Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 80

 

Т.Өг-, С.Эр-, Г.Ба-,

Г.Өс-, Б.Со- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                                 Я.Туул

Шүүгчид                                              Ц.Амаржаргал

                                                             Б.Манлайбаатар                            

Прокурор                                            А.Оргилбаяр

Ялтны өмгөөлөгч                               Б.Цэдэндамбаа

                                                            Н.Баярмаа

                                                            Б.Чинбаатар

                                                                                                Ч.Булган

                                                                                                Ө.Өлзиймаа

                                    Ялтан                                                 Т.Өг-

                                                                                                Г.Ба-

                                                                                                Г.Өс-

                                                                                                Б.Со-

                                                                                                С.Эр-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Я.Туул, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Б.Чинбаатар, Н.Баярмаа, Ч.Булган нарын бичсэн нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Өг-, С.Эр-, Г.Ба-, Г.Өс-, Б.Со- нарт холбогдох эрүүгийн 201509000840 тоот 2 хавтас хэргийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн салбар сургуулийн Уул уурхайн ашиглалтын инженерийн 2 дугаар курсийн оюутан байсан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 25 дугаар гудамж 19 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Бо овогт Ба-ын Со /РД: **********/

Монгол Улсын иргэн, 1995 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай дунд Өлөнтийн гудамж 78 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Са овогт Га-ын Өс /РД: **********/

Монгол Улсын иргэн, 1994 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн салбар сургуулийн  Уул уурхайн ашиглалтын инженерийн 2 дугаар курсийн оюутан байсан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 244 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ша овогт Со-ын Эр /РД: **********/

Монгол Улсын иргэн, 1997 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн салбар сургуулийн Уул уурхайн ашиглалтын инженерийн 2 дугаар курсийн оюутан байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан эрэг 2 дугаар хэсгийн 65 тоотод оршин суух, урьд ял шийтгэл, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хи бо овогт Тэ-ийн Өг / РД: **********/

Монгол Улсын иргэн, 1996 онд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүрэг 5 дугаар баг, Нарийны 23 дугаар гудамж 11 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бо овогт Га-ын Ба /РД: **********/ нар нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчим  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Ө.Од-ийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн довтолж түүний “i-phone 5” маркийн гар утсыг дээрэмдэж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Т.Өг- нарт холбогдох хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Т.Өг-, С.Эр-, Г.Ба-, Г.Өс-, Б.Со- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Өс-, С.Эр-, Б.Со- нарт 3 жил 6 сарын хорих ял, Т.Өг-, Г.Ба- нарт 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ялтан Т.Өг-гийн  өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Т.Өг- нь шүүгдэгч Б.Со-, Г.Ба-, С.Эр-, Г.Өс- нартай хамт дагалдаж явсан, тухайн үед хохирогч О.Одбилэгийн биед Т.Өг- нь гар хүрээгүй, айлган сүрдүүлээгүй, эд зүйл болон мөнгө төгрөг нэхээгүй гэдгийг хохирогч Ө.Од-, бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогчоос дээрэмдэн авсан гэх эд зүйлийг худалдан борлуулж түрээсийн байрандаа хивс, 5 кг гоймон, 10 кг гурил, 2 кг элсэн чихэр зэргийг авсан гэдгийг шүүгдэгч Г.Ба- мэдүүлсэн. Үүнээс үзэхэд шүүгдэгч Т.Өг- нь хохирогч Ө.Од-ийн дээрэмдүүлсэн гэх эд зүйлсээс юу ч аваагүй, дээрэмдээгүй болох нь шүүгдэгч нарын болон хохирогчийн мэдүүлгээр бүрэн тогтоогдож байна. Иймд Т.Өг-гийн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинж агуулаагүй, бусдыг дээрэмдээгүй, зодож танхайраагүй, хүч хэрэглэж заналхийлээгүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдохгүй байгааг анхааран үзэж анхан шатны шийтгэх тогтоолын Т.Өг-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Ялтан Б.Со-ын өмгөөлөгч Б.Чинбаатар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:”...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Со-, Г.Өс-, С.Эр-, Т.Өг-, Г.Ба- нар цуг явснаас болж бүгд л дээрмийн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Эхлээд Г.Өс-, С.Эр- нар хохирогчид хүч хэрэглэж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүний дараа Б.Со-ын зүгээс хохирогч Ө.Од-ийн эд зүйлийг авчихъя гэсэн субъектив санаа төрсөн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Со-ын хохирогчийн гар утсыг авсан үйлдэл нь бүлэглэн үйлдсэн шинжгүй, утсыг бүлэглэн авах шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэхээр байна. Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх сэдэл санаа яг хэдийд үүссэн юм гэдгийг зөв тодорхойлохоос гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдснийг тогтоох ёстой гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Б.Со-ын үйлдэлд бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, харин нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж буй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Ялтан Г.Өс-ын өмгөөлөгч Н.Баярмаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд Г.Өс- нь хохирогчтой маргалдан зодож танхайрсан ба дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй нь нотлогдож байна. Иймд Г.Өс-ын үйлдэл дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй бусдыг зодож танхайрсан гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1 хэсэгт зааснаар Г.Өс-ын үйлдсэн хэргийг ялган салгаж, зааглаж шийдвэрлэхгүй бол түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг сайтар шалган, харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэжээ.

Ялтан С.Эр-ын өмгөөлөгч Ч.Булган шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Шүүх шүүгдэгч С.Эр- нь хохирогчийг картандаа мөнгөгүй болохыг мэдээд “бандиар яах юм ” гээд цохих гэж гар далайж сүрдүүлэх, “хутгална”, “бүлнэ” гэж айлган сүрдүүлэх үйлдэл хийсэн гэж хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна. С.Эр- нь тэр үед гутлын ул ханзарсан, хөл нь даарч түргэн явах санаа бодолтой байснаас “бандиар яах  гээд байгаа юм” гэж хэлсэн байдаг. С.Эр- “бүлнэ”, “хутгална” гэж хэлээгүй, түүнийг тэгж хэлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мөрдөн байцаагч болон цагдаагийн ажилтнууд зодсон, цахилгаан бороохойгоор бороохойдсон гэж мэдүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Эр- нь бусдыг дээрэмдэх, гар утас, эд зүйлийг авах субъектив санаа зорилгогүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нь батлагдаж байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хамт явсан гэдгээр нь буруутгаж үндэслэлгүй ял оногдуулсан гэж давж заалдах гомдол гаргаж байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Цэдэндамбаа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Т.Өг-гийн өмгөөлөгчийн хувьд түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Т.Өг- энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй, харин хохирогчоос авсан гар утсыг зочид буудал руу орж цэнэглүүлсэн. Түүнийг хамт явсан, гар утас цэнэглүүлсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдээгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Шийтгэх тогтоолын Т.Өг-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Н.Баярмаа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Г.Өс- нь дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй, харин зодолдож танхайрсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байна. Ийм учраас түүний үйлдлийг ялган салгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Чинбаатар: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Со- нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэдэгт эргэлзээ төрдөг. Энэ үед Б.Со- архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд Г.Өс- болон С.Эр- нар нь хохирогч Ө.Од-тэй зууралдчихсан муудалцаж байхад нь очиж салгасан байдаг.  Түүнчлэн Б.Со-ын зүгээс хохирогч Ө.Од-т огт гар хүрсэн, хүч хэрэглэсэн зүйлгүй юу болсон гэж асуугаад хохирогч Ө.Од-тэй тусдаа уулзаж ярилцсан. Харин хэсэг хугацаанд хамт явсаар эцэст нь гар утсыг нь авсан. Учир нь  дээрмийн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй довтолгоо эхэлснээр төгссөнд тооцдог хэдий ч энэ гэмт хэрэгт хэн хэн оролцсон, гэм буруугийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг асуудлыг нотлох, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, газар, арга, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг онцгойлон анхаарах ёстой. Иймд өмгөөлөгчийн зүгээс Б.Со-ыг бусадтай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ч.Булган: Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдолд гаргасан. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ мөрдөн байцаагч болон цагдаагийн ажилтнууд тэднийг сэжигтнээр байцаахдаа хүч хэрэглэж зодсон, цахилгаан бороохойгоор бороохойдсон, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан гэж мэдүүлдэг. Шүүх ийм мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний өмгөөлөлд байгаа С.Эр-ыг ч гэсэн иймэрхүү айлган сүрдүүлэх аргаар байцаасан гэж мэдүүлдэг. С.Эр- нь бусдыг дээрэмдэх гар утас, эд зүйлийг нь авах субъектив санаа зорилго байгаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж С.Эр-т ял шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзээд давж заалдах гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ө.Өлзиймаа: Шүүхэд давж заалдах гомдол гаргаагүй боловч энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас оролцсон болохоор өөрийн бодож санаж байгаа зүйлээ хэлэхийг хүсэж байна. Би шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Т.Өг- бол энэ дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй. Эд нартай хамт явснаараа бүлэглэж үйлдсэн гэж буруутгагдаж байна. Б.Со-ын дээрэмдсэн хохирогчийн гар утсыг зочид буудалд орж цэнэглүүлсэн үйлдэлд нь ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Ийм учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан С.Эр- мэдүүлэхдээ: Би хохирогч Ө.Од-т хүч хэрэглэж, дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Түүнийг дээрэмдэх санаа зорилго надад байгаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Б.Со- мэдүүлэхдээ: Би хохирогч Ө.Од-тэй ярилцаад түүний гар утсыг авсан. Гар утсыг нь авахдаа хүч хэрэглээгүй, хэрвээ гар утсаа буцааж авна гэвэл буцааж өгнө гэж хэлсэн чинь буцааж авахгүй, ав ав гэж хэлсэн болохоор нь авсан. Анхнаасаа надад дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, хохирогчтой ярилцаад л түүнийг гар утсаа ав ав гэхээр нь л авсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүгдэгч нарын өмгөөлөгчид өөрсдийн давж заалдах гомдлын үндэслэлийг хангалттай сайн нотолж, өөрсдийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Би энэ хэрэгт бүр анхнаас нь хяналт тавьж ажилласан прокурорын хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар Т.Өг- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаан дээр мөрдөн байцаагч болон цагдаагийн ажилтнууд зодсон, хүч хэрэглэж мэдүүлэг авсан тухай яригдсан. Гэхдээ энэ тухай мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хэн ч гомдол гаргаж шалгуулах хүсэлт гаргаж байгаагүй ээ. Ийм учраас өмгөөлөгч нарын ярьж байгаа хүч хэрэглэсэн гэдэг асуудал нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Т.Өг-, Б.Со-, Г.Өс-, Г.Ба-, С.Эр- нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороололын 4 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч Ө.Од-ийн амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, түүний “i-phone 5” маркийн 350.000 төгрөгийн үнэтэй гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Өг-, Б.Со-, Г.Өс-, Г.Ба-, С.Эр- нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Б.Чинбаатар, Н.Баярмаа, Ч.Булган нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар ялтан Т.Өг-, Б.Со-, Г.Өс-, Г.Ба-, С.Эр- нар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрсдийн түрээслэдэг байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар шөнийн 23:00 цагийн орчим “ажилдаа гаръя” гэж ярилцан гадагш гарч улмаар Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны орчим явж байсан хохирогч Ө.Од-т хүч хэрэглэн довтолж, ”хутгална” гэж айлган сүрдүүлж  мөнгө нэхэж, түүний биед явсан 4 ширхэг виза картыг “АТМ” машинаар шалгаж, улмаар түүний “i-phone 5” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогджээ.

Ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа “...ялтан Т.Өг-г гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчид хүч хэрэглэж довтлоогүй, хохирогчийн гар утсыг цэнэглэсэн үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа учраас түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн, ялтны өмгөөлөгч Б.Чинбаатар “...ялтан Б.Со-ын хохирогч Ө.Од-ийн гар утас авсан үйлдэл нь бүлэглэн үйлдсэн шинжгүй, дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Ө.Од-т хүч хэрэглэсэн зүйлгүй учраас зүйлчлэлийг өөрчлөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн, ялтны өмгөөлөгч Н.Баярмаа “...ялтан Г.Өс- нь хохирогчтой маргалдаж танхайрсан, дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй учраас зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн, ялтны өмгөөлөгч Ч.Булганы “...ялтан С.Эр- нь бусдыг дээрэмдэх, гар утас эд зүйлийг нь авах субъектив санаа зорилгогүй байсан болох хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр батлагдаж байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдийг хүлээж авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Ө.Од-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, ялтан Т.Өг-, Б.Со-, Г.Өс-, Г.Ба-, С.Эр- нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, ХААН банкны АТМ-ын камерын бичлэг, ХААН банкны хохирогч Ө.Од-ийн картын гүйлгээний лавлагаа зэрэг нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр Б.Со-, Т.Өг-, Г.Өс-, Г.Ба-, С.Эр- нар нь архи ууж согтуурсан үедээ дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр тохиролцож “ажилдаа гаръя” гэж ярилцан улмаар хохирогч Ө.Од-ийн амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, “хутгална” гэж айлган сүрдүүлж мөнгө нэхэж, түүний виза картнуудын үлдэгдлийг АТМ машинаар шалгаж, улмаар “i-phone 5” маркийн гар утсыг нь дээрэмдэхэд өөрсдийн үйлдэл, субъектив санаа зорилгоороо нэгдэж, бүлэглэж үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт буруу биш байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ялтан С.Эр-ын өмгөөлөгч Ч.Булган нь ялтнуудыг мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч болон цагдаагийн ажилтнууд хүч хэрэглэж, цахилгаан бороохойгоор бороохойдож сэжигтнээр байцаахдаа хүч хэрэглэж, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан, энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч шүүх анхаарч үзээгүй гэсэн гомдлын үндэслэл гаргасан боловч хэргийг шалгах явцад энэ талаар ялтнууд гомдол гаргаагүй, мөрдөн байцаалтын шатанд ялтнууд өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авсан, өмгөөлөгч нар Прокурорын байгууллага болон хяналт тавьсан прокурорт  гомдол гаргаагүй, тэдний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байгаагийн зэрэгцээ анхан шатны шүүх тэдний сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Б.Чинбаатар, Н.Баярмаа, Ч.Булган нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                    Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                       Б.МАНЛАЙБААТАР