Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 13

 

 

                                   

 

 

 

 

 

 

 

Н.Мөнхгэрэл, Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун,

         Г.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Б.Ганбулган

шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Отгонсүрэн

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Н.Мөнхгэрэлийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан гомдлоор эрүүгийн 2016 1900 0022 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багт ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганболдын Мөнхбат, /РД:НП84030175/.

Монгол Улсын харьяат, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны Их гүний 5-6 тоотод ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхчулуун, /РД:СБ82111515/.

Монгол Улсын харьяат, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн Булаг хорооллын 16-4 тоотод ам бүл 5, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ, /РД: НП86041570/.

Монгол Улсын харьяат, 1979 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 17-24 тоотод ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхгэрэл, /РД:СБ79011318/.

 

Шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь бүлэглэн Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Бага аргалгын нуруу” гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 6,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Их аргалгын нуруу” гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр хүрэн баавгайг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 13,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн Г.Мөнх-Эрдэнэ нь агнасан амьтныхаа түүхий эд болох хүдрийн заар 1 ширхэг, баавгайн арьс, толгой 1 ширхгийг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 1 дүгээр багийн 16-04 тоот хашаа руу тээвэрлэсэн, шүүгдэгч Н.Мөнхгэрэл нь Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бага улаан гуна гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эм баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 7,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны 150 дугаар шийтгэх тогтоолоор: -Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Мөнхбат, Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхчулуун, Боржигон овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ, Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхгэрэл нарыг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 3 / гурав / сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Н.Мөнхгэрэл нарыг 3 / гурав / жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Н.Мөнхгэрэл  нарт оногдуулсан 3 / гурав / жил, 10 / арав / хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 / гурав / сар 10 / арав / хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж,

- Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт оногдуулсан 3 / гурав / жил, 10 / арав / хоногийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзаж,

- Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгаж,

-Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч нарт тус тус мэдэгдэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баавгайн арьс, толгой, 2,480 кг хүдрийн мах, 4,640 кг баавгайн мах, хүдрийн заар, хүдрийн арьсны тасархай зэргийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор устгасан болохыг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 110,5 см гол төмрийн урттай 32349 замагны дугаартай, 15427 гэсэн дугаартай гол төмөр 5,6 мм калибртай, 85 см урттай, бор хүрэн өнгийн оосортой бор шаргал өнгийн суурь модон бэхэлгээтэй харааны самбарын хуваарь 250м 1954 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын винтов буу 1 ширхэг, нийт 108,5 см урттай, гол төмөр СССР гэсэн тэмдэглэгээтэй гол төмрийн дугаар п108, замаг 34915 дугаартай, хүхээг нь 2761 дугаартай гол төмөр 8,2 мм калибрьтай 83 мм урттай үзмэн ягаан өнгийн хүрээтай, хар өнгийн оосортой, бор өнгийн суурь модон бэхэлгээтэй харааны самбарын хуваарь ЗООм, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Мосин загварын карбин буу 1 ширхэг тус тус цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөхийг шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгаж,

-Ялтан Г.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхгэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй ялтан Г.Мөнх-эрдэнэ, Н.Мөнхгэрэл нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

-Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

-Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Г.Мөнх-Эрдэний эзэмшлийн улсын дугааргүй УАЗ-469 маркын тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр битүүлжилсэн тогтоолыг хэвээр үлдээж улсын орлого болгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Мөнхгэрэлийн нэр хөрөнгөөc 5,000,000 төгрөгийг, Г.Мөнх-Эрдэнийн нэр хөрөнгөөс 12,560,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч  Н.Мөнхчулуун 3,000,000 төгрөгийг, шүүгдэгч Г.Мөнхбат 3,000,000 төгрөгийг,  шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 440,000  төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдаж,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхгэрэл  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: “... Би энэ хэрэгт шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Г.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхгэрэл нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцсон. Хэргийн үйлдэл хэргийн зүйлчлэлд өмгөөлөгчийн хувьд маргах зүйлгүй. Шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлж үйлдсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэлийг авсан гэж үзэж байна. Харин шүүгдэгч Н.Мөнхгэрэлийн хувьд нэн ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны эм баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Н.Мөнхгэрэл нь шүүх хуралдаанаас өмнө хохиролд 2,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Хохирогч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хувийн байдал хохирлыг боломжоор төлсөн байдал зэргийг харгалзан үзээд гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Шүүгдэгч Н.Мөнхгэрэл нь шүүх хуралдаанаас хойш 5,000,000 төгрөгний хохирлыг хохирогч байгууллагад төлсөн, ар гэрт нь эхнэр нь 3 хүүхдийн хамт тодорхой эрхэлсэн ажилгүй байдаг, өөрийн хувийн байдлын хувьд төлөв даруу, амьдралын төлөө зүтгэлтэй, найз нөхөд хамт олондоо нэр хүндтэй, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдож үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг байдал харагдаж байна. Иймд Н.Мөнхгэрэл нь өөрт оногдох хохирлоо бүрэн гүйцэд төлсөн байх тул түүнд оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

-Ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь бүлэглэн Хан-Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Бага аргалгын нуруу” гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 6,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Ялтан Г.Мөнх-Эрдэнэ нь Хан-Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Их аргалгын нуруу” гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр хүрэн баавгайг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 13,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, тэрээр мөн агнасан амьтныхаа түүхий эд болох хүдрийн заар 1 ширхэг, баавгайн арьс, толгой 1 ширхэгийг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 1 дүгээр багийн 16-04 тоот хашаа руу тээвэрлэсэн,

-Ялтан Н.Мөнхгэрэл нь Хан-Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бага улаан гуна гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эм баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 7,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь ялтан  Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Г.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхгэрэл нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн баримтууд /хх4-7/, хохирогч Хан-Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжүүлэлт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж.Алтангэрэл /хх-24-25/, гэрч С.Нямдорж /хх-29-30/, нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт “/хх-33-35/,  эд зүйл хураан авсан тэмдэглэл  зэрэг  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн зөрчилгүй, ялтан нарт оногдуулсан шийтгэл нь тэдгээрийн гэм бурууд тохирчээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан ялтан Н.Мөнхгэрэлийн өмгөөлөгч  И.Отгонсүрэнгийн давж заалдах гомдлыг судалж үзвэл:

Ялтан Н.Мөнхгэрэл нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас  учруулсан 7,000,000 төгрөгийн төлбөрийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 2,000,000 төгрөг /хх-167/,  давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг /хх-201-202/ тус тус төлж гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд ялтан Н.Мөнхгэрэлийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн  давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.

            а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан” гэсний дараа “Н.Мөнхгэрэл” гэж,

   б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах заалтын “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан” гэсний дараа болон 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан” гэсний дараа “ Н.Мөнхгэрэл “ гэж тус тус нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

      3. Н.Мөнхгэрэлд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

 

  1. . Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА