Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 560

 

                                                                                                                                                                                                                                   

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Буяннэмэхэд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Жаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

Цагаатгагдсан этгээд Д.Буяннэмэх, түүний өмгөөлөгч Т.Булган,  

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Жаргалын бичсэн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 201526022112 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Гөрөөс овогт Дисдаабазарын Буяннэмэх, 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгааны болон барилгын инженер мэргэжилтэй, “Халзанбүргэдэй хайрхан” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 3-85 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 1-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: АЗ83071710/,   

 

          Д.Буяннэмэх нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 19 дүгээр байрны хажуугийн грашны мухарт 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед 37-98 УНТ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл дотор амь хохирогч М.Пүрэвсүрэнд хутгалуулсны улмаас санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидаж, М.Пүрэвсүрэнг хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан Гөрөөс овогт Дисдаабазарын Буяннэмэхэд холбогдох 201526022112 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Буяннэмэхийг цагаатгаж, Д.Буяннэмэх нь энэ хэрэгт 27 /хорин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буяннэмэхийн 37-98 УНТ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн улбар шар өнгийн хуванцар иштэй хутгыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хоёр ширхэг компакт дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Жаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд цагаатгах тогтоол гарсан байгаа. Үүнийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлабал цагаатгах тогтоол нь үндэслэлгүй байна. Амь хохирогч Пүрэвсүрэн нь шүүгдэгч Д.Буяннэмэхтэй ломбарданд тавьсан гар утас чөлөөлж, худалдаж авахаар тохиролцоод хамт явж Д.Буяннэмэх банкнаас мөнгө авсан. Ломбардны бичиг авахар гражны мухарт очсон. Улмаар амь хохирогч Пүрэвсүрэн нь машины арын суудлаас хутга барьж Д.Буяннэмэх рүү довтолсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Машин дотор талийгаач Д.Буяннэмэхийн араас хутга бариад довтолсны дараа шүүгдэгч Д.Буяннэмэхийн сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчидаж, улмаар машин дотор хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж санаатай алсан нөхцөл байдлыг шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон гэж үзсэн. Учир нь, шүүгдэгч Д.Буяннэмэхийн биед хүнд гэмтэл учирсан шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр амь хохирогч Пүрэвсүрэн нь шүүгдэгч Д.Буяннэмэхийн араас хутга барьж довтолсон болох нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа. Амь хохирогч Пүрэвсүрэн арын суудалд сууж байгаад хутга барьж довтлох үед шүүгдэгч Д.Буяннэмэхийн сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчидсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Буяннэмэх нь эмнэлэгт хүргэгдэхдээ “...би амин бус газар нь хутгалсан...” гэж хэлсэн тухай гэрч Бүрэнгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хутга жолоочийн суудлын доороос олдсон тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, амь хохирогчийн биед учирсан олон тооны шарх гэмтэл зэрэг нөхцөл байдлыг шүүх аргагүй хамгаалалт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэрэг 17 цаг 57 минутаас 18 цаг 03 минутын хооронд буюу 6 минутын хооронд маш богино хугацаанд болсон нь гар утасны ярианы биллээр нотлогдож байгаа. Энэ нөхцөл байдлуудыг шүүгдэгч өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж үзэж байгаа шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Аргагүй хамгаалалт хийсэн гэж шүүх дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив тал тогтоогдоогүй гэсэн үндэслэлийг анхан шатны шүүхээс ямар ч нотлох баримтад тулгуурласан зүйлгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Аргагүй хамгаалалт болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 гэсэн зүйл ангийн ялгаа нь аргагүй хамгаалалт хийж байгаа тохиолдолд аргагүй хамгаалалт хийж байгаа этгээд нь өөрөө өөрийгөө удирдан жолоодож, өөрийгөө хянах үйлдэл хийдэг бол сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үед өөрийгөө хянах чадваргүй, болсон явдлыг санахгүй байх боломжтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч нар мэдүүлсэн. Гэтэл хэргийн нөхцөл байдлаас харахад Д.Буяннэмэх ямар байдлаар аргагүй хамгаалалт хийсэн нь тодорхойгүй, талийгаачийн биед яаж олон тооны шарх гэмтлүүдийг үүсгээд, хохирогч нас барсан тухай өөрөө огт мэдэхгүй байна гэж тайлбарладаг. Шүүгдэгч Д.Буяннэмэх гэрч Х.Мөрөнтэй таараад талийгаачийн амин бус газар нь хутгалсан. Гражны мухарт байгаа гэж хэлснээ санахгүй байна, болсон явдыг мэдэхгүй байна гэсэн мэдүүлгүүдийг өгдөг. Иймд Д.Буяннэмэхийн өөрийн өгсөн мэдүүлгүүд болон гэрч нарын өгсөн мэдүүлэгт тулгуурлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлаагүй, хэт өрөөсгөл дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнгийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь нэгдүгээрт, хэрэгт авагдсан баримтаар хутга хэнд байсан нь тогтоогдоогүй. Мөн улсын яллагч яллах дүгнэлтдээ талийгаачийг эхэлж довтолсон, шүүгдэгчид учирсан хүнд гэмтлийг талийгаач үүсгэсэн гэдэг нөхцөл байдлыг ямар баримтаар яаж тогтоогоод байгааг нь ойлгоогүй. Харин хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Буяннэмэх эхнэр, өвчтэй хүүхдээ орхиод 2 цаг гаруй ашиг олох зорилготой удаан хугацаанд явсан. Араас нь эхнэр нь 10 гаран удаа залгасан байдаг. Энэ үед бухимдах, санаа зовох маш том тохиолдол байгаа юм. Энэ үед ууралсан байхыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдсон. Энэ үед хэн нь эхэлж довтолсон гэдэгт эргэлзэж байна. Үүнийг насанд хүрээгүй гэрч Мөнхсүлд утсаар ярихдаа нилээн айсан байдалтай ярьсан гэдэг мэдүүлгээр нотлогдож байна. Хоёрдугаарт, Д.Буяннэмэхэд учирсан хүнд гэмтлийг авснаас хойш ямар үйлдэл хийж чадах вэ гэж шинжээч эмчээс асуухад Д.Буяннэмэх эдгээр гэмтлүүдийг хамгийн сүүлд авсан байх магадлалтай. Яагаад гэвэл энэ гэмтлийг авсан тохиолдолд цээж хүндэрч, амьсгалах боломжгүй болж хүндрэл маш эрчимтэй явагдана. Иймээс олон үйлдэл хийх, машин жолоодох боломжгүй гэж тайлбарласан.

