Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 14

 

                                   

 

 

 

 

 

 

 

Т.Хүдэрчулуун, М.Ганзориг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Ц.Батбямба

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Цэндбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Манлайбаатар нарын гаргасан гомдлоор Т.Хүдэрчулуун, М.Ганзориг нарт холбогдох 6 хавтас 957 хуудас эрүүгийн 2015 1900 0203 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, геологийн техникч мэргэжилтэй, ам бүл-2 эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дунд Давааны 1-4 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан, мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай Төв аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Хан-Уул дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан, 2004 оны 01 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2014 онд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 792 дугаартай  тогтоолоор 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн. Адуучин овогт Цэгмид овогтой Лхагвасүрэн, /РД:ШГ58052119/.

Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын дотоод засалчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын задгайд оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Сум

дундын 2 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 517 дугаарын Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 123.21-д зааснаар 4 жилийн хорих ялаар, шийтгэгдсэн, 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн  56 дугаартай Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр 11 жил 7 сарын хорих ял оногдуулсаныг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буцаан хэрэглэж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 209 дугаарын Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө чөлөөлөгдсөн, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 606 дугаартай Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ялаас хугацаа дуусч суллагдсан. Боржигон овогт Гантогтох овогтой Санждамба, /РД:УА78071513/

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын өрлөгчин, мужаан мэргэжилтэй, ам бүл-2, ахын хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн Энгэр шанд 1-11 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаарын Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг 2003 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 72 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 6 сарын баривчлах ял болгон өөрчилсөн, 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаас 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 336 дугаар шүүгчийн захирамжаар ял эдлэхээс хугацааны өмнө тэнссэн суллагдсан, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 231 дугаарын Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаарын шүүгчийн захирамжаар ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан. Өлзий овогт Түмэн-Өлзий овогтой Хүдэрчулуун, /РД:УА85062512/

Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 63-0996 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаарын шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлж байсан. Боржигон овогтой Баасанхүүгийн Батжаргал, /РД:НИ82022353/

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 64-1019 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял, мөн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаарын шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогтой Мягмарсүрэнгийн Ганзориг, /РД:НИ83070216/.

Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо 3 хэсэг 1276 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар  сарын 14-ний өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,  уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлж байсан. Боржигон овогтой Эрдэнэчулууны Сүхтулга, /РД:УК92112211/.

 

Шүүгдэгч Г.Санждамба нь ялтай байхдаа, шүүгдэгч Т.Хүдэрчулуун нь тэнсэнгийн хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын  13-14-нд шилжих шөнө бүлэглэн 48-02 УБИ улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Сэргэлэн сумын  нутаг Эмээлтийн энгэр гэх газраас Д.Цэндбаатарын 1 морь хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол, Б.Ганзоригийн 1 морь хулгайлж 1.500.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн ялтай байхдаа Т.Хүдэрчулуун, Г.Санждамба нарын дээрх гэмт хэргийг мэдсээр байж үл мэдээлсэн,

Т.Хүдэрчулуун нь Э.Сүхтулга, М.Ганзориг нар бүлэглэн 11-53 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Архуст сумын нутаг Ноён шанд гэх газраас 2015 оны 10 дугаар сарын 22-ны шөнө иргэн Чулуунбаатарын 2 үхэр хулгайлж 2.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Б.Батжаргал, М.Ганзориг нар бүлэглэн 32-15 УНК улсын дугаартай Приус маркийн  тээврийн хэрэгсэл ашиглаж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутгаас 2015 оны 08 дугаар сарын 19-ний шөнө иргэн П.Дэлгэрийн 1 үхэр хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ны 90 дугаар шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Сүхтулга, Боржигон овогт Гантогтохын Санждамба, Боржигон овогт Мягмасүрэнгийн Ганзориг, Өлзий овогт Түмэн-Өлзийгийн Хүдэрчулуун, Боржигон овогт Баасанхүүгийн Батжаргал нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, Адуучин овогт Цэгмидийн Лхагвасүрэнг гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нарт холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хулгайн гэмт хэргийг, Ц.Лхагвасүрэнгийн үл мэдээлсэн гэмт хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгож,

-Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар нь хохирогч Д.Цэндбаатарт 3.000.000 төгрөгний хохирлыг төлөхийг илэрхийлсэн, хохирогч Дэлгэр, Чулуунбаатар нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурьдаж,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Э.Сүхтулга, Б.Батжаргал нарын эд хөрөнгийг  хураахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулуунд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын хорих ялын зарим болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Э.Сүхтулга, Б.Батжаргал нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулууны 210 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцож,

-Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Сүхтулга, М.Ганзориг, Б.Батжаргал нарт оногдуулсан  хорих ялыг тэнсэж ялтан тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Сүхтулгад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, М.Ганзоригт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Б.Батжаргалд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Э.Сүхтулга, М.Ганзориг, Б.Батжаргал нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж,

