Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 52

 

 

 

Б.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,  
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаар шүүхийн тогтоолтой, шүүгдэгч Б.Мд холбогдох 201610000005 дугаартай, 3 хавтас, 672 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагч Д.Дын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М -нд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.10-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт ялимгүй зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, 2 хүнийг буюу иргэн Б.М, Д.Б нарыг олон удаа хутгалж, тэдний бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Б.Мд холбогдох 2016 100 0005 дугаарт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж,

Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт түүний иргэний бичиг баримт нь тус шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн куртик, цагаан өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд, шар өнгийн дотуур өмд, хар эрээн өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр алаг оймс 1 хос, Д.Бийн өмсөж явсан хар өнгийн куртик, цэнхэр эрээн өнгийн цамц, хөх саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн өмд, ногоон эрээн өнгийн өмд, хүрэн өнгийн оймс 1 хос ширхэгийг хэргийн хамт Аймгийн прокурорын газарт буцааж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүхийн тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Д эсэргүүцэлдээ: 1. Шүүгдэгч Б.М гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлэхгүй байх эрхтэй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь бие махбодын хувьд эрүүл болох нь тогтоогдож байгаа тул заавал сэтгэцийн байдлыг тогтоох шаардлагагүй. 2. Тухайн шөнө хохирогч нарын явсан маршрутыг тогтоохоор шүүхээс хэргийг буцааж байгаа нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй ба хаагуур явсан, хэнтэй уулзсан талаар өөрсдөө болон хохирогч нар тодорхой мэдүүлдэг. 3.  Шүүгдэгч Б.Мий ах Мийг “боов” гэж хочилдог болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай нотлогдсон. Шүүгдэгч нь ялимгүй зүйлээр шалтаглан уг хэргийг үйлдсэн нь тогтоогддог. 4. Уг хэргийн хувьд бүх хохирогч, гэрч нар нь сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан учир нүүрэлдүүлэн байцаах боломжгүй, шүүхээс буцаасан тогтоолд яг хэний мэдүүлгийг турших гээд байгаа нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд тухайн гэмт хэрэг гарахад хэргийн газар байсан гэх 8 этгээдийг 2-5 удаа байцааж мэдүүлэг авсан учир дахин туршилт хийх нь цаг хугацааны болон хэргийн зүйлчлэл, нотолгоонд төдийлөн ач холбогдолгүй. 5. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол байхгүй бөгөөд хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн. Гэтэл шүүхээс хууль буруу хэрэглэсэн, байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн гэсэн атлаа хуулийн ямар заалтыг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн талаар тодорхой тусгаагүй байна. Шүүх 2016.06.21-ний 97 дугаар шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх ЭБШХуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа шүүх хуралдаанаар хууль буруу хэрэглэсэн, зөрчсөн гэж буцааж байгаа нь ойлгомжгүй. Хэргийн зүйлчлэл зөв, ЭБШХуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаанууд бүрэн хийгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад хэт нэг талыг барьж шүүхийн тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчимтай нийцэхгүй байна. Иймд 2016.06.28-ны өдрийн 14 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч М тухайн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй байдаг ба мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өмгөөлөгчтэй оролцсон байдаг. Шүүгдэгчийн ХААИС-ийн 2 дугаар курсэд суралцдаг зэрэг хэрэгт авагдсан бүхий л баримтаас харахад шүүгдэгчийн сэтгэц эрүүл болох нь тогтоогддог бөгөөд түүний сэтгэцийн байдлыг тогтоох шаардлагагүй. Шүүгдэгч Б.М гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлэхгүй байх эрхтэй, энэ талаар хуульд ч заасан байдаг болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй. Тухайн шөнө хохирогч нарын явсан маршрутыг тогтоохоор шүүхээс хэргийг буцааж байгаа нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй ба хаагуур явсан, хэнтэй уулзсан талаар өөрсдөө болон хохирогч нар тодорхой мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Мий ах Мийг “боов” гэж хочилдог болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай нотлогдсон. Шүүгдэгч нь ялимгүй зүйлээр шалтаглан уг хэргийг үйлдсэн нь тогтоогддог. Уг хэргийн хувьд бүх хохирогч, гэрч нар нь сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан учир нүүрэлдүүлэн байцаах боломжгүй, шүүхээс буцаасан тогтоолд яг хэний мэдүүлгийг турших гээд байгаа нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд тухайн гэмт хэрэг гарахад хэргийн газар байсан гэх 8 этгээдийг 2-5 удаа байцааж мэдүүлэг авсан учир дахин туршилт хийх нь цаг хугацааны болон хэргийн зүйлчлэл, нотолгоонд төдийлөн ач холбогдолгүй. Шүүхээс хууль буруу хэрэглэсэн, байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн гэсэн атлаа хуулийн ямар заалтыг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн талаар тодорхой тусгаагүй байна. Хэргийн зүйлчлэл зөв, ЭБШХуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаанууд бүрэн хийгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад хэт нэг талыг барьж шүүхийн тогтоол гаргасан нь үндэслэлгүй тул 2016.06.28-ны өдрийн 14 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Мийг ялимгүй зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, иргэн Б.М, Д.Б нарыг олон удаа хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.10-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос хэргийг анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаажээ.

