Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 53

 

 

 

 М.Үад холбогдох эрүүгийн
хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,  
шүүгдэгч М.Ү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Үад холбогдох 201610000140 дугаартай, 1 хавтас, 204 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Үын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ү-д холбогдуулан  Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч М.Ү нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Б 2-7 тоотод оршин суух иргэн У.Уийн /гэрт/ орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйлс хулгайлж 460000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

мөн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн Б.Мандахсүрэнгийн /эзэмшлийн “Б” хүнсний дэлгүүр/ орон байр, агуулах саванд нэвтэрч бэлэн мөнгө болон эд зүйл хулгайлж бусдад 315000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Үыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үын цагдан хоригдсон 1 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үад оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Шүүгдэгч М.Үын иргэний бичиг баримт хэрэгт хавсаргагдан ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерийн бичлэг хуулбарласан CD 1 ширхэгийг хэрэгт хадгалж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Үад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, Дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ү давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон боловч одоо дөнгөж 22 настай, ид хийж бүтээх насан дээрээ яваа залуу хүн, мөн би ганцаараа ганц бие ээжийгээ харж хандаж, тэжээн тэтгэдэг, гэрээ авч явдаг хүн бөгөөд найз нөхөд болон ойр дотны хүмүүс ч үүнийг мэднэ. Би тухайн эд зүйлийг ашиглан завшиж их хэмжээний ашиг олох бодолгүй байсан ба маш бага үнээр барьцаанд тавьж хэрэглэсэн. Миний хувьд буруу бодолтой, муу санаатай хүмүүстэй нийлж бусдын ятгалганд орж улмаар залуу хүний гэнэн томоогүй зангаасаа болж энэ хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэм буруугаа гүнээ ухамсарлаж байна. Иймд хохирол төлбөр төлсөн байдлыг минь харгалзан үзэж хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч М.Ү нь 2 удаагийн давтан үйлдлээр, урьд нь шүүхээр шийтгүүлж ялтай байдал дуусаагүй байхдаа бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.У, Б.Мандахсүрэн нарын болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар түүний эд хөрөнгийг нь хураахгүйгээр 2 жил 5 сарын хорих ял оногдуулж шийтгэсэн нь үндэслэлтэй болсон байна.

    Шүүгдэгч нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял эдэлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 3 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал нь дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоолын хуулбарууд, Өршөөл үзүүлсэн тухай шүүгчийн захирамж зэргээр  тогтоогдож байна.
 
    Шүүгдэгчид оногдуулсан 2 жил 5 сарын хорих ял нь хэргийн нөхцөл байдалд тохирсон, хүнд биш ял байна.

    Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан шүүгдэгчийн гаргасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгөхийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1,  325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Үын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 

 

                            
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               М.ПҮРЭВСҮРЭН

                                    А.САЙНТӨГС