Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 83

 

С.Тө-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч                                         Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

                                                          Ц.Амаржаргал

Прокурор                                          А.Оргилбаяр

Ялтны өмгөөлөгч                             Р.Лхамсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч П.Баттулга, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Са-ийн Тө-т холбогдох эрүүгийн 201509000101 тоот, 171/2015/0154/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 3-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цэ овогт Са-ийн Тө /РД:**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Тө- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах 70 дугаар брак байрны коридорт 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1200 цагийн орчим иргэн С.Зо-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн С.Зо-ыг 9 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 113 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Цэ овогт Са-ийн Тө-ыг онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар шүүгдэгч С.Тө-т 7 жил 10 хоног /долоон жил арав хоног/-ийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Тө-т оногдуулсан 7 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тө-т оногдуулсан 7 жил 10 хоног хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, эдлэх ялыг 5 жил 10 хоног хорих ялаар тогтоож

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч С.Тө-ын энэ хэрэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон, ял эдэлсэн 446 /дөрвөн зуун дөчин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Тө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Р.Лхамсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...С.Тө нь хохирогчийн эмчилгээний зардалд хэрэгт авагдсан баримтын хүрээнд 1.376.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болон хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна... гэжээ.

Ялтны өмгөөлөгч Р.Лхамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...С.Тө-ыг хохирогч цохиж куртканых нь захаар өөрийг нь боосон болох нь куртканых нь зах 60-70 см уранхай гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. С.Тө-ын амьсгаа боогдож, тавиулахын тулд карманаасаа тонгорог гаргаж тонгоргыг дээш савчсан. Хохирогчид 11 тооны шарх үүссэн гэдэг, одоо 9 тооны шарх болсон. Хохирогчид учирсан шархны 2 нь хөнгөн гэмтэл юм. С.Тө- хохирогчийг хаана нь хутгалж байгааг хараагүй, тонгоргыг дээш савчиж байсан. Хохирогч зүүн талын чихийг огт сонсголгүй болгосон гэж мэдүүлсэн. Гэтэл Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “хохирогчийг урьд нь чихний сонсгол муу байсан, хутганы гэмтлийн улмаас чихэн тус газар гэмтэл үүсээгүй” гэж тогтоогдсон. Хохирогч өөрийгөө хамгаалж мэдүүлэг өгдөг болохоос үнэн зөв мэдүүлэг өгөөгүй. Нотлох баримтын хүрээнд хохирогчид хохирлыг хангалттай өгсөн. Ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилнэ гэсэн, энэ талаар баримт байхгүй учраас төлөөгүй. Хохирогчид олон тооны гэмтэл учруулсан бүрийг онц харгис аргаар учруулсан гэж үзэж болохгүй. Харин “өөрийн үйлдлийн харгис хэрцгийг урьдчилан харж санаатай үйлдсэн байхыг онц харгис аргаар гэмт хэрэг үйлдсэн” гэж үзнэ гэж заасан. Дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүйд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. С.Тө- 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. С.Тө-ын 2 гар нь саажилттай. Хорих ялыг эдэлж амьд гарч ирнэ гэдэг нь эргэлзээтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос С.Тө-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах 70 дугаар брак байрны коридорт 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1200 цагийн орчим иргэн С.Зо-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн С.Зо-ыг 9 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд С.Тө-ыг онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар 7 жил 10 хоног /долоон жил арав хоног/-ийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тө-т оногдуулсан 7 жил 10 хоног хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, эдлэх ялыг 5 жил 10 хоног хорих ялаар тогтоохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтны өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн “...С.Тө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулахыг хүсч байна...” гэх гомдлын дагуу С.Тө-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэхэд:

Ялтан С.Тө- нь  С.Зо-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн С.Зо-ыг 9 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 хуудас/, хохирогч С.Зо-ын мэдүүлэг /хх-ийн 32-36 хуудас/, гэрч Э.Хо-ын мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/, гэрч М.Тү-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/, гэрч Ү.Норовын мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,  насанд хүрээгүй гэрч Т.Мө-ын мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/, гэрч Д.Эн-ын мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.От-ийн 2015 оны 02 сарын 24-ний өдрийн №299 дугаартай дүгнэлт /хх-ийн 86 хуудас/, Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлэгийн №27/15 тоот магадлагаа /хх-ийн 86 хуудас/, хохирогч С.Зо-ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 131-156 хуудас/, давтан, бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 03 сарын 14-ны №341 тоот дүгнэлт /2-р хавтас, хх-ийн 179-180 хуудас/, Гэрч Д.Ит-ийн мэдүүлэг /2-р хавтас хх-ийн 181 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс ялтны үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс болсон хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн,  С.Тө-т хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулсан ба ял нь ялтны үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирсон тул ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                            Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                                Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