Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 24

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

Г.Ганбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Г.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Г.Уянга

Шүүгдэгч                                           Г.Ганбат

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор Г.Ганбатад холбогдох эрүүгийн 2016 1900 0074 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 5-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автотрактор хөдөө аж ахуйн машин механизмийн засварчин мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг Гангын 2Б 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Гунаагийн Ганбат, /РД:НМ70121710/.

 

Шүүгдэгч Г.Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Гангын 3-12 тоот хашаанд иргэн З.Ганболдын толгой тус газар нь модоор цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны 176 дугаар шийтгэх тогтоолоор:  Тугчин овогт Гунаагийн Ганбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбатыг 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Ганбатад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Ялтан Г.Ганбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж,

-Ялтан Г.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, 

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 153 см урттай, 2 см өргөнтэй 1 ширхэг хус модыг устгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйийн 134.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ганбатын эзэмшлийн Приус маркийн 30-50 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хитачи маркийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн хөргөгч 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хохирогчид хохирол төлөгдтөл битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч 4.460.444 төгрөгийг нэхэмжилснээс хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 4.024.244 төгрөгнөөс хохирогч З.Ганболдод 1.055.000 төгрөгийг төлснийг дурьдаж, 2.985.244 төгрөгийг Г.Ганбатаас гаргуулж, хохирогч З.Ганболдод олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Ганбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогч болон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Нандинцэцэг, Эрдэнэбулган, Хүрлээ, Ганцэцэг нарын мэдүүлэг зөрүүтэй, мөн хохирогч З.Ганболд миний согтолтын зэрэг өндөр байсан тул өөр бусад хүмүүс гар хүрч цохьсон байх магадлалтай, би Г.Ганбатад зодуулсныхаа дараа уначихаад босоод явсан байдаг, босож явахдаа тэр үед гадаа өвөл, халтиргаатай байсан, тэгээд би согтуу байсан учир гадаа халтирч унаад өөрийгөө гэмтээсэн байж магадгүй. Г.Ганбат бол намайг тэгж зодохоор сэтгэл зүрхтэй хүн биш, төлөв даруу, ямар ч хүнд тусархуу зантай, амьдрал нь хүнд, бага насны 2 хүүхэдтэй, урьд өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй, бид хар багаасаа нэг нутагт өсөж торнисон, нэгнийгээ мэдэх хүмүүс юм.

Би тухайн үед маш их согтолттой байсан учир өөрөөсөө болж Г.Ганбатад цохиулсан гэж бодож байна. Надад маш их буруу байгаа.

Г.Ганбат шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял арай хүндэджээ. Би нэг нутгийн найзын хувьд найзыгаа ингээд ял эдлээд явуулахыг үнэхээр хүсэхгүй байна. Г.Ганбат намайг санаатайгаар зодож цохиогүй. Би өөрөөсөө болж Г.Ганбатад цохиулчихаад хамаг буруу надад байсаар байхад найзыгаа шоронд явуулчихсандаа би үнэхээр их гутарч байна. Ийм учраас Г.Ганбатад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчлэлийг миний биед хүнд зэргийн гэмтлийг болгоомжгүй байдлаар учруулсан гэж өөрчилж өгөхийг та бүхнээс чин сэтгэлээсээ хүсч байна. Миний бие Г.Ганбатын ар гэрээс хохирол төлбөрийн үлдэгдэл гэж 3.000.000 төгрөгийг хүлээн авсан болно гэжээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...гэмт хэрэг үйлдэгдэх үед Г.Ганбат, З.Ганболд нар хоёулаа согтуу байсан, хэн хэн нь болж буй үйл явцыг мэдэх бүрэн боломжгүй байсан юм. Тэр өдөр анх уулзсан цагаасаа эхлэн З.Ганболд нь Г.Ганбатыг өдөж хоргоогоод байдаг. Гэрч Ю.Нандинцэцэгийн гэрийн гадна очоод гэр рүү нь орох гэтэл араас нь татаж унагаад цохисон байдаг. Тэгэхээр энэ хэрэгт анхнаасаа хохирогчийн буруутай үйлдэл байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна.

Гэрч С.Эрдэнэбулганы мэдүүлгээр Г.Ганбат, З.Ганболд нарыг гадаа зодолдож байхад гэрч Ц.Хүрлээ машин дотроо хараад сууж байсан байдаг. Энэ хүнд зодооныг салгах, эсвэл зохих байгууллагад мэдэгдэх боломж байсан. Хэрвээ Ц.Хүрлээ иргэн хүнийхээ үүргийг биелүүлээд бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх, эсвэл зохих байгууллагад мэдэгдсэн бол З.Ганболд ийм хэмжээний гэмтэл авахгүй байх боломжтой байсан.

Г.Ганбатын хувьд хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Г.Ганбат З.Ганболдод хүнд гэмтлийг санаатайгаар хүсэж учруулаагүй. Хүнд гэмтэл учруулна гэж тооцоолоогүй учраас хөнгөмсгөөр найдаж болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж үзэж байна. Г.Ганбатын ар гэрээс хохирол төлбөрт шүүхийн шийтгэх тогтоолоор төлөгдөхөөр заагдсан 2.985.244 төгрөгийг төлж барагдуулсан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Иймд ялтан Г.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд зааснаар зүйлчилж хорих ялыг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганбатыг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

            Шүүгдэгч Г.Ганбат нь согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Гангын 3-12 тоот хашаанд иргэн З.Ганболдын толгой тус газар нь модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/, Төв аймгийн шүүх шинжилгээний албаны 2016.01.25-ны өдрийн №50 дугаартай, 2016.01.20-ны өдрийн №46 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд /хх-33,35/, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-38/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-47/, яллагдагчаар татах тогтоол /хх-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-43/, өвчний түүх /хх-77-106/, хохирогч З.Ганболдыг  байцаасан тэмдэглэл /хх-18-19,20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг байцаасан тэмдэглэл /хх-22/, гэрч Ю.Нандинцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-24-25/, гэрч С.Эрдэнэбулганыг байцаасан тэмдэглэл /хх-26-27/, гэрч Ц.Хүрлээг байцаасан тэмдэглэл /хх-28-29/, гэрч Ж.Ганцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-30/, Г.Ганбатыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд, /хх-48-49, 50-51/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга, шүүгдэгч Г.Ганбат, хохирогч З.Ганболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сүнжидмаа нар нь  “Г.Ганбат нь З.Ганболдод хүнд гэмтлийг санаатай хүсч учруулаагүй, болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлээр өөрчилж  өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг  хүлээн авах  боломжгүй  юм.

Учир нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон мэдүүлгүүдийг зөв үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх журамд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн... “гэр рүү орох гэж явахад Ганболд миний куртканы захаас татахад би унасан. Бид ноцолдоод...миний хоолойг боохоор нь түлхээд, газар байсан модыг аваад зүүн гараараа толгой хэсэгт нь нэг удаа цохьсон”, гэрч Ю.Нандинцэцэгийн ...” Ганболд намайг өдөөд байгаа юм, гарч байгаад чамайг даа гээд занаад байсан...манай охин Эрдэнэбулган хэлэхдээ Ганбат ах Ганболд ахыг  модоор цохиод унагачихлаа, Ганболд ах ухаан алдчихлаа гэж хэлсэн”, гэрч С.Эрдэнэбулганы...” Ганболд ах Ганбат ахын нүүрэнд гараараа 2 удаа цохьсон, Ганбат ах гартаа барьсан модоор Ганболд ахын толгой хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиход таг гээд дуугарсан ба түүнийг газарт унахад Ганбат толгой нүүр хэсэгт нь 3-4 удаа гараараа цохьсон, хавирга хэсэгт нь 2 удаа өшиглөсөн”  гэсэн мэдүүлгүүд болон З.Ганболдын биед  чамархай ясанд шугаман, цөмөрсөн далд хугарал, хамрын ясанд далд хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх, эдийн гүн дэх цусан хураа, ховдолд цус харвалт, тархины эдэд няцрал, тархи доргилт, хуйханд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан тухай №50 дугаартай шинжээчийн дүгнэлт, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, нөхцөл байдал, гэмт үйлдэл хор уршиг хоорондын  шалтгаант холбоо зэргээр шүүгдэгч Г.Ганбатын үйлдлийн улмаас хохирогч З.Ганболдын биед  хүнд зэргийн гэмтэл учирсан, уг гэмт хэргийг Г.Ганбат нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна. Энэ үндэслэлээр өмгөөлөгч, шүүгдэгч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын  гомдлууд няцаагдаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганбатыг согтуугаар хохирогч З.Ганболдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон,  тухайн хэрэгт гэм буруутай гэж үзэж, ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга, шүүгдэгч Г.Ганбат, хохирогч З.Ганболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сүнжидмаа нарын  гаргасан “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлээр өөрчилж  өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 176 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга, шүүгдэгч Г.Ганбат, хохирогч З.Ганболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сүнжидмаа нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Т.ЭНХМАА

                                                                                  Г.БОЛОРМАА