Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 54

 

 

 
П.Хт холбогдох эрүүгийн
хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,  
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч П.Хт холбогдох 201610000119 дугаартай, 1 хавтас, 191 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Хын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х -т холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед хатуу хучилттай зам дээр *** ДГО улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 8 дугаар бүлгийн 8.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ө.Зулбаярын бие махбодид хөнгөн, 86-21 ДГО улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан хохирогч С.Дашдаваагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, мөн хохирогчийн тээврийн хэрэгсэлд 688 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Хыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөнд 688 000 төгрөгний хохирол, бие махбодид хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 2  жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

    Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Хт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулж,
Шүүгдэгч П.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Хын 296877 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч П.Х давж заалдсан гомдолдоо: Миний бие гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Миний бие 2 дугаар тойргийн Тахарын албанд ажилладаг бөгөөд Төрийн албаны тухай хуульд зааснаар тэнсэнтэй байх хугацаанд төрийн албанаас халагдах үндэслэл болох тул цаашдын ажил хөдөлмөр эрхлэх, амьдралаа авч явах боломжийг харгалзан үзэж тэнсэн харгалзах хугацааг хуульд заасан хамгийн доод хэмжээгээр тогтоож, шийтгэх тогтолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч П.Хын давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 8 дугаар бүлгийн 8.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Зулбаярын биемахбодид хөнгөн, иргэн С.Дашдаваагийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтлүүд, хохирогчийн тээврийн хэрэгсэлд 688000 төгрөгийн эд хөрөнгийн хохиролыг тус тус учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд,  хохирогч нарын биемахбодид учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь үндэслэлтэй болсон байна.
    
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэхдээ хянан харгалзах хугацааг 1-5 жилийн хугацаагаар тогтоодог ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх уг хугацааг 2 жилээр тогтоосон нь тохирсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 70 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Хын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 70  дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               М.ПҮРЭВСҮРЭН

                                    А.САЙНТӨГС