-Б.Санждамба, Ц.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан  сэргийлэх арга хэмжээг хүчингүй  болгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Санждамбын хонгор морь, хүрэн морь, Занданбалын эзэмшлийн 48-02 УБИ улсын дугаартай Соната-2 маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл, Хан Агьт ХХК-ний эзэмшлийн 65-83 УНЯ улсын дугаартай Соната-6, НЭТКАПИТАЛ ФИНАНС ББСБ-ын 32-15 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, Гуртын Тавилан ЗГБХ нөхөрлөлийн эзэмшлийн 11-53 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 18, 2015 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 10 дугаар сарын 16, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт буцаан олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх  хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээлийг хууль ёсны эзэмшигч  Т.Хүдэрчулуунд буцаан олгож, ногоон өнгийн 5 метр олс, 4 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар устгаж, 2 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Санждамба 92 хоног, М.Ганзориг 140 хоног, Э.Сүхтулга 35 хоног цагдан хоригдсон, Ц.Лхагвасүрэн, Б.Батжаргал нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

-Ялтан Т.Хүдэрчулууныг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,

-М.Ганзоригт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Ганзориг, Б.Батжаргал, Э.Сүхтулга, Г.Санждамба, Ц.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Т.Хүдэрчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Цэндбаатар давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх нь хохирогчид мэдэгдэхгүй шүүх хурал хийсэн, Хан-Үнэлэмж компанийн миний хурдан халиун морийг 10 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг танилцуулалгүй зөвхөн яллагдагчийн талаас үнэлсэн 3 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шүүх хуралд танилцуулж шийдвэр гаргасныг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

Хохирогч Г.Манлайбаатар давж заалдах гомдолдоо: “Манай дүү Төв аймгийн Архуст сумын 1-р багийн иргэн Чулуунбаатарын 2 үхрийг 2015.10.22-ны шөнө хулгайлж хохирол учруулсан дараах хүмүүсээс Сүхтулга, Ганзориг нар нь өөрт ноогдох хохирлыг барагдуулсан байдаг. Гэтэл Т.Хүдэрчулуун нь хохирол барагдуулаагүй. Төв аймгийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолын 3 дахь заалтаар Т.Хүдэрчулуунийг хохирлоо барагдуулсан хэмээн дурьджээ. Иймээс хохирогч миний бие давж заалдах шатны шүүхийн хуралд гомдол гаргаж Т.Хүдэрчулуунаар хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.    

Шүүх хуралд оролцсон прокуророос: “...Хохирогч Д.Цэнбаатарын хулгайлагдсан халиун морийг хурдан гэдэг нь нотлогддоггүй. Тийм байхад Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болох 3 сая төгрөг бол өндөр үнэлгээ гэж ойлгодог.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар бүлэглэн иргэн  Д.Цэндбаатарын 1 морь хулгайлсан гэмт хэргийн хувьд уг хамар цагаан халиун морь нь даагандаа  4 удаа айрагдаж байсан, хурдан зээрд азарганы үр төл гэж хохирогч мэдүүлсэн байх ба энэ нь хурдан морь мөн эсэх, нутаг усныхан нь хурдан болохыг нь хүлээн зөвшөөрдөг эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ морины үнэлгээний хувьд хохирогчийн үнэлгээ 15 сая төгрөг, Хан үнэлэмж ХХК-ийн үнэлгээ 10 500 000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ 3000 000 төгрөг гэсэн хоорондоо эрс зөрүүтэй үнэлгээнүүд гарсан байна. Ямар учраас Ашид билгүүн ХХК-ийн 3.000.000 төгрөгийн үнэлгээгээр хохирлыг тооцсон болох, үнэлгээг  ямар нотлох баримтанд үндэслэж гарсан болох нь тодорхойгүй байхад хэргийг  эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтайгаас гадна үнэлгээ эрс зөрүүтэй байгаа тохиолдолд дахин гаргуулах шаардлагатай.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд хохирогч Г.Чулуунбаатарын хохирол төлөгдсөн гэж дурьдсан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирол бүрэн төлөгдөөгүй, гэм хор арилаагүй байхад  үндэслэлгүй дүгнэж, гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулалгүй шийдвэрлэжээ.  

 

Дээрх үндэслэлээр  хохирогч Д.Цэндбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Манлайбаатар  нарын “хохирлын үнэлгээг эс зөвшөөрсөн, мөн хохирол төлөгдөөгүй” талаарх гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар хулгайн гэмт хэргийг  үйлдэхдээ морь, автомашин хэрэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг хэрэглээгүй нь буруу байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тогтоол гаргахдаа шүүхийн дүгнэлтэнд нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас гадна хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан  нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлгүүдээс ямар учраас заримыг үнэлсэн болон үгүйсгэж байгаа үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Иймд хохирогч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг мөрдөн байцаалтанд  буцааж  шийдвэрлэлээ.         

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1, 317.1.2, 317.1.4, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

2. Хохирогч Д.Цэндбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Манлайбаатар  нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсныг дурьдсугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                           ШҮҮГЧИД                                      Т.ЭНХМАА

                                                                                 Г.БОЛОРМАА