Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 88

 

    

                           Д.Пүрэвбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гачмаа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                              Прокурор Ч.Мядагбадам

                             Ялтан Д.Пүрэвбат

                             Ялтаны өмгөөлөгч Б.Хандмаа

                             Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолд ялтан Д.Пүрэвбат, ялтаны өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Пүрэвбатад холбогдох эрүүгийн 201615000354 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гал овогт Дорждавгын Пүрэвбат /Регистрийн дугаар Й095100631/,

Д.Пүрэвбат нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, "Онги" хорооллын 14-10 тоотод оршин суух иргэн Ц.Энхтогтохын монгол гэрийн зүүн хойд хэсгийг гадна талаас нь галдан шатааж санаатайгаар гэмтээж 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагч буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагдаагийн тасгийн  цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүнийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүний нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдэд тус тус холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Дорждавгын Пүрэвбатыг галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт  зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Пүрэвбатад Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтаан, Д.Пүрэвбатын биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар П.Пүрэвбатад оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,  Д.Пүрэвбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Билгүүн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Пүрэвбатаас  132000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхтогтоход олгон, Д.Пүрэвбатын эзэмшлийн 1 тооны эр хонийг хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт Д.Пүрэвбатын эзэмшлийн 1 тооны эр хонийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 литрийн багтаамжтай цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, "Mateus" гэсэн бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Пүрэвбатад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих, шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих журмын дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Пүрэвбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

Ялтан Д.Пүрэвбат гаргасан давж заалдах гомдолдоо:

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн  153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэргийн тухайд:

Ц.Энхтогтох гэх хүний гэрийг шатаасан гэх гэмт хэргийг миний бие үйлдээгүй байхад таамаг, хардлага төдий зүйлээр намайг энэ гэмт хэргийн холбогдогч болгон гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүний жинхэнэ эзнийг олж тогтоолгүй, намайг хилсээр яллаж буй нь шударга шүүхээр шүүлгэх эрхийг минь зөрчсөн явдал юм. Бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгтнийг бус энэ хэрэгт ямар ч оролцоогүй намайг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээнүүд авч, ял шийтгэсэн зэргээс болж амьдрал, нэр төр, алдар хүндээрээ маш их хохирол хүлээгээд байна. Үнэхээр л санаатай үйлдсэн гэмт хэрэг юм бол энэ гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ эзэнд ял завших боломж олгож байна. Ц.Энхтогтохын гэрийг шатаасан гэх гэмт хэргийн үйлдэлд миний бие оролцоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрүүгийн хуулийн   230 дүгээр зүйлийн 230.1-д заасан миний биед холбогдох гэмт хэргийн тухайд:

Миний бие 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Миний үйлдсэн энэ гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг байх бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгасан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү ...гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах гомдолдоо:

Нэг. Хохирогч Ц.Энхтогтохын гэрийг Д.Пүрэвбат шатаасан гэдэг нь хангалттай бүрэн нотлогдоогүй байхад Д.Пүрэвбатыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцож ял оноосонд гомдолтой байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэж заасан байдаг. Д.Пүрэвбатад холбогдох хэргийн шүүх хуралдаан дээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүгдийг шинжлэн судалсан боловч хэрэгт цугларсан нотлох баримт Д.Пүрэвбатыг гэр шатаасан гэдгийг биш өөр бусад байдлуудыг нотолсон байхад шүүх бүрэлдэхүүн эдгээр нотлох баримтууд Д.Пүрэвбатыг гэр шатаасан гэдгийг нотолж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал:

Д.Пүрэвбатыг хохирогч Ц.Энхтогтохын гэрийг шатаасан гэдгийг нотолж байгаа гэж үзэж байгаа гол нотлох баримтууд нь хохирогчийн гэрийн гаднаас олдсон ногоон шил болон гэрч Төмөрбаатарын мэдүүлэг зэрэг юм. Дарсны ногоон шилийг хохирогч Ц.Энхтогтохын охин Бямбадолгор “Д.Пүрэвбатынд байсан ногоон шил мөн байна” гэж мэдүүлсэн байдаг. Энэ гол нотлох баримт болоод байгаа ногоон шилнээс манай хүүхдүүд бензин үнэртэж байна гэж яриад байсан гэж хохирогч Ц.Энхтогтох мэдүүлсэн байдаг. Мөн хамт олдсон цагаан хуванцар савны ёроолд жоохон бензин байсан гэж мэдүүлдэг боловч эдгээр 2 савыг мөрдөн байцаагч хураан авч шинжилгээнд явуулахад бензин илрээгүй гэсэн дүгнэлт гарсан.

Мөн эдгээр 2 сав дээрээс Д.Пүрэвбатын хурууны хээ илрээгүй гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан. Д.Пүрэвбатын ээж эд зүйл таньж олуулах ажиллагааны үед хэргийн газраас олдсон дарсны ногоон шилийг намар манай гадаа байсан шилтэй төстэй байна гэж таньсан ч гэсэн энэ нь Д.Пүрэвбатыг Ц.Энхтогтохын гэрийг шатаасан гэдгийг нотлохгүй байна. Д.Пүрэвбатын “Уянга” сум дах хөдөө байдаг гэр нь сумын төвөөсөө 3-4 км зайд байрладаг бөгөөд гэрийнхээ урд хойд хэсгээр машин замтай хөл хөдөлгөөн ихтэй байдаг, мөн гадаа байдаг айлууд нь ихэвчлэн эзэнгүй байдаг, нохой байхгүй, мөн хэргийн газраас олдсон гэх ногоон шил хамгийн сүүлд хаана байсан гэдгийг гэрчлэх мэдэх хүн байдаггүй. Ийм эргэлзээтэй зүйлүүд байхад энэ ногоон шил  Д.Пүрэвбатынд намар байсан шилтэй ижилхэн шил учраас тэр ногоон шил яг мөн. Хэргийн газраас энэ ногоон шил олдсон юм чинь Д.Пүрэвбат л гаднаа байсан ногоон шилэнд бензин хийж авчраад энэ айлын гэрийг шатаасан байж таарна гэсэн таамгаар Д.Пүрэвбатыг гэм буруутайд тооцож яллаж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэж заасныг зөрчиж байна

Д.Пүрэвбатыг яллаж байгаа 2 дахь гол нотлох баримт бол гэрч Төмөрбаатарын мэдүүлэг байдаг.

Гэрч Ө.Төмөрбаатар анх өгсөн мэдүүлэгтээ “Ц.Энхтогтохын гэрт гал гарсан гэх шөнийн 23 цаг 35 минутанд манай гадаа улаан өнгийн хуучин Мустанг-5 маркийн мотоцикльтой, хар ноосон малгайтай, цэнхэр хилэн дээлтэй, шар дурдан бүстэй, хар хромон гуталтай, 25-30 орчим насны халимаг үстэй бордуу царайтай залуу орж ирээд ус байна уу гээд хаалга нилээн хүчтэй нүдээд байхаар нь онгойлгосон. Тэгээд нилээн согтуу байхаар нь хөгшин хүнийг амраа яагаад хаалга хүчтэй нүдээд байгаа юм гээд хөөгөөд гаргасан...” /хх 33-34 тал/ гэж мэдүүлдэг.

Дараа өгсөн мэдүүлэгтээ “тухайн шөнийн 23 цагийн үед цэнхэр эрээн дээлтэй, хар ноосон малгайтай, хар өнгийн хромон гуталтай, халимаг үстэй залуу орж ирсэн” гэж мэдүүлдэг /хх-80 тал/

Сүүлд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө харанхуй болсон хойно манай хаалгыг хүчтэй нүдээд ус байна уу гээд манайд ороод ирсэн. Тухайн үед зурагтны гэрэл асаалттай гэрлээ асаагаагүй байсан болохоор дээлний өнгө нь сайн мэдэгдэхгүй байсан. Тухайн үед цэнхэр юм шиг л харагдсан. Тэгээд цагдаад мэдүүлэг өгөхдөө цэнхэр гээд хэлчихсэн, Анхбаярт хэлэхдээ хүрэн гэж хэлсэн, тэгээд сүүлд бодоод байхад зурагтны гэрэл суваг нь хаагдаад цэнхэр дэлгэцтэй болчихсон байсан, тэгээд цэнхэр юм шиг харагдсан байна. Хүрэн дээл байсан. Би цагдаад анх мэдүүлэг өгөхдөө цэнхэр гээд буруу мэдүүлчихсэн байсан Сүүлд нь хүрэн байсныг санаад ахин очиж мэдүүлэг өгөх гээд амжаагүй байсан юм. ...ус байна уу л гээд байсан, жаахан халамцуу байсан. Гадаа тас харанхуй би асаагуурын гэрэлтэй гарч хаалгаа түгжих гэж байхад манай зүүн талын хашааны урд мотоцикль байсан. Тийшээ очоод түлхүүрээ түлхэхэд гэрэл нь дөнгөж асаад унтарсан. Тухайн үед мотоциклийнх нь банк улаан өнгөтэй харагдсан. Тэгээд цааш нь түрээд явчихсан би гэртээ орсон" гэж мэдүүлсэн. /хх-187 тал/

Ө.Төмөрбаатар гэрчийн дээрх 3 дахь мэдүүлгийг харьцуулаад үзэхэд зөвхөн шөнө гэрт нь орж ирсэн гэх хүний дээлний тухай анх цэнхэр хилэн дээлтэй гэж мэдүүлж байгаад дараа нь цэнхэр эрээн болоод сүүлд нь хүрэн дээл болж хувирсан. Яагаад шөнө орж ирсэн хүний дээлийг хүрэн гэж хэлэх болов оо.

Дээрх мэдүүлэгт тэр хүнийг орж ирэхэд манай гэрэл унтарсан зурагтны суваг хаагдаад цэнхэр гэрэлтэй байсан гэж мэдүүлснээс харахад цаг хэд болж байгааг харах боломжгүй байсан гэдэг нь харагдаж байна. Мөн зурагтны суваг хаагдсан байхыг бодоход шөнийн 00:00 цаг өнгөрсөн байсан гэдэг нь харагдаж байна.

Гэрч эхний мэдүүлэгтээ: Улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоцикльтой явж байсан гэсэн ээ сүүлд өгсөн мэдүүлэгтээ ... гадаа тас харанхуй байсан мотоциклийнх нь банк улаан өнгөтэй харагдсан гэж зөрөөтэй мэдүүлэг өгдөг.

Мөн эхний мэдүүлэг дээрээ нилээн согтуу байхаар нь хөгшин хүнийг амраа яагаад хаалга хүчтэй нүдээд байгаа юм гээд хөөгөөд гаргасан гэж мэдүүлдэг боловч сүүлийн мэдүүлэгтээ жаахан халамцуу байсан гэж зөрөөтэй мэдүүлэг өгдөг.

Дээрх Ө.Төмөрбаатар гэх гэрчийн мэдүүлгээс харахад энэ гэрч өнгө ялгадаг эсэх мөн ой санамж нь асуудалтай эсэхийг нягтлах, цаашлаад энэ хүн гэрчийн мэдүүлэг өгөх чадвартай эсэх нь  эргэлзээтэй харагдаж байна.

Ийм зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн нотлох баримтын хэмжээнд үнэлсэнд гомдолтой байна.

