Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 86

 

О.А-, А.У- нарт холбогдох

захиргааны зөрчилтэй  хэргийн тухай.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар

Зөрчил гаргагч                                   О.А-

                                                            А.У-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч О.А-, А.У- нарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн О.А-, А.У- нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар Сэргэлэнгийн 7 дугаар гудамж 98 тоотод оршин суудаг Ш.Н овогт О-ийн А /РД: **********/

Монгол Улсын иргэн, 1992 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт одоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 64 дүгээр брак байрны 2 тоотод оршин сууж байгаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Баян-Арцатын 12 тоотод оршин суух хаягтай, Б овогт А-ийн У /**********/ нар нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж хувцсыг нь урж, хэл амаар доромжилж улмаар эрх чөлөөнд нь халдаж нүүр, гарыг нь маажиж урсан зөрчил гаргасан гэж Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийтгэл ногдуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх О.А-, А.У- нарт холбогдох хэргийг хүлээн авч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдний гаргасан захиргааны зөрчил нь нотлогдож, тогтоосон гэж үзээд тус бүр 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулжээ.

Зөрчил гаргагч О.А- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:” ... О.А- миний бие нь баруун өвдөгний үений талд хавдартай олон удаа 13А маягт авч хот явж онош тодруулсан боловч онош тодрохгүй байнга янгинаж өвддөг. Одоо 07 дугаар сарын 07-ны өдөр дахин 13А маягт авч дахин онош тодруулах тул миний энэ байдлыг харгалзан үзэж баривчилгааны хоногоос хасч хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Зөрчил гаргагч А.У- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь хүүхэд харах хүнгүй, ажлаа хийж чадахгүй байгаа тул амьдралыг минь харгалзан үзэж шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Зөрчил гаргагч О.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Би гаргасан зөрчлөө ойлгож байна аа. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Зөрчил гаргагч А:Улаанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Би дахин ийм зөрчил гаргахгүй ээ. Шийтгэлийг багасгаж өгнө үү. Би “Зочил” бааранд бармен хийдэг, бага насны хүүхдийг минь харах хүнгүй байна гэв.

Тодорхойлох нь:

Зөрчил гаргагч О.А-, А.У- нар нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг “Queen” баарны хажуугийн зам дээр согтуугаар Цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцэж түүнийг хэл, амаар доромжилж улмаар түүний албаны хувцсыг урж, нүүр, гарыг нь маажсан зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс зөрчил гаргагч нарын гаргасан зөрчилд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хууль заасан шийтгэлийг оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зөрчил гаргагч нарын давж заалдах гомдол, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд, гаргасан зөрчлөө ойлгож гэмшиж байгаа байдлыг үндэслэн гаргасан зөрчлийн хэмжээ, учруулсан хохирол, зөрчил гаргагч О.А-гийн биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан захиргааны шийтгэлийг багасгах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж О.А-д ногдуулсан 14 хоногийн баривчлах шийтгэлээс 7 хоног, А.У-т ногдуулсан 14 хоногийн баривчлах шийтгэлээс 4 хоногийг хасч хөнгөрүүлэн, давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай шийтгэвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд:

“1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт А-ийн У-т 10 хоног, Ш.Н овогт О-ийн А-г 7 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулсугай.” гэж өөрчлөн, шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Зөрчил гаргагч О.А-, А.У- нарт захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 347, 350 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, тэдэнд ногдуулсан баривчлах шийтгэлийг нэн даруй биелүүлсүгэй.

Энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Б.МАНЛАЙБААТАР