Мөн Д.Буяннэмэх мэдүүлэг өгөхдөө “... би 1 удаа хутгалсан. Амин бус газарт нь хутгалсан. Би алаагүй...” гэсэн зөрүүтэй мэдүүлгийг удаа дараа өгч байсан. Энэ байдал нь түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан шинжийг агуулах биш харин ч өөрөө ямар үйлдэл хийснээ нарийн мэдэж байсан гэдэг нөхцөл байдлыг тогтоож байна. Үүнийг сэтгэл зүйч эмч тайлбарлахдаа “... сэтгэл санаа нь цочрон давчидсан үед нэг ороод, нэг гараад байдаг. Орсон үедээ юмаа мэдээд, гарсан үедээ юмаа мэдэхгүй байсан...” гэж ойлгомжгүй тайлбарласан. Хохирогчид хүнд гэмтэл учруулаад хутгаа хөл доороо унагасан байх магадлал тогтоогдсон. Тэгээд машин барьж явахдаа замын цагдаатай таарсан. Энэ хооронд шүүгдэгчийн бие нилээн хүндэрч цочрон давчидах үед биеэ барих чадваргүй болох, улмаар доошоо өтгөн шингэнээ алдах байдал болсон байх үндэслэл байгаа. Д.Буяннэмэх энэ асуудлыг эцсийн туйлд хүргэхгүйгээр зогсоох боломж байсан. Яагаад гэвэл олон нийтийн газар, 17-18 цагийн үед гэгээн цагаан өдөр, орон сууцны хороолол дунд энэ хэрэг болсон. Шүүгдэгч өөрөө машинтай, талийгаачаас бие бялдарын хувьд том, амь хохирогчийг орхиод явах боломж байсан. Гэтэл энэ асуудлыг ийм байдалд хүргэх хүртэл явж, хүний амь нас хохироосон. Мөн талийгаачийн биед үүссэн олон тооны гэмтлээс харахад гэмтэлтэй гараараа хутга барьж, хохирогчийг хутгалах ямар ч боломжгүйг тогтоосон. Довтолгооны явцад амиа алдсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр хамгийн сүүлд шүүгдэгчийг хутгалсан байх боломжгүй. Энэ нь ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон. Дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар ялласан. Шүүх энэ хэргийг цагаатгасан. Харин өмгөөлөгч миний хувьд онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэсэн байр суурьтай оролцож байгаа. Энэ эргэлзээ бүхий байдлыг тогтоохын тулд шүүгдэгчид үүссэн 7 тооны гэмтлийн 1 нь арьсанд өнгөц нэвтэрсэн шарх, бусад нь эсэгсэн шарх байдаг. Шүүгдэгч талийгаач намайг цохиод байсан гэж хэлдэг. Цохиход тийм шарх үүсгэх үү гэдэг эргэлзээтэй. Дөнгөж гар хүрэх хэмжээнд эсгэсэн шарх байдаг. Би эмчээс “энэ хүн бие дээрх шархаа өөрөө үүсгэх боломжтой юу” гэхэд “боломжтой, гар хүрэх газар байна” гэж хариулсан. Тэгвэл үүнийг гадны хүн үүсгэсэн байна уу, өөрөө үүсгэсэн байна уу гэдгийг шалгаж өгөөч, чиглэлийг нь тогтоож өгөөч, шүүхийн шинжээч тогтоож чадахгүй бол криминалистикийн шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийг хангаж өгөөгүй. Хэрвээ хангаж өгсөн бол заавал энэ асуудлыг хүндрүүлэх шаардлагагүй байсан. Хэргийг шалгаж шийдэхдээ хэт нэг талыг барьсан. Нөгөө талаар шүүхийн тогтоол бодит байдалтай нийцээгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа доорх асуудлуудыг тодруулах шаардлагатай. Нэгд, криминалистикийн шинжээч томилоод Д.Буяннэмэхэд учруулсан шархыг хэн учруулсан юм бэ гэдгийг тогтоолгох, магадгүй энэ хэрэг талийгаачийн үйлдлээс болсон байна гэж үзвэл ингэж яваад байх шаардлагагүй. Хоёрт, хутганы эзэн тогтоогдоогүй. Энд шүүгдэгч, хохирогч 2 л байсан. Гадны хэн нэгэн гэрч байхгүй. Маргааны гол үндэс энд байна. Бусад баримтад үндэслэж энэ саналыг дэвшүүлж байна.

Хутга шүүгдэгчийн хөл доор байна. Гадаа талийгаачийг алчихаад машиндаа суугаад явсан байж болно. Хутга хэнийнх байсан нь тогтоогдохгүй байгаа. Үүнийг тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад олон удаа буцаасан. Ямар ч байсан хутга хохирогчид байсан гэж тогтоогдоогүй. Мөн хутга бариад эхэлж дайрсан гэдэг нь тогтоогдоогүй. Ийм эргэлзээтэй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад цагаатгасан. Шинжээч эмч шүүгдэгчийн биед учирсан гэмтлийг өөрөө үүсгэх боломжтой гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Эцэст нь зөвхөн өмгөөлөгч миний хэлснээр хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж бодохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад хангалттай материал байгаа. Миний ярьсан зүйлд нэг ч баримтгүй, зохиомол зүйл байхгүй. Талийгаач эхэлж довтлоогүй энэ хүнийг гэмтээгүй. Д.Буяннэмэх алчихаад өөрөө хохирсон болж байна. Өмгөөлөгчийн зүгээс криминалистикийн шинжээч томилж, Д.Буяннэмэхэд учирсан гэмтлийг хэн учруулсныг тогтоох, хутга хэнийх байсан бэ, тэр хутгыг хэн барьж довтолсон гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагч цочирдон давчидсан гэдэг зүйл ангиар ял сонсгосон. Цочирдон давчидсан хүн хүнийг 26 хутгалдаг юм уу. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд эрүүгийн хэрэг үүсгээд хорьсон. Хоригдож байх үед нь Шар хадны эмнэлэгт авч очиж үзүүлсэн. Шар хадны эмнэлгийн 3 эмч дүгнэлт гаргахдаа “...энэ хүн хэрэг хийх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна...” гэсэн дүгнэлт гарсан. Удалгүй энэ хүн батлан даалтад гарсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч босч асуултад хариулах ёстой. Босоод зогсоход нь шүүгч “...таны бие яаж байна, та сууж байгаад ярь...” гээд микрофоноо гарт нь барьж өгөх шахам энэ хэргийг шийдсэн. Нэг талыг хэт барьсан. Прокурор, өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй загнаж байсан. Би Д.Буяннэмэхээс чи миний хүүг хутгалсан юм уу? гэж асуухад би хутгалаагүй гэсэн. Тэгвэл хэн хутгалсан юм бэ гэхэд мэдэхгүй гэж хариулсан. Тэгвэл өөр хүн хутгалсан юм уу. Эсвэл  Д.Буяннэмэх дагуулж яваад өөр хүнээр алуулсан юм уу. Эхлэж хоолойг нь боогоод, айлгасан. Тэгээд алуулахаасаа 15 минутын өмнө найз руугаа залгаад “Ээжид хэлээд өгөөч, ээж байна уу. Чи яаралтай 19 дүгээр байрны гадаа хүрээд ирээч” гэж энэ алуурчны утсаар миний хүү залгасан. Найз нь надтай уулзахаар манай гэрт ирэхэд би байхгүй байсан. Тэгээд миний хүү дээр очих гээд утсаар ярих гэхэд Д.Буяннэмэх утсаа унтраасан байсан. Д.Буяннэмэх талийгаачийг алж байх явцдаа утсаа унтраасан. Тэгэхээр энэ хүн цочирдон давчидчихаад утсаа унтрааж, асаагаад байгаа юм уу. Тэгээд хүн алчихаад, цогцсыг нь хаяад, машинаа бариад зам руу орж ирсэн. Замын цагдаа байхыг хараад машиныхаа гэрлийг унтраасан. Тэгээд замын цагдаа яагаад гэрэлгүй машин ороод ирэв гээд сэжиглээд зогсоож энэ хүнийг шалгахад би сая хүнд хутгалуулчихлаа гэхэд цустай хутга нь хөл доор нь байсан. Өөрийгөө хутгалсан хүн ямар үйлдэл хийж чадах вэ гэж эмчээс асуухад хутга уушиг руу нэвтэрсэн үед шууд ухаан алдана. Ямар ч өөрийгөө жолоодох чадваргүй болно гэж хэлсэн. Тэгж байхад үхсэн хүн үг хэлэхгүй гэж Пүрэвсүрэн намайг хутгалсан гэж хэлээд байгаа юм. Миний хүү эхлээд хоолойгоо боолгуулаад, найз руугаа залгаж тусламж хүсээд, дараа нь энэ хүнд 26 хутгалуулаад хамгийн сүүлд зүрхийг нь хавж хутгалж алчихаад би зүрхэнд нь хутгалаагүй өөр газар нь хутгалсан. Гражийн хажууд хаясан гэж цагдаад хэлээд байгаа юм. Энэ хүн алчихсан гэдгээ мэдэж байж жүжиг тоглож худал хэлсэн. Тэгээд үхсэн хүн үг хэлэхгүй гээд шүүх энэ хүний ярьснаар нь шийдэх гээд байна. Энэ зоргоороо худал ярьж байна шүү дээ. Миний араас хутгалсан гэж байгаа юм. Тэгвэл араас нь хутгалсан сорвийг нь одоо харъя.

Миний хүү 19 настай хүүхэд. Хорхой шавж ч гишгэж алж байгаагүй. Хорхойд хоргүй, төлөв даруу, алиа хошин, янзага шиг хөөрхөн, эмэгтэй хүүхэд шиг, энэ хүнээс биеэр жижиг, 41 кг жинтэй хүүхэд байсан. Харин шүүгдэгч Д.Буяннэмэх 1983 онд төрсөн талийгаачаас 13 насаар ах, эхнэр 2 хүүхэдтэй хүн байна. Миний хүү ШУТИС-ийн оюутан, ажил хийж, анхныхаа цалинг аваад ээжийгээ тэжээх гээд явж байсан. Ажил хийж гар утас худалдаж аваад, тэрийгээ ломбарданд 150.000 төгрөгөөр найзынхаа утастай цуг тавьсан байсан. Үнэтэй утсаа ломбарданд хямд тавьсан, ломбардны хугацаа маргааш нь дуусах гэж байсан. Тэрийгээ зарах гээд дэлгүүр дотор утсаар яриад зогсож байхад нь Д.Буяннэмэх чагнаж зогсож байгаад тэр утсыг авахаар өвчтэй хүүхдээ эхнэртэйгээ хаяад явсан. Энэ хүний араас эхнэр нь 20, 30 удаа залгасан. Тэгэхэд нь би утас авах гэж байна гээд энэ хүн яваад байсан. Тэгээд өөрөө өөрийгөө хутгалчихаад хүнд хутгалуулсан, би алуулахаа шахсан гэж ярьж байна. Би хуулийн сургуульд аргагүй хамгаалалт гэж хичээлээр “...цочиж ухасхийгээд хүнийг 26 хутгалдаг...” гэж заалгаагүй. Д.Буяннэмэхэд машин, гар утас байхад цагдаа дуудахгүй яасан юм бэ. Яагаад ах болон эхнэр лүүгээ залгаад байгаа юм бэ. Хүн алчихаад өөрөө л амь гарах гэж байсан юм шиг зүйл яриад байна. Гэтэл өнөөдөр намайг араас хутгаар зүсэхээр нь би цочиж ухасхийгээд тэр хүнийг 26 хутгалсан гэдэг зүйл яриад байна шүү дээ. 26 удаа хутгалахаасаа өмнө хоолойг нь боосон хавтаст хэрэгт авагдсан зураг дээр байдаг. Хоолойгоо боолгуулсны дараа алуулахаасаа хэдхэн минутын өмнө найз руугаа  тусламж гуйж залгасан. Тэгэхдээ “миний анд манай гэрт очооч, над дээр ирээч, би яг 19 дүгээр байрны гадаа байна шүү” гэж энэ алуурчны утсаар ярьсан. Утас руу нь эргээд залгахад утсаа унтраасан байсан. Тэгснээ сүүлд нь би хүнд хутгалуулчихаад машинаа бариад явж байна гээд хүнтэй утсаар яриад байсан байгаа юм. Энэ хүн цочирдон давчидаад хүн алаад, машинаа бариад яваад байгаа юм уу. Би огт ойлгохгүй байна. Хүн цочирдон давчидаад хүнийг 1, 2 удаа хутгалж болно. Гэтэл 26 удаа хутгалаж болдог юм уу. 26 удаа хутгалж цочдог гэж байгаад би гайхаж байна. Тэгээд үйлдлээ мэдээд машин бариад явах уу. Тэгээд “би сая хүн хутгалчихсан, үхээгүй байх аа, түргэн дуудаарай” гэж замын цагдаад хэлсэн байгаа юм. Замын цагдаа “та яасан юм бэ” гэхэд цустай гартай, хутга нь хөл доор нь байсан. Тэгэхээр энэ хүн хутгалсан байх магадлал өндөр байна шүү дээ. Шар хадны эмнэлэг яагаад 2 өөр дүгнэлт гаргаад байгаа юм бэ. Эхлээд шүүгдэгчийг цочирдон давчидаагүй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай гээд дүгнэлт гаргасан. Дараагийн дүгнэлт дээр нь цочирдон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гээд гаргаад ирсэн. Энэ хүн танилтай болохоороо шинжээч нарт нь мөнгө өгөөд дүгнэлтийг өөрөөр гаргуулсан байх магадлалтай. Би энэ талаар Эрүүл мэндийн яаманд хандсан байгаа.

Миний хүү энэ хүнийг хутгалах нь битгий хэл хорхой ч алж үзээгүй. Гэрчээр 5 найз нь ирж мэдүүлэг өгсөн. Тэр хүүхдүүд “...миний найз нэг ч эрэгтэй хүүхэдтэй зодоон хийж үзээгүй, хүн рүү хүйтэн мэс бариад дайрах нь битгий хэл мод чулуу ч барьж дайрахгүй, хүнийг зодож цохиж үзээгүй, жижиг биетэй туниа муутай хүүхэд байсан. Найз нар нь хүнд зодуулахаас хамгаалдаг байсан...” гэж мэдүүлэг өгдөг. Анх цагдаа дээр Д.Буяннэмэхийг бусдын батлан даалтад гарч ирэхээс эхлэд энэ хэрэг буруу замаар орсон. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байснаа нэг мэдэхэд л мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 гэдэг зүйл анги болгосон. Жаргал гэж прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгоод явж байсан. Тэгээд Жаргал прокурорыг ээлжийн амралттай байхад нь Чинбат гэх прокурор зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 гэдэг зүйл анги болгосон. Яагаад зүйл ангиа өөрчилж байгаа юм бэ гэхэд мэдэхгүй, цочирдон давчидсан гэж дүгнэл гаргуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг болгож өөрчилсөн гэж хэлсэн. Хүнийг хүнд ял оноох уу, хөнгөн ял оноох уу гэдгийг Шар хадны эмнэлэг шийддэг болчихсон юм уу. Шар хадны эмнэлгийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж зүйл ангийг өөрчилсөн гэж Жаргал прокурор тайлбарласан. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэж та бүхэнд итгэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Д.Буяннэмэхийг ял завшуулахгүйгээр, үйлдсэн гэмт хэрэгт нь зохих ял шийтгэлийг оногдуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч өөрөөсөө 13 насаар дүү хүнийг 26 хутгалж амь насыг нь хохироосон байна. Энд ямар ч гэрч байхгүй. Талийгаач миний ганц хүү байсан” гэв.

Цагаатгагдсан Д.Буяннэмэх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэр залуу ашиг олох, шунахайн сэдэлт гаргаагүй байсан бол өнөөдөр амьд байх байсан. Би ч ингэж өвдөж зовж хохирохгүй байсан. Давж заалдах гомдлуудтай санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үнэн зөв гарсан гэж үзэж байна” гэв.

Цагаатгагдсан Д.Буяннэмэхийн өмгөөлөгч Т.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдол, эсэргүүцэлтэй холбоотой дараах тайлбарыг хийе. Нэгдүгээрт, Мөнхсүлд гэж гэрчтэй талийгаач нас барахынхаа өмнө утсаар ярихдаа айж сандарсан байсан гэдгийг энэ хэрэгтээ их холбож ярьж байна. Яагаад гэвэл хүний 2.000.000 төгрөгийг банкнаас авахуулчихаад өөрөө санаатай гэмт хэрэг хийх гэж байгаа хүн тайван байх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, машиных нь арын суудал дээр сууж яваа хүн Д.Буяннэмэхийн утсаар найз руугаа утсаар сандрахгүй тайван ярихгүй. Хоёрдугаарт, Д.Буяннэмэхийг талийгаачийг 26 хутгалаад, өөрийгөө 9 удаа хутгалсан гэж Д.Буяннэмэх л бүгдийг нь хутгалсан гэсэн ойлголттой байх шиг байна. Энэ бол байх боломжгүй зүйл. Д.Буяннэмэхэд учирсан хүнд гэмтэл нь араасаа мөр, далнаасаа эхэлж хутгалуулаад, эргэж хараад нүдэндээ хутгалуулаад, харанхуйд нүд нь юм харахгүй, хутгатай гартай ноцолдсон.

Тухайн өдөр 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагт гадаа харанхуй болсон байгаа. Харанхуйд хэн, хаана, юу хийж байгааг мэдэхгүй Буяннэмэх эргэж харсан. Тухайн үед тийм явдал болсон гэдгийг багцаалж яриад байгаа болохоос ямар ч тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Хоолой боосон талаар шүүх эмнэлгийн шинжээч Мөнхбаяр хэлсэн байдаг. Тэрээр хоолой боосон нь боолтын ором биш. Цамцны захын холголт байж магадгүй гэж дүгнэлт гаргасан. Дараа нь сэтгэл санаа цочрон давчидсантай холбоотой 9 удаагийн хутганы шарх аваад хүнд гэмтэл үүссэн тохиолдолд цус алдаж байгаа учраас тархины цусан хангамж багасан. Түүний улмаас цочрон давчидах явц үүссэн байх магадлалтайг үгүйсгэхгүй байгаа. Харин цагдаатай таарах хүртэл цочрон давчидсан юм уу эмнэлэг хүртэл цочрон давчидсан юм уу гэдгийг тодорхойлох ямар ч боломжгүй. Тухайн хүний биеийн байдал ямар байснаас хамаарах байх гэж үзэж байна.

Бидний зүгээс анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар хэрэг зүйлчлэгдэж орж ирэхэд санал нийлэхгүй байсан. Дараа нь мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэл өөрчлөгдөж орж ирсэн түүнтэй мөн санал нийлээгүй. Анхнаасаа аргагүй хамгаалалт гэж үзэж байсан. Энэ байр сууриа ч анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт аргагүй хамгаалалтыг тодорхойлсон. Үүнд энэ хуулиар хамгаалагдсан өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, бусад эрх эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Үүнээс гадна 2007 онд Улсын Дээд шүүхийн зөвлөмж байдаг. Үүний 2, 3 дугаар заалтад аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай болон идэвхитэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл мөн гэж заасан байдаг. 3 дугаар заалтад аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон хийж байгаа этгээдийн эсрэг халдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд эд хөрөнгийг нь устгасан буюу гэмтээсэн, амь насыг нь хохироосон байж болно гэж заасан байгаа учраас заавал аргагүй хамгаалалтын явцад хүн нас барахгүй байх ёстой гэж хохирогч тал болон улсын яллагч үзэх шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Буяннэмэхийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 19 дүгээр байрны хажуугийн гражны мухарт 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед 37-98 УНТ улсын дугаартай, “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл дотор амь хохирогч М.Пүрэвсүрэнд хутгалуулсны улмаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидаж, М.Пүрэвсүрэнг хутгалж санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд Д.Буяннэмэх нь талийгаач М.Пүрэвсүрэнгийн санаачилж эхлэн хийсэн хууль бус үйлдлийн эсрэг өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалсан болох нь тогтоогдож байна.     

Анхан шатны шүүх Д.Буяннэмэхэд холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хэрэг учрал болох үед амь хохирогч М.Пүрэвсүрэн болон шүүгдэгч Д.Буяннэмэх нараас өөр хүн байгаагүй бөгөөд М.Пүрэвсүрэн нь Д.Буяннэмэхээр барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд байсан өөрийн 2 гар утсыг хямд үнээр чөлөөлүүлж, улмаар зарахаар тохирч, Д.Буяннэмэхийг банкнаас 2.100.000 төгрөг бэлнээр авахыг харсан, Д.Буяннэмэхийг дагуулан олон газраар орж гарсан, түүнчлэн хэрэг үйлдэгдсэн газар ирж хүн гарч ирэхийг хүлээн нэлээд удааж, автомашинд сууж байх үедээ эхлэн араас нь хэд хэдэн удаа хутгаар хатгах тухайн агшинд Д.Буяннэмэх эргэж харан дахин хутгалуулсан хэдий ч хутгыг булаан авч М.Пүрэвсүрэнгийн биед олон тооны шарх гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байна. Өөрөөр хэлбэл, М.Пүрэвсүрэн нь Д.Буяннэмэхийг ар нуруунаас нь цохих мэт хөдөлгөөн хийж хутгалж эхлэсэн цаг мөчөөс Д.Буяннэмэхийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал бодитой үүссэн байна.

Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Э.Тунгалагтуяагийн мэдүүлэг /хх-135-136-I/, “Заяа” нэртэй мухлагийн камерын бичлэг /хх-53-54-I/, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-56-I/, Эмийн сангийн камерын бичлэг /хх-53-54-I/, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-60-I/, “Ариун төв” халуун усны газрын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-53-54, 58-I/, “Хаан” банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-64-I/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-47-I/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-65-70-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 17054 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-179-I/ зэрэг баримтуудаар тогтоогдсон ба эдгээр баримтуудаас амь хохирогч М.Пүрэвсүрэн нь хэргийн сэдэлт санаачлагыг анх гаргаж, Д.Буяннэмэхийг эхлэн хутгалж амь биед нь аюултай довтолгоон хийсэн болохыг харуулж байна.

Мөн Д.Буяннэмэх нь амь хохирогчид хутгалуулсан даруй эргэж харан нүүр, зүүн суган тус газраа тус тус хутгалуулсан нь түүний амь насны эсрэг хийсэн халдлага довтолгоон төгсөөгүй, өөрөөр хэлбэл Д.Буяннэмэхийн амь бие, эрүүл мэндэд учирч болох аюул бодитой оршин байсан нь нотлогдож байна.

Прокуророос Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ үндэслэл болгосон болон яллах дүгнэлтэнд дурдагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнгийн мэдүүлэг, Д.Буяннэмэхийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч З.Баяржавхлан, Э.Мөнхсүлд, гэрч Х.Мөрөн, гэрч Э.Баттэлмэн, Т.Сайнбаяр, Д.Өлзийхутаг, С.Довчинмахбал, Э.Тунгалагтуяа, Д.Буян-Өлзий, Б.Оюунмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Д.Буяннэмэхийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алсан гэм буруутай шууд хөдөлбөргүй нотолсон баримт биш болохыг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заажээ.

Хуулийн уг заалтанд хамаарах аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжихээр байгаа бөгөөд тухайн халдлагын шинж чанар, эсхүл учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь уг эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх талаар ямар нэгэн нэмэлт шаардлага тусгагдаагүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “..Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй.” гэж заажээ.

Уг зохицуулалтаар, аргагүй хамгаалалт хийх эрхийг хүн бүр ямар нэгэн ялгаваргүйгээр эдлэх зарчим, мөн хамгаалалтыг идэвхтэй байдлаар хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч тодорхойлсон байх бөгөөд халдлагад өртсөн тохиолдолд зугтах, эсхүл өөр байдлаар аюулыг зайлуулах, эсхүл бусдаас тусламж хүсэх, эсхүл халдаж буй этгээдэд идэвхтэй хариу үйлдэл хийхээс бусад аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд л хамгаалалт хийх ёстой гэж шаардах нь үндэслэлгүйг хоёрдмол утгагүйгээр тусгасан байна. Энэ утгаараа аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Чухам ийм идэвхитэй хамгаалалт нүүрлэж буй аюулаас хамгаалах баталгаа болдог тул эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд аргагүй хамгаалалтыг нийгэмд ашигтай, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.

Хэрэг маргааныг эхлүүлэн, хутга барьж бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон М.Пүрэвсүрэнгийн халдлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, тухайн үйлдлээс өөрийгөө хамгаалсан гэх үйлдлийн талаарх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Д.Буяннэмэхийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн амь насыг хохироосон Д.Буяннэмэхийн санаатай, идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

Д.Буяннэмэхийн хийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн тогтоогдоогүй ба энэхүү зүйлээр хэргийг зүйлчлэхэд шүүгдэгч нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсоноос санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидах нөхцөл байдал үүссэн байхыг ойлгоно. Иймд Д.Буяннэмэх нь М.Пүрэвсүрэнгийн үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалахад чиглэсэн үйлдэл хийсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иймд улсын яллагч Б.Жаргалын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин цагаатгагдсан Д.Буяннэмэх нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хоригдсоноос хойш 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 45 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 27 хоног гэж 18 хоногоор дутуу тооцсон байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Д.Буяннэмэх нь энэ хэрэгт 27 /хорин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэснийг “Шүүгдэгч Д.Буяннэмэх нь энэ хэрэгт 45 /дөчин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэж өөрчилж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдол болон улсын яллагч Б.Жаргалын бичсэн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ПҮРЭВСҮРЭН   

                 

                          ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Д.МЯГМАРЖАВ