Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 516

 

Л.Батжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор С.Оюунжаргал,

ялтан Л.Батжаргалын өмгөөлөгч Д.Батсайхан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Батжаргалын өмгөөлөгч Д.Батсайханы гаргасан давж заалдах гомдлоор Л.Батжаргалд холбогдох эрүүгийн 201624000150 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Армагууд овогт Лхагвадоржийн Батжаргал, 1997 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамж, 739 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УП 97090270/,

Л.Батжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны замд 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд “Hyundai sonata 6” загварын 30-25 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 10.6 е дэх заалтуудыг зөрчсөнөөс, хохирогч Б.Идэрчулууны жолоодож явсан “Volkswagen touareg” загварын 00-08 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, 47.241.081 төгрөгийн шууд хохирол, 50.198.420 төгрөгийн нийт хохирол, өөрийн жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Б.Батзоригийн эзэмшлийн “Hyundai sonata 6” загварын 30-25 УБЦ улсын дугаартай автомашинд 1.590.000 төгрөгийн шууд хохирол, 1.859.000 төгрөгийн нийт хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Л.Батжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн  прокурорын газраас Л.Батжаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс иргэний нэхэмжлэгч Б.Батзоригт 1.859.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Л.Батжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Батжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Л.Батжаргалаас 51.783.420 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Идэрчулуунд олгож, иргэний хариуцагч Б.Батзоригийг эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт "Hyundai sonata 6" маркийн 30-25 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, дээрх автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Батжаргалын “Төрийн банк"-ны 108300011445 тоот данс, "Хаан банк” дахь 5019380575 тоот төгрөгийн харилцах данс, 5166159839 тоот төгрөгийн хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, ялтан Л.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн "В" ангиллын 1081949 дугаартай үнэмлэх хэрэгт ирээгүйг тэмдэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Л.Батжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.   

Ялтан Л.Батжаргалын өмгөөлөгч Д.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарч чадаагүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Л.Батжаргал нь хэдийгээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн боловч өөдөөс гарч ирсэн хохирогч Б.Идэрчулууны машинд зам тавьж өгч, замаас гарч зогссон.

Харин хохирогч Б.Идэрчулуун Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтын дагуу машинаа зогсоох арга хэмжээ аваагүй, улмаар замын хажууд гарч зогссон Л.Батжаргалын “Hyundai sonata 6” загварын машиныг мөргөсөн болох нь хэргийн газрын үзлэг, осол гарсан газрын хэмжилт, зураглал, гэрэл зураг зэргээр нотлогдоно. Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд "...Л.Батжаргал нь "Hyundai sonata 6” загварын 30-25 УБЦ дугаартай машинаар Б.Идэрчулууны “Volkswagen Touareg” машиныг мөргөсөн..." гэж андуу ташаа дүгнээд байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие энэ талаар /мөргөөгүй мөргүүлсэн гэж/ удаа дараа хэлсэн боловч хэргийг тал бүрээс нь хэлэлцэж бодит байдлыг үнэн зөв тогтоох ажиллагаа хийлгүй, нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Хэрвээ хохирогч Б.Идэрчулуун нь Замын хөдөлгөөний дүрмийн ийн 9.2 дахь заалтын дагуу машинаа зогсоох арга хэмжээ авсан бол ийм их хэмжээний хохирол учрахаас зайлсхийж болох байсан гэж үзэж байна. Л.Батжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн зөрчил гаргаснаа бүрэн дүүрэн хүлээж байгаа. Гагцхүү хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосноор хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох нөхцөл байдал бүрэлдэж улмаар зүйл анги, төлөх хохиролд өөрчлөлт орох боломжтой болