Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 7

 

                                    

 

 

 

 

 

 

Л.Баянмөнхөд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Ц.Цэцэгмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Отгонсүрэн

Шүүгдэгч                                           Л.Баянмөнх

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан гомдлоор Л.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 201519000767 дугаартай 1 хавтас 199 хуудас хэргийг  2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 16-р баг, 19-р байр, 25 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Сартуул овогт Лхагвасүрэнгийн Баянмөнх, /РД: МТ72110716/

 

Шүүгдэгч Л.Баянмөнх нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэхээр заналхийлж Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өлийн даваа гэх газар үйл ажиллагаа явуулж байгаа "Алтан дорнод Майнинг сервис" ХХК-ний уурхайн кемп дээр 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ямар ч шалтгаангүйгээр зэвсгийн чанартай хутга хэрэглэн уурхайн ажилчдын байранд орж, унтаж амарч байсан ажилчдыг босгож, жагсаан, зурагт, ор, хөнжлийн даавуу, гудас болон төмөр хаалгыг хутгаар сийчэж цоолон, хаалганы шилийг хагалж, улмаар хүч хэрэглэн М.Цогтсайханы зүүн бугуйн тус газарт нь хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны 128 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Сартуул овогт Лхагвасүрэнгийн Баянмөнхийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баянмөнхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Баянмөнхөд оногдуулсан 3 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг цаасны хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

            Ялтан Л.Баянмөнхөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Баянмөнх нь хохирогч М.Цогтсайханд хохиролд 2 000 000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Батболд нь хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Баянмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: “... 1. Л.Баянмөнх нь 1992 онд автомашины осолд орон тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй байснаас хойш сэтгэцийн өөрчлөлттэй болж эмчийн байнгын хяналтанд байдаг нь уг  хэргийг шийдвэрлэснээс хойш илэрлээ. Л.Баянмөнх нь уг өвчнөөсөө ичиж зовж өвчнөө хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаанд хэлээгүй байна. Иймд хэрэг үйлдэх үедээ үйлдэл холбогдлоо тодорхой сайн мэддэггүй зэрэг нь энэ өвчтэй нь холбоотой байх магадлалтай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар /сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэргийнхээ үйлдлийг тайлбарлах, түүнийг хариуцах чадвартай эсэхэд нь эргэлзээ төрвөл тэдний байдлыг тодорхойлох/ Л.Баянмөнхийн хэрэг хариуцах чадвартай эсэхэд нь эргэлзээ төрсөн учраас Л.Баянмөнхийн хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох,

2. Л.Баянмөнхөд холбогдох шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр З.Цээзүүг оролцуулсан. Уг төлөөлөгч нь 2015 онд шүүх хуралдаанд 1 удаа, Төв аймгийн шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 23 тоот тушаалаар 2016 онд 2 удаа иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан боловч 2016 оны 02 сарын 22-ны өдрийн иргэдийн төлөөлөгчийг сонгосон жагсаалтанд З.Цээзүүгийн нэр нь байхгүй байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар сүүлийн 1 жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохгүй байх заалтыг зөрчсөн байна. Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 110 тоот шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан.

            Иймд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 110 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч  Л.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Шүүгдэгч Л.Баянмөнх нь  2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Заамар сумын "Алтан дорнод Майнинг сервис" ХХК-ний уурхайн кемп дээр согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямар ч шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн уурхайн ажилчдын байранд орж, унтаж амарч байсан ажилчдыг босгож, жагсаан, ор, хөнжлийн даавуу, гудас болон төмөр хаалгыг хутгаар сийчэн цоолж, хаалганы шилийг хагалж, телевизор эвдэж, улмаар иргэн М.Цогтсайханы зүүн гарын бугуйн тус газар хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох  тэмдэглэл, хохирогч М.Цогтсайхан, иргэний нэхэмжлэгч Г.Батболд, гэрч Э.Болор-Эрдэнэ, Ж.Түвшинбилэг, Ч,Ганчулуун, С.Дэмбэрэлцэрэн, Д.Болд-Очир, Ц.Цэрэннадмид, И.Сайнболд нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №16725 дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Л.Баянмөнхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг шалган тогтоосон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдагдсан“ Л.Баянмөнхийн  хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох “-ын хувьд түүнийг 1992 онд автомашины осолд орсон, тархиндаа хүнд гэмтэл авснаас болж эмчийн байнгын хяналтанд байдаг талаархи нотлох баримт хэрэгт байхгүй, хэрэг хариуцах чадвартай эсэхэд  эргэлзээтэй зүйл байхгүй байна.

Харин тэрээр ажилдаа сайн, бүтээлч сэтгэлгээтэй тэргүүний багш, волейболын спортын дэд мастер, хөдөлмөрийн аварга багшаар шалгарч байсан нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга Б.Сэргэлэнгийн тодорхойлолт, түүний ажиллаж байсан Ерөө сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн болон түүний ажил байдлын тодорхойлолтоор /хх-96-98, 100 тал/ тогтоогджээ.

Түүнчлэн Л.Баянмөнхөд холбогдох шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр З.Цээзүүг оролцуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дэхь хэсэгт заасан “сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх’ гэсэн заалт болон  ШЕЗ-ийн 2013 оны 06 сарын 19-ны өдрийн 09 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан  гомдлыг  хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг  журамлахдаа  “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн” гэж хуулийг буруу бичснийг зөвтгөн өөрчилж,  тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2016 оны 02 сарын 17-ны өдөр №38 дугаарт шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулахдаа “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэгдсэн” гэж буруу бичсэн /хх-138/, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсэгт зааснаар гэрч И.Сайнболдыг шүүх хуралдааны танхимаас тусгаарласан эсэх нь хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй /хх-152 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Батболд байгууллагын зүгээс хохирол нэхэмжлэхгүй гэсэн хэдий ч шүүгдэгч Л.Баянмөнхийн танхайн үйлдлийн улмаас "Алтан дорнод Майнинг сервис" ХХК-д хэдий хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан талаар тогтоолд тусгаагүй, түүнчлэн шүүхийн тогтоол тэмдэглэлүүд үг үсэг, найруулгын алдаатай бичигдсэн зэрэг нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй хэдий ч, цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  2 дахь заалтын  “байцаан шийтгэх” гэсэн үгийг хасч өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн  “хэргийг мөрдөн байцаалтанд буцаах”  агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нь магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, улсын  ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Т.ЭНХМАА

                                                                                 Г.БОЛОРМАА