Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 21

 

                                   

 

 

 

 

 

 

Б.Эрдэнэгэрэлд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          М.Гансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ш.Сарангэрэл

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гомдлоор Б.Эрдэнэгэрэлд холбогдох эрүүгийн 2016 1900 0052 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярсайханы Эрдэнэгэрэл, /РД:НЕ80092278/.

 

            Шүүгдэгч Б.Эрдэнэгэрэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт тус сумын иргэн С.Бадарчийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож танхайрч бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ны 183 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнгэрэлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйчилж,

-Шүүгдэгч Боржигон овгийн Баярсайханы Эрдэнэгэрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнгэрэлийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Эрдэнэгэрэлд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, 

-Ялтан Б.Эрдэнэгэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж ял эдлэх хугацааг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцож, 

-Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Эрдэнэгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрзийг устгаж, 

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дахь хэсэгт зааснаар 8.953.600 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 7.538.020 төгрөгнөөс 5.000.000 төгрөг төлснийг дурьдаж, 2.538.020 төгрөгийг Б.Эрдэнэгэрэлээс гаргуулж хохирогч С.Бадарчид олгож, 1.415.580 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Эрдэнэгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: “... Б.эрдэнэгэрэлийг ... 3 жил 1 сар хорих ял оногдуулж жирйин дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Б.Эрдэнэгэрэл нь анх удаа тохиолдлын шинжтэй хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, бага насны 3 хүүхэдтэй, өндөр настай эцэг, эх, эмгэн эх нартай айл амьдарч өрх гэрийнхээ мал ахуйг эрхэлдэг гол нуруу, тулгуур нь болж амь зуудаг, хувийн бусад байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Эрдэнэгэрэлд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокуророос: “Хохирогч нь хэдийгээр эмнэлэгт хэвтэж, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байгаа боловч шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн учир прокурорын зүгээс тэнсэн харгалзахад татгалзах зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Төв аймгийн прокурорын газраас Б.Эрдэнэгэрэлийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт иргэн С.Бадарчийг зэвсгийн чанартай зүйл / хүрз/ хэрэглэн зодож танхайрч бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх ...С.Бадарчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт Б.Эрдэнэгэрэлийг хүрзээр цохисон гэдгийг тодорхой хэлдэггүй,... хүрз байсан газраа байгаагүй учир хүрзээр цохисон байх,... нотлох баримтаар хураагдаж ирсэн хүрзний иш хугараагүй байсан, ...Б.Эрдэнэгэрэлийг уурын зуух руу очиж С.Бадарчийг хүрзээр цохисон байхыг харсан гэрч байдаггүй... гэсэн үндэслэлээр  Б.Эрдэнэгэрэлийг зэвсгийн чанартай зүйл болох  хүрзийг хэрэглэж танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг журамлан прокурорын газраас Б.Эрдэнэгэрэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд ялтан Б.Эрдэнэгэрэл, хохирогч С.Бадарчийн “...намайг заамдаж аваад Эрдэнэболдыг юу гэсэн юм бэ гээд нэг юм хэлээд нүүр лүү цохиж би хураасан нүүрсэнд дээр унасан...нүүр рүү гараараа цохиход нь ухаан алдаж унасан..ухаан алдаж унасны дараа хүрзээр цохьсон юм шиг байна лээ, хүрзний иш хугарсан байсан гэж ярьсан ” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Баасанжав, гэрч Г.Загдсүрэн, гэрч Э.Хонгор, гэрч А.Ариунгэрэл, Ю.Ганчимэг нарын мэдүүлэг,  гэрч М.Төмөрбаатарын “...Манай ажлын байранд дээр ...модон иштэй хүрз 1 ширхэг ....багажтай, Бадарчийг эмнэлэгт хэвтсний дараа ажлын багаж хугарч , гэмтсэн, мурийсан, далийсан айхтар зүйл ажиглагдаагүй, одоо ч яаг хэвээрэй байна “ гэсэн мэдүүлэг, хүрзэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, /хх-18,120/, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 78 дугаартай  “Шинжилгээнд хүргүүлсэн модон иштэй 3 кг хүрзнээс цус илрээгүй” гэсэн дүгнэлт  зэрэг  баримтуудаар Б.Эрдэнэгэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   зэвсгийн чанартай зүйл болох  хүрзийг хэрэглэн танхайрч,  С.Бадарчийн бие махбодид хүндэвтэр зэргийн  гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлогдон тогтоогдохгүй байна.

Харин  Б.Эрдэнэгэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр  хохирогч С.Бадарчийн нүүр, толгой тус газар нь гараараа цохиж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүх  зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэл оногдуулсан нь зөв байна. 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан ялтан Б.Эрдэнэгэрэлийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн  давж заалдах гомдлыг судалж үзвэл:

 Хохирогч С.Бадарч нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 8,953,600 төгрөг нэхэмжилснээс Б.Эрдэнэгэрэл анхан шатны шүүхийн шатанд 5 000 000 төгрөг, давж заалдах шатны шүүхийн шатанд 6,000,000 төгрөгийг нөхөн төлсөн гэм хорыг арилгасан, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэннадмид, Б.Эрдэнэгэрэлийг төлөөлж Ш.Сарангэрэл нар нь “..хохирлын төлбөр 6 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлцэв. ...хохирогч С.Бадарч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй байхгүй болно” гэж харилцан тохиролцож   нотариатаар батлуулсан хэлцэлийн баримтыг шүүхэд ирүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эрдэнэгэрэлд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 183 дугаар шийтгэх  тогтоолын тогтоох хэсэгт  “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэгэрэлд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай” гэсэн заалт нэмсүгэй.

  2.Ялтан Б.Эрдэнэгэрэлийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн давж заалдах гомдлыг хангасугай.

3. Ялтан Б.Эрдэнэгэрэлд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

     4.Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА