Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2026/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б************* ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г************* ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д************* ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.М************* ,

Гуравдагч этгээд: Б.О************* нарын хоорондын Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжийг хүчингүй болгохтой холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г************* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д************* , П.М************* , гуравдагч этгээд Б.О************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгч С.Л*************-с Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаар захирамжаар нэхэмжлэгчид М*************  сумын 14 дүгээр баг 4-6 тоот хаягт байрлах 154 м.кв газрыг Гэр орон сууцны хашааны газар-ын зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ.

2.2. Улмаар Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрхийн цуцлах тухай А/311 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг иргэн Б.О************* ийн орц гарцыг хааж газар эзэмшүүлсэн нь зөрчилтэй гэсэн үндэслэлээр түүнд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч (1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал), урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/2273 тоот албан бичгээр ...М*************  сумын Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байна гэсэн хариуг өгч, ийнхүү нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С.Л************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Л************* надад Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Хөвсгөл аймгийн М*************  сумын *** дүгээр багийн *** гудамжны *** тоотод байрлах, нэгж талбарын 67************* дугаартай, 154 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэтэл Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дугаартай Газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж гаргасан байх ба уг захирамжийн 1 дэх заалтад ...сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаар захирамжийн хавсралт 10 дахь хэсгийг хүчингүй болгосугай... гэж надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан байна.

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамж нь надад олгосон газар эзэмших эрхийг цуцлах, эсхүл хүчингүй болгоод байгаа аль нь болох нь тодорхойгүй байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлуудыг заасан байх ба мөн зүйлийн 39.1.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.2-т Газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, 39.1.3-д Эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, 39.1.4-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 39.1.5-д Газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад миний бие газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлтийг гаргаагүй учраас миний газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл үүсээгүй байна.

Мөн Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжийн 1 дэх заалтад ...иргэн Б.О************* ийн орц гарцыг хааж газар эзэмшүүлсэн нь зөрчилтэй байгаа тул ... хүчингүй болгосугай... гэсэн нь өөрөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2-т Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.3-д Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.4-д Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, 40.1.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7-д Газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан гэж заасан байх ба Засаг даргын захирамждаа дурдсан үндэслэл нь эдгээрийн алинд ч хамаарахгүй байна.

Мөн М*************  сумын Засаг дарга захирамжийнхаа удиртгал хэсэгтээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15 дахь заалтыг үндэслэсэн байсан. Уг хуулийн заалтад сумын Засаг даргын олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх гэж заасан байхад Газрын тухай хуулийн ямар заалт, журмыг зөрчсөн талаар захирамжаа дурдаагүй байна.

Миний дээр дурдсан үндэслэлүүдээс дүгнэхэд Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн А/311 дүгээр захирамж нь эрх зүйн үндэслэлгүй захирамж болохыг харуулж байна. Мөн Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүй гэж үзэж байна. Учир нь Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргаас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний нэрээр хаягласан албан бичиг ирсэн хэдий ч уг албан бичигт газар эзэмших эрхийг цуцлах болсныг л мэдэгдсэн утгатай байснаас биш сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл огт байгаагүй. Өөрөөр хэлбэл зөвхөн мэдэгдэл өгснийг сонсох ажиллагаа явуулсан гэж ойлгохгүй.

Иймд Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн А/311 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.О************* ийн орц, гарцыг хаасан гэх үндэслэлээр манай газрын гэрчилгээг хүчингүй болгож, цуцалсан. Б.О************* ийн хувьд М*************  сумын айл, өрхүүдийн нийтлэг байдлын дагуу хаалгаа хойшоо харуулж орц, гарцаа байгуулах боломжтой байсан боловч баруун тийш харсан байдлаар орц, гарцаа гаргасан байдаг. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Л*************-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд уг гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х*****8 овгийн С.Б*************  (РК************* ) нь 14 дүгээр багт гэр орон сууц хашаа-ны зориулалтаар 154 м.кв талбай хэмжээтэй тус газар нь 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн М*************  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 02 тогтоолоор 2023 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө батлах тухай тогтоолын 03 дугаар баганад батлагдсан. Сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаар захирамжийн хавсралтын 10 дахь заалтаар тухайн иргэнд эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг.

Сумын Засаг дарга Х.Т************* , сумын Засаг даргын орлогч Б.Д************* , нарын өмчлөл хариуцсан газрын даамал Л.Г************* , хэвлэл мэдээллийн ажилтан н.М************* миний бие Иргэн Б.О************* ийн гаргасан гомдлын дагуу тухайн газартай очиж танилцсан. Тухайн үед С.Л************* ээж, Б.О*************  эхнэрийн хамт байсан. Б.О************* ийн хашааны хаалгыг хааж эзэмшүүлсэн байсан. Б.О*************  нь гэртэй орохын тулд С.Л*************-ын хаалгаар дамжиж өөрийн гэртээ ордог, С.Л*************-ынх хашааны хаалга түгждэг, машин болон үл хөдлөх хөрөнгөө хашаандаа оруулж чаддаггүй гэсэн гомдолтой байсан. Тухайн үед Засаг дарга С.Л*************-ын ээжид танайх энэ түгжсэн цоожоо аваа энэ хөрш айлаа чөлөөтэй нэвтрүүл, дараагаар нь цуцлах арга хэмжээ авна. Мэдэгдэх хуудас өгөхийг газрын даамалд даалгаж байсан, энэ нь өөрөө тухайн иргэний ээжид хэлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т буюу биечлэн уулзаж сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дөрөв дүгээр хэсгийн 4.2.3 дэх хэсэгт Тухайн газрын даамал хээрийн судалгаа хийгээгүй нь улмаас энэхүү маргаан үүссэн гэж үзэж байна. Иймд С.Л*************-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М*************  сумын даамал: 2019 оноос эхлэн гуравдагч этгээд Б.О*************  тухайн газарт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Харин нэхэмжлэгч С.Л************* 2023 онд газрын талаар өргөдөл гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо М*************  сумын газрын даамал тухайн газар дээр хээрийн судалгаа хийгээгүйгээс болж ийм нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хэрэв хээрийн судалгааны ажил хийгдсэн бол Б.О************* ийн газар тухайн байршилд байгааг мэдэх боломжтой байсан бөгөөд дахин газар олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохгүй байх нөхцөл бүрдэх байсан гэж үзэж байна. Иймд уг нөхцөл байдал үүссэн гэжээ.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Л*************-ын нэхэмжлэлийн шаардлагад М*************  сумын Засаг даргын орлогч миний бие тайлбар хэлье. Нэхэмжлэгч С.Л*************-т олгосон газар нь 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 2023 оны 02 дугаар сард гарсан А/28 дугаартай захирамжаар олгогдсон. Иргэн Б.О*************  2019 оноос эхлээд тухайн газар оршин сууж, амьдарч байгаа. Орц, гарцын хувьд тухайн газар нь хоёр талын айлын дундын гарц, орц дээр үлдсэн газар байсан. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дугаартай захирамжаар цуцалсан. М*************  сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн бүсийг тусгасан байдаг. 2010 онд М*************  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор М*************  суманд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах газруудыг тогтоосон. Уг тогтоолын дагуу үйлдвэрлэлийн бус газар буюу гэр бүлийн хэрэгцээний газар үйлчилгээ явуулж байна гэх шалтгаанаар тухайн орчинд амьдарч буй иргэдээс удаа дараа гомдол ирүүлж байсан. Зөвхөн Б.О************* ээс ирүүлсэн гомдол биш, манай байгууллагын өргөдөл гомдол хүлээн авдаг утас болох 1101 дугаарт болон амаар, бичгээр ирүүлсэн гомдлууд байдаг. Гуравдагч этгээд Б.О************* ийн орц гарцын асуудал яригдаад зогсохгүй тухайн орчинд амьдарч буй айл өрхүүд нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гарч буй дуу, чимээ тэдний амьдрах орчинд нөлөөлж байна гэсэн иргэдийн гомдол удаа дараа ирсэн тул дээрх захирамжийг цуцалсан гэв.

5. Гуравдагч этгээдийн тайлбар.

5.1. Гуравдагч этгээд Б.О*************  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Батцэнгэл овогтой Очирсүх нь М*************  сумын ... дүгээр хороо, .... тоотод эхнэр 3 хүүхдийн хамт 2019 оноос хойш оршин сууж байна. Миний бие 2024 онд М*************  сумын ... дүгээр багийн ... тоотын газар эзэмших эрхийг цуцлуулах тухай өргөдлийг холбогдох баримтын хамт М*************  сумын Засаг даргын тамгын газарт өгсөн юм. Үүний дагуу 2025 оны 03 дугаар сард М*************  сумын Засаг дарга, М*************  сумын 2 газрын даамал, хэвлэлийн албаны хүмүүс ирж тухайн газрын байр байдлыг харж танилцан сонсох ажиллагаа явуулсан. 2021 онд манайх тухайн газар хүүхдийн элсний воллейболын талбай засан зориулалтаар ашиглаж болох талаар М*************  сумын газрын даамлаас асууж хандахад нийтийн эзэмшлийн зай талбай буюу гарц гаргалгааны талбайг өмчлөн эзэмших эрх, хууль байхгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл 2023 оны 02 дугаар сард тухайн газрыг С.Л*************-т эзэмшүүлснээр бидний амьдралын тав тух, зорчих эрх, эд хөрөнгөө хамгаалах, сэтгэл санааны хохирол, эд хөрөнгийн хохирол, аюулгүй байдал зэрэг нь алдагдаж бүх зүйл муугаар эхэлсэн. Манайх давхар гудамж бөгөөд манай урд талд байрлах өгөөж дэвшил хиамны цехийн давуу эрхээр авсан газар юм. Давуу эрх гэдэг нь захирал эмэгтэй нь өөрөө хаалга хаасангүй гэж үргэлж манайд ирсэн хүмүүс, манай хүүхдүүдийг загнадаг байсан учир манай эхнэр яагаад нийтийн эзэмшлийн гарцтай газрыг авсан юм бэ гэхэд мөнгийг нь өгөөд авсан юм чинь чи яах юм, гэрчилгээ нь байгаа чи яаж ч чадахгүй гэж ажилчидтайгаа нийлж намайг хот руу ажлаар явсан хойгуур жирэмсэн эхнэрийг минь дайрч доромжилж хаалгаа буулга хойш нь гарга гэх мэтээр хувцаснаас нь татаж чангааж маргаан үүсгэсэн байсан. Ө************* хиамны цех нь 2-3 айлын хэмжээтэй, том газартай хэдий ч манай зэргэлдээ байдаг жижиг газарт шунаж, айл өрх амьдардаг гэр хорооллын дунд газраа зориулалтын бусаар ашиглаж зөвхөн өөрсдийн үйл ажиллагаа, өөрсдийн үйл ажиллагаа, өөрсдийн эрх ашгийг нэгт тавьж үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн авсан газраараа түгээлтийн машинуудаа оруулж хиамнуудаа ачиж гарах зориулалттай ингэж хойшоо хаалга гаргасан тийм учраас энэ газраар дамжин манай урсгал ингэж хойшоо гарах ёстой гэж М*************  сумын Засаг дарга холбогдох ажилтнуудад сонсох ажиллагаа явуулсан үеэрээ тайлбарласан юм. Гэтэл манайх болохоор гарах орох эрхгүй, машинаа оруулах эрхгүй. Хол ойроос хүн ирэхэд маш хүндрэлтэй байдаг. Хашааныхаа хаалгыг хойш нь гарга, хурдан гарга гэж ажилчид нь болон захирал эмэгтэй, түүний аав нь гээд ууртай, амтай болгон нь дарамталдаг. Элсний талбайгаа энэхүү газрыг С.Л*************-т эзэмшүүлж өгнө гэж бодоогүй, үргэлж гарц гаргалгааны газар хэвээр байна гэж бодсоны улмаас буюу байшингийнхаа хажуу талд буюу хаалга гаргах боломжгүй болгож тайлбай зассан юм. 2023 оны 7 дугаар сард хашаа барьж хаалга хийснээр орох гарах гарц хаагдсан. 2023 оны өвөл түгжээ хийж үүнээс хойш 2 жил гаран машин бүү хэл өөрсдөө ч гарах орох хэцүү болсон. Жилийн 4 улирал машин маань гадаа байдаг. Хүн ирсэн ч ийм байдалтай байдаг. Машинд минь муу зүйл тохиолдох вий гэж бодож нойргүй хоносон шөнүүд цөөнгүй. Өдрийн цагаар хиам түгээлтийн машинууд нь хальт хаалгаа онгойлгож орох хооронд нь машинаа тухайн газарт нь байрлуулж юм зөөх хооронд манай машины хойд их гэрлийг түгээлтийн машин нь мөргөж хагалсан. Ард багааж хаагдахгүй болтлоо хонхойлгож, ар гуферийг нь солих хэмжээний болтол нь маш их хохиролтойгоор мөргөж гэмтээсэн хэдий ч хохирлыг минь бүрэн барагдуулаагүй. Захирал эмэгтэй нь яасан их мөнгө нэхдэг юм өгч чадахгүй хэмээн хэл амаар доромжилсон. С.Л************* хамт явж үнэлгээ хийлгэсэн юм. Үүнээс хойш хэл амнаас нь айж, машин зурах, шүргэх бол бидний хувьд асуудал биш болтлоо эвлэрсэн. Манайх бага насны 3 хүүхэдтэй 2024, 2025 онд төрсөн хүүхдүүд маань өөрийн хашаандаа нэг ч удаа салхилж, агаарлаж үзээгүй. Учир нь үйлвэрийнх нь хөргүүр, хөргөгчний дуу чимээ маш их ажилчдын хөл хөдөлгөөн бохир махны үнэр хог хаягдал гэх мэт зүйлүүд маш таагүй орчныг бий болгодог. Зуны бүгчим өдрүүдэд ч цонхоо онгойлгож агаар сэлгэхэд хүндрэлтэй байдаг. Хүүхдүүд минь хашаанаасаа ч гарах эрхгүй байдаг. Тухайн авсан газар буюу манай хашааны хаалга онгойход шулсан малын яс маш ихээр бөөгнүүлж өмхийрүүлсэн, өөх тосны хаягдал, энд тэндгүй асгаран гоожуулсан цус эвдэрсэн тоног төхөөрөмжүүд гээд олон таагүй зүйлсүүд байдаг. Нохой муур байнга холхино. Ажилчид нь манай 00 руу зөвшөөрөлгүй байнга тухайн газраар дамжин орно. Ажилчдын хамаарал бүхий хүн согтуу ирж хашаа эвдэж, архи нэхэж агсам согтуу тавьж байсан ч удаа бий. Иймд С.Л*************-т олгосон тухайн газрыг цуцалсан М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байгаа тул тайлбарыг минь хүлээн авна уу. Энэхүү давуу эрх олгож шударга бусаар эзэмшүүлсэн газрыг нийтийн эзэмшлийн газраар нь хэвээр үлдээж өгнө үү. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн заалтын дагуу бидний цаашид амьдрах орчин нөхцлийг минь харгалзан үзэж нийтийн эзэмшлийн гарц гаргалгааны газар хэвээр үлдээж өгөхийг дахин дахин хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