    Прокурорын эсэргүүцлийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 6 үндэслэл заасан ба эдгээр үндэслэлүүдээс 1-р заалт буюу шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоолгох нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг хэргийнхээ үйлдлийг тайлбарлах, түүнийг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.  Гэмт хэрэг гарснаас хойш олон сарын хугацаа өнгөрсөн тул тэр үеийн сэтгэл зүйд бий болсон өөрчлөлтийг одоо гаргаж ирэх боломжгүй юм.

    4-р заалт буюу гэрч хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй гэсэн боловч ямар мэдүүлгүүд нь хоорондоо  зөрсөн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна, мөн уг мэдүүлгүүдийг үндэслэн туршилт явуулах болон  хавтан дээр дуссан цусны толбо хэний цус болохыг тогтоолгохоор шаардсан нь хэрэгт чухал ач холбогдолтой биш гэж үзэж байгаа тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

    Иймд шүүхийн тогтоолоор заасан шаардлагуудаас 1, 4 дүгээр заалтуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
    
    Харин шүүхийн тогтоолын бусад заалтуудад шүүгдэгч Б.Мий төрсөн ах Б.Мэ нь хохирогч нартай ямар харилцаатай байсан юм, яагаад хохирогч нар эдгээр хүүхдүүд дээр очоод ах Мийг “боов“ гэх мэтээр нэр хочоор дуудаж сураад маргааны эх үүсвэрийг тавьсан учир холбогдлыг нь тогтоох буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

    Мөн хохирогч Б.Б, Д.М нарын буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх, шөнийн 01-04 цагийн хооронд хохирогч нар нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан 2 удаа очиж хэрүүл маргаан үүсгэн бусдын эрх чөлөөнд халдсан, гар утас буюу эд хөрөнгийг нь авч шидээд байгаа үйлдэлд эрүүгийн хэргийн болон захиргааны зөрчлийн шинж байсан эсэхийг дахин шалгах нь зүйтэй гэж үзлээ.

    Дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, хэргийг нэмэлт байцаалт хийлгэхээр буцаасан зарим заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
    
     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг буюу шүүхийн тогтоолд заасан шаардлагуудаас 1-р заалт буюу шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоолгох,  2-р заалт буюу гэрч, хохирогч нарын мэдүүлэгийн зөрүүг арилгуулах, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдэд үндэслэж туршилт явуулах, хавтан дээр дуссан цус хэнийх болохыг тогтоолгох зэрэг  шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох гэсэн хэсгүүдийг хүлээн авч,  прокурорын эсэргүүцлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               М.ПҮРЭВСҮРЭН

                                                   А.САЙНТӨГС