Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 513

 

А.Ганзоригт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                       прокурор Б.Бямбадагва,

хохирогч Г.Энхцэцэг,

ялтан А.Ганзориг, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Энхцэцэг, ялтны өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Ганзоригт холбогдох 201626021105 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тойгууд овгийн Алтанбаганын Ганзориг, 1985 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, “Нью пластик” ХХК-ийн ээлжийн ахлах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51-123 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧК85060214/,

А.Ганзориг нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өглөө 6 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 123 тоотод Г.Энхцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Ганзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар А.Ганзориг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамаарч 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, А.Ганзориг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. А.Ганзориг нь миний эсрэг худал мэдүүлэг өгсөн. Энэ нь миний нэр хүндэд халдах, гутаан доромжлох гэсэн ёс зүйгүй үйлдэл болсон. Энэ хүний үйлдэл одоог хүртэл үргэлжилж байгаа ба цаашид ямар ч дарамт, шахалт ирж болзошгүй байгаад сэтгэл зовж байна... Бидний хоорондын маргаан 2015 оны 9 дүгээр сарын сүүлээс эхэлсэн... Би энэ айлынхантай учир зүйгээ ололцохоор хэсгийн байцаагчийн хажууд уулзаж байсан боловч ээжтэйгээ ирээд намайг гүтгэж доромжилж байсан. Би ийм зүйл болоод байгаа талаар удаа дараа гомдол гаргаж, 102-т дуудлага өгч байсан. Энэ айл шөнө хэдэн ч цагийн үед хамаагүй гэнэт их дуу чимээ гаргадаг бөгөөд дээрх эрүүл бус үйлдлийнх нь талаар шаардлага тавихад “бид тэгээгүй, манайх унтаж байна” гээд хүлээн зөвшөөрдөггүй байсан... Эмэгтэй хүний эрх чөлөөнд ичгүүр сонжуургүй халдчихаад эхтэйгээ нийлж худал мэдүүлэг өгч миний нэр төрд халдаж байгаад гомдолтой байна. Мөн  шүүх хуралдаан дээр ямар ч баримт нотолгоогүйгээр худал мэдүүлэг өгч, намайг ямар ч хамаагүй аргаар буруутгах гэж оролдсон ба энэхүү хууль бус үйлдэлд нь миний бие үнэхээр их гомдолтой байна... Хамгийн гол нь шүүхээр шийтгүүлээд юу ч ухамсарлаж, ойлгоогүй, нөгөө хүчирхийллээ үйлдэж, өсөрхөж, миний гэр бүлд халдах гэж оролдож байгаад айж байна. Энэ хүний ял шийтгэл нь дэндүү хөнгөдсөн гэж үзэж байна... Одоог хүртэл доороос дээрээс, хажуу хананаас хүнд юмаар хэзээ ч хамаагүй цохидог... Миний эсрэг мэдүүлэг өгүүлэх гэж их оролдсон болох нь шүүх хурал дээр харагдаж байсан... Би энэ хүмүүсээс сэтгэл санааны болон эрүүл мэндэд учруулсан хохирол, нэр хүндэд халдсан гээд мөнгө нэхэмжилж болох байсан... А.Ганзориг болон түүний гэр бүлийнхэн юу хүсээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна...” гэв.