5.2. Гуравдагч этгээд Б.О*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2019 оноос хойш тухайн газарт амьдарч байна. Орц, гарцын хувьд манай хашаа гурван талдаа гудамж руу харсан гурван хаалгатай байсан. 2020 онд өөрийн эзэмшлийн газрыг сунгуулах хүсэлтийг газрын албанд гаргасан боловч шийдэгдээгүй. 2021 онд дахин хүсэлт гаргахад тухайн газар нийтийн эзэмшлийн газар учир боломжгүй гэдэг хариу өгсөн. Хэрэв уг газрыг эзэмших бол баруун болон урд талын айлуудаас зөвшөөрөл авах шаардлагатай гэх тайлбар өгсөн. Би зуны улиралд хүүхдүүдэд волейболын сургалт явуулдаг тул өөрийн эзэмшлийн газрыг сунгуулснаар талбайн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж үзэн хүсэлт гаргасан. Гэвч хашааны гурван талын хаалганы байрлал болон тухайн газар нь нийтийн эзэмшлийн зориулалттай гэсэн үндэслэлээр сунгах боломжгүй гэж мэдэгдсэн. Иймд боломжгүй гэж үзсэн тул байшингийнхаа хойд талд хүүхдүүдийг хөгжүүлэх зориулалттай элсний волейболын талбай байгуулсан гэв

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс ...надад олгосон газар эзэмших эрхийг цуцлах, эсхүл хүчингүй болгоод байгаа эсэхийн аль нь болох нь тодорхойгүй... миний бие газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлтийг гаргаагүй учраас газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл үүсээгүй байна. Мөн Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцэхгүй ... Газрын тухай хуулийн ямар заалт, журмыг зөрчсөн талаар захирамждаа дурдаагүй ... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүй ... гэж, хариуцагчаас ...Б.О************* ийн хашааны хаалгыг хааж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн ... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т буюу биечлэн уулзаж сонсох ажиллагаа хийсэн ... Мөн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4 дүгээр хэсгийн 4.2.3 дэх хэсэгт зааснаар тухайн газрын даамал хээрийн судалгаа хийгээгүйн улмаас энэхүү маргаан үүссэн... гэж тус тус маргажээ.

3.  Хөвсгөл аймгийн М*************  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор (1 дүгээр хавтаст хэргийн 48-71 дүгээр тал) М*************  сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тус төлөвлөгөөнд М*************  сумын 14 дүгээр баг, 4а гудамжид байрлах 154 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд шинээр олгох газарт хамааруулсан байна.

4.  Улмаар Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаар захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 106-108 дугаар тал) нэхэмжлэгчид М*************  сумын 14 дүгээр баг, 4-6 тоот хаягт байрлах 154 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалттайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

5.  Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал) Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 4 дүгээр хэсгийн 4.2.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг иргэн Б.О************* ийн орц гарцыг хааж газар эзэмшүүлсэн нь зөрчилтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байна.

6.  Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах М*************  сумын 14 дүгээр баг, 4а-5 тоот 370 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг иргэн Л.Адъяасүрэнгээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр (1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр тал) худалдаж авч, Г-1723005777 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг (1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар тал) олгожээ.

7.  Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжийн үндэслэлд Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасныг үндэслэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо М*************  сумын газрын даамал тухайн газар дээр хээрийн судалгаа хийгээгүйгээс болж ийм нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлажээ.

8.  Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг зааж өгсөн бөгөөд 4.2.3-т Хээрийн судалгаа хийх гэж заасан бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар сумын газрын даамал байна.

9.  Гэтэл төрийн захиргааны байгууллага нь журмаар хүлээсэн үйл ажиллагаагаа зохих ёсоор хэрэгжүүлээгүй байдлаа газар эзэмшигчид хамаатуулж түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй.

10.   Нөгөөтэйгүүр захирамжийн үндэслэлд дурдаж буй дээрх журам нь Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/65 тоот тушаалаар хүчингүй болсон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар тус журмыг шинэчлэн баталсан буюу хариуцагчаас хүчингүй болсон журмыг маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэлээ болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

11.   Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн газар гэж тайлбарлах боловч тус газрыг нийтийн эзэмшилд авсан шийдвэр гараагүй талаар шүүх хуралдаан дээр хариуцагчаас тайлбарласан, мөн Хөвсгөл аймгийн М*************  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор тус газрыг иргэнд эзэмшүүлж болох газарт хамааруулж шийдвэрлэжээ.

12.   Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж тус тус заасан.

13.   Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч нь газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд хамаарч буй газрыг эзэмшихээр иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан нөхцөлд эзэмшүүлэхээр зохицуулсан байна.

14.   Гэтэл нэгэнт иргэнд эзэмшүүлж болох газар гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж иргэнээс газар эзэмших хүсэлт гаргасан, нөгөөтэйгүүр нийтийн эзэмшлийн газар болгохоор шийдвэрлэсэн аливаа шийдвэр гараагүй нөхцөлд сумын Засаг даргаас газар эзэмших эрхийг нийтийн эзэмшлийн газар гэсэн үндэслэлээр хүчингүй болгож буй нь үндэслэлгүй юм.

15.   Маргаан бүхий захирамжийн үндэслэлд иргэн Б.О************* ийн орц гарцыг хааж газар эзэмшүүлсэн нь зөрчилтэй байгаа гэж дурджээ.

16.   Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4/66 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн байршлын зургаас (1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр тал) нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газрууд нь хоорондоо зайтай байхын зэрэгцээ гуравдагч этгээд нь кадастрын зургаас хэтрүүлэн газраа хашаалсан болох нь тогтоогдож байна.

17.   Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нь орц гарц гэх хэсгээрээ кадастрын зургаас томруулж илүү газар хашаалсан байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээдийн орц гарцыг хаасан гэж тайлбарлан хүчингүй болгож буй нь үндэслэлгүй болжээ.

18.   Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-д Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасан байна.

19.   Гэтэл хэрэгт авагдсан сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал) болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан ... 03 дугаар сарын 17-ны өдөр бидний зүгээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэн сонсох ажиллагаа явуулахаар очсон... гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид сонсох ажиллагааны талаар зохих журмын дагуу мэдэгдээгүй, энэ талаар баримт үйлдээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй болох нь тогтоогдож байна.

20.   Мөн Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж зааснаар иргэний газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийг зайлшгүй баримтлах учиртай байтал хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо тус хуулийг огт баримтлаагүй байна.

21.   Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гомдол, мэдээлэл хүлээн авдаг 1111 дугаарт тус үйлдвэрээс гарах үнэр, чимээ зэргийн талаар гомдол мэдүүлсэн гэж тайлбарлах боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн дурдаж буй үндэслэл нь маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй байгаа болно.

22.   Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Л*************-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

23.   Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу буюу гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмших учиртай болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Л*************-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/311 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР