Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 18

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

А.Оргилд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Х.Оюунцэцэг

шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Энхтуяа

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нарын гаргасан гомдлоор А.Оргилд холбогдох эрүүгийн 2015 1900 0567 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Монтелийн 1-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Барнууд овогт Алтан-Эрдэнийн Оргил, /РД:ЧК87063015/.

 

            Шүүгдэгч А.Оргил нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Баян сумын нутаг Улаанбаатар Чойрын чиглэлийн замын 107 дахь километрийн цаана “Тоёото приус” маркийн 74-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу орж онхолдсоноос иргэн О.Баттулга, Б.Мөнхсоёл нарын биед хүндэвтэр, иргэн Б.Чинзоригийн биед хөнгөн зэргийн гэмтэл автомашинд 4 сая 533 мянга 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны 90 дугаар шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Барнууд овгийн Алтан-Эрдэнийн Оргилыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүндэвтэр, 1 хүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Оргилд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан

 

шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Оргилоос нотлох баримтын шаардлага хангасан 5.229.295  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхсоёл, О.Баттулга нарт олгож,  нотлох баримтын шаардлага хангаагүй 2.374.511 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  9.877.000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, А.Оргил нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан А.Оргилд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нар давж заалдах гомдолдоо: “... Юуны өмнө энэхүү эрүүгийн хэрэг нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргйн ангилалд багтаж байгаа боловч нийгмийн аюулын шинж чанар, энэ хэргийн улмаас бусдад учирч байгаа гэм хорын байдал нь маш хүнд нөхцөл байдал үүсгэж байгаа болохыг анхаарч үзнэ үү. Учир нь энэ хэргийн улмаас эхнэр нөхөр хоёрт хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч болох хүүд маань хөнгөн гэмтэл учирсан тул эмчилгээ сувилгаанаас үүсэх эдийн засгийн байдлаас гадна нэг гэр бүлийн ар амьдралд маш хүнд нөхцөл үүсэж байгаа нь илэрхий юм. Гэвч энэ хэрэгт цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд байцаан шийтгэх ажиллагааг хуульд нийуүүлэн цаг хугацаанд нь хийгээгүйн улмаас шүүгдэгч ямар ч хариуцлага хүлээхгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсны дээр хохирол төлбөрийг ч бүрэн барагдуулахгүй байгаад мөш их гомдолтой байна. Ийм байдалд хүрсэн шалтгаан нь шүүгдэгч талын шүүн таслах ажиллагаанд илэрхий, санаатай саад учруулж байсантай холбоотой ба энэ болгонд нь шүүхийн зүгээс эрх мэдлийн хүрээнд ямар нэг арга хэмжээ аваагүй, ямар ч үндэслэлгүй хүсэлтүүдийг удаа дараа хүлээн авч байсан. Жишээ нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурлын тов мэдээгүй, эмчилгээ сувилгаанд явж байгаа, шүүх хуралд давхардсан гэх шалтгаанаар шүүх хурал хоёр удаа хойшлосон бөгөөд энэ болгонд өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт түүнийгээ нотолсон баримт шүүх хуралд ирүүлж байгаагүй, мөн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүх хурал зарлагдсан боловч хохирогч талын хүмүүс очоод бүтэн цаг хүлээсэн боловч шүүх хурал яах талаар мэдэх хүн байхгүй, шүүгчийн туслахын утас холбогдохгүй байтал орлож байгаа гэх туслах нь шүүх хурал хойшилсон шүүгч Улаанбаатар хотод ерөнхий шүүгч нарын зөвлөгөөнд оролцож байгаа гэж хэлсэн. Гэтэл шүүгдэгч тал хурал хойшилсныг мэдэгдсэн тул шүүх дээр ирээгүй байсан. Тэр өдөр нь Улсын дээд шүүх рүү ярьж тус зөвлөгөөн болж байгаа талаар асуухад маргаашнаас эхэлнэ гэж байсан. Хохирогч нар хөдөө орон нутгаас ирэх боломжгүй учир өмгөөлөгчөө оролцуулах хүсэлт гаргасаар байхадзаавал оролцуулна гэж дахин хойшилсон учир ирээд хуралд оролцох гэхэд шүүгдэгч хохирогч хохирол төлбөрөө нэхэж дарамталсан гэж шүүгчээс татгалзсан. Хохирогч бид энэ хэргийн улмаас эдийн засгийн хувьд маш их хохирсон боловч тэр бүр баримтжуулах боломжгүй зардал маш их гардаг. Бензин шатахуун гээд баримтжуулж болох зардлаа баримтжуулсан боловч бүгдийг нь хэрэгсэхгүй болгож, тархи доргилт гэмтэл авсан бага насны хүүхэддээ авсан 105 мянган төгрөгний эмийн баримттай зардлыг хүртэл хасаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон. Мөн шүүгдэгч Оргил Баттулга намайг эмнэлэгт хэвтүүлсэн зардал 450.000 төгрөгийг нийт төлсөн хохиролдоо оруулсан байсныг хохирлын тооцоонд ороогүй, нэхэмжилсэн баримт ч байхгүй гэж тайлбарласаар байхад хохирлоос хасаж тооцсон. Хоёр гар утас ямар ч ашиглах боломжгүй болсон талаар хэрэгт гэрэл зургийн үзүүлэлтээр авагдсан байхад хангаагүй зэрэг нь үндэслэлгүй байна. Шүүх шийтгэх тогтоолдоо оролцогч нарын мэдүүлгийн ямар хэсгийг оруулах, аль хэсгийг нь хасах нь эрх мэдлийн хүрээний асуудал нь боловч хохирогч Баттулга, Мөнхсоёл бидний бидний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг шийтгэх тогтоолд дурьдахдаа илт гуйвуулж, утга санааг нь өөрчилж, яриагүй зүйлийг нэмж, олон өгүүлбэрүүдийг нэгтгэн нэг болгож бичсэнийг бид өөрсдөө уншаад ч ойлгохгүй байна. Жишээ нь: Бид өөрсдөө ослын газарт хамаатны ахынхаа Ланд 200 маркийн машиныг дуудаж зөөлөн авч явж хотод эмнэлэгт ирсэн тул энэ машинд хийсэн бензины зардлыг баримтжуулж хохирлны баримтанд оруулсан талаар ярьсан байхад “А.Оргил эмнэлгийн байгуллагын Ланд машинаар зөөлөн авч явж эмнэлэгт хэвтүүлсэн” гэж, мөн “Мөнхбаясгалан гэдэг байцаагч МЖиЖи хувийн эмнэлэгт хэвтүүлээд байгаа эхнэрийг хамрын хагалгаанд орох гэхээр шарх эдгээгүй байна гээд оруулаагүй” гэж өөр өөр ярьсан зүйлийг нэгтгэн ямар ч ойлгомжгүй болгож бичсэн зүйл маш их байгааг би өөрөө уншаад ойлгохгүй байгаа тул хавтас хэрэгт авагдсан шийтгэх тогтоол миний гардаж авсан тогтоолтой адил байгаа гэдэгт эргэлзэж байгаа тул бидний хэлж ярьснаас шал өөр болсон ойлгохгүй байгаа хэсгүүдийг тэмдэглэл үйлдэж гомдолд хавсаргасан тул харьцуулан харж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

Шүүх хуралд оролцсон прокуророос: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх”  хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Анхан шатны шүүхэд шүүгдэгч А.Оргил, түүний  өмгөөлөгч Ж.Энхтуяа, М.Цэнгүүн нарын гаргасан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүгч Ю.Энхмаа шийдвэрлэж 168 дугаарт шүүгчийн захирамж гаргажээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт заасан  “хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.     

Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь уг хэргийг дангаар шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос  шүүгчийг  татгалзан гаргах хүсэлтийг гаргасан тохиолдолд хэрхэн  шийдвэрлэх  талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулаагүй хэдий ч  Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бусад зохицуулалтаар шийдвэрлэх байсан байна.

Иймд дээрх үндэслэлээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 90 дугаар шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нар давж заалдсан гомдлыг энэ удаад хэлэлцэх боломжгүй байна.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1, 317.1.3, 320 дүгээр зүйлийн 320.1, 322 дугаар зүйлийн 322.1,  325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 9-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч А.Оргилд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Т.ЭНХМАА

                                                                                  Г.БОЛОРМАА