Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 548

 

 

 

 

 

 

 

 

 

     Т.Болдбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Т.Болдбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 201626010855 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Тэрбишийн Болдбаяр, 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 26-40 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-242 тоотод оршин суух,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ЙЕ88072912/

 

2. Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Мөнх-Эрдэнэ, 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-242 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УУ90031985/

 

Т.Болдбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамжны 343 тоот хашааны үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Пүрэвдуламын зүүн гарын эрхий хурууг дээш нь хөшиж гэмтээн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

М.Мөнх-Эрдэнэ нь Б.Пүрэвдуламын эзэмшлийн 57-44 УБН улсын дугаартай “Nissan note” загварын автомашины хойд талын салхины шилийг чулуугаар шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.Болдбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, М.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Болдбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнэд 1 жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Т.Болдбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Т.Болдбаярт холбогдох 201626010855 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гансүлд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийг тус тус удирдлага болгож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйл буюу “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх” гэсэн заалтыг буруу хэрэглэсэн.

Мөн шүүгдэгч Т.Болдбаярт холбогдох хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ эрүүгийн дугаар бүхий хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөж өгнө үү.” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Т.Болдбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамжны 343 тоот хашааны үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Пүрэвдуламын зүүн гарын эрхий хурууг дээш нь хөшиж гэмтээн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

М.Мөнх-Эрдэнэ нь Б.Пүрэвдуламын эзэмшлийн 57-44 УБН улсын дугаартай “Nissan note” загварын автомашины хойд талын салхины шилийг чулуугаар шидэн хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Б.Пүрэвдуламын “... 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр найз Цэрмаатай уулзахаар Мөнх-Эрдэнийн гэрт очсон. Баяраа гэх эмэгтэй гаднаас орж ирээд бид дөрөв 1 том пиво уусан. Хороололд Мягмарсүрэнтэй уулзан караокед орж архи ууж, дуулж нилээн удаан суусан. Мөнх-Эрдэнийн нөхөр ирж хамт уусан. 21 цаг өнгөрч байхад гараад Цэрмаа, Мөнх-Эрдэнэ нарын гэрийн ойролцоо ирсэн. Би Цэрмааг “гэртээ ор,  Мөнх-Эрдэнэ та 2 гэртээ харьчих” гэхэд Мөнх-Эрдэнэ над руу агсарч “чи түрүүнээс хойш идэж уухгүй маяглаад” гэж маргалдаад зууралдсан. Энэ үед нөхөр нь ирээд Мөнх-Эрдэний үснээс зулгаасан байхад миний зүүн гарын эрхий хурууг хойш дарж салгасан. Цэрмаагийн гэрт ороод байж байтал... Баяраа гүйж ирээд чиний автомашины цонхыг Мөнх-Эрдэнэ хагалчихлаа гэсэн...” /хх-13-14/,

- Гэрч Н.Баярчимэгийн “... Цэрмаагийн гэрийн гадаа ирэхэд Мөнх-Эрдэнэ, Болдбаяр, Цэрмаа, Пүрэвдулам нар автомашинаасаа бууж Цэрмаагийн гэрийн хашаа руу орсны дараа Мөнх-Эрдэнэ, Пүрэвдулам нар нэг нэгийгээ үсдээд авсан. Энэ үед би автомашин дотор байж байгаад араас нь очиход тэр хоёр нэгнийгээ үсдээд тавихгүй байсан. Тэгээд Болдбаяр бид хоёр тэднийг салгах гэж байхад Пүрэвдулам “нөхөр нь миний гарыг эвгүй болгочихлоо” гэж орилсон. Тэгээд арай гэж хоёр тийш болгоход Мөнх-Эрдэнэ хашааны гадаа байсан Пүрэвдуламын автомашины цонхыг чулуугаар цохиж хагалсан...” /хх-19-20/,

- Гэрч О.Дэмбэрэлнямын “... 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Мягмарсүрэн “хороололд ирээд автомашин бариад өгөөч” гэсний дагуу очсон. Пүрэвдулам гэх эмэгтэйгийн цэнхэр өнгийн “Nissan note” загварын автомашиныг бариулж Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын эцсийн орчимд нэг жалганд очиж зогссон. Автомашинд сууж байтал араас Мөнх-Эрдэнэ гэх тарган махлагдуу хүүхэн хүрч ирээд уг автомашины арын цонхыг чулуугаар цохиж хагалсан...” /хх-25/ гэх мэдүүлгүүд,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Пүрэвдуламын биед зүүн нэгдүгээр хурууны үений зөөлөн эдийн гэмтэл, хамрын үзүүрт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон шинжээчийн №3598 дугаар дүгнэлт /хх-30/,

- М.Мөнх-Эрдэнэ, Т.Болдбаяр нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ. 

 

Анхан шатны шүүх Т.Болдбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, М.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Т.Болдбаярыг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, М.Мөнх-Эрдэнийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн ангилал, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин Т.Болдбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарын үйлдсэн хэргийг нэгтгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн учраас уг хэргээс Т.Болдбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон мэтээр бичсэн, ердийн журмаар хэргийг шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйл буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан заалтыг удирдлага болгосон зэрэг алдааг анхан шатны шүүх гаргажээ. Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолд удирдлага болгосон хуулийн заалтуудаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийг хасч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Болдбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Т.Болдбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

 

                                     ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                         М.ПҮРЭВСҮРЭН