Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 20

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          М.Гансувд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Ц.Дарьжав,

Шүүгдэгч                                           Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар, М.Мөнхнасан, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гомдлоор эрүүгийн 2014  0108  0380 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст жолооч ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, охин, 2 дүүгийн хамт Налайх дүүргийн 3-р хороо, Нарангийн 21-р гудамжны 550 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй Боржигон овогт Ганхуягийн Ганзориг, /РД:УЕ83081214/.

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 43-р гудамжны 27 тоот хашаанд оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 1277 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнэ, /РД:НЭ87060599/.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2014 оны 09 сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баяндаваа гэх газарт байрлах эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан зам дээр Т.Мөнхтуяагийн эзэмшлийн 43-79 ТӨВ улсын дугаартай Форд Эскапе маркийн тээврийн  хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчин жолоодон явж байгаад эсрэг урсгалаар зорчин явсан Г.Ганзоригийн жолоодон явсан 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас 48-98 БРА улсын дугаартай Соната-6 маркийн автомашины зорчигч Ч.Ганхүү, С.Цэндсүрэн, Б.Намжилмаа, Ж.Эрдэнэбаяр нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Г.Ганзориг 2014 оны 09 сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баяндаваа гэх газар байрлах эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог асфальтан зам дээр С.Цэндсүрэнгийн эзэмшлийн 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчин эсрэг урсгалаар зорчин явсан Э.Мөнх-Эрдэнийн жолоодон явсан 43-79 ТӨВ улсын дугаартай Форд Эскеп маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн автомашины зорчигч Ч.Ганхүү, С.Цэндсүрэн, Б.Намжилмаа, Ж.Эрдэнэбаяр нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны 157 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Ганзориг, Боржигон овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнэ нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хоёр буюу түүнээс дээш хүний /4 хүний/ амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хуулийн 7.1-д зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар шүүгдэгч Г.Ганзориг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Мөнх-Эрдэний эдлэх 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хуулийн 4.1-д зааснаар Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

-Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нар нь 119 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдаж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

-Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар Г.Ганзоригийн №206534 тоот жолоочийн үнэмлэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Ганзоригт буцаан олгохыг шүүгчийн туслах Ш.Амарбаяр даалгаж,

-Нийслэлийн Онцгой Байдлын Газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд 71.649.935 төгрөг, Ц.Халтарт 48.167.866 төгрөг, М.Мөнхнасанд 62.377.198 төгрөг, С.Саруулд 56.145.198 төгрөг, “Монгол даатгал” ХХКомпаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарт 31.588.411 төгрөгийг тус бүр төлсөн болохыг тус тус дурдаж,

-Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1 дэх хэсгүүдэд тус

тус зааснаар Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарын нэр хөрөнгөнөөс, иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нараас тус бүр оршуулгын зардалд 4.548.699 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарт,

            - Нийслэлийн Онцгой Байдлын Газар, иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нараас С.Цэндсүрэнгийн эзэмшлийн “48-82” БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ болох 4.556.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 2.278.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд,

- Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарын нэр хөрөнгөнөөс, иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газар, иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нараас тус бүр оршуулгын зардалд 1.885.000 төгрөгийг, хүүхдийн тэтгэмжийн зөрүү болох 270.307 төгрийг сар бүр Мөнхнасан овогтой Өлзийхутаг-д /РД:ДЮ04283011/  18 нас хүртэл хувь тэнцүүлэн тэтгэлэгийг шүүгдэгч Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нараас 67.576 төгрөгийг тус бүр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхнасанд,

  -Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарын нэр хөрөнгөнөөс, иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газар, иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нараас оршуулгын зардалд 3.345.500 төгрөгийг тус бүр гаргуулах, тэгжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 169.688 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нараас 42.422 төгрөгийг тус бүр гаргуулан тус тус  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруулд,

- Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарын нэр хөрөнгөнөөс, иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газар, иргэний хариуцагч Т.Мөнхтуяа нараас оршуулгын зардалд 4.738.931 төгрөгийг тус бүр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд тус тус олгож,

   -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн 50% болох 10.338.153 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

    -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарын нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл, байрны урьдчилгаа төлсөн нийт 18.149.328 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруулын нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зээл 11.502.356 төгрөг, цалингийн зээл 7.301.883 төгрөг нийт 18.804.239 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

