Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 23

 

           

 

 

 

 

 

 

 

П.Амгаасэдэд холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Г.Энхмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Отгонсүрэн

Нарийн бичгийн дарга                 Б.Нарангэрэл  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч П.Амгаасэдийн гомдлоор эрүүгийн 2016 1900 0181 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 5-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сумын 1 дүгээр багийн цэцэрлэг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Завхан аймгийн сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 4 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх Харчин овогт Пилжээхүүгийн Амгаасэд, /РД:ИР92021512/.

 

Шүүгдэгч П.Амгаасэд нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг 284 дүгээр зөрлөгт байрлах Ч.Батчулууны гэрт 2016 оны 03 дугаар сарын 10-наас 18-ны хооронд нэвтрэн орж 2 нүдний дуран 1 ширхэг, 1 нүдний дуран 1 ширхэг, хар өнгийн гар чийдэн 1 ширхэг, хагас түрийтэй гутал 1 хос , эвхдэг хутга 1 ширхэг, винтовын сум 10 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Ч.Батчулуунд 400.000 төгрөгний шууд, 115.000 төгрөгийн шууд бус, нийт 515.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны 195 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Харчин овогт Пилжээхүүгийн Амгаасэдийг тусгайлан багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Амгаасэдийн эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Амгаасэд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан П.Амгаасэдийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан  тооцож, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,

-Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг зааж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Амгаасэдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Амгаасэд давж заалдах гомдолдоо: “... миний бие нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 1 багд амьдардаг ЭХТ-ангийн 145-р зүйлийн 145.2-р 2 жил 1 сарын ял сонссон. Миний бие нь давж заалдах үндэслэл нь 1. Биеийн талаар, 2. Ар гэрийн амьдралын талаар 3. Хийгээгүй үйлдлийн төлөө ийм үндэслэлээр давж заалдаж байна. Миний бие нь грпптэй учир ялын бодлогийг хөнгөлөлт, Мөн амьдрах гэж байсан Н.Уянгатай цаашид хамтын амьдралд орохоор бүрэн шийдсэн, мөн Н.Уянга нь жирэмсэн учраас ялыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү, байшингийн цонх хагалсан гэж намайг гүтгэсэн учраас би гомдолтой байна” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “Өмнө нь мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлж байсан. Ялтай байх хугацаа дууссан боловч хувийн байдлаас нь харахад дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байна.

            Ялтан П.Амгаасэд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг 284 дүгээр зөрлөгт байрлах иргэн Ч.Батчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж,  эд зүйл хулгайлан 515.000 төгрөгийн буюу бага бус  хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв,  шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан П.Амгаасэдийн давж заалдсан гомдлыг судалж үзвэл: Хэрэг бүртгэлтийн шатанд П.Амгаасэд 2016.04.05-ны өдөр сэжигтнээр байцаагдахдаа “...Тэгээд манай урьд гудамд байрлах эзэнгүй айлын хашаан дотор ороод гэрийнх нь хаалганы даруулгыг нь эвдлэн ороод тэдний гэрээс 1 ширхэг хар өнгийн гар чийдэн, 1 ширхэг эвхдэг бор иштэй хутга, 2 ширхэг нүдний дуран, 1 шил бор шилтэй архийг тус тус хулгайлаад...Би нэлээд согтуу байсан тул мэдэхгүй байна.” гэж, 2016.04.14-ний өдөр яллагдагчаар байцаагдахдаа “...эзэнгүй айлын хашаан дотор ороод гэрийнх нь хаалганы даруулгыг нь далийлгаж ороод ... хулгайлсан.....Би сум болон гутал хулгайлснаа санахгүй байна.Байшингийн хаалгыг эвдэлсэн эсэх ээ  ч санахгүй байна” гэж, хохирогч Ч.Батчулууны “... гэрийн цоож эвдэрээгүй даруулгыг нь далийлгасан байсан” гэж  мэдүүлжээ.

Дээрх байдлаас дүгнэн үзвэл  П.Амгаасэд нь хохирогч Ч.Батчулууны  гэрийн хаалганы даруулгыг  эвдлэн гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул түүний үйлдэл  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д  заасан  “орон байранд  нэвтэрч үйлдсэн” гэдгээр зүйлчлэгдэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. .

Хэдийгээр П.Амгаасэд “...байшингийн цонх хагалсан гэж намайг гүтгэсэн учраас би гомдолтой байна” гэсэн давж заалдах гомдол гаргаж байх боловч хохирогч Ч.Батчулууны “...Манай байшингийн хаалганы цоожийг гэрт байсан модон иштэй төмөр сүхээр цохиж эвдэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-28/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би нэлээн согтуу байсан. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн  хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн  мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүхээс П.Амгаасэдэд ял оногдуулахдаа хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл   оногдуулсан байх ба шүүгдэгчийн “...миний бие групптэй учир ялын бодлогыг хөнгөлөх,.. мөн амьдрах гэж байсан Уянга жирэмсэн учраас ялыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шалтгаанаар ял хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж давж  заалдах шатны шүүх үзэв.

Иймд ялтан П.Амгаасэдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын15-ны өдрийн 195 дугаар шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

2.Ялтан П.Амгаасэдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА