Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

 

 

 

     Ц.Пүрэвсүрэнг хорих ял эдлэхээс

     хугацаанаас нь өмнө тэнсэн суллах

      саналын тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Цогтхүү,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Амарзаяагийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Пүрэвсүрэнд холбогдох хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах прокурорын саналтай хэргийн материалыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Цэрэнпилийн Пүрэвсүрэн, 1980 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух албан ёсны хаягтай,

 

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эдлээгүй үлдсэн ялаас 3 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 10 cap 18 хоногийн хугацаагаар тогтоож, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 cap 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан. /регистрийн дугаар: Н380070365/

Ц.Пүрэвсүрэн нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусадтай бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 37 дугаар байрны 43 тоотод оршин суух Д.Цэдэндамбыг архи хэтрүүлэн хэрэглэж эд зүйлээ хамгаалах чадваргүй болсныг нь далимдуулан “Чүнчигноров” хөөрөг, “Аpple” загварын компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 587А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг тус тус баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Пүрэвсүрэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил хорих ял шийтгэж, биеэр эдэлсэн 2 жил 6 cap 3 хоногийг хасч, үлдэх 2 жил 5 cap 27 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас: ялтан Ц.Пүрэвсүрэнг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг шийдвэрлүүлэхээр прокурорын тогтоол үйлдэж, ялтны хувийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ялтан Ц.Пүрэвсүрэнг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Амарзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно”... гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмжид засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан байх нь үндсэн шалгуур болзол гэж ойлгох ёстой. Энэ болзол шалгуур нь ял эдлэх хугацаандаа хэдэн удаа урамшил, шагнал авсан, хөдөлмөрт хэрхэн ханддаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа, хамт хорих ял эдэлж байгаа хүмүүстэйгээ харилцаж байгаа байдал, тэдэнд сайн талын нөлөө хэр үзүүлдэг зэрэг түүний зан төлөвийн эерэг хүнлэг байдалд өгөх үнэлгээгээр илэрнэ гэжээ.

Ялтан Ц.Пүрэвсүрэн нь шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялынхаа хоёрны нэгээс доошгүй хувь буюу нийт 2 жил 4 cap 17 хоногийн ял эдэлсэн, бусдад учруулсан хохирол төлбөргүй, сахилгын зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, албан хаагч нараас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлдэг, анги байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдаж 2014 онд эсгүүрчин, оёдолчны мэргэжил эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу ангийн оёдлын цехэд оёдолчноор ажиллаж, шагналын 5 cap 13 хоногоор шагнуулсан, хөдөлмөрт хандах хандлага сайн зэрэг нь түүнийг засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэхээр байна. Гэтэл шүүгчийн захирамжид түүнийг засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан нь хангалттай тогтоогдохгүй гэж яг ямар нөхцөл байдлаар тогтоогдохгүй байгааг дурьдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно... Мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах талаар Эрүүгийн хуулийн зохицуулалт нь гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд л хамааралтай.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

            Прокурор Л.Цогтхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Т.Амарзаяагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан нь хангалттай тогтоогдоогүй гэсэн. Ялтны засарч хүмүүжсэн зан байдал нь хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Түүний хөдөлмөрт хандах хандлага, ял эдэлж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байсан эсэх, албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэг эсэх, хамт ял эдэлж байгаа ялтнууддаа эерэг, сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг харгалзан үзэж зан байдлаараа засарч хүмүүжсэнийг тогтоох ёстой гэж үзэж байна. Ялтан Ц.Пүрэвсүрэн 5 сар 13 хоногийн шагналын хоног авсан. Шагналын хоногийг ялтны засрал хүмүүжил, зан байдал гэх зүйлүүдийг харж олгодог нь холбогдох баримтаар тогтоогдсон тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ялтан Ц.Пүрэвсүрэнг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно” гэжээ.

 

Дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан “... засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан...” гэдгийг ялтан ял эдлэх хугацаандаа хорих ангийн дотоод журам, дэглэмийн шаардлагыг хэрхэн сахин биелүүлж байсны дотор /авсан шагнал урамшуулал, гаргасан зөрчил дутагдал, эзэмшсэн мэдлэг, боловсрол, бусадтай харьцах харьцаа, хүмүүжлийн нөлөө/ зэрэг асуудлуудыг нэг бүрчлэн авч үзэж, түүний хувийн байдал, зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн ангилал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээтэй харьцуулан дүгнэх учиртай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Пүрэвсүрэн нь эдэлбэл зохих ялаас тодорхой хугацааны ялыг эдэлсэн боловч засарч хүмүүжин дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх итгэл үнэмшил төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлд заасан хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах асуудал нь шүүхэд эрх олгосон зохицуулалт байх тул энэ заалтыг хэрэгжүүлээгүй нь хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иймд шүүгчийн захирамжийн хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Амарзаяагийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

 

                          ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                    М.ПҮРЭВСҮРЭН