Хоёр. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6.1 дэх хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг “аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино” гэж тодорхойлсон. Гэтэл энэ хэргийн тухайд хохирогч гал гармагц дуудлага өгсөн байдаг. Цагдаа нар тэр даруй хохирогч Ц.Энхтогтохынд очоод нотлох баримт болоод байгаа ногоон шилийг олоод тэр шилний тухай хохирогч нараас асуухад гэрч Бямбадолгор Д.Пүрэвбатынд байсан шил яг мөн байна гэж хэлсэн байдаг. Хэрэв гэмт хэргийн дуудлага хүлээн авч хэргийн газар очсон цагдаагийн албан хаагч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтоо биелүүлж тэр даруй Д.Пүрэвбатын хөдөө гэрт очиж гэртээ байгаа эсэхийг шалгах, эсвэл хэргийн газраас олдсон ногоон шилийг тэр даруй битүүмжлээд авсан бол энэ хэрэгт хэн холбоотой гэдэг нь бүрэн нотлогдох байсан гэж үзэж байна.

Нэгэнт гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа мэргэжлийн төвшинд явагдаагүй, нотлох баримт хангалтгүй хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй байхад Д.Пүрэвбатыг шууд бус нотлох баримтуудад үндэслэн таамгаар буруутгаж яллах гээд байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

 Амьдрал баялаг учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13 2 дох хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж гэм буруугүйд тооцох зарчмын тухай заасаар байтал дээрх эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэн Д.Пүрэвбатыг бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна.

Гурав. Д.Пүрэвбат нь Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа хэлдэг. Мөн хохирогч Билгүүнд хохирлыг барагдуулж гомдолгүй болгосон.

Дөрөв. Д.Пүрэвбатад холбогдох хэргийн шүүх хурал анх 2016.03.18-ны өдөр болж нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан бөгөөд 2016.06.21-ний шүүх хурлаар шийтгэх тогтоол гарсан юм. Хэрэг шийдвэрлэх хугацаа удаашралтай байгаа бөгөөд хэргийн холбогдогч Д.Пүрэвбат болон эх, эцэг нь Уянга сумаас аймгийн төв рүү ирж очих нь хүндрэлтэй байгаа тухай ярьсан. Мөн Д.Пүрэвбат нь 2016 оны 5 сарын эхээр уурхайд ажиллахаар тохирсон байсан боловч энэ хэргээс болоод ажилд орж чадахгүй амьдрал нь хэцүү байгаа талаар ярьсан.

Тав. Д.Пүрэвбат нь 21 настай бөгөөд урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ламд шавь орсон ном үздэг, амьтны амь таслахыг хүртэл цээрлэдэг, архи тамхи хэрэглэдэггүй, төрсөн ээж аав дүүгийн хамт амьдардаг даруу төлөв зантай хүн юм.

  Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.21-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж Д.Пүрэвбатын бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэм буруутай гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэн тэнсэж хянан харгалзуулж өгнө үү ... гэжээ.

Прокурор Ч.Мядагбадам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Д.Пүрэвбатын хийсэн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байгаа... гэв.

Ялтаны өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Гэрч Төмөрбаатар зөрүүтэй мэдүүлэг анхнаасаа өгсөөр ирсэн. Үүнийг шалгаж нарийн тогтоогоогүй. Өмгөөлөгч миний бие Пүрэвбатын хувийн байдлыг нарийн судлаж үзсэн, ламд шавь орсон ном үздэг, амьтны амь таслахыг хүртэл цээрлэдэг, архи тамхи хэрэглэдэггүй, төрсөн ээж аав дүүгийн хамт амьдардаг даруу төлөв зантай. Айлын гэрийг галдан шатаах хүн биш... гэв.

ХЯНАВАЛ:

Д.Пүрэвбат нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн "Онги" хорооллын 14-10 тоотод оршин суух иргэн Ц.Энхтогтохын монгол гэрийн зүүн хойд хэсгийг гадна талаас нь галдан шатааж санаатайгаар гэмтээж 132000  төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөн аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагч буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүнийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүний нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч Ц.Энхтогтохын  "...2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байхад бензин үнэртэх шиг болохоор нь би хажуу айл болох манай хүү Жамъянсүрэн мотоциклийнх нь бензин гоожоод байгаа юм болов уу гээд гараад харахад зүгээр байсан. Тэгээд гэртээ ороод хэвттэл хярвас үнэртэхээр нь гэрлийн утас байх гэж бодоод эргэж гараад харахад гэрлийн утас зүгээр гэрлээ асаахад зүгээр байхаар нь гэрүүдээ тойроод харахад зүгээр байхаар нь хүү Жамъянсүрэнг сэрээгээд хярвас үнэртээд байна гэж хэлсэн. ... Гэрийнхээ зүүн талаар тойроход гэрийн зүүн хойд талд гэрийн эсгий шатаад улаан цог үүсчихсэн байсан. Тэгээд хүүхдүүдэд хэлээд гэрээс 40 литрийн бетонтой ус цацаж унтраасан. ... 23 цагийн үед манай хүү Отгонтогтох, охин Бямбадолгор нар ахмадын баярт явсан байсан. Тэгээд Отгонтогтох утсаар залгаад "ажаа наана чинь гал шиг юм дүрэлзээд байна гараад хараадах" гэсэн. Тэгээд зүүн хойд талд үзсэн чинь урьд шатсан газар хаяанаас ахиад гал гарч байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирээд манай хашаан дотроос ногоон өнгийн шил олоод энэ юун шил юм гээд бензин үнэртсэн шил үзүүлэхэд манай охин Бямбадолгор "өө энэ шил Пүрэвбат бид хоёрын хонь хариулж байхдаа олоод монгол архи хийнэ гэж гэртээ аваачсан шил нь мөн байна" гэж хэлсэн. Сүүлд нь гал гарах үед танай хашаан дотор нэг хүн сууж байгаад хашаа даваад гараад явчихлаа гэж хүүхдүүд ярьж байсан. Манай гэрийн нэг эсгий туурга, тааран туурга, гадуур цагаан бүрээс, гялгар уут зэрэг шатсан байсан. Шатсан эд зүйлийнхээ хохирлыг төлүүлж авна. ... сүүлд 10 дугаар сарын 05-нд цагдаа нар ирээд манай хашаанаас ногоон өнгийн шил байшингийн араас цагаан өнгийн хуванцар сав олсон. Сав нь дотроо жаахан бензинтэй таггүй байсан..." гэсэн /хх-ийн 28, 78, 159/,

