Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 87

 

Б.Н-д холбогдох захиргааны

зөрчилтэй хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

                                                         Ц.Амаржаргал

Гомдол гаргагч                                О.Т

Гомдол гаргагчийн өмгөөлөгч     Ж.Эрдэнэбаатар                   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч О-ийн Т-ын бичсэн давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч: Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Маркетинг менежмент мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол 18а-5 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Н /РД:**********/

Нэр дэвшигч О.Т-с “Нэр дэвшигч Г.Э сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаас өмнө явуулсан” тухай гомдол ирүүлжээ.

Б.Н- нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаанаас өмнө нэр дэвшигч Г.Э-ийн нэрээр цахим хуудас нээж, Монгол Ардын Намын лого, “Дарханы хөгжил бидний ирээдүй” гэх уриа, нэр дэвшигч Г.Э-ийн зургийг интернэтээр нийтэд мэдээллэсэн зөрчилд холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар Г.Э-ийг захиргааны хариуцлагаас чөлөөлж,

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, Сонгуулийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ийн Н-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,152,000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

-Гомдол гаргагч О.Т давж заалдах гомдолдоо:

...Нэр дэвшигч Г.Э нь хуулийн хугацаа эхлэхээс өмнө сурталчилгаа явуулсан тухай гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад хууль зүйн үүднээс дүгнэлт хийхгүй, зөрчил гаргасан этгээдийг хуулийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлж, энэ зөрчилд хамаарахгүй Б.Н- гэгчийг хариуцлагад татаж буруу шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

-Гомдол гаргагч О.Т нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэлгүй захирамж гаргасан. Г.Э-ийг захиргааны хариуцлагаас чөлөөлж энэ зөрчилд ямар ч хамааралгүй Б.Н-од хариуцлага тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зөрчлийг цагдаагийн байгууллага дутуу шалгасан тул дахин шалгуулах хүсэлтэй байна гэв.

Тодорхойлох нь:

Б.Н- нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаанаас өмнө нэр дэвшигч Г.Э-ийн нэрээр цахим хуудас нээж, Монгол Ардын Намын лого, “Дарханы хөгжил бидний ирээдүй” гэх уриа, нэр дэвшигч Г.Э-ийн зургийг интернэтээр нийтэд мэдээллэсэн зөрчилд холбогдсон болох нь зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гаргагчийн мэдүүлэг, Г.Э, Ч.Э нараас тайлбар авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Гомдол гаргагч О.Т-ын давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлын дагуу зөрчлийн материалыг шинжлэн судлаад “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад хууль зүйн үүднээс дүгнэлт хийхгүй, зөрчил гаргасан этгээдийг хуулийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлж, энэ зөрчилд хамаарахгүй Б.Н- гэгчийг хариуцлагад татаж буруу шийдвэрлэсэн...” гэх гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, анхан шатны шүүхээс Б.Н-ын гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл нь тохирсон, хуульд нийцсэн тул шийтгэврийг хэвээр үлдээж, гомдол гаргагч О.Т--ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, торгох шийтгэлийг эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, О.Тогтуурын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг зөрчил гаргагч болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