Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 566

 

                                                                        

 

 

 

 

Э.Хүрэлцогтод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтан Э.Хүрэлцогтын өмгөөлөгч Л.Ганганбарс,

            Хохирогч У.Отгонболд, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

            Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч У.Отгонболдын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Хүрэлцогтод холбогдох эрүүгийн 201601070035 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Энхтайваны Хүрэлцогт, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, “Багануур” ХК-д бульдозерчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, дүүгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байр, 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УГ83111611/,

 

            Э.Хүрэлцогт нь 2016 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвтсгэрт байрлах “Аяс” баарны гадна “жирэмсэн эхнэрийг маань түлхлээ” гэх шалтгаанаар иргэн У.Отгонболдын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатангаршил, баруун нүдний хараа бууралт 0.05, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас: Э.Хүрэлцогтын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Хүрэлцогтыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Э.Хүрэлцогтыг 440 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Э.Хүрэлцогтод мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Хүрэлцогт нь эмчилгээний зардалд 1.471.200 төгрөг хохирогчид төлснийг дурдаж, Э.Хүрэлцогтоос 134.400 төрөгийг гаргуулж, хохирогч У.Отгонболдод олгож, хохирогч У.Отгонболд нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдаж, Э.Хүрэлцогт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Хүрэлцогтод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Хүрэлцогтод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гаргасан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч У.Отгонболдын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт заасан зардалд хамаарахгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ. Хохирогч У.Отгонболд нь энэхүү мөрдөн байцаалтын ажиллагаанд өөрөө сайн дураар татагдан ороогүй, шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Хүрэлцогт хууль бус үйлдэл гараагүй бол У.Отгонболд хохирохгүй мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч хөлслөх шаардлагагүй байсан. Хохирогч У.Отгонболд нь өмгөөлөгч М.Алтанцэцэг надтай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, мөнгө тушаасан баримт зэргийг үйлдсэн бөгөөд хохирогчийн зүгээс өмгөөлөгч авсныг нотлох баримтуудыг шүүхэд хавсарган өгсөн байхад уг өмгөөллийн хөлсний зардлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт заасан “өмгөөлөгчид төлсөн зардалд”-д хамаарахгүй зардал гэж илт үндэслэлгүй дүгнэсэн хууль бус байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт байцаан шийтгэх ажиллагааны зардлуудыг дурдсан байх бөгөөд уг байцаан шийтгэх ажиллагааны зардлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйд зааснаар “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах”, 101.1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй” гэжээ.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасны дагуу хохирогч нь өмгөөлөгчтэйгээ гэрээ байгуулж, уг гэрээгээрээ хөлсөө тохиролцоод, мөнгө тушаасан баримт үйлдээд уг бүх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн өмгөөлөгч бус этгээд оролцож болох заалтыг хүчингүй болгосон бөгөөд ингэснээрээ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд зөвхөн мэргэжлийн өмгөөлөгч л оролцох эрхтэй болсон. Мөн хохирогчийн өмгөөлөгч авах эх үүсвэрийг шүүгдэгч бусдын эрүүл мэндэд халдаж өнөөдөр цэл залуухан залуугийн нүд нь юу ч харахгүй болж асар их хүнд хор уршиг учирч байна. Энэ гэмт хэрэг гараагүй, хохирогчийн эрүүл мэнд, хуулиар хамгаалагдсан эрх чөлөөнд халдаагүй байсан бол хохирогч нь өмгөөлөгч авах шаардлагагүй. Мөн хохирогч нь хуулийн мэдлэггүй бөгөөд хуульд заасан хохирсон эрхээ сэргээлгэх, мэргэжлийн процессын ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох зүй ёсны хэрэгцээ шаардлага билээ. Шийтгэх тогтоолын 4-т “...Э.Хүрэлцогтоос 134.000 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Отгонболдод олгосугай...” гэсэн бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулаагүй байхад түүнд хөнгөн ял оноосон. Мөн хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч “У.Отгонболд баарнаас гарч иргэнгүүт Үүрдсайхан гэдэг залуу намайг боогоод хажуу талаас нь Хүрлээ гэдэг залуу гүйж ирээд баруун талын нүд рүү гараа зангидаж байгаад цохисон” гэж мэдүүдэг бөгөөд хохирогчийг, ямар ч шалтаг шалтгаангүйгээр цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан болно. Хохирогч хэнтэй ч муудалцаагүй, хэнтэй ч зодолдоогүй байхад шүүхээс шүүгдэгчийн талд хэт нэг талыг баримталсан шийдвэрийг гаргасан.

