Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 555

П.Адъяа, Д.Баярсайхан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ууганцэцэг,

            Ялтан П.Адъяагийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Ганбаатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Адъяагийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор П.Адъяа, Д.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 201526011790 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Олхонууд овогт Пүрэвдоржийн Адъяа, 1985 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, гуталчин, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90в-25 тоотод түр оршин суух,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 8 дугаар сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар, 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 125 дугаар зүйлийн 125.1, 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ХН85070773/,

2. Боржигон овогт Дашцэрэнгийн Баярсайхан, 1978 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг, Чандмань 24 дүгээр байр, 2 тоотод оршин суух бүртгэлтэй,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:РЙ78071018/,

Ялтан П.Адъяа, Д.Баярсайхан нар нь ялтай байх хугацаандаа, бүлэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро”-гийн автобусны буудлын хойно иргэн Н.Батзаяагийн эд хөрөнгийг авах зорилгоор П.Адъяа нь “хохирогчийн хоолойг гараараа боох”, Д.Баярсайхан нь “хохирогчийн шанаан тус газарт гараараа цохих, өшиглөх” зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Sumsung Galaxy S-1” загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 20.535 төгрөгийн үлдэгдэл бүхий Худалдаа хөгжлийн банкны виза карт, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, бусдад 224.535 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Адъяа, Д.Баярсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Адъяа, Д.Баярсайхан нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт П.Адъяа, Д.Баярсайхан нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар П.Адъяа, Д.Баярсайхан нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар П.Адъяагийн цагдан хоригдсон 147 хоног, Д.Баярсайханд цагдан хоригдсон 205 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Адъяа, Д.Баярсайхан нар нь хохирогч Н.Батзаяад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба П.Адъяа, Д.Баярсайхан нарт авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

Ялтан П.Адъяагийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…П.Адъяаг Д.Баярсайхантай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч П.Адъяад дараах үндэслэлээр оногдуулсан ялын хэмжээг багасгаж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Үүнд:

1. П.Адъяа нь гэмт хэрэг үйлдэх үедээ өндөр настай эхийн хамт амьдардаг байсан. Эх Одонцэцэг нь харж хандах, элэг дэвтээх үр хүүхэдгүй сэтгэл санааны асар хүнд байдалд үлдэж байгаа бөгөөд хорвоод тээж төрүүлсэн ганц хүүдээ эргэлт уулзалт авах, хэрэгцээт эм тариаг нь хүргэж өгөх боломжоор нь хангаж, хүнлэг, энэрэнгүй талаас нь харж үзнэ үү.

2. П.Адъяа нь биеийн эрүүл мэндийн хувьд нэг нүд огт хараагүй, нөгөө нүд нь 50 хувь сул хараатай бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группд байсан, эмчилгээ эрүүл мэндийн байдлаас болж бүрэн хараагүй болох эрсдэлтэй, байнгын эмнэлгийн хяналтад байж гэмээ нь бүрэн хараагүй болохоос хамгаалагдах юм.

3. Хорих байгууллага хэдийгээр нэгдсэн эмнэлэгтэй боловч нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч, нарийвчлал өндөр тоног төхөөрөмжтэй эмнэлэгт гадуур үзүүлэх шаардлагатай болдог, цаашлаад хорих ангид ял эдэлж байгаа этгээдэд групп тогтоодоггүй, группийг гарууд сунгадаг байна. П.Адъяа нь зохих журмын дагуу группээ сунгуулж байвал халамжаас авдаг тэтгэмжийн орлогоор нь өндөр үнэтэй эм, тариаг нь авч хэрэглүүлж байвал хорих ял эдлээд дуусах хүртэл хугацаанд хараатайгаа байх баталгаатай байна гэж найдаж байна.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилго, хэлбэр агуулж болохгүй” гэсэн зарчмын үүднээс өндөр настай эхэд нь эргэлт уулзалт олгох боломжтой, нарийн мэргэжлийн эмчийн хяналт, эмчилгээнд хамрагдах боломжоор хангах зэрэг ялтны хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, мөн хохирогч Н.Батзаяа нь шүүхийн өмнөх шатанд хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн, шүүх гэм хорыг арилсан гэж үзсэн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг хэрэглэн хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн хорих ялын хэмжээг багасгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт  оруулж өгнө үү…” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…П.Адъяа, Д.Баярсайхан нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс бүлэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутай тооцож ял оногдуулсан. П.Адьяагийн хувьд урьд 3 удаа ял шийтгүүлсэн. Сүүлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасан зүйл ангид багтаагүй. Иймд анхан шатны шүүх П.Адьяагийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт П.Адьяагийн эрүүл мэндийн талаарх баримтууд байгаа. Сүүлд нүдний болор цайралт, торлог бүрхүүлийн ховхорол гэсэн оношийг гаргаж өгсөн тул шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

ХЯНАЛВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан П.Адъяа, Д.Баярсайхан нар нь бүлэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро”-гийн автобусны буудлын хойно иргэн Н.Батзаяагийн эд хөрөнгийг авах зорилгоор П.Адъяа нь “хохирогчийн хоолойг гараараа боох”, Д.Баярсайхан нь “хохирогчийн шанаан тус газарт гараараа цохих, өшиглөх” зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Sumsung Galaxy S-1” загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 20.535 төгрөгийн үлдэгдэл бүхий Худалдаа хөгжлийн банкны виза карт, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, бусдад 204.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан П.Адъяа мөрдөн байцаалтын шатанд: “...2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Д.Баярсайхан гэх найзтайгаа, мөн биеэ үнэлдэг Маралаа гэх хүүхэн, бас хуурай дүү Тамираатай “Саппора”-гийн автобусны буудлын ард байхад Шар бацаан над дээр ирээд “клинт олоод өгөх үү ахаа” гэсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Шар бацаан гэж хочилдог. ...Тэр үед Шар бацаан “танд хүүхэн байна уу, дүү нь хүн олчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би “надад нэг хүүхэн байна” гээд Шар бацаан, нөгөө хүүхэн авах гэсэн залууг дагуулаад явж байтал тэр залуу “хүүхэн хэд байдаг юм” гэж асуухаар нь би “нэг зуун тавин мянган төгрөг” гэж хэлсэн ба тэр залуу “надад байгаа нь далан мянган төгрөг байна” гэхээр нь би “нөгөө хүүхнээсээ асууя” гээд Маралаа гэдэг xүүхэн рүү ярьсан. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна, Маралаа гэж дууддаг. Тэгээд би Маралаатай утсаар яриад хоорондоо тохиролцсон. Хохирогч залуу “ATM-ээс мөнгө авъя, бэлэн байхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би тэр залууг Шар бацаантай цуг дагуулаад  “Саппора”-гийн автобусны буудлаас зүүн тийш  байрлах “Хаан банк”-ны АТМ орохоор явсан. Тэгэхэд Д.Баярсайхан, Тамираа, Маралаа нар яг “Хаан банк”-ны хажуу талд байрлах “Хон Конг” зочид буудлын авто зогсоолд машинтай хүлээж байсан. ...Тэгээд  тэр залуу АТМ-ээс далан мянган төгрөг аваад гарч ирсэн. Тэр залуу бид хоёр ойр хавьд буудал хайгаад явж байтал “Хон Конк” зочид буудлын зүүн талаас Тамираа, баруун талаас нь Баярсайхан нар гарч ирсэн. Тэр хоёр ирээд Баярсайхан эхлээд цохисон. Харин би нэг алгадсан. Тамираа хажуу талаас орж ирж байсан, цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Тэгээд бид гурав түрүүвчинд байсан далан мянган төгрөг, мөн утсыг нь дээрэмдсэн. Тэгээд бид дөрөв Тамираагийн машинтай тэндээс хөдлөөд Баянзүрх захын хажууд байрлах “Жюли” нэртэй архи зардаг дэлгүүрт ирсэн. Тэнд зогсоод “Хаан банк”-ны АТМ-н камерт бичигдсэн одоо угаасаа цагдаад баригдана гэж бид дөрөв маргалдсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад би Баярсайханаас хорин мянган төгрөг аваад “Жюли” нэртэй дэлгүүр рүү орж Улаанбаатар нэгтэй 0.5 литрын архи аваад хажуу талын байрны орцонд ороод ганцаараа уусан. Намайг гарч ирэхэд Маралаад хорин мянган төгрөг өгөөд явуулсан байсан. Тэгээд тэндээсээ бид гурав хороолол орсон. Хороолол ороод Энхбаярын замаар дээшээ өгсөөд буудлын хажуу талд зогсоод Баярсайхан, Тамираатай маргалдсан. Тэгээд би Баярсайхантай барьцалдаж аваад машинаас буугаад  байж байтал Тамираа машинтайгаа яваад өгсөн. Тэгэхэд Баярсайхан надад машинд нөгөө гар утас бас гучин мянган төгрөг үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээс салаад явсан...” /1-р хх-ийн 20-21/,

ялтан Д.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд: “...2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад манай найз Адъяа хоч нь Шрек манай гэрт ирсэн. Адъяа бид 2 Зүүн хараагийн чанга дэглэмтэй хорих ангид 2010 онд хамт ял эдэлж байхдаа танилцаж байсан. Тэгээд тэр өдөр Адъяа манайд ирээд “хамт юманд явчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд гэрээс хамт гарсан ба гэрийн гадаа Адъяа саарал өнгийн машинтай нэг залуутай хамт зогсож байсан. Тэгээд бид 3 манайхаас оройны 22 цагийн орчим машинтай Багшийн дээд рүү явсан. Багшийн дээд дээр очоод Адъяа буугаад явсан. Бууж явахдаа “та хоёр хүлээж байгаарай” гээд яваад өгсөн ба тэр үед жолооч залуу явах гэтэл Адъяа “хүлээж бай” гээд явсан. Би тэр жолооч залууг сайн танихгүй өмнө нь нэг удаа таарч байсан. Тэгээд Адъяа нэг хүүхэнтэй хамт ирсэн. Бид дөрөв “Саппора”-гийн автобусны буудлын хойно байрлах “Хон Конг” зочид буудал руу явсан. Явах замдаа Адъяа 0.33 литрийн архи ганцаараа уусан. Би тухайн үед архи уугаагүй. Тэгээд “Хон Конг” зочид буудлын автомашины зогсоол дээр ирээд Адъяа нөгөө хүүхэнтэй буугаад намхан залуутай уулзаад зогсоод байсан. Удалгүй жолооч залуу “би явлаа” гээд явсан. Би Адъяа, нөгөө хүүхэн хоёр дээр очсон. ...Тэр үед Адъяа нөгөө залуугийн ардаас гараараа боосон. Тэгсэн чинь тэр залуу “та хоёр намайг дээрэмдэх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм” гэж орилоод халаасанаасаа түрүүвчээ гаргаад шидсэн. Тэр түрүүвчийг нь Адъяа аваад дотор нь 70.000 төгрөг байна гээд авсан. Тэр үед нөгөө хохирогч залуу гap утсаараа бичлэг хийсэн. Тэгсэн өөрийнхөө гар утсыг харанхуй булан руу шидсэн ба би тэр утсыг нь очоод авсан...” /1-р хх-ийн 139-141/,

хохирогч Н.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд: “...2015 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн орчим “Саппора”-гийн автобусны буудлын баруун доод хэсэгт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс мөнгө авах зорилготой явж байтал саарал өнгийн 15-12 АРХ улсын дугаартай суудлын автомашин зогсож байсан. Машинаас ойролцоогоор 180-190 см өндөртэй залуу бууж ирээд, “яриа байна уу, гайгүй хүүхэн байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гээд “Хаан банк”-ны ATM руу орсон. Тэгтэл тэр өндөр залуу миний ардаас ATM руу дагаж орж ирээд хүүхэн авчих гээд намайг хоргоогоод байсан. Тэгэхээр би юм яриагүй, АТМ-ээс 70.000 төгрөг аваад гарсан. АТМ-ээс мөнгөө аваад баруун гар тийшээ “Цамбагарав” тал руугаа эргээд явж байтал миний ардаас нөгөө өндөр залуу “хөөе” гэж дуудаад шууд ирээд миний хоолойг гараараа боосон. Тэр өндөр залуу цаашаа хараад “хөөе” гэж дахиад орилоход цаанаас 160-170 см өндөртэй нэг залуу хүрч ирээд миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэр үед би тонгойж суусан ба намайг доош суухад тэр намхан залуу нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин нөгөө өндөр залуу нэг гараараа миний тэлээнээс барьж, нөгөө гараараа өмдний болон цамцны халаасыг ухаж байсан. Өндөр залуу миний өмдний халааснаас түрийвч, цамцны халааснаас гар утас авсан. Миний ардаас хоёр, гурван удаа цохисон. Тэгээд цаанаас шар үстэй нэг хүүхэн ирээд “болиоч” гэж хэлэх шиг болсон. Тэр хоёр залуу цаашаа гүйгээд яваад өгсөн. ...Өндөр залуу миний ардаас боогоод 2-3 удаа цохисон, намхан залуу нь миний нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон ба зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөсөн. ...Миний гар утас хар өнгийн “Galaxy S-1” загварын утас байсан. Түрийвчинд бэлэн 70.000 төгрөг болон цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мөн “Худалдаа хөгжлийн банк”-ны цалингийн карт байсан. ...Тухайн үед миний баруун талын нүд хөхөрч хавдсан, дагз толгойн хэсэг энд тэндээ булдруу болсон байсан. Би тухайн үед ажилтай байсан тул Шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан...” /1-р хх-ийн 5-7, 129-130/,

гэрч Б.Солонго мөрдөн байцаалтын шатанд: “...Миний жинхэнэ нэрийг Солонго гэдэг, намайг Маралаа гэж дууддаг. Би хүмүүст өөрийгөө танилцуулахдаа Маралаа гэж танилцуулдаг юм. ...2015 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчим ...харих гээд явж байтал П.Адъяа гэх зүс мэдэх залуутай таарсан. П.Адъяа тэр үед намайг “машинд суучих” гэж хэлсэн. ...Намайг машинд суутал П.Адъяа, Д.Баярсайхан гэх зүс таних залуу, тэгээд жолооч сууцгааж байсан. П.Адъяа, Д.Баярсайхан хоёр архи ууж байсан. ...П.Адъяа “Саппора” руу явъя гээд “Саппора”-гийн автобусны буудал дээр ирж зогссон. Тэр үед П.Адъяа, Д.Баярсайхан хоёр машинаас буугаад яваад өгсөн. Жолооч залуу бид хоёр машинд хүлээж байсан. 20 минут орчим болоод П.Адъяа, Д.Баярсайхан хоёр дунд зэргийн нуруутай нэг залуутай хамт ирсэн. Удалгүй П.Адъяа нөгөө дагуулж ирсэн залуутайгаа тэр хавиар юм яриад яваад байсан. Тэгсэнээ П.Адъяа намайг дуудаад “чи миний араас дагаад явж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Адъяа, нөгөө залуу хоёрын хойно ойролцоогоор 8 метр орчим зайтай явж байсан. Тэгээд явж байгаад П.Адъяа нөгөө залууг ...“Хонг Конг” зочид буудлын баруун булангийн харанхуй хэсэг рүү дагуулаад орсон. Би очоод хартал П.Адъяа тэр залууг шууд гэдэс рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед машинд сууж байсан Д.Баярсайхан хүрч ирээд нөгөө залууг өшиглөсөн. Би яг юу болоод байгааг сайн ойлгоогүй, гайхаад зогсож байсан. П.Адъяа, Д.Баярсайхан хоёрт хандаж “юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм, болиоч” гэж хэлээд машин руу явсан. Тэр үед жолооч залуу хүрч ирж харснаа буцаад машиндаа ирж суусан. Тэгээд жолооч залуу машин дотор “энэ хоёр яг дээрэм хийчихлээ, би ийм юманд оролцмооргүй байна, би ийм зүйл болно гэж мэдээгүй, П.Адъяа намайг өнөөдөр машинтайгаа хамт яваад өгөөч гэж гуйсан” гэж хэлсэн. Тэгэхээр би тэр жолооч залууд “би ч гэсэн мэдээгүй” гэж хэлсэн. Удалгүй П.Адъяа, Д.Баярсайхан хоёр машинд ороод ирсэн. Тэр үед жолооч залуу бид хоёр уурлаад “та нар хүн дээрэмдээд байгаа юм уу, яагаад байгаа юм бэ, ингэж болохгүй шүү дээ, хэрэв юмыг нь авсан бол буцаагаад өг” гэж хэлсэн. Тэр үед П.Адъяа, Д.Баярсайхан хоёр өөдөөс “яав л гэж гээд уурлаад”, намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Д.Баярсайхан П.Адъяагаас “чи мөнгө, төгрөг илүү авчихаагүй биз, хэдэн төгрөг байсан” гэж асуусан бөгөөд хариуд нь П.Адъяа Д.Баярсайханд хандаж “тэр түрийвчинд 70.000 төгрөг, бичиг баримт л байсан, би бичиг баримтыг нь түрүүвчтэй нь хаясан, мөнгийг нь авсан” гэж хэлж байсан. Харин Д.Баярсайхан тэр залуугийн мэдрэгчтэй хар өнгийн гар утсыг нь авчихсан байсан. Жолооч залуу гар утсыг хараад Д.Баярсайханд “гар утсыг нь битгий унтраа, одоо залгах байх, тэгэхээр нь очоод уучлалт гуйгаад юмыг нь буцааж өг” гэсэн. Тэгсэн чинь Д.Баярсайхан гар утасны сим картыг авч хаяаад утсыг халаасандаа хийсэн. Тэр үед би уурлаад “ийм зүйлд оролцмооргүй байна, мөрөөрөө явмаар байна” гэж хэлсэн. Тэгээд явж байгаад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр зогссон бөгөөд би машинаас буугаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш П.Адъяа, Д.Баярсайхан хоёртой уулзаагүй. ...жолооч залуу энэ хэрэгт хамаагүй. Харин ч боль энэ тэр гээд хэлж байсан. Машинд П.Адъяа, Д.Баярсайхан хоёр орж ирээд түрийвчнээс нь 70.000 төгрөг болон хар өнгийн мэдрэгчтэй гар утсыг нь авчихлаа гэж байсан. Түрийвчнээс мөнгийг П.Адъяа авсан, харин гар утсыг Д.Баярсайхан авсан гэж байсан тэр хоёрын яриагаар...” /1-р хх-ийн 131-133/,

гэрч Ю.Бадамхорлоо мөрдөн байцаалтын шатанд: “...Манай хүү Батзаяа тэр өдөр гэртээ шөнийн 03 цагийн орчим орж ирсэн. Ээжээ би “...”Саппора”-гийн автобусны буудлын орчим хэдэн хүмүүст дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Нүүр нь хавдсан, нүд тагларсан, хөмсөг нь язарчихсан байдалтай хүрч ирсэн. Тэгээд хэд хоног гэрээсээ гараагүй, гэрээр эмчилгээ хийж эмчлүүлсэн. Тэгээд маргааш нь цагдаад очиж мэдэгдэнэ гэж утсаар ярьсан. ...Хүйтэн жин энэ тэр тавьж байж зүгээр болсон...” /1-р хх-ийн 134-135/,

М.Тамираа яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд: “...2015 оны 9 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед ...15-12 АРА улсын дугаартай “Ниссан Тида” загварын саарал өнгийн суудлын автомашинтай таксинд явж байтал П.Адъяа хоч нь /Шрек/ гэх миний танил залуу над руу залгаад “Баянхошууны тойрог дээр байна ирээд авчих” гэж утсаар ярьсан. ...Тэгээд бид хоёр Өргөө кино театрын ард байх Д.Баярсайханы амьдардаг нийтийн байранд очсон. ...“Багшийн дээд” дээр очоод П.Адъяа шар үстэй хүүхнийг дагуулж ирсэн бөгөөд тэр хүүхнийг Маралаа /Солонго/ гэж байсан. ...Тэгээд бид 4 “Саппора”-гийн автобусны буудал дээр очоод машинаас П.Адъяа, Д.Баярсайхан хоёр буугаад машинаа “Хаан банк”-ны зогсоол дээр тавиад “хүлээж бай, би энд хүнтэй уулзана” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би нөгөө Маралаа /Солонго/ гэх хүүхэнтэй машинд сууж байсан. Тэгээд 20-иод минутын дараа П.Адъяа, Д.Баярсайхан хоёр намхан нуруутай залууг дагуулж ирсэн. Тэгснээ П.Адъяа дагуулж ирсэн залуутай тэр хавиар юм яриад яваад байсан. Харин Д.Баярсайхан машинд суусан. Хэсэг хугацааны дараа П.Адъяа нөгөө хүүхнийг дуудаад аваад явсан. Тэгээд П.Адъяа, нөгөө залуу, Маралаа /Солонго/ гэх хүүхэн гурав “Хон Конг” зочид буудлын хавиар явж байснаа харагдахаа больсон. Тэр үед машинаас Д.Баярсайхан буугаад тэр гурвын араас яваад өгсөн. Тэгээд удаад байхаар нь би машинаасаа буугаад тэд нар дээр очих гээд явж байтал урдаас Маралаа /Солонго/ гэх хүүхэн нь ирснээ “П.Адъяа, Д.Баярсайхан хоёр тэнд хүнтэй зодолдоод байна чи очоод салга, юу болоод байгаа юм бол” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Хон Гонк” зочид буудлын баруун булан тойроод очтол П.Адъяа, Д.Баярсайхан хоёр нөгөө намхан нуруутай залуутай зодолдоогүй байсан. Нөгөө залуу газар суусан байдалтай, харин П.Адъяа, Д.Баярсайхан хоёр зүгээр зогсож байсан. Д.Баярсайхан нөгөө залуугийн цээжин хэсэг рүү нэг удаа өшиглөж байсан. Тэгэхээр нь би “явлаа” гэж П.Адъяа, Д.Баярсайхан хоёрт хэлээд машин руугаа буцаж очиж суусан. Тэгэхэд П.Адъяа “хүлээж байгаарай” гээд ардаас орилж байсан. Би машиндаа очих суугаад Маралаа /Солонго/ гэх хүүхэнтэй “энэ хоёр хүн дээрэмдсэн юм шиг байна, би хамаагүй шүү, ийм юм болно гэж бодоогүй” гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн ч гэсэн бас тиймэрхүү юм ярьж байсан. Тэгээд явах гэтэл П.Адъяа, Д.Баярсайхан хоёр машинд opoод ирсэн. Би тэр хоёрт уурлаад юу болсон талаар асуухад тэр хоёр “зүгээрээ яагаач үгүй” гэж хэлээд “Багшийн дээд” рүү явъя гэж хэлсэн. Машинд орж ирэхдээ П.