Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 12

 

                                                                                                                                                                                   

 

 

 

 

 

 

 

Ч.Оюунболд, С.Эрдэнэтөгс нарт

    холбогдох эрүүгийн хэргийн

                   тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                   Х .Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч            Б.Энх-Амгалан                                                           

Нарийн бичгийн дарга              Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ч.Оюунболд, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан гомдлоор Ч.Оюунболдод холбогдох эрүүгийн 201519000552 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, 1989 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар баг Зоригтын 2-2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Чулуунпүрэвийн Оюунболд, /РД:НБ89050219/.

 

Монгол Улсын харьяат, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Сөгнөгөр 5 байшин 3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Содвоогийн Эрдэнэтөгс, /РД:МЭ87110371/.

 

Шүүгдэгч С.Эрдэнэтөгс нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газар тоглоомын талбай дээр тоглож байсан Г.Сумъяадоржийг ямар ч шалтгаангүйгээр шилэн хүзүүн дээрээс нь базаж танхайрсан, мөн шүүгдэгч Ч.Оюунболд, С.Эрдэнэтөгс нар нь согтуугаар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газарт гудамжинд Б.Ууганбаатарыг заамдаж, тонгорч унаган барилцаж авсан, улмаар салгахаар очсон Т.Насандуламыг Ч.Оюунболд нь догшин авирлаж, ямар ч шалтгаангүйгээр түлхэж унаган, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор: -Шүүгдэгч Боржигон овогт Содвоогийн Эрдэнэтөгсийг үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн танхайрсан, Боржигон овогт Чулуунпүрэвийн Оюунболдыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж, бүлэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэтөгсийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоног хоногийн хугацаагаар хорих ял, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Ч.Оюунболдыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Эрдэнэтөгсөд оногдуулсан 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, ялтан Ч.Оюунболдод оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Насандуламын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан /3 удаагийн нэхэмжлэл 1794550+1264690=3159240 төгрөг шинээр гаргаж өгсөн 4000*15000*53150*33300+19200+8500+80000+25000=238150 төгрөг, өмгөөлөгчийн зардал 400000=638150 төгрөг/ нийт 3 779 390 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас ялтан Ч.Оюунболд 2,750,000 төгрөг, ялтан С.Эрдэнэтөгс 710,000 төгрөг нийт 3,460,000 төгрөгийг төлснийг хасч, үлдэгдэл 319390 төгрөгийг ялтан Ч.Оюунболдоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ундармаад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2 үхрийн 1,150,000 төгрөг, шаардлагатай гэх эмчилгээний зардал 5,070,610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ч.Оюунболд, С.Эрдэнэтөгс нар нь  цагдан хоригдсон хоноггүй, ялтан С.Эрдэнэтөгс нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ууганбаатар, насанд хүрээгүй хохирогч Г.Сумъяадорж нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж,

-Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дахь хэсэгт зааснаар ялтан С.Эрдэнэтөгсөд оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1  жилийн хугацаагаар хянан харгалзаж тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

-Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Эрдэнэтөгс нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулж,

-Ялтан Ч.Оюунболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2016 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,

-Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

-Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ч.Оюунболдод цагдан хорих, ялтан С.Эрдэнэтөгсөд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  авахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо: “... Ч.Оюунболд ганцаараа амьдардаг ба эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан тул анхан шатны шүүх хуралдаанаас өмнө бүх хохирлыг төлж барагдуулж чадаагүй юм. Харин шүүх хуралдаанаас хойш хохирогчоос уучлалт гуйж, эгч Ч.Дашдуламаар дамжуулан шийтгэх тогтоолд заасан 320,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Ч.Оюунболдод гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн утга бүхий хүсэлтийг бичиж, нотариатаар баталгаажуулж өгсөн. Ч.Оюунболд нь урьд нь гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаагүй, анх удаа бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон, үүндээ гэмшиж байгаа. Ч.Оюунболдыг бага байхад нь эцэг, эх нь нас барсан. Түүний эгч, ах нар нь бүгд тус тусын амьдралтай болоод тусдаа гарсан. Эхнэр нь салж яваад одоо ганцаараа амьдардаг. Хүү нь 6 настай ба сургуулийн амралтаар  аав Ч.Оюунболдтой хамт байдаг.

Иймд Ч.Оюунболдын хувийн байдал болон хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүхээс оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасныг үндэслэн тэнсэж, хянан харгалзаж өгнө үү   гэжээ.

Шүүгдэгч Ч.Оюунболд давж заалдах гомдолдоо: “...Би тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан тул анхан шатны шүүх хуралдаанаас өмнө бүх хохирлыг төлж барагдуулж чадаагүй юм. Харин шүүх шийтгэх тогтоолд заасан 320,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичиж, нотариатаар баталгаажуулж өгсөн. Иймд миний хувийн байдал болон хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 144  дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасныг үндэслэн тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхээс Ч.Оюунболдод оногдуулсан ялыг тэнсэхэд татгалзах зүйлгүй ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газар

 -ялтан С.Эрдэнэтөгс нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Сөгнөгөр гэх газар тоглоомын талбай дээр тоглож байсан Г.Сумъяадоржийг ямар ч шалтгаангүйгээр шилэн хүзүүн дээрээс нь базаж танхайрсан,

-Ялтан  Ч.Оюунболд, С.Эрдэнэтөгс нар нь согтуугаар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, гудамжинд явсан Б.Ууганбаатарыг заамдаж, тонгорч унаган барилцаж авсан, улмаар салгахаар очсон Т.Насандуламыг Ч.Оюунболд нь догшин авирлаж, ямар ч шалтгаангүйгээр түлхэж унаган, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан  танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Г.Сумьяадорж, /хх-15-17тал/, хохирогч Т.Насандулам /хх-10-13тал/, хохирогч Б.Ууганбаатар /хх-23-24/, насанд хүрээгүй гэрч А.Туул /хх-25тал/ нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн зөрчилгүй, шүүгдэгч нарт оногдуулсан шийтгэл нь тэдгээрийн гэм бурууд тохирчээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан ялтан болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын давж заалдах гомдлыг судалж үзвэл:

Ялтан Ч.Оюунболд нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 320,000 төгрөгийг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаагийн гаргасан “...үлдэгдэл төлбөр 320,000 төгрөг бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид  гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно " гэсэн нотариатаар гэрчлүүлж бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд ялтан Ч.Оюунболд, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах заалтад “...ялтан С.Эрдэнэтөгсөд оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар,” гэсний дараа “ялтан Ч.Оюунболдод оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж” гэсэн заалт  нэмж,

б/Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дах заалтын “ялтан С.Эрдэнэтөгс нь” гэснийг “ялтан Ч.Оюунболд, С.Эрдэнэтөгс нар нь” гэж тус тус өөрчилсүгэй.

  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ялтан Ч.Оюунболд, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

4. Ялтан Ч.Оюунболдод урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл ялтан болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                   ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА

                                                                                          Т.ЭНХМАА

 

                                                                                                                                                                           Г.БОЛОРМАА

                                                                                                                                                                                                                       Т.ЭНХМАА