  -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарын нэхэмжлэлийн шаардлага болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Б.Мөнхжаргал, иргэний хариуцагч У.Анхжаргал нь 31.588.411.92 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ганзориг, Э.Мөнх-эрдэнэ нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар давж заалдах гомдолдоо: “...Миний хүү Ч.Ганхүү нь Багануур дүүргийн ОБХ-д Галын улсын байцаагч ахмад цолтой. 30 настай. Эрүүл ажил үүргээ гүйцэтгэж яваад 2014 оны .....-нд Улаанбаатар хотоос буцах замдаа иргэн Мөнх-Эрдэнэ, Ганзориг нарын зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо зөрж чадаагүйгээс амь насаа алдсан юм. Өнөөдрийг хүртэл Налайх, Багануур, Төв аймгийн хууль шүүхийн байгууллагаар дамжин хэрэг шалгагдан бараг хоёр жил боллоо. Үр хүүхэд, хань нөхөр, ах дүүгээ алдсан зовлон шанлал дээр улам залхаан цээрлүүлт болсон юм. Энэ хоёр жилд үнэн байдлыг шүүн тунгааж үхсэнийг босгохгүй ч гэсэн хуулийн дагуу шийдвэрээ гаргах байх гэж тэсвэр тэвчээр, итгэл найдвар, горьдлого тавин үг дуугүй явсан юм. Гэтэл сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны 05-р сарын 20-нд хуралдаж шүүхийн шийдвэр тогтоол гаргасан билээ. Энэ хоёр жилийн хугацаанд шүүгч, өмгөөлөгч, шинжээч нар нь үгсэн хуйвалдаж (хээл хахууль авч) шийдвэрийг гэм буруутай, яллагдагч талд үйлчилж буруутай этгээдүүд нь өршөөл нэрийн дор ямар ч ял шийтгэлгүй дээр нь оршуулгын зардал хэдхээн төгрөг төлөхөөр шийдвэр гаргасан юм. Гэтэл тэр этгээд нь бүр оршуулгын зардар ч төлөхгүй даваж заалдаж байгаа нь дэндүү даварсан хуулийг худалдаад авчихсан юм шиг заганаж илт доромжлож дээрэлхэж байгаа юм биш үү.

Гамшигийн тухай хуульд заасан заалтын дагуу 5 жилийн цалинтай тэнцэх тэтгэмж, амь насны даатгалын 15 сая төгрөг, орон сууцны даатгал хийлгэсэн даатгалын мөнгө төгрөгийг хуулийн дагуу олгосон болохоос буруутай этгээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, нэг ч удаа уулзаж уучлал хүсээгүй ёс жудаггүй муухай хүмүүс. Харин ч эрх мэдэлтэй хүмүүсд мөнгө төгрөгөөр бүгдийг шийдүүлж чадаж байгааг бид мэдэж, хараж байгаа шүү бид үнэн шийдвэр гартал тэмцэнэ шүү.

Анхан шатны шүүхийн шийдвэр тогтоол нь:

Хэлсэн үгийг заримыг нь хасаж гээсэн найруулгыг нь илт өөрчлөж бичсэн байна. Иймд:

  1. Оршуулгын зардал – анхан шатны шүүхийн шийдвэрээр байж болно.
  2. Орон сууцны урьдчилгаанд өгсөн 14100000, тэтгэвэрийн зээл 7050000  төгрөгийг буруутай хүмүүсээс авна. Яагаад гэвэл миний хүүг миний бэр алаагүй харин ч хоёр нялх хүүхэдтэйгээ гадаа гарч эр болж, гэрт орж эм болж ядаж яваа энэ муу өнчин охиноос авах ямар ч үндэслэл байхгүй. Харин би үхсэнээс үлдсэн энэ гурвыгаа нүд аниталаа хараж, голоо зогоож өсөлцөх үүрэгтэй сэтгэлтэй билээ. Иймд надад нэгд: амжиргаагаа залгуулах мөнгө төгрөг, хоёрт: эрүүл мэндээ эмчлүүлж засуулах мөнгө төгрөг нэн шаардлагатай байна. Эмчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан.

Яагаад зовлон дээр минь зовлон нэмж намайг гудамжинд гаргахаар шийдвэр гаргав. Би чинь цаашид амьдрах хэрэгтэй биз дээ. Аль эсвэл би яах юм...

Хоёр хүүхдийн тэтгэмжийн зөрүүг албан ёсны асран хамгаалагч ээж Б.Мөнхжаргалын нэр дээр гаргаж өгөөч. Ахин дахин өргөдөл бичээд Төв аймаг руу явахад бидэнд үнэхээр хэцүү байгааг харгалзан үзэж шийдвэр гаргана уу” гэжээ.  

Хохирогч М.Мөнхнасан давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: “...Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 2014 0108 0380 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М.Мөнхнасан би Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016,05,20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад энэхүү гомдлыг гаргаж байна.

          Уг шийтгэх тогтоолоор учирсан бодит хохирлыг тооцохдоо өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөгний баримтыг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хамт хавсарган иргэний нэхэмжлэлдээ бичиж оруулсан байхад хасч тооцон шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулан шийдвэрлэжээ.

 

      Гэтэл шүүх хохирогч,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын  нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дэх хэсэгт заасан “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэсэн заалтыг буруу хэрэглэж гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулснаас хохирогч давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй байна. Үүнд хохирогч М.Мөнхнасангийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан, мөн    хохирогч нарт гэм хорын хохирлыг гаргуулан шийдвэрлэхдээ орон сууцны зээл болон зээлийн урьдчилгаанд төлсөн мөнгийг 50% гэж  хасч тооцсон үндэслэл болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэрхэн тооцож гаргуулсан нь тодорхойгүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, мөн тооцоо зөрүүтэй, шийдвэрийн бичилтийн агуулга ойлгомжгүй болжээ.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар  зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргана” гэсэн заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр  зүйлийн 294.2 дах хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх”  хуулийн шаардлагуудыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянах, тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх  журмыг зөрчсөнөөрөө  хуульд нийцээгүй байна.

 Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.        

         Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1, 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1,  322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар шийтгэх  тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Энэ магадлалд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

           

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Т.ЭНХМАА

                                                                                   Г.БОЛОРМАА