ба бусад дахин гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй гарсан гэж үздэг. Анхан шатны шүүх хэргийн хүрээнд авагдсан шинжээчийн 67, 475, 604 дугаар бүхий дүгнэлтүүдээс заавал сүүлд гарсан дүгнэлтийг барьж хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн хууль байхгүй. Харин ямар шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж үнэлсэн тухайгаа тодорхой дурьдаж хэргийг шийдвэрлэх боломжтой байдаг. Иймээс хохирогчийн хувьд шинжээчийн 67 тоот дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлүүлэх хууль эрх зүйн үндэслэлтэй байх тул *******-*******д холбогдох эрүүгийн хэргийг ЭХТА-ийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан зүйлээр зүйлчлүүлж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. *******-Эрдэнийн үйлдэл холбогдолоос болж эмч нарын хэлээд буй янз бүрийн оношноос үүдсэн гэмтэл нөлөөлж үү гэдгийг бас гэмтлийн гаралтай умайн цус алдалт, бүрэн зулбалт, өндгөвчний үрэвсэлээс улбаалсан умайн цус алдалт зэрэг нь *******-Эрдэнийн үйлдэл холбогдолтой шалтгаант холбоо байгаа гэж би үзэж байна.. Иймд шүүгч та бүхэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэхээр мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсч байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Уг хэрэгт шинжээч эмч Ганшагайгийн гаргасан дүгнэлт дээр үндэслэлтэй эсэх дээр дүгнэлтүүд гаргасан байдаг. Уг дүгнэлтүүдээр шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэсэн дүгнэлт гардаг. Мөн 604 дугаартай дүгнэлтээр *******-*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан, зулбалт тогтоогдохгүй байна, умайн булчингийн архаг үрэвсэлийн улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан баримт байна, умайн агшилт жирэмсний бус үед ч болох боломжтой учраас хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн  өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. ЭБШХ-ийн 80, 16-р зүйлд зааснаар гэмт хэргийн гарсан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Б.*******-******* машинтайгаа миний үйлчлүүлэгчийн гэрийн гадна очоод бие эрх чөлөөнд нь 2 удаагийн үйлдлээр халдсан байдаг. Үүнийг анхан шатны үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэдэг боловч уг үйлдэл нь 2 удаагийн үйлдэл байдаг юм. Тэгэхээр уг хэргийн зүйлчлэлийн талаар анхаарч үзэх шаардлагатай байгаа юм. Гэмтлийн талаар 3 удаагийн дүгнэлт гарсан. Эхний дүгнэлт нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Цусны шинжилгээгээр жирэмсэн байсан эсэхийг тогтоох ёстой байсан. Хамгийн сүүлд үзсэн ******* эмчийн үзлэгийн түүх хэрэгт авагдсан байгаа. Хэрэг учрал 1 дүгээр сарын 31-ний өдөр гарсан ба умайн архаг үрэвсэл гэсэн дүгнэлт 3 дугаар сарын 24-ний өдөр гарсан. 52 хоногийн дараа ингэж оношлоод байгаа нь 5 хоногийн дараахтай зөрүүтэй байхаас өөр аргагүй. ******* эмчийн тухайн үеийн онош нь мэдүүлэгтэйгээ зөрдөг. ******* эмчийн зүүн бөөрний няцралтай, ураг зулбасан гэх оношийг ЭХО-д харсан үзлэг болон Н.*******-*******ийн биеийг үзээд гаргасан. ******* эмч дээр 5 хоногийн дараа очоод үзүүлэхэд эрт үеийн бүрэн зулбалт явагдсан байна гэдэг. Уг 3 дүгнэлтийг үндэслээд Ганшагай эмчийн 67 тоот шинжээчийн дүгнэлт гардаг. Б.*******-Эрдэнийн  үйлдэл холбогдлоос миний үйлчлүүлэгчийн биед учирсан гэмтэлд шалтгаант холбоо байгаа эсэхийг анхаарч үзэхгүй байна. Гадны нөлөөнөөс болж умайн цус алдалт явагдах эсэхийг тодруулах шаардлагатай байдаг. Уг хэргийн хүрээнд тарчлаах гэмт хэргийн бүрэлдэхүүн харагдаад байдаг. Хүсэлт гаргаснаас хойш шалгасан зүйл байхгүй байж таны биед Б.*******-******* халдаж байгаагүй юм байна гэж шүүх үздэг. Шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаараасай гэж хүсч байна. Давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.*******-*******аас: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үздэг. Миний хүүхэд зулбачихаад байхад зулбаагүй гэж дүгнээд байдагт би гомдолтой байдаг. Эмч нар тодорхой дүгнэлтүүд гаргасаар байтал сүүлд гарсан дүгнэлтүүд учир дутагдалтай гарсан. Эмч нарын дүгнэлт байсаар байтал уг дүгнэлтүүдийг үгүйгэсэн шийдвэр гарсан. Намайг *******-******* маш олон удаа зодож байсан. *******-******* архи, тамхи их хэрэглэдэг, догшин ааштай хүн байгаа юм. *******-*******д зодуулахаас өмнө миний биед ямар нэгэн зовиур байгаагүй. Би зодуулчихаад эмчид хандсан. Би өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. Би хүнийг хэзээ ч гүтгэхгүй. Маш их гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Ганшагай шинжээчийн дүгнэлт нь эмч нарын дүгнэлтэнд тулгуурлаж гарсан байдаг. ******* эмчийн тодорхойлолт нь *******-*******ийн “би зулбасан” гэж хэлсэн үгэнд тулгуурлаж гарсан байдаг учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эмч нар энэ талаар зулбасан шинж харагдаагүй, Н.*******-*******ийг би зулбасан гэж хэлэхээр нь тухайн дүгнэлтийг гаргасан гэж мэдүүлдэг. Н.*******-******* нь Б.*******-*******д удаа дараа зодуулсан тухай ярьж байна. Энэ талаархи хэргийг шалгаад үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ талаар гомдол ирээгүй. Б.*******-******* болон *******-*******тай  холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Б.*******-Эрдэнийн хувийн байдлын талаар тодорхойлолт авахад төлөв даруу зантай ажилч хичээнгүй гэдэг. *******-*******ийн хувьд муу зан авиртай хүн гэдэг нь харагддаг. Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******-*******ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.*******-*******д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэв.

            Б.*******-******* нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд Н.*******-*******ийн бие эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.*******-*******, гэрч Ц., Д., Т., Т.*******, Д.*******, С.Ариунжаргал, Э.*******туяа, Ж.******* нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний албаны дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******-******* нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна. Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанарт тохирчээ.

Гэвч тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Б.*******-*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******-*******ийн давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:

А. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дахь хэсэгт зааснаар Б.*******-*******д холбогдох  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй” гэснийг “бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж,

В. Шийтгэх тогтоолын 9 дэх хэсгийн “Б.*******-*******д урьд авсан батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгсүгэй” гэснийг хасч, “түдгэлзүүлж” гэснийг түдгэлзүүлсүгэй” гэж,

Г. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож,

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.ДОЛГОРМАА

 

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                                                            Х.ГЭРЭЛМАА