Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 8

 

                                    

 

 

 

 

 

 

 

Д.Галбадрахад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Ц.Цэцэгмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Отгонсүрэн

шүүгдэгч                                            Д.Галбадрах

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан гомдлоор Д.Галбадрахад холбогдох эрүүгийн 201619000092 дугаартай 1 хавтас 103 хуудас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, 1980 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5 ээж, дүү нарын хамтаар Төв аймаг Эрдэнэсант сумын 4-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, Сайнбаярынхан овогт Дашзэвэгийн Галбадрах /РД:НФ80052013/,

 

Шүүгдэгч Д.Галбадрах нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг Шар шороот гэх газраас иргэн Ж.Отгонлхагвын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж, 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар энэ хэргийг шүүхийн шатанд хянан хэлэлцэх үед шүүхээс авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 02 дугаар сарын 23, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд шүүх болон шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны 128 дугаар шийтгэх тогтоолоор: Сайнбаярынхан овогт Дашзэвэгийн Галбадрахыг бусдын эд хөрөнгийг хулгайсан гэмт хэргийг, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчилж,

Мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Галбадрахад оногдуулсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Галбадрахад оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Галбадрахын цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 2016 оны 4 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Д.Галбадрахын нэр хөрөнгөнөөс хохирогч Ж.Отгонлхагвын эд хөрөнгийн хохирол болох 2 000 000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч Д.Галбадрах нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг Шар шороот гэх газраас иргэн Ж.Отгонлхагвын эзэмшлийн 2 тооны  адууг хулгайлж, 2,000,000 төгрөгний хохирол учруулсан, улмаар энэ хэргийг шүүхийн шатанд хянан хэлэлцэх үед шүүхээс авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 02 дугаар сарын 23, 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрүүдэд шүүх болон шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч Д.Галбадрах нь  хохирогч Ж.Отгонлхагвын нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-нд төлсөн учир гэм хор, хор уршиг арилсан байх тул Эрүүгийн хуулийн 61.1-д зааснаар Д.Галбадрахад оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. Д.Галбадрах нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Галбадрахыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 261 дүгээр  зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны  бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Галбадрах нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг Шар шороот гэх газраас иргэн Ж.Отгонлхагвын 2 тооны адууг хулгайлж, 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар энэ хэргийг шүүхийн шатанд хянан хэлэлцэх үед шүүхээс авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 02 дугаар сарын 23, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд шүүх болон шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэргийн материалаар нотлогдсон, анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч хохирлоо төлсөн тул оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн гомдлын хувьд түүний  шүүхэд ирүүлсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн хохирол төлсөн тухай баримтанд  нотариатын байгууллага гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн хэдий ч баримтанд бичигдсэн гарын үсэг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Отгонлхагвын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг  төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №128 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж  үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

      ШҮҮГЧИД                                      Т.ЭНХМАА

     Г.БОЛОРМАА