Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 19

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

Ч.Маам, О.Пүрэвдорж нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          М.Гансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Тамир

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гомдлоор Ч.Маам, О.Пүрэвдорж нарт холбогдох 2 хавтас 332 хуудас эрүүгийн 2015 1900 0407 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1939 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Баянмөнх суманд төрсөн, 76 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 44-66 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Чулууны Маам, /РД:ТГ39071118/.

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Баруунбарга овгийн Очирын Пүрэвдорж, /РД:АЭ67021511/.

 

Шүүгдэгч Ч.Маам нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт өөрийн эзэмшлийн Хьюндай Эксель маркийн 2135 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6 дэх заалтыг зөрчин тээврийн хэрэгсэлд жолоодох эрхгүй Д.Оюунцэцэгт жолоогоо шилжүүлсний улмаас Д.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж улмаар эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Олзвойгийн жолоодож явсан Норд Бенз маркийн 4080 АРХ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 9999 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42,690,000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 4080 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6,860,000 төгрөгийн иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 36-05 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2,780,000 төгрөгийн шууд хохирол учирсан,

Шүүгдэгч О.Пүрэвдорж нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Төрийн банкны эзэмшлийн Норд бенз маркийн 4080 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалтыг зөрчин 2.7 хувийн хүнд зэргийн согтолттой Д.Олзвойд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Олзвой нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2-т заасныг зөрчиж урсгал сөрж орж ирсэн Д.Оюунцэцэгийн жолоодож явсан Хьюндай Эксель маркийн 2135 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гзмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 9999 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42,690,000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 4080 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6,860,000 төгрөгийн, иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 3605 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2,780,800 төгрөгийн шууд хохирол учирсан хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны 115 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Баруунбарга овгийн Очирын Пүрэвдоржийг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас, Боржигон овгийн Чулууны Маамыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь насыг хохироож, 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн гэмтэл, бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар  ялтан Ч.Маам, О.Пүрэвдорж нарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг тус тус дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар  хохирогч О.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1,651,963 төгрөгийн 50 хувь болох 825,981 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох болох 825,981 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос гаргуулж цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

хохирогч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1,133,694 төгрөгийн 50 хувь болох 566,847 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 566,847 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

иргэний нэхэмжлэгч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 42,690,000 төгрөгийн /99-99 УНЕ улсын дугаартай автомашин / 50 хувь болох  21,345,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 21,345,000 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 2,848,800 төгрөгийн /36-05 УБЧ улсын дугаарта автомашин / 50 хувь болох 1,424,400 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1,424,400 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

хохирогч Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын  990,994 төгрөг /хх-208-212 /-ийн 50 хувь болох 495,497 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 495497 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

хохирогч С.Пүрэвсүрэнийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын  286,637 төгрөгийн 50 хувь болох 1,433,185 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1,433,185 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулж,

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,     ­

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг, хохирогч Л.Цэнд-Аюуш нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 хохирогч Н.Дагдан, иргэний нэхэмжлэгч М.Бөх-Очир нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж,

-Энэ хэрэгт Ч.Маам, О.Пүрэвдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Хэрэг учралын газрын үзлэгийг бэхжүүлэн авсан СД 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг, Д.Олзвойгийн 181449 дугаарын  жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, О.Пүрэвдоржийн 076788 дугаарын, Ч.Маамын 603901 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Маам, О.Пүрэвдорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Пүрэвдоржийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо: “...хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг хувь тэнцүүлэн буюу 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төв аймгийн прокурорын газраас мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...О.Пүрэвдоржийн хувьд согтуурсан этгээдэд жолооогоо шилжүүлсэн гэдгийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй байж талийгаач Д.Олзвойн цуснаас этилийн спирт илэрсэн гэх шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд үндэслэн Замын цагдаагийн байцаагчийн дүгнэлтэнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэлтэндээ тусгасныг яллах дүгнэлтэндээ тусгасныг яллах үндэслэл болгож анхан шатны шүүх мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй зүйл дээр дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа юм.

Талийгаачийн цуснаас этилийн спирт илэрсэн талаар шинжээч Я.Гантуяа мэдүүлэхдээ “...таийгаач Д.Олзвой нь амьд байхдаа хэр хэмжээний архи, хэзээ уусан болон хэр зэрэг согтуу байсныг тогтоох боломжгүй, учир нь этилийн спирт хүний цусанд 72 цагийн хугацаатай хадгалагддаг, мөн тухайн хүний биеийн онцлогоос хамаарч архи уугаад гаднах байдлаараа архи уусан, хэрэглэсэн нь мэдэгдэхгүй байж болно...” гэж мэдүүлсэн байдаг ба үүнийг шүүх анхаараагүй орхигдуулсан байна. О.Пүрэвдорж мэдүүлэхдээ талийгаачийг урьд өмнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, түүнээс архи үнэртэхгүй байсан талаар мэдүүлдэг, мөн талийгаач хамт байх хугацаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг хамт явсан хүмүүс нь гэрчилдэг бөгөөд тухайн үед орж гарсан хоносон айл нь тодорхой байхад талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй, эдгээр байдлыг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Хэрэв эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн гэж үзсэн бол гэм буруутай эсэхэд эргэлзээ гарах нөхцөл байдал илэрч байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх мөн ИХ-ийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан үндэслэл тогтоогдож байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж О.Пзрэвдоржид холбогдох үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа тул давж заалдах гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжих саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны 115 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О. Пүрэвдоржийг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас, шүүгдэгч Ч. Маамыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь насыг хохироож, 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан, түүнчлэн бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулан шийдвэрлэжээ.

Зам тээврийн осол гарсан шалтгаан нь  21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан  Д.Оюунцэцэг нь  Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2 дахь хэсгийг зөрчсөний улмаар эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Олзвойгийн жолоодож явсан Норд Бенз маркийн 40-80 АРХ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зам тээврийн осол гаргасан болох нь №69 дугаарт шинжээчийн дүгнэлт, хохирогч  Н.Дагдан, иргэний нэхэмжлэгч Б.Батмөнх, гэрч .Б.Хандмаа, Н.Намсрайдорж нарын мэдүүлэг, эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг   хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Д.Оюунцэцэгийн буруутай үйлдлээс болж тухайн  зам тээврийн осол гарсан,  шүүгдэгч О. Пүрэвдорж согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн, шүүгдэгч Ч.Маам тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлснээс Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. 

Гэтэл шүүх хохирогч,  иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг нөхөн гаргуулахдаа шүүгдэгч нараас  адил хэмжээгээр хувь тэнцүүлэн  гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэх болсон эрх зүйн үндэслэлийг тогтоолд дүгнээгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцлийг Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлно” гэсэн заалт,  Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт заасан ”Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэсэн заалтад нийцээгүй  байна. Иймд шүүгдэгч О. Пүрэвдоржийн өмгөөлөгч Д.Тамирын энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч О. Пүрэвдоржийн үйлдэл нь  гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

            Түүнчлэн шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг  гаргуулахаар шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд дурьдагдсан хэмжээгээр шийдсэн байх ба жишээ нь хохирогч О.Жаргалсүрэн мөрдөн байцаалтын шатанд 1 651 963 төгрөг, шүүхийн шатанд 6 500 000 төгрөг, шүүх хуралдааны шатанд 1 951 333 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн байхад шүүх яллах дүгнэлтийн хавсралтанд дурьдагдсан 1651963 төгрөгийг гаргуулахаар шийдэж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг  болон ажилгүй байсан хугацааны хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар  зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийг хуульд нийцүүлэн нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянах, тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх  журмыг зөрчсөнөөрөө  хуульд нийцээгүй байна.

            Иймд шүүгдэгч О. Пүрэвдоржийн өмгөөлөгч Д.Тамирын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан гаргасан хэсгийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.         

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1, 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын давж заалдах гомдлоос “хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан гаргасан” хэсгийг хүлээн авч, “шүүгдэгч О.Пүрэвдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай  гомдлыг  хангахаас татгалзсугай.

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

4.Энэ магадлалд гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                  ШҮҮГЧИД                                       Т.ЭНХМАА

                                                                        Г.БОЛОРМАА