Адъяа ямар ч байсан 70.000 төгрөг байна гэж хэлж байсан. Би ямар учиртайг нь ойлгоогүй. Тэгээд нөгөө Маралаа /Солонго/, П.Адъяа, Д.Баярсайхан гурав хоорондоо маргалдаад байсан. ...13 дугаар хорооллын автобусны буудал дээр Маралаа /Солонго/ буугаад яваад өгсөн. П.Адъяа тэр хүүхэнд мөнгө өгөх шиг болсон ба би одоо яг сайн санахгүй байна. ...Энэ явдал болсны дараа машин дотор П.Адъяа 70.000 төгрөг байна гэж хэлж байсан. Харин Д.Баярсайхан машинаас буухдаа хар өнгийн гар утас халаасандаа хийж байсан...” /1-р хх-ийн 151-153/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 54/, зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс П.Адъяа, Д.Баярсайхан нарын гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Түүнчлэн хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан П.Адъяа, Д.Баярсайхан нарын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, тэдний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн бусад хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргийг харьцуулан үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болно.

Давж заалдах шатны шүүхэд ялтан П.Адъяагийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан П.Адъяагийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн “…оногдуулсан ялын хэмжээг багасгаж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь халдлагад өртөж байгаа этгээд рүү шууд чиглэж, довтолгоо хийсэн байдаг бөгөөд уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамааран хүч хэрэглэсэн буюу довтолгоо хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог онцлогтой.

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан П.Адъяа, Д.Баярсайхан нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, түүнчлэн тэдний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Ялтан П.Адъяа, Д.Баярсайхан нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, тэд хэрэг үйлдэх явцдаа санаатай хамтран оролцож, хохирогч Н.Батзаяагийн эд зүйлийг дээрэмдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэгч гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно…” гэж заасан нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш юм.

Ялтан П.Адъяа нь гурван удаа гэмт хэрэг үйлдэж, 2 удаа хорих ялаар, ялтан Д.Баярсайхан нь нэг удаа онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс П.Адъяад урд оногдуулсан хорих ялын зарим хугацааг биечлэн эдлүүлэхгүй, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж байсан, Д.Баярсайханы хорих ялын зарим хугацаа Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хасагдсан хэдий ч тэд энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин хүнд гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь тэдний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзнэ.  

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх ялтан П.Адъяа, Д.Баярсайхан нарын өмнө үйлдсэн гэмт хэргүүдийн ялтай байдлыг өршөөлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрчөөгүй, тэдний гэм буруу, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоосон ба энэ талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Адъяагийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: