Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 55

 

 

 Б.Уд холбогдох эрүүгийн
хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,  
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн  даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 49/А дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Уд холбогдох 201610000007  дугаартай, 2 хавтас, 415 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ч.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Уд холбогдуулан  Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Уыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.У нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.Уын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хохирогч Ц.Мы шүүхэд ирүүлсэн 10 ширхэг компьютер томографикийн зураг, 3 ширхэг рентген зураг, 1 ширхэг CD, 4 ширхэг гэрэл зураг, 2 ширхэг эмчлүүлэгчийн картыг өөр нь буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 1269699 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15505507 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдсан гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьж өмгөөлөгч миний зүгээс шинжээчийн дүгнэлт буруу гарсан, шинжилгээнд өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, буруу дүгнэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах хүсэлт гаргасныг огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь ЭБШХуулийг зөрчсөн. Мөн хохирол төлбөртэй холбоотой баримтыг бүрэн ойлгож дүгнээгүй. Нотлох баримтаар өгсөн гэрээндээ өмгөөлөгчийн хөлс, зардал хоёрыг ялгаж тусгасан байхад шүүгч өмгөөлөгчийн төлсөн 1500000 төгрөгийн зардал нь бодит зардалд тооцогдохгүй, хохиролд хамаарахгүй гэж, мөн сэтгэл санааны хохирлыг мөнгөөр илэрхийлж гаргах хуулийн заалт байхгүй гэсэн заалтыг халхавчлан тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. ЭБШХуулийн 99.1 “байцаан шийтгэх ажиллагааны зардал нь дор дурдсан зардлаас бүрдэнэ”, 99.1.4 “өмгөөлөгчид төлсөн зардал”, 99.1.6 “...бусад зардал”, 101.1 “шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол....зардлыг гаргуулах эрхтэй”, 101.4 “шүүгдэгч ....ялаас чөлөөлсөн тохиолдолд ....гаргуулах эрхтэй” гэж заасан байхад үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэлтэй болсонгүй. Шүүх хуульд зохицуулалт байхгүй гэдгээр халхавчлан сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн жишгийг үгүйсгэсэн нөхцөл байдал бий болгож байгаа ба нэг талыг баримталж байгааг давхар илтгэж байна. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн тул 49/А тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Уыг  2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж дууссаны дараа ажлын хамт олны хэдэн нөхдийн хамт үргэлжлүүлэн тэмдэглэж байхдаа Ц.Мтай таарамжгүй харьцсаны улмаас маргалдаж,  улмаар бие махбодид нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан гэж анхан шатны шүүх үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон байна.

    Хохирогчийн өмгөөлөгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдлын дагуу нотлох баримтуудыг хянаж үзэхэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.1-д зааснаар шинжлүүлэгч өмнө нь гэмтсэн, эсхүл ямар 1 өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед авсан гэмтлийн зэргийг тогтоох зарчмыг баримтална гэсэн ба хохирогч Ц.Мы биед учирсан гэмтлийн талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид нийт 3 удаа дүгнэлт гаргаж,  зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн талд 9-р хавирганы хугарал, толгой, нүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд учирсныг тогтоосон ба анхан шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Эдгээр 3 шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүгүй, эхний шинжээчийн дүгнэлтийг сүүлийн 2 шинжээчийн дүгнэлт нь бататгасан байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.

    Хохирогч өмгөөлөгчтэй өмгөөллийн хөлс, зардалд нийт 1500.000 төгрөг өгөхөөр сайн дураар тохиролцож гэрээ байгуулсан нь гэм хорын хохиролд тооцогдохгүй, хохирогч шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй зөв болсон.

    Харин шүүгдэгч Б.Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа ба гэмт хэрэг үйлдсэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос хойш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл үүссэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн нь буруу болжээ.

    Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангуулах, өмгөөлөгчийн зардал гаргуулах, сэтгэл санааны хохирол гаргуулах зэрэг үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.2, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Бын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 49/А дугаар шийтгэх тогтоолын 2-р заалтыг “шүүгдэгч Б.Уд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар Б.Уыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

    2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 

 

                            
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               М.ПҮРЭВСҮРЭН

                                    А.САЙНТӨГС