Мөн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 602 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл буюу баруун нүдний хараа 0.06 болсон байсан бол шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Орбит” эмнэлэгт үзүүлэхэд баруун нүдний хараа 0.02 болсон бөгөөд 35 хувийн алдагдалтай болсон. У.Отгонболдын хараа өдөр ирэх тусам муудаж юм харахгүй болж байгаа тул хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, дахин шинжээч томилж өгнө үү. Учир нь У.Отгонболдын хараа Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1 дэх хэсэгт заасны дагуу 35 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдсан байх тул хүндэвтэр биш хүнд зэргийн гэмтэл учраад байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан хэдий ч хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан тохиолдолд дээрх ажиллагааг хийх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч У.Отгонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Тэр үед 2 хүн намайг зодсон. Нэг нь хоолой боогоод нөгөөх нь цохисон. Гэтэл зөвхөн нэгийг нь ял шийтгэсэнд гомдолтой байна…” гэв.

Ялтан Э.Хүрэлцогтын өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, холбогдогчийн гаргасан үйлдлийн хор уршиг, сэдэлт санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, андуурагдсан объект, хохирогч талын гаргасан хууль бус үйл ажиллагаа зэрэг нотлох баримтыг бодитойгоор үнэлж дүгнэн оновчтойгоор шийдвэрлэсэн хууль ёсны шийдвэр болсон. Давж заалдах гомдолд дурдсанаар өмгөөлөх эрхтэй этгээд үйлчлүүлэгчтэйгээ тохиролцож хөлс авах нь гэрээгээр зохицогдох асуудал. Хэдэн төгрөг авах, яаж өмгөөлөх нь шүүхэд болон хэргийн бусад оролцогч нарт сонин биш. Гагцхүү өмгөөлөгчийн авч буй өмгөөллийн хөлсийг гэм буруутайд тооцогдсон этгээдээс гаргуулна гэсэн хууль байхгүй. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Өмнө нь Цэцгээ гэж өмгөөлөгч байхад шүүгдэгч талаас өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид хохирогчтой эвлэрэх асуудал байж болох юм гээд 500.000 төгрөгийг төлсөн. Болж өгвөл хохирол төлбөрийг төлчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй явсан. Гэтэл төлбөрийг авчихаад өмгөөлөгчөө сольсон. Ингээд дахин өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Бид энэ 2.000.000 төгрөгийг төлбөл дахин өөр, өөр өмгөөлөгч авч тэр болгоны өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилбэл яах вэ. Ямар өмгөөлөгч авах нь хохирогчийн эрхийн асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт заасан “өмгөөлөгчийн зардал” нь өөр утгатай зардал юм. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд зайлшгүй шаардлагаар өмгөөлөгчийг томилуулах эсвэл урьж оролцуулсан тохиолдолд тухайн үйл ажиллагаанд оролцсон өмгөөлөгчид олгох цагийн хөлсний асуудал яригддаг. Үүнийг буруугаар ойлгоод, эсхүл зориудаар буруу тийш мушгин өөрийн үйлчлүүлэгчдээ буруу ойлголт төрүүлж байгаа нь буруу юм. Хохирлоос 134.000 төгрөг дутуу төлсөн байхад хөнгөн ял оногдууллаа гэж байна. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. 7 дугаар сарын 20-ны өдөр “Орбит” гэх хувийн эмнэлэгт үзүүлсэн байсан. Ингээд нүдний шилний мөнгө, эмчид үзүүлсэн, нааш, цааш явсан зардлууд гэж нэхэмжилсэн. Үүний баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн тул бид урьдчилан төлөх боломжгүй байсан. Иймд хурлын дараа 134.400 төгрөгийг төлсөн. Мөн 2.000.000 төгрөг гаргах ёстой байсан юм бол өмгөөлөгч давж заалдах гомдолдоо 134.400 төгрөгийг төлөөгүй гэж дурдсан нь 2.000.000 төгрөгийг төлөх ёсгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдож байна. Мөрдөн байцаалтын шатнаас хохирогч өмгөөлөгчтэй явсан. Мөрдөн байцаалтын шатанд зүйлчлэлийн талаар ямар нэг хүсэлт гомдол гаргаж байгаагүй. Э.Хүрэлцогт нь өөрийн эхнэрийг түлхэж унагаасан Баясгалан гэх залууг зогсож байна гэж бодоод харанхуйд хохирогч У.Отгонболдыг очиж 1 удаа л цохисон. Иймд танхайн сэдэлт байхгүй. Шинжээч томилох, томилуулах эрхийг хохирогчид бүрэн эдлүүлсэн. Хамгийн анх хохирогч “надад учирсан гэмтэл байхгүй” гэж шинжээчийг хуурч гэмтэлгүй гэсэн дүгнэлт гаргуулсан. Дараа нь бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хүндэвтэр гэмтэл тогтоогдсон. Үүнд ямар нэг гомдолгүй, хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсан байж шүүх хуралдаанд ирсэн хойноо дахин гомдол гаргаж, дахин шинжээч томилуулсан. 7 дугаар сарын 20-ны өдөр үзүүлсэн гэх өвчний карт анхан шатны  шүүх хуралдааны үед хэрэгт байгаагүй. Үүнийг албан ёсны баримт гэж үзэх эсэхийг би мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хохирогч ухархайн ясны хугарлаас болж хараа нь муудаж байна гэж байгаа боловч ухархайн ясны хугарал байхгүй болох нь сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирол төлбөр төлөгдөөгүй, гэм хор арилаагүй гэх үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх эсхүл хүндрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийг хэрэглэх тохиолдолд энэ нөхцөл байдлыг харгалзан үздэг…” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Э.Хүрэлцогт нь 2016 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвтсгэрт байрлах “Аяс” баарны гадна “жирэмсэн эхнэрийг маань түлхлээ” гэх шалтгаанаар иргэн У.Отгонболдын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатангаршил, баруун нүдний хараа бууралт 0.05, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Э.Хүрэлцогт мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө манай найз Алтангэрэлийн төрсөн өдөр болоод түүний эхнэр Ганчулуун, манай эхнэр Золжаргал, Үүрцайх, Алтангэрэлийн найз Ууганаа гээд бид зургаа 23 цаг өнгөрөөгөөд орсон. Цаг дуулаад шөнийн 1 цагийн үед “Аяс” баарнаас гарч байхад бие засах гээд ариун цэврийн өрөө рүү орох үед жижиг биетэй залуу ирээд мөрлөөд хэл амаар доромжилж эхэлсэн. Хэлэхдээ “намайг таньж байна уу, би эндэхийн атаман байна” гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл, Үүрцайх, бид гурав ариун цэврийн өрөөнөөс гарч иртэл намайг мөрлөж байсан залуу нэг залуутай “Аяс” баарны гардаг хаалганы үүдэн дээр зогсож байсан. Би тооцоогоо хийх гээд текэн дээр очиж эхнэртэй мөнгө өгчөөд тамхи татах гээд гартал гадаа Алтангэрэлтэй нэг жижигхэн залуу маргалдаад зогсож байсан. Тэр хоёр нэлээд маргалдаж байсан. Тэгээд би тамхи асаачихаад эргээд хартал нөгөө хоёр барилцаад зогсож байхаар нь салгах гээд очоод тэр хоёроос бариад автал араас өшиглөөд намайг татаад унагаачихсан. Тэгээд би босч ирээд намайг татаж унагасан залууг түлхэж унагаж холдуулчихаад Алтангэрэлийг татаж аваад эргээд хартал эхнэрийг түлхээд унагачихсан байхаар нь эхнэрээ босгож хашааны гадаа гаргачихаад хашаанд орж нэг өндөр залууг эхнэрийг минь түлхэж унагасанд уурлаад алгаараа нь нүүр рүү нь түлхэж унагасан. Тэгээд Ууганаа намайг татаж аваад гэр рүүгээ харьцгаасан...” /хх-ийн77-78/,

