Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 47

 

Х.Юрад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн Х.Юрад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ганжаа овгийн Хайдавийн Юра, 1982 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай байсан, ам бүл 4, Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзага багийн Улаан толгой гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, регистрийн дугаар КЙ82081775,

Х.Юра нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 93-55 ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашиныг ашиглан Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг Цувриа гэх газраас 387.5 килограмм нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг /цагаан гоёо/ ургамлыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж 25187500 төгрөгийн буюу их хэмжээийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх Х.Юраг нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх зааснаар шүүгдэгч Х.Юрад 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэж, Х.Юра нь цагдан хоригдсон хоноггүй, биеийн байцаалттай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3000000 /гурван сая/ төгрөгийг Х.Юрагаас гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Юрагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл болох хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар УАЗ 3962 маркийн 93-55 ӨМА улсын дугаартай фургон машиныг битүүмжилсэн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 12-04 тоотод оршин суух Урчууд овгийн Чулуунбаатарын Орхонтуулд /РД:КЮ84040317/ олгож,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Юрагаас 125937500 /нэгзуун хорин таван сая есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах сангийн  110051407 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгчдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй давж заалдах гомдолд: Хавтаст хэргийн материалд хохирогч буюу иргэний нэхэмжпэгч Н.Мөнхгэрэл нь эклоги эдийн засгийн үнэлгээгээр цагаан гоёо нь 1кг нь 65000 төгрөг. Энэ үнэлгээгээр хохирол, төлбөр барагдуулахаар эрүүгийн хэрэгт хохирогчоор байцаалт өгч, хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн.

Гэтэл шүүх миний өмгөөлөлд буй Х.Юрагийн эрх зүйн байдлыг дордуулж, тухайн нэхэмжлэгч буюу хохирогчийн нэхэмжлэлийг харгалзан үзэлгүй шүүх 125937500 төгрөгийн нөхөн төлбөрийг байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн.

Цагаан гоёо нь жилд 2 удаа ургадаг ургамал бөгөөд малд тэжээл болгож өгөх зорилготой түүсэн, ашиг хонжоо олох, зарж үрэх санал бодолгүй Х.Юрагийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан материалд бүрэн нотлогдсон.

 Иймээс Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 55 тоот шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч гомдол гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Давж заалдах гомдол үндэслэлгүй гарсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар хохирлыг 5 дахин нугалж төлүүлэх ёстой. 1 кг цагаан гоёо нь 65000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Юра нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 93-55 ӨМА улсын дугаартай фургон маркийн авто машиныг ашиглан Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг Цувриа гэх газраас 387,5 кг нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэл, гэрч Ч.Орхонтуул, сэжигтэн Х.Юра нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, Аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлсийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хангалттай тогтоогдсон байна гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар Х.Юрагаас байгаль орчинд учруулсаны нөхөн төлбөр 125937500 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуйн байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг хасч тооцуулахыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуйн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.ДОЛГОРМАА

 

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                

                                                            Х.ГЭРЭЛМАА