Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 26

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

Д.Лхагвадорж, Т.Очирцэрэн нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Ц.Цэцэгмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Энхтуяа

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Лхагвадоржийн гаргасан гомдлоор 2 хавтас 470 хуудас эрүүгийн 2015 1802 0222 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1984 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 заасан хэсгээр 350 цагийн албадан ажил хийлгэх ял, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хоног хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих хөнгөн ялыг 3 жил 1 хоногийн ял болох хүнд ялд багтааж.түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаарын магадлалаар Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар гэснийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон өөрчилж 6 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадожрид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар гэж өөрчилж шийтгэсэн, Сум дундын 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаарын захирамжаар 2 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багт оршин суух Сартуул овогт Дагийсүрэнгийн Лхагвадорж, /РД:НШ84082975/.

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1988 оны 05 сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багт Сүмбэр Баянлигт оршин суух Боржигон овогт Толягийн Очирцэрэн, /РД:НШ88050871/.

 

- Шүүгдэгч Т.Очирцэрэн нь Д.Лхагвадоржтой бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчим Төв аймгийн Сүмбэр сумын нутаг "Баруун тахилгат" гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, "Дэтмэнт" харуул хамгаалалтын албаны хамгаалалт хийж байсан газар луу иргэдийг уриалан очиж, "гэрээ буулга, эндээс зайл" гэх шалтгаанаар гэрийг нь нураасан,

- Шүүгдэгч Д.Лхагвадорж нь Сум дундын 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар захирамжаар 2 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа шүүгдэгч Т.Очирцэрэнтэй бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчим Төв аймгийн Сүмбэр сумын нутаг "Баруун тахилгат" гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, "Дэтмэнт" харуул хамгаалалтын албаны хамгаалалт хийж байсан газар луу иргэдийг уриалан очиж, "гэрээ буулга, эндээс зайл" гэх шалтгаанаар гэрийг нь нурааж танхайрсан,

-Мөн Д.Лхагвадорж нь танхайрах явцдаа хамгаалалтын албаны ажилтан Д.Эрдэнэбатыг зэвсгийн чанартай зүйл буюу “Униар” цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, ажилтан Н.Ганхуягийг зодож танхайрсан,

-Мөн Д.Лхагвадорж нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн байшингийн хороололын 3-6 тоотод оршин суух Г.Гансүхийн гэрт иргэн Т.Очирцэрэнг "хийж байгаа үйлдэл хорилоо" гэх шалтгаанаар шалтаглан зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,

- Мөн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сайн" ломбард руу нэвтрэн орж, ломбардны ажилтан М.Баасандалайн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, 1.226.880 төгрөгийг ломбарднаас дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны 153 дугаар шийтгэх тогтоолоор:  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, хуулийн 181 дүгээр зүйлийн  181.2.1,181.2.5 181.3, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 

-Шүүгдэгч Сартуул овогт Дагийсүрэнгийн Лхагвадорж, Толягийн Очирцэрэн нар нь бүлэглэн догшин авирлаж танхайрах, Д.Лхагвадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч Д.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Очирцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар  шүүгдэгч Д.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Т.Очирцэрэн, Д.Лхагвадорж нарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан ялаас тус тус 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж,

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялд хугацааны өмнө тэнсэн суллагдсан 2 сар 28 хоногийн хорих бүгдийг ялыг нэмж нэгтгэн, ялтан Д.Лхагвадоржийн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Очирцэрэнд оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, ялтан Д.Лхагвадоржид оногдуулсан 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Д.Лхагвадоржийн урьдчилан цагдан хоригдсон 275 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцож,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Очирцэрэнд оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн  Цагдаагийн газарт даалгаж,

-Эрүүгийн байцаан Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан Т.Очирцэрэн тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн тэнсэнгийн ялыг хорих ялаар солих болохыг дурьдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ялтан Д.Лхагвадоржоос 169.160 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнбатад олгож, 1.226.880 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М.Баасандалайд төлсөн, хохирогч Т.Очирцэрэн ялтан Д.Лхагвадоржоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг ялтан Т.Очирцэрэн нь 275.000 төгрөгийг хохирогч Ганхуягт төлсөн, хохирогч Ганхуяг нь  Т.Очирцэрэнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хохирогч, Д.Эрдэнэбат нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Д.Лхагвадоржийн хэрэг үйлдэх үед өмсөж явсан ногоон эрээн өнгийн саарал дотортой хүрэм 1 ширхэгийг ялтан Д.Лхагвадоржид буцаан олгож, СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж, 

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Т.Очирцэрэнг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Д.Лхагвадоржид  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусдад учруулсан хохирлоо 100% барагдуулсан. Мөн миний хийсэн үйлдэл нь дээрмийн санаа зорилго агуулаагүй, бусдын амь биед аюултайгаар уулгалан довтлож, заналхийлж, их хэмжээний хохирол бусдад учруулаагүй тул намайг зүйлчилсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан зүйл, ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар зүйлчилж өгнө үү. 2015 оны 06 сарын 02-ны өдөр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан 2 сар 28 хоногийг Ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан гаргасан өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү, надад сонсгосон эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5  гэсэн зүйл ангийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчилж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Учир нь би болон бид танхайн сэдэлт зорилготой сумын баруун тахилт  гэх алтны ууланд очоогүй байдаг юмаа. Манай Сүмбэр сумын маань иргэдийн хувьд амьжиргааны эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан боловч сүүлийн үед орон нутгийн уул болох “Баруун тахилт” гэх алтны уул болоод байгаа уулын хамгаалалт буусан сургаар болон Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах үүднээс тус газар очсон. Гэтэл биднийг очиход урьд өмнө байсан хамгаалалтын алба буугаад дахин өөр хамгаалалтын алба ирсэн гэх нэрийдлээр тэнд өөрсдийгөө хамгаалагч гэх ямар ч тодотгох зүйлгүй хүмүүс байсан. Мөн өөр орон нутгийн олон иргэд эмх замбараагүй байдалтай байсан.Тэдгээр хүмүүс өөрсдийгөө хамгаалагч гэх, хамгаалагч нарын буруутай үйл ажиллагаанаас болоод бидний хооронд үл ойлголцох асуудал бий болж, бид хоорондоо муудалцаж, харилцан цохилцох асуудал бий болсон юм. Гэтэл дан ганц намайг буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн.

Миний бие хэн нэгэн хүнтэй нийлж, бүлэглэн хүн зодоогүй, мөн хэн нэгэн хүнтэй нийлж гэр буулгаагүй. Тэнд байсан зарим гэрч болох хүмүүсийг олдохгүй байна гэж хэлж байцаалт аваагүй орхигдуулсан хэргийн бодит үнэн байдлыг тогтоогоогүй байж гэмт хэргийн шинж байдлыг зөвхөн өнгөц дурьдах төдийгөөр яллах дүгнэлт үйлдсэн гэж би бодож байна. Мөн прокурор Ц.Батбямба нь “Ломбард”-ны хохирлоо төлчих тэгвэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан зүйлчлэлийг өөрчлөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 болгож өгнө гэж хууран мэхэлсэн. Монгол улс минь ардчилсан шударга шүүхийн тогтолцоотой, Монгол улс минь шоронжсон улс орон биш. Гэтэл миний үйлдсэн гэх үйлдэл нь нийгэмд учруулсан гэм хор, гэмт хэргийн шинж чанараа бүрэн алдсан байдал намайг урьд өмнө нь алдаж оносноор нь дөрөөлөн, мөн өлсгөлөн зарлаж ажилд төвөг удлаа гэж уурлан хэт нэг талыг барьж миний эрх зүйн байдлыг дордуулж яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм. Миний бие өөрийгөө өмөөрч, би буруугүй, гэм зэмгүй гэж хэлэхгүй. Учир нь надад хийсэн буруутай үйлдэл бий. Би үүндээ маш их харамсаж, ухамсарлан буруутай үйлдлээ ойлгож байгаа.

Иймд эрхэм шүүгч та бүхэн дээрх хүсэлтийг минь тунгаан шүүж миний ар гэр, ахуй амьдралыг минь харгалзан үзэж шүүгдэгчид ашигтай талыг барьж хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтад дүгнэлт хийхэд:

Хохирогч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт ...Лхагвадорж гэр буулгаж, унь хугалаад ямар ч шалтгаангүйгээр намайг гэрийн униар нуруу болон гар хөл рүү 2-3 удаа цохиход унь нь хугарсан. Хугарсан униар дахин миний толгой руу цохихоор нь би зүүн гараараа хаахад миний зүүн гарын шуу гэмтсэн. Намайг газар унахад толгой цээж рүү дэвсэж, өшиглөсөн гэсэн мэдүүлэг, /хх-68-72, 213/

Хохирогч Н.Ганхуягын...Лхагвадорж, Очирцэрэн нар тэнд байсан хүмүүсийг уриалаад дайраад өг, алаад өг, хөөгөөд гарга гээд байсан. Гэрийн унь хугалаад намайг 2 удаа цохисон, манай хамгаалагч Эрдэнэбатыг газар унагаж байгаад униар цохиж байсан. Тэд их согтуу байсан гэсэн мэдүүлэг, /хх-212/

Гэрч Г.Мөнхсүхийн... Лхагвадорж газар хэвтээд зүүн гараа барьж байсан хамгаалагч ахыг нуруу, өгзөг хэсэгт нь өшиглөж байгаа харагдсан, унь барьсан байсан гэсэн мэдүүлэг, /хх-216/

Гэрч Т.Бат-Эрдэнийн... Лхагвадорж гэр нурааж, нэг хамгаалагч ахыг униар цохиж, зодоод байсан...тэр зодуулсан хамгаалагч ах зүүн гараа бариад байсан гэсэн мэдүүлэг, /хх-215/

Шүүгдэгч Т.Очирцэрэнгийн сэжигтнээр өгсөн... Лхагвадорж ах унийг авч хугалаад нэг настай хамгаалагч ахыг цохиход тэр ах зүүн гараараа өөрийгөө хамгаалахад Лхагвадорж ах зүүн гар руу нь униар цохиж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг, /хх-14/

Шүүгдэгч Д.Лхагвадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...би хохирогч Эрдэнэбатыг тухайн үед ямар хүн байсныг анзаараагүй. Нэг хүнийг цохьсон, гэхдээ униар биш, гараараа цохьсон гэсэн мэдүүлэг /хх-206/ болон хохирогч Д.Эрдэнэбатын биеийн зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан тухай №8815 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч  Д.Лхагвадорж нь танхайрах явцдаа хамгаалалтын албаны ажилтан Д.Эрдэнэбатыг зэвсгийн чанартай зүйл буюу “Униар” цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан болох нь нотлогдсон байхад шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Т.Очирцэрэн, Д.Лхагвадорж нар нь уг үйлдлийн талаар тодорхой мэдүүлээгүй, унь ашигласан нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ тогтоолд заагаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95.1, 95.2 дахь хэсэгт зааснаар шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг үнэлэхээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх журмыг зөрчсөнөөрөө хуульд нийцээгүй байна.

 Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Лхагвадоржийн үйлдсэн дээрмийн гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамааруулах нь зүйтэй гэж хууль эрх зүйн алдаатай дүгнэлтийг хийсэн, шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Д.Эрдэнэбатыг Б.Эрдэнэбат гэж, гэрч Т.Бат-Эрдэнийг М.Бат-Эрдэнэ гэж, гэрч Т.Бат-Эрдэнийг хохирогч Д.Бат-Эрдэнэ гэх мэтээр буруу бичсэн, түүнчлэн  үг үсэг, найруулгын алдаа их, утга санаа ойлгомжгүй бичигдсэнээрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр  зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй байгааг тэмдэглэж байна.

 Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч Д.Лхагвадоржийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1, 317.1.2, 317.1.4, 319 дугаар зүйлийн 319.1.3, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Т.ЭНХМАА

                                                                                  Г.БОЛОРМАА