хохирогч У.Отгонболд мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 1 дүгээр сарын 9 нөөс 2016 оны 1 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 12 цаг 45 минутын үед Баясгалан, Батмягмар нарын хамт “Аяс” баарны караокед ороод нэг шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи аваад тэрийгээ уугаад дуулаад 45 минут болсон. Тэгээд манай найз гарч явсан. Би дуулж байгаад араас нь 10-аад минутын дараа гараад ариун цэврийн өрөө рүү хартал ариун цэврийн өрөөнд байхгүй байсан. Тэгэхээр нь би тамхилж байгаа юм байлгүй гээд гараад иртэл биеийн тамирын багш хийгээд байдаг намхан Үүрцайх гэдэг хүн намайг боогоод авсан. Тэгсэн миний хажуу талаас Хүрлээ гэдэг залуу гүйж ирээд миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Тэгээд би хойшоо хашлага налж газар сууж байгаад нүдээ нээх гэхэд нээгдэхгүй байсан. Тэгээд би хоёр найзыгаа “Аяс” бaap руу ороод хартал манай найз Батмягмарын нүүр, хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Намайг цохиулчихаад босоод ирэхэд нөгөө хүмүүс байхгүй болчихсон байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд хоёр залуу иь ирчихсэн байсан. ...намайг хүн андуураад цохисон юм шиг байна лээ. Би “Аяс” баарнаас гараад иртэл намайг нэг залуу боогоод хажуу талаас өөр нэг залуу цохисон...” /хх-ийн 29/,

гэрч Н.Гэрэлцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүрэлцогтыг хүний нүд рүү цохисон гэж сонссон. Эхнэрийг нь түлхэж унагахаар нь Хүрэлцогт уурлаад хүний нүд рүү цохисон гэсэн...” /хх-ийн 30/,

гэрч Б.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө өөрийн нөхөр Хүрэлцогт, түүний найз Алтангэрэл болон түүний эхнэр Ганчулуун, манай нөхрийн найз Үүрдсайхан, Ууганбат бид нар “Аяс” бааранд шөнийн 23 цагийн үед ороод 2 цаг хэртэй дуулж байгаад тэндээс гарахад нэг жижиг биетэй залуу нь Алтангэрэлийг бие засах өрөө рүү орох гэхэд үүдэнд нь мөрлөөд “намайг таних уу, би энэ тоосгон байрны атаман байна, муу сайн дамжуулахын бацаан нар аа” гэсэн. Тэгтэл Алтангэрэл “чи зүгээр бай, чамайг танихгүй юм байна, зүгээр одоо яв” гэж хэлээд гараад явсан. Нөгөө намхан залуу нь бие засах өрөө рүү орсон. Хүрэлцогт, Ганчулуун бид гурав тооцоогоо хийчихээд Алтангэрэлийн араас гартал баарны үүдэнд Алтангэрэлтэй нөгөө жижиг биетэй залуу маргалдаад зогсож байсан. Тэгээд Үүрдсайхан салгах гээд тэр хоёр дээр очсон чинь хаалган дээр муудалцаад зогсож байсан. Баясгалан гээд онцгой байдлын хувцас өмссөн залуу тамхи татаад хажуу талд зогсож байхаар нь би “наад хэдийгээ аваад яваач” гэж хэлсэн. Баясгалан манай нөхрийг баарны үүдэнд зогсож байхад араас нь татаад нүүр рүү нь цохих шиг болсон. Баясгалан болон бас нэг жижиг биетэй залуу тэр хоёр хүмүүсийг хоргоогоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь би Баясгаланг “чи болиоч, хамгаалагч нь юм байж хүн цохиод байхдаа яадаг юм” гэж хэлтэл намайг түлхээд унагачихсан. Би 6 сартай жирэмсэн байсан болохоор манай нөхөр намайг унасан байхыг   хараад намайг босгож холдуулчихаад эргэж очоод “чи жирэмсэн хүнийг унагаад байхдаа яадаг юм бэ” гээд Отгонболдыг баруун гараараа цохиод авсан. Тэгээд салгах гэж байхад цагдаа ирсэн. Э.Хүрэлцогт нэг л удаа Отгонболдын нүүр рүү цохисон. Отгонболдыг Баясгалан гэдэг залуутай андуурч цохисон...” /хх-ийн 31-32/,

гэрч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…“Аяс” баарны адаа зодоон болоод бужигнаад байж байтал баарнаас Отгонболдыг гарч ирж байсан чинь Хүрэлцогт эхнэрээ түлхэж унагасан залуутай андуураад нүүр рүү нь гараа зангидаж байгаад цохисон. Нөгөө залуу “ёо ёо” гээд суусан. Бид нар цагдаа гээд салаад явцгаасан...” /хх-ийн 33-34/,

гэрч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 23 цагт бааранд орсон, баарнаас Отгонболд бид хоёр гарч байтал Отгонболдыг Хүрлээ гэх залуу цохьсон. Оогийгийн нүд нь жоохон улайчихсан байсан. Отгонболд миний нүд бүрэлзээд байна гэж хэлж байсан...” /хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч Г.Ууганбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Золоо эгч Хүрэлцогт, Батмягмар хоёрын зууралдсан дээр нэмээд зууралдчихсан зогсож байсан. Баясгаланг салгах гээд очиход Баясгалан гараа хүчтэй татахад Золоо эгч газар уначихсан. Тэгээд байж байтал дотроос Отгонболд гарч ирж таараад Хүрэлцогт ах гүйж очоод Отгонболдын нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд салгаад байж байхад цагдаа нар ирсэн. Хүрэлцогт Отгонболдыг Баясгалантай андуурч цохисон байх, түүнээс биш Отгонболд зодоонд ер оролцоогүй...” /хх-ийн 39/,

гэрч Б.Үүрдсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“Аяс” караокед Хүрэлцогт, түүний эхнэр Золжаргал, Ууганбат, Алтангэрэл, түүний эхнэр Ганчулуун нарын хамт орсон. Бид хэд тэндээ нэлээд удаан дуулж сууж байгаад Алтангэрэл, Хүрэлцогт бид хэд ариун цэврийн өрөө ороод бие засчихаад гараад явахад нэг намхан залуу мөрлөөд зам хөндөлсөөд байсан. Тэгэхээр нь бид “яаж байна аа” гэцгээхэд Алтангэрэл түүнд “зүгээр яваач” гэж хэлээд өрөө рүүгээ яваад орсон. Биднийг хувцсаа өмсөөд гарахад Алтангэрэл түрүүлээд гараад явсан. Хүрэлцогт, Золжаргал бид хэд цуваад гарцгаасан ба би сүүлд хоцроод гарсан. Үлдэгдэл тооцоогоо хийгээд гарахад нэг намхан залуутай Алтангэрэл хэрэлдээд байж байсан, бусад нь хараад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр намхан залууг татаад хашааны хажуу тал руу болгоод “та хэд болио, одоо явцгаа” гээд байж байхад “Аяс” караокений хажуу талд нэг цэрэг хувцастай залуу Алтангэрэлийн эхнэр болон Хүрэлцогтын эхнэртэй юм яриад зогсож байсан. Тэгээд “цагдаа нар ирэх гэж байна, явцгаая” гээд явцгаасан. ...Би тухайн үед ямар ч хүн зодож цохисон асуудал байхгүй, тэнд байсан жижиг залууг би холдуулаад “ингэж болохгүй” гээд хашаа руу болгоод байж байсан. Тухайн зодоон болох үед бид нартай Үүрцайх гэж хүн хамт яваагүй, харин би л явсан...” /хх-ийн 37, 184/

 

Шинжээч эмч М.Энхбаяр анхан шатны шүүх хуралдаанд “...Нүдний гэмтлийн үед харааны бууралтаар гэмтлийн зэргийг тогтоодог. У.Отгонболдын нүдний алимны доргилт, гэмтлийн улмаас харааны хатангаршил 0.05 болж буурсан байсан бөгөөд харааны бууралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 30 хувиар тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүдний хатангаршил нь 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр буюу зодуулсан өдрөөс хойш үүссэн байх боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Энэ гэмтэл нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /хх-ийн 182-183/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “...У.Отгонболдын биед тухайн үед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний хараа бууралт 0.08, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг...” болохыг тогтоосон шинжээчийн 161 тоот дүгнэлт /хх-ийн 61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШХ-ийн шинжээч эмч нарын гаргасан №161 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШХ-ийн шинжээч эмч нарын гаргасан №409 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай байна. У.Отгонболдын биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатангаршил, баруун нүдний хараа бууралт 0.05, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 30 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 602 тоот дүгнэлт /хх-ийн 173-175/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Э.Хүрэлцогтын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хохирогч У.Отгонболдын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Хохирогч У.Отгонболдын өмгөөлөгч М.Алтанцэцэг “…өмгөөллийн хөлсний зардлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт заасан “өмгөөлөгчид төлсөн зардалд”-д хамаарахгүй зардал гэж илт үндэслэлгүй дүгнэсэн хууль бус байна. “...хохирогчид учруулсан хохирлоо шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулаагүй байхад түүнд хөнгөн ял оноосон. Мөн хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн, …У.Отгонболдын хараа өдөр ирэх тусам муудаж, юм харахгүй болж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан, Э.Хүрэлцогтын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Отгонболдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд хэргийн нөхцөл байдал, түүнчлэн ялтны хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан албадан ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Э.Хүрэлцогтод мэдэгдэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заажээ. Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүхэд шилжсэн яллагдагч буюу шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл Э.Хүрэлцогтод холбогдох гэмт хэрэгт ял сонсгож, мөрдөн байцаалт явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ. Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягтлаж үзсэний  үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ үнэлдэг.

            Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, уг хэрэгт холбогдолгүй, өөрөөр хэлбэл асуувал зохих бүх гэрч нарын мэдүүлгийг авсан, тусгай мэдлэг бүхий этгээдүүдийг шинжээчээр томилж, дөрвөн удаа дүгнэлт гаргуулсан, тэдгээр гэрч болон хохирогч, ялтан нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг харьцуулан дүгнэлт хийж үзэхэд уг хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч М.Энхбаяр “...Хохирогчийн харааны хувьд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтээр 0.05 хувь байна гэж тогтоогдсон. ...Хохирогчийн баруун нүдэнд харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатингаршил үүссэн. Тиймээс харааны түвшин энэ хэвэндээ тогтоно эсвэл буурах магадлалтай...” гэж мэдүүлжээ. Харин хохирогч У.Отгонболдын баруун нүд хараагүй болсон, түүнд учирсан гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тухай, түүнчлэн уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх баримт хэрэгт алга. Эдгээрээс үзэхэд шүүх Э.Хүрэлцогтыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэргийн үйл баримт, эрх зүйн байдал, түүний хэм хэмжээг тодорхойлж хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ. 

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардал, 100 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх талаар тус тус хуульчилсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид өгсөн 2 сая төгрөгийг шүүх шүүгдэгчээс гаргуулах боломжгүй” гэж дүгнэж, хохирогчийн эмчилгээний зардалыг ялтнаас гаргуулсан нь тухайн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Үүнээс гадна шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж өөрийн дотоод итгэлд тулгуурлан ял оногдуулдаг.

Анхан шатны шүүх ялтан Э.Хүрэлцогтыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулна” гэсэн ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн тул түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан Э.Хүрэлцогтын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг болон уг хэргийн талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтуудын хэмжээнд үнэлж, дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч У.Отгонболдын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: