Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 25

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

Ж.Баасанжавт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Б.Эрхэмбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Хүрэлбаатар

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ж.Баасанжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлоор эрүүгийн 2015 1802 0222 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1965 оны 01 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ариутгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуй 10-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарав овогт Жамбалын Баасанжав, /РДНЗ65011471/.

 

            Шүүгдэгч Ж.Баасанжав нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 22-23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Усны аж ахуйн 10-04 тоотод иргэн Ц.Гантөгсийг үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн заналхийлж, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулж, танхайн үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлэн, Ц.Гантөгсийн араас хөөж Маргад гэх дэлгүүрт очиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн заналхийж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны 181 дугаар шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Шарав овогт Жамбалын Баасанжавыг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баасанжавыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Баасанжавд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Ялтан Ж.Баасанжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж ял эдлэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцож,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Ж.Баасанжавын урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ж.Баасанжавын эзэмшлийн будаа агшаагч 1 ширхэг, цахилгаан тогоо 1 ширхэг эд зүйлсийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,

-Ялтан Ж.Баасанжав нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай хар өнгийн иштэй хутга, 19 см урттай шар өнгийн иштэй хутга 2 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ж.Баасанжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: “...Би гэртээ амарч байхад Гантөгс манайд орж ирээд надтай 0,75 граммын архи хувааж уусан бид түүнийгээ ууж дуусаад дахин 0,33 архи хувааж уусан. Ингээд бид хоёр хоёулаа согтсон байсан. Тэр надаас тамхи байна уу? гэж асуухаар нь ...Бид гадаа гарч муудахад Гантөгс намайг өшиглөөд унагаасан тэр надад түрүүлж халдлага хийсэн. Мөн манай хашааны хаалгыг өшиглөхөөр нь би тэр үйлдлүүдэд нь дургүйцэж согтуудаад түүний гарыг зүссэн байсан. Түүнээс би танхайраагүй. Энэ үйлдлээс болж Гантөгсөд хөнгөн гэмтэл учирсан. Гантөгс манайд ирж архи уугаагүй бол ийм асуудал болохгүй байсан. Би өндөр настай байнаг даралт ихэддэг үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Би танхайраагүй учир надад холбогдох энэ хэргийн зүйлчлэлийг өөрчлөн 181-2.2т зааснаар догшин авирласан түүнийгээ удтал үргэлжлүүлсэн зүйлчлэлээр сольж хорих ял ногдуулсныг тэнсэж өгнө үү, Би маш их гэмшиж байна дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Баасанжав 2015.02.05-ны өдөр хохирогч Ц.Гантөгстэй хамтран архидаж хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан юм. ... Дэлгүүрийн худалдагч шүүгдэгчийг  дэлгүүрт оруулаагүй байхад цагдаа нар ирсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч танхайрсан зүйл байхгүй. Иймд Ж.Баасанжавт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Анхан шатны шүүх шүүгдэгч  Ж.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл  хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

            Шүүгдэгч Ж.Баасанжав нь согтуугаар  2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 22-23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Усны аж ахуйн 10-04 тоотод үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ц.Гантөгсөд хүч хэрэглэн заналхийлж, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн танхайрсан, энэ үедээ  Ц.Гантөгсийг хутгалж, биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, танхайн үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлэн, Ц.Гантөгсийн араас хөөж “Маргад”  дэлгүүрт очиж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мэдүүлгийг газар  дээр нь  шалгасан  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтанд  үзлэг хийж, хураан авсан  тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Гантөгс, гэрч М.Ундраа нарын мэдүүлгүүд, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны  №80 дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1811, 19 дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Ж.Баасанжавын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг шалган тогтоосон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар  заасан хорих ялын   доод  хэмжээнээс доогуур ял оногдуулан шийдвэрлэжээ..

Шүүгдэгч  Ж.Баасанжавын “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 181.2.2-р өөрчилж, хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан  “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.1-р өөрчилж шийдвэрлэж өгнө үү”  гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь хохирогч Ц.Гантөгсийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Баасанжав тамхи гаргаж ирээд хөл рүү шидэж өгөхөөр нь “нохойд юм шидэж өгч байгаа биш дээ” гэхэд “чи яасан том зантай юм бэ” гээд гал тогооны өрөөнөөсөө хоёр хутга барьсан ирээд “ална чамайг” гээд дайрахаар нь би гараагаа хаасан, гэрээс гарч зугтсан. Араас гарч ирээд дайрахаар нь гараараа хаахад зүүн бугалганд хатгасан. Би хашаан дотор тойрч зугтахад “ална” гээд араас хөөгөөд байхаар нь хашааны хаалга тийрч гарч зугтаад, Ундраагийн дэлгүүрт орж цагдаа дуудуулсан. Гэтэл араас Баасанжав 2 хутгаа  бариад дэлгүүрт орж ирж “ална” гээд дайрсан. Ундраа түүнийг түлхэж гаргаад дотроос нь хаалгаа дараад байж байхад цагдаа ирсэн. Зугтаахад араас ирээд хэд хэд хатгасан юм шиг байна лээ. Өмсөж явсан куртка баахан зүсэгдсэн байсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Ундраагийн... 21-22 цагийн үед Гантөгс орж ирээд “намайг хүн хутгалчихлаа.цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Гараас нь цус гоожсон, куртканы гадна хэсэг 2-3 удаа  хутгалсан юм шиг урагдсан харагдаж байсан.

Цагаанаа ах хоёр гартаа хутга барьчихсан орж ирээд, тэр залуу руу  “би чамайг нэг мөр алнаа” гээд дайраад байсан, нөгөө залуу дэлгүүр доторх баганыг тойрч зугтаад байсан.Би Цагаанаа ахыг  түлхэж гаргаад оруулаагүй. цагдаа ирсэн мэдүүлэг, 24 см урттай хар өнгийн иштэй, 19 см урттай шар өнгийн иштэй, нийт 2 ширхэг хутгыг эд марийн баримтаар хураасан тогтоол, Ж.Баасанжавын хашаанаас М.Ундраагийн дэлгүүр хүртэлх зай 70 метр болохыг тогтоосон  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон схем зураг зэргээр шүүгдэгч Ж.Баасанжав нь согтуугаар, зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн танхайрч,  хохирогч  Ц.Гантөгсийн биед баруун сарвууны 4-р хурууны ар хэсэг, 1-р хурууны уг сорви, зүүн бугалганд шарх  бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ж.Баасанжавын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь зөв байна.

Түүнчлэн Ц.Гантөгс 2014 онд  Ж.Баасанжаваас 1600 000 төгрөг зээлсэн, түүнийгээ буцаан төлсөн, энэ талаар ямар нэгэн маргаангүй, өр авлагын асуудал байхгүй болохоо мэдүүлсэн хохирогч Ц.Гантөгс, шүүгдэгч Ж.Баасанжав нарын мэдүүлгээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын  “зээлээ төлсөнгүй, төл гэж шаардсан”  хувийн  таарамжгүй харьцаанаас болж гэмт хэрэг гарсан гэсэн түүний гомдол няцаагдаж байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ёстой боловч хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан  хорих ялыг жирийн  дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэх байтал  52 дугаар зүйлийн 52.5 гэж буруу бичсэн байх тул алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 3 дахь заалтанд өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  3  дахь заалтын  “52.5” гэснийг  “52.6” гэж өөрчилсүгэй.

              2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч  Ж.Баасанжавын “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 181.2.2-р өөрчилж, хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын  “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.1-р өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нь магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, улсын  ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Т.ЭНХМАА

                                                                                  Г.БОЛОРМАА