Хохирогч Б.Билгүүний "...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Хамгаалах малгай, бүс" хэсэгчилсэн арга хэмжээ зохиож сумын төвийн замд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр үед олон нийтийн цагдаагийн ажилтан Э.Бямбадоржийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад баруун хороолол хавиас нэг зөрчилтэй мотоцикль журамлаад явж байтал хамгаалах малгай өмсөөгүй 45-89 ӨВЗ улсын дугаартай шар өнгийн мотоцикльтой хүнийг хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахад Пүрэвбат нь хамгаалах малгайгүй, мөн холбогдох бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байхаар нь Пүрэвбатад зөрчлийг нь өөрт нь сануулаад "Ийм зөрчилтэй хөдөлгөөнд оролцож болох уу" гэтэл болохгүй миний буруу гэж хэлэхээр нь за тэгвэл миний урд гараад мотоциклио унаад яв. Тээврийн хэрэгсэл түр хадгалах байранд унаад хүргэх гэтэл мотоциклио асаагаад Уянга сумын баруун хороолол чигт яваад өгөхөөр нь би араас нь очиж, яагаад явсан талаар нь асуугаад түлхүүрийг нь мотоцикль дээрээс нь авах гэтэл пизда минь ална шүү гээд муухай орилоод гэнэт миний өмнөөс дайраад миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгээд би Пүрэвбатыг барьж аваад унагаагаад дээр нь дарж байгаад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Чойжилийг утсаар дуудсан. Тэгээд байж байтал Пүрэвбат одоо больё оо, намайг босгочих гээд байхаар нь босгосон чинь дахин хамар луу цохиж хамраас цус гаргачихсан. Тэгээд байж байтал Чойжил, Бямбаа хоёр ирээд хэсгийн кабон байр луу авч явсан юм. Би Пүрэвбатыг цохиж зодсон асуудал байхгүй. Миний хамар луу нэг удаа, зүүн шанаа хавьд нэг удаа цохихоор нь би биеэ хамгаалж ноцолдож унагаагаад дээр нь дарж суусан юм. Тэр үед Пүрэвбат согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж би айлаас хүн авчихаад ирье гээд байсан. Тэгээд шалтгаангүй зугтсан. Ер нь түргэн ууртай уурлахаараа юу болсноо санадаггүй юм шиг санагдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ..." гэсэн /хх-ийн 180-181 х/,

гэрч Ц.Лхагватогтохын ...Би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед нөхрийн хамт Өлтийн уурхай руу шороонд явсан байсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд цагдаа нар Пүрэвбатыг хайгаад байна гэж манай охин Сэржмядаг надад хэлсэн хэргийн талаар мэдэхгүй. Өглөө багшийнхаа гэрийг барих гээд ирсэн гэж байсан. Шөнө ирэхэд Пүрэвбат гэртээ байгаагүй, багшийнхаа гэрээс барилцчихаад явчихсан гэж охин хэлсэн. Намар нэг ногоон шил гэрийн гадаа байгаад байдаг байсан. Тэр шилний талаар би мэдэхгүй, хэн ч авчирсан юм мэдэхгүй, хөдөө гэрт Бямбадолгор тэр 2 байнга очдог байсан. Нөхөр бид хоёр сумын төвд байдаг байсан..." гэсэн /хх-ийн 29-30 х/,

Гэрч Б.Жамъянсүрэнгийн ...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед манай ээж гэрийн хаалга нүдээд гэрийн гадаа гал гарч байна гэж сэрээсэн. Тэгээд гарсан чинь ээжийн гэрийн зүүн хойно хэсэгт гал гарч байхаар нь гэрт байсан 40-ийн бетонтой ус авчирч асгаж унтраасан. Тэр үед манай дүү Бямбадолгор "агаа энд хүн хашаа даваад хойшоо гарчихлаа" гэхээр нь хашаа даваад гэрэл тусгатал хүн харагдахгүй байсан. Тэр үед цагдаа нар ирсэн. Манай хашаанаас олдсон гэх ногоон шил үзүүлэхэд Бямбадолгор Шар /Д.Пүрэвбат/ бид хоёрын хөдөөнөөс олсон шил мөн байна гэсэн. Тэгээд цагдаа нар Шарын гэрийг харж хоноорой, ирэхээр нь хэл дуулга гэсэн тэгээд шөнө ах Анхбаярын хамт харж хоноход 02 цаг 50 минутад аав, ээж нь гэртээ мотоцикльтой ирж байсан. Тэгээд өглөө ах Анхбаяр хойд гудмын Төмрөө гэх хүний гэрт шөнө 23 цагийн үед улаан хүрэн дээлтэй хүн хаалга нүдээд гэрт орж ирээд цай байна уу гээд хоргоогоод байхаар нь хөөгөөд гаргасан гэсэн. Хэд хоногийн өмнө аав нь ирээд танайх манай бандийг хорогдуулж байгаа одоохон хөөж гарга гэхээр нь манайд байхгүй гэсэн чинь хөдөө байгаа ирэхээр нь хөөж явуулж байгаарай гэж байсан. Тэгээд 10 дугаар сарын 04-ний өдөр манайд Шар ирэхээр нь аав чинь манайхыг чамайг хорогдуулаад байна гээд байсан. Чи юу гэж бодно уу өөрөө мэд гэсэн чинь би тэгж та нар шиг согтуу хүний үгээр үг хийдэггүй гээд том том дуугараад байхаар нь хохчинь шүү гэж хэлээд гэртээ орчихоод гараад ирэхэд байхгүй байсан. ... гэсэн /хх-ийн 32, 162 х/,

Гэрч Ө.Төмөрбаатарын ... Ц.Энхтогтохын гэрт нь гал гарсан гэх шөнийн 23 цаг 35 минутанд манай гадаа улаан өнгийн хуучин Мустанг-5 маркийн мотоцикльтой, хар ноосон малгайтай, цэнхэр хилэн дээлтэй, шар дурдан бүстэй, хар хромон гуталтай, 25-30 орчим насны, халимаг үстэй, бордуу царайтай залуу орж ирээд ус байна уу гээд хаалга нилээн хүчтэй нүдээд байхаар нь онгойлгосон. Тэгээд нэлээн согтуу байхаар нь хөгшин хүнийг амраа, яагаад хаалга хүчтэй нүдээд байгаа юм гээд хөөгөөд гаргасан. Тэгээд маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байх үед Анхбаяр, Жамъянсүрэн нар орж ирээд танайхаар хүн амьтан орж ирсэн үү гэхээр нь дээр дурьдагдсан хүнийг хэлсэн. Урьд нь манайд огт орж ирж байгаагүй. Танихгүй хүн хаалга хүчтэй нүдээд ус өгөөч гээд ороод ирэхээр нь хөөгөөд гаргасан. Тэр залуу гудам уруудаад яваад гудамны доод хэсэгт нэг хүн дээр очоод зогссон. Тэгээд би гэртээ орсон. Би яг ямар нэг шинж тэмдгээр нь мэдэхгүй. Биеэр нь харвал танина. Зургаар бол үс, хувцас нь өөрчлөгдсөн бол танихгүй.... Жамъянсүрэн, Анхбаяр нар нь улаан хүрэн дээлтэй орж ирсэн гэж буруу сонссон байх. Тухайн шөнийн 23 цагийн үед цэнхэр эрээн дээлтэй, хар ноосон малгайтай, хар өнгийн хромон гуталтай, халимаг үстэй залуу орж ирсэн. Өдөр нь хүн дээлээ сольсон байж болзошгүй.  Манайд орж ирэхдээ цэнхэр эрээн дээлтэй байсан.

....2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө харанхуй болсон хойно манай хаалгыг хүчтэй нүдээд ус байна уу гээд манайд ороод ирсэн. Тухайн үед зурагтны гэрэл асаалттай, гэрлээ асаагаагүй байсан болохоор дээлний өнгө нь сайн мэдэгдэхгүй байсан, тухайн үед цэнхэр юм шиг л харагдсан. Тэгээд цагдаад мэдүүлэг өгөхдөө цэнхэр гээд хэлчихсэн, Анхбаярт хэлэхдээ хүрэн гэж хэлсэн, тэгээд сүүлд нь бодоод байхад зурагтны гэрэл суваг нь хаагдаад цэнхэр дэлгэцтэй болчихсон байсан, тэгээд цэнхэр юм шиг харагдсан байна. Хүрэн дээлтэй байсан байна гэж Анхбаярт хэлсэн. Хүрэн дээл байсан. ... Би тэр залууг зөв таньсан, манайд орж ирээд надад хөөгдөөд гарсан. Би танилгүй яахав, яах гэж яваа юм гэсэн чинь ус байна уу л гээд байсан, жаахан халамцуу байсан. Гадаа тас харанхуй би асаагуурын гэрэлтэй гарч хаалгаа түгжих гэж байхад манай зүүн талын хашааны урд мотоцикль байсан. Тийшээ очоод түлхүүрээ түлхэхэд гэрэл нь дөнгөж асаад унтарсан тухайн үед мотоциклийнх нь банк нь улаан өнгөтэй харагдсан. Тэгээд цааш нь түрээд явчихсан би гэртээ орсон. Юу хийж орж ирсэнийг нь мэдэхгүй. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн хүн огт байхгүй, би худал мэдүүлэг өгч болохгүй гэсэн хуулийг мэднэ, харсан зүйлээ үнэнээр л хэлсэн, ямар хэрэг хийснийг нь би яаж мэдэх вэ. Тэр хүн нь Пүрэвбат яг мөн. Манайд л 2015 оны 10 сарын 05-ны шөнө 23 цагийн үед Пүрэвбат гэх хүн орж ирсэн, ... Би Энхтогтох гэх хүнийг нэг сумын хүний хувьд танина, орж гараад байдаггүй. Пүрэвбатын аав гэх хүн манайд согтуу орж ирээд буудна шүү, манай хүүхдийг танихгүй, орж гардаггүй гэж хэл гэж айлгасан би гараад зугтсан. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна.Цагаан сараас хойш байсан, сүүлд нь 2016 оны 04 сарын 15-ны үед Жаргалантынх гэх нэрийг нь мэдэхгүй зүс үзээгүй хоёр залуу орж ирээд 10 жилийн ял авах юм бол чамтай тооцоо хийнэ шүү гэж дарамталсан. Сүүлд нь аав нь хэд хэд манайхаар орж ирж хүүхэд ял авах гээд байна чи харсан гэж битгий хэлээ ч гэж гуйдаг байсан. Би хэрэг хийснийг нь яаж мэдэхэв. Шөнө орж ирснийг нь л үнэнээр хэлсэн. Энийгээ ямар учиртай яаж явж манайхаар орсныг өөрсдөө тайлбарлах биш би тухайн үед Пүрэвбат гэх хүнийг огт танихгүй байсан. Сүүлд нь 4 хүний дундаас таньсан... гэсэн /хх-ийн 34, 80, 187х/,

Гэрч Н.Анхбаярын "... 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Ц.Энхтогтох эгч гэр шатсан гээд намайг дуудсан. Тухайн үед 00 цаг болсон байсан. Тэгээд тэр шөнөдөө Жамъянсүрэнгийн хамт тэдний хашаанд хажуу айлд хүн ирэх нь үү гэж Дорждавга гэх хүний хашааг харж хоносон. Шөнийн 03 цагийн үед Дорждавга эхнэртэйгээ ирж байгаа бололтой байсан. Дорждавга буцаад нэг хүний хамт удалгүй гараад 04 цагийн үед ирсэн. Маргааш өглөө нь арын гудамны Төмөрөө гэх айлд ороод танай шөнө ямар нэгэн хүн орж ирсэн үү гэж асуухад Төмөрбаатар хэлэхдээ шөнө 00 цагийн орчимд ус байна уу? гээд хаалга хүчтэй нүдээд орж ирсэн. Тэгээд хөөгөөд гаргасан. Хүрэн дээлтэй хүн байсан гэж хэлж байсан. Өөр юм хэлээгүй. ...Надад хүрэн дээлтэй хүн шөнө орж ирсэн гэж хэлсэн. Цэнхэр дээлтэй гэж хэлээгүй..." гэсэн /хх-ийн 37, 163 х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бямбадолгорын ...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед ахмадын баяр болж байсан Намнансүрэнгийн музейгээс гараад гэр лүүгээ харих замд манай эгч Отгонтогтох тэрийг хараа манай гудманд гал дүрэлзээд байна гэсэн. Тэгээд харахад гал гарч харагдсан. Тэгээд эгч, ээж рүү залгаад "улаан гал манас хийж байна гараад хараадах" гэсэн. Тэгээд бид хоёр яваад очсон чинь манай гэрийн зүүн талд хуучин шатсан ором дээр нэмж шатаасан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэр үед манай эгч Отгонтогтохын гэрийн баруун талд харанхуйд хүн сууж байхаар нь агаа энд хүн байна гэсэн чинь арагшаа хашаа даваад алга болчихсон. Хашааны араар харахад хүн харагдахгүй байсан. Тэр үед цагдаа нар ирсэн. Тэгээд манай хашааны байшингийн хажуунаас энэ шилийг харж байсан уу гээд ногоон өнгийн шил харуулсан. Би тэрийг Шар /Д.Пүрэвбат/ бид хоёр 2015 оны 09 дүгээр сарын эхээр хонинд явж байхдаа олсон. Шар энийг чинь авчихья монгол архи цагаан сараар хийнэ гээд хөдөө байдаг гэрийнхээ телевизорын хажууд тавьж байсан архины шил мөн байна гэж би хэлсэн. Бид хоёр 2015 оны 08 дугаар сараас эхэлж үерхэж эхэлсэн. Аав нь намайг гуйлгачингаар нь дуудаад агсам тавиад байхаар нь 09 сарын сүүлээр би харьцаагаа тасалсан. Шар /Д.Пүрэвбат/ тухайн үед үг дуугарахгүй байсан. Тэрнээс хойш бид хоёр хоорондоо харьцахгүй байж байгаад өчигдөр орой буюу 10 дугаар сарын 05-ны 19 цаг өнгөрч байх үед манайд 2 литр сүү авчирч өгсөн. Тэгээд гэрт орж ирснийхээ дараа намайг мотоцикль дээр хүргээд өг гэхээр нь би явахгүй гээд хэлсэн. Тэгээд сүүнийхээ савыг манайд мартчихаад гараад явчихсан байснаа утсаар саваа мартчихаж аваад гараад ир гэхээр нь гарсан. Тэгээд хоёулаа доошоо жаахан алхаадахья гэхээр нь би үгүй гэж хэлчихээд гэртээ орсон. Шарыг тэр шилийг гэртээ аваачих үед гэрт нь хүн байгаагүй, Шар /Д.Пүрэвбат/ бид хоёр л байсан. Удалгүй ээж нь ирэхэд Шар ээждээ үзүүлж байсан. Ээж нь цааш нь тавьчих гээд байсан. Ногоон өнгийн, таглаагүй, цагаан өнгийн ярликтай, би өөрөө тэдний гэрт нь угаагаад цааш нь тавьж байсан тэр шил мөн байсан. Тухайн өдөр Пүрэвбатыг саваа мартчихаж гээд утсаар залгаад байхаар нь гэрээс гарахад гудамны зүүн үзүүр хэсэг, манай гэрээс 2 хашаа доор мотоциклио тавьчихсан байсан. Тэгээд би очиж савыг нь өгсөн. Манай хашаанд тийм шил сав огт байдаггүй байсан. Тэр цагаан сав нь дотроо жаахан бензинтэй байсан. Ногоон өнгийн шилнээс бензин үнэртэж байсан. Би тэр шилийг Пүрэвбаттай хамт хонинд явж байхдаа олсон шил мөн байсан. Тухайн үед Пүрэвбат халимаг үстэй байсан, сүүлд хуралдаа сууна гээд үсээ авахуулна гэж ярьж байсан... гэсэн /хх-ийн 39-40, 42, 81 х/,

Гэрч Ц.Отгонтогтохын ...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ахмадын баяр болоод Намнансүрэнгийн музейгээс дүү Бямбадолгорын хамт гараад засмалын үзүүр дээр ирэхэд манай гудамжны тэнд гал гарч байхаар нь би эгч Энхтогтох руу залгаад наана чинь гал манас хийгээд алга болчихлоо, та гараад хараадахаач гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй болохоор нь дахиад залгасан чинь жаахан дүү аваад манай гэрийн хойно гал гарч байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Тухайн үед 23 цаг болох гэж байсан... гэсэн /хх-ийн 77 х/,

Гэрч С.Пүрэвцагааны ...Пүрэвбат нь голдуу бор өвлийн куртик, цэргийн ногоон хувцас өмсдөг байсан. Малдаа явахдаа саарал өнгийн дээл өмсөөд байдаг. Манайд шөнө аав нь ирэхээс өмнө ямар ч байсан үсээ ургуулсан байсан, халзан байгаагүй. Сүүлд нь үсээ хусуулаад халзан болсон байсан... гэсэн /хх-ийн 160 х/,

Гэрч О.Жаргалсайханы ...Д.Пүрэвбат нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өглөө багшийнхаа гэрийг нүүлгэнэ гээд явсан. Тухайн үед Д.Пүрэвбат нь халимаг үстэй байсан санагдаж байна. Халзан бол байгаагүй... гэсэн /хх-ийн161 х/,

Гэрч Э.Бямбадоржийн ...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүнийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Уянга сумын төвийн баруун хороонд Б.Билгүүн үлдээд би бичиг баримтгүй мотоцикль унаад тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу явсан. Ирээд хашаанд хүлээж байтал Билгүүн залгаад баруун хороололд хүрээд ир гэсэн. Тэгээд би түрүүлээд очсон. Араас хэсгийн төлөөлөгч Э.Чойжил ирсэн. Очиход Б.Билгүүн нь "Д.Пүрэвбат гэх залуу мотоцикльтой бичиг баримтгүй, хамгаалах малгайгүй явахаар нь зогсоох гэхэд зугтаад энд ирчихлээ, тэгээд өөдөөс дайраад миний хамар руу цохьчихлоо" гээд хамраас нь цус гоожчихсон, хувцас нь шороотой холилдчихсон байсан..." гэсэн /хх-ийн 182 х/,

Гэрч Э.Чойжилын ... 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед манай цагдаа Б.Билгүүн миний эзэмшлийн 99316386 тоот утас руу залгаад мотоцикль журамлах гэтэл намайг цохиж миний хамарнаас цус гаргачихлаа гэхэд нь би ОНЦагдаагийн ажилтан Э.Бямбадорж руу залгаж Б.Билгүүний байгаа газар очиход нэг айлын хашааны гадаа хоёулаа зогсчихсон Б.Билгүүний хамарнаас цус гарсан байсан. Тухайн үед нь би Б.Билгүүний хамарнаас цус гаргасан байгаа байдлыг нь зургийг нь авч бэхжүүлээд Пүрэвбат гэх залууг цагдаагийн хэсгийн кобан байранд авч ирж эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Мөн мотоциклийг нь журамласан...гэсэн /хх-ийн 183 х/,

Гэрч Х.Түмэнбайлдагчийн ... Д.Пүрэвбат нь хамгаалах малгайгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, биедээ тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй явсан нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.3-д заасныг зөрчсөн байна. Уг зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд "тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох", 29 дүгээр зүйлийн 29.1-т "замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувиар тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох", 35 дугаар зүйлийн 35.2-т "хамгаалах малгайгүй явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох"-оор тус тус заасан байдаг. Жолооч Д.Пүрэвбат нь дээрх заалтуудыг зөрчсөн байна... гэсэн /хх-ийн 184 х/  гэсэн мэдүүлгүүд,

Мөн Д.Пүрэвбатын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "... 2015 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед багш Бүдрагчаагийн гэрийг өвөлжөөлөх ажлаар хөдөө гэрээсээ Уянга сумын төвд ирсэн. Тэгээд тэднийд өдөржин гэр барилцаж байгаад орой 19 цагийн үед явсан. Тэндээс гараад хөдөө гэртээ очсон хойно Энхтогтох эгч сүү аваад ирээч, хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн гэхээр нь би өөрт байсан 2 литр сүүг аваад тэднийд очсон. Тэгээд сүүгээ аваачиж өгчихөөд тэдний охин Бямбадолгорыг гэрээс гаргаад өг гэж гаргуулаад тэндээсээ хөдөө гэр рүүгээ харьсан. Орой 02 цаг өнгөрч байх үед манай хажуу айлын Тайван гэх хүн орж ирээд толгойны эм байна уу гэж асуучихаад гараад явсан. Би тухайн өдөр ягаан өнгийн тэрлэг дээлтэй, хар өнгийн бакаль гуталтай, Хенсим маркийн хоёр бөөрний таг нь цэнхэр өнгөтэй, улаан өнгийн, улсын дугааргүй Хятад мотоцикльтой явж байсан. Би гэртээ 20 цагийн үед ирээд гэрээс гараагүй. Манай хажуу айлын Улаанбанди мэднэ. Тэднийд би хоол идчихээд 23 цаг өнгөрөөгөөд гэртээ орсон. Улаанбанди тухайн үед гэртээ байсан. Би Энхтогтохын охин Бямбадолгортой 2015 оны 07 дугаар сараас үерхэж эхэлсэн. Энэ хугацаанд хөдөө манай гэрт ирж, очдог байсан. Би хөдөө гэртээ ганцаараа амьдардаг юм. Аав, ээж хоёр сумын төвд дүү нарыг сургууль, цэцэрлэг орох үед 08 дугаар сард явсан. Бямбадолгор 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр надтай дахин үерхэхгүй гээд харьцаагаа тасалсан. Үүнээс хойш хааяа мессеж бичдэг байсан. Сүүлдээ больсон. Бямбадолгор бид хоёр сургууль эхлэхээс өмнө 08 дугаар сарын сүүлээр хонь хамт хариулж явах үедээ ногоон өнгийн шил олсон. Одоо ямар шил байсныг нь санахгүй байна. Би юун хөөрхөн шил вэ гэсэн чинь Бямбадолгор манайд аваад ирсэн. Би монгол архи хиймээр гоё шил байна гэсэн зүйл огт хэлээгүй. Тэр шил намар гэр буулгах гэж байхад унаад хагарчихсан. Хаягдлыг нь би жалга руу шидсэн. Дээрээс нь хог хийсэн болохоор олдохгүй байх. Манай гадаа хэвтдэг байсан, жижгэвтэр 0.5 литрийн багтаамжтай гэмээр шил байсан. Хэлбэрийг нь би санахгүй байна. Манай аргамжаатай шар хээр морь 10 дугаар сарын 05-ны өдөр алга болчихсон байна гэж Дэврэх ах хэлж байсан. Одоо Дэврэх ах нас барчихсан. Өглөө ажил явдал нь болсон. ...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Уянга сумын төв 2 дугаар сургуулийн баруун талд 48-89 ӨВЗ улсын дугаартай шар өнгийн Мустанг-5 маркийн Хятад мотоцикльтой ганцаараа явж байтал цагдаа Б.Билгүүн зогсоосон. Тэгээд бичиг баримтаа шалгуулна уу гэхээр нь би байхгүй. Манай аавын мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Тэгээд мотоциклио журмын хашаа руу унаад яв гэхээр нь би зугтаад баруун хороололд нэг гудам руу орох үед араас Б.Билгүүн цагдаа ирсэн. Араас ирээд яагаад зугтаад байгаа юм гээд бариад авсан. Тэгэхээр нь би түлхээд түлхүүрээ өгөхгүй гэж эсэргүүцсэн. Тэгээд намайг газар унагаагаад дарсан. Би эсэргүүцэхээ больё гэж хэлсэн. Тухайн үед миний уур гэнэт хүрээд юу гэж хэлснээ санахгүй байна. Нэг мэдэхэд Б.Билгүүн цагдаагийн хамрын цус нь гойжсон байсан. Тэгээд удалгүй Чойжил цагдаа, Бямбадорж нар ирээд намайг аваад явсан. Мотоциклийг журмын хашаа руу хийсэн. Намайг бичиг баримтгүй, хамгаалах малгайгүй явсан болохоор мотоцикль журмын хашаанд хийнэ гэхээр нь би зугтсан. Араас ирээд мотоциклийн түлхүүр авах гэхээр нь би өгөхгүй гээд эсэргүүцсэн. Тэгэх үедээ хамар луу нь цохьсон юм шиг байна лээ. Би өөрөө цохисноо санахгүй байна. Тухайн үед Б.Билгүүн цагдаа албан үүргээ гүйцэтгэж явсан. Албаныхаа дүрэмт хувцастай байсан. Би их цочир ууртай. Хэсэгхэн хугацаанд гэнэт уурлаад эргээд зүгээр болчихдог юм. Ууралсан үедээ юу гэж ярьсан, хэлснээ санадаггүй юм..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 58, 195 х/,

1. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 14-10 тоотод оршин суух Ц.Энхтогтохын гэрийн гадна тал /зүүн хойд/-аас шатсан гал түймэр нь гадна талын доод хэсгээс үүсвэрлэн гарсан байх магадлалтай /шатлага их явагдсан/ байна.

2. Гал түймэр гарсан шатлагын байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нэгтгэн үзэхэд уг гал түймэр нь хүний санаатай үйл ажиллагаанаас /ил галаас/ үүсвэрлэн гарсан байна... гэсэн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Батсайханы 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137/17 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 х/,

2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөндлөнгийн гэрчээр Ж.Ганбат, Б.Буяндэлгэр нарыг байлцуулан №1 "Sangria" нэртэй ногоон өнгийн шил, №2 "Porta" нэртэй ногоон өнгийн шил, №3 "Mateus" нэртэй ногоон өнгийн шил, №4 "Сэрүүн" нэртэй ногоон өнгийн шилийг тус тус дугаарлан байрлуулж гэрч Ц.Лхагватогтохоор таниулахад... "№3 гэсэн дугаартай ойролцоо шил байх шиг байна. Яг ямар шил байсныг би санахгүй байна. Нөгөө бусад дугаарын шилнүүд өөр хэлбэртэй байна. Урт хүзүүтэй шил байсан санагдаж байна. Одоо яг ямар шил байсныг санахгүй байна. №3-тай ойролцоо шил байсан л санагдаад байна.... гэсэн эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 х/,

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрчээр Ж.Ганбат, Б.Буяндэлгэр нарыг байлцуулан таньж олуулах ажиллагааны өмнө зүс царай, насаар ойролцоо 4 хүнийг зэрэгцүүлэн зогсоож, таньж олох гэж байгаа гэрч Ө.Төмөрбаатараас "2015 оны 10 дугаар сарын 05-ны 23 цагийн орчим танай хаалгыг нүдэж орсон үл таних залуу эдгээр 1-4 хүртэл дугаартай хүмүүсийн дунд байна уу?" гэж асуухад ...2 гэсэн дугаартай хүн мөн байна. Би сайн санаж байна. Одоо үсээ хусуулчихсан байна. Тухайн үедээ үс нь халимаг байсан. Би яг зөв таньж байна... гэсэн Хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 х/ зэрэг  нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн Д.Пүрэвбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд  эрүүгийн хуульд заасан ял оногдуулан  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан байна.

Д.Пүрэвбатад холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байх тул Д.Пүрэвбат, ялтны өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан давж заалдсан гомдлын хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Дорждавгын Пүрэвбат, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу Монгол улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Н.ГАЧМАА   

                                  ШҮҮГЧИД                   Т.ДАВААСҮРЭН   

                                                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