Ялтны өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... Гэрч Даваахүү рүү чиглэсэн халдлага хийсэн эсэх түүнд гэмтэл учирсан эсэхийг тогтоосон баримтууд хэрэгт авагдаагүй байна...” гэжээ. Тухайн өдөр А.Ганзориг, Даваахүү нар цагдаад эхэлж дуудлага өгсөн бөгөөд Даваахүү нь Энхцэцэгт зодуулсан талаар гомдол гаргасан байдаг ба хэрэг бүртгэлтийн явцад Даваахүү нь “...Шүүх эмнэлэгт үзүүлэх эсэхээ мэдэхгүй байна, гомдолтой байна...” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Даваахүү нь гэмтлийн зэрэг тогтоолгоогүйгээрээ хохирч байна. Түүнчлэн Г.Энхцэцэг нь байнга хий юм сонсож, ямар ч чимээ гаргаагүй байхад өглөө үүрээр мөн шөнийн цагаар А.Ганзоригийн гэрийн хаалгыг байнга хүчтэй нүдсэний улмаас гэрийнх нь хаалганд олон тооны хонхорхой үүссэн... Сүүлийн нэг жилийн хугацаанд А.Ганзориг, Даваахүү нар Энхцэцэгийн үйлдлийн талаар 102 болон хорооны цагдаад гомдол гаргаж байсан. Гэтэл хэрэг бүртгэлтийн явцад хохирогч гэх Энхцэцэгийн гаргасан өргөдөл, гомдлыг шүүж хавтаст хэрэгт хавсаргасан атлаа А.Ганзоригийн гаргасан өргөдөл гомдлыг талаарх баримтуудыг хэрэгт хавсаргаагүйд маш их гомдолтой байна. Хэрэг бүртгэлтийн явцад Г.Энхцэцэгийг сэтгэцийг тодорхойлуулахаар удаа дараа хүсэлт тавьсан боловч түүнийг авч хэлэлцэлгүй, хэт нэг талыг барьсан. А.Ганзоригийг 102 болон хорооны цагдаад гаргаж байсан өргөдөл, гомдлын талаар лавлагаа авах гэхээр өгдөггүй. Үүнээс үзэхэд Г.Энхцэцэг нь А.Ганзориг болон түүний гэр бүлийнхэнд байнга сэтгэл зүйн дарамт үзүүлж байна. Мөн А.Ганзориг нь зөвхөн Г.Энхцэцэгийг гэрээсээ хоёр гараас нь барьж байгаад гаргасан. Хохирогч мэдүүлэхдээ өшиглөж зодсон гэж хэлдэг боловч тийм зүйл огт болоогүй. А.Ганзориг нь Г.Энхцэцэгийг гэрт нь дайрч орж, ээжийг нь зодож, хүүхдүүд рүү нь юм авч шидэж, эрхэнд нь халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоохыг тулд гэрээсээ гар гэсэн. Гарахгүй байсан учир арга буюу хоёр гараас нь барьж гаргасан. Гэтэл шүүх яагаад энэ үйлдлийг санаатайгаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Г.Энхцэцэгийн сэтгэцийг нь тодорхойлох мөн түүнийг энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Иймд А.Ганзориг нь Г.Энхцэцэгийн биед гэмтэл учруулсан гэх байдал хангалттай нотлогдохгүй байгааг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл А.Ганзориг, Даваахүү нарын сүүлийн нэг жилийн хугацаанд цагдаагийн газар байнга дуудлага өгч, өргөдөл гаргаж байсан баримтыг 102 болон хорооны цагдаагийн газраас гаргуулах, Г.Энхцэцэгт захиргааны арга хэмжээ авч байсан баримт зэргийг хэрэгт хавсаргах, түүнчлэн Г.Энхцэцэгийн сэтгэцийг тодорхойлуулах зайлшгүй шаардлагатай байх тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх А.Ганзоригт хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулсан. Г.Энхцэцэг айлын хаалгыг тогшиж онгойлгуулаад гэрт нь орж хүч хэрэглэн Даваахүүгийн хацар луу түлхсэн. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан орон байрны халдашгүй байдлыг алдагдуулан, хүч хэрэглэн хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Г.Энхцэцэг нь А.Ганзоригийн гэр лүү орсны дараа хохирогчийг гаргахын тулд 2 гараас нь чирчсэн...” гэв.  

Ялтан А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай гэрийнхэн унтаж байхад энэ хүн үүрээр хаалга цохиод манай ээжийг зодоод эхлэхэд хүүхдүүд сэрээд уйлалдсан. Би босч очоод ингэж болохгүй гэтэл Энхцэцэг манай коридорт хөлөө жийгээд суусан. Тэгээд гэрийн шаахайгаа тайлаад манай хүүхдүүд рүү шидсэн. Тэгэхээр нь би Энхцэцэгийн гараас нь бариад гэрээс гаргасан. Би Энхцэцэгийг зодъё гэж бодоогүй. Энэ хүний сэтгэцийг шалгуулмаар байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.   

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс А.Ганзоригт захиргааны арга хэмжээ аваагүй. Харин А.Ганзоригийг бусдын бие махбодид санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 960.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, ялтан, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогддоггүй. Даваахүү хаалга онгойлгоход хохирогч орж ирэн маргалдаж, Даваахүүг цохисон. А.Ганзориг гарч ирээд хохирогчийг гэрээсээ гаргах гэтэл гаргахгүй гээд суугаад байхаар нь чирч гаргасан. Хохирогчийн өгсөн мэдүүлэг, А.Ганзоригийн хийсэн үйлдлүүд нь шинжээчийн дүгнэлттэй таарч байна... Хохирогчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч нарын сэтгэцийн байдал нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадах эсэхэд эргэлзээ төрөөгүй. Тиймээс сэтгэцийг шалгуулах шаардлагагүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                 ХЯНАВАЛ:

А.Ганзоригт холбогдох хэрэгт хэрэгт бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна.  

 

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудын агуулгын хамт шийтгэх тогтоолд жагсаан бичсэн байх боловч тэдгээрт тулгуурлан ямар үйл баримт тогтоож буй нь ойлгомжгүй байх бөгөөд харилцан бие биеэ үгүйсгэсэн ялтан, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг үнэлэхдээ тэдгээрийн харилцан зөрүүтэй байдлыг анхаарч хэний мэдүүлгийн аль хэсэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж, аль нь хэрхэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийлгүй, нотлогдсон мэтээр нэг хэргийн хоёр өөр үйл баримтыг тогтоосон гэж үзэхээр байна.

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гарсан гэх гэмт хэргийн тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэж болох гэрч нараас мэдүүлэг авах, хохирогчийн болон ялтны ярьж байгаа мэдүүлгийн аль нь үнэн зөв болохыг шалгаж тодруулах, мөн Г.Энхцэцэг өмнө нь захиргааны арга хэмжээ авагдаж байсан эсэх талаарх материалыг Цагдаагийн байгууллагаас авч хэрэгт хийх зэргийг тодруулсны эцэст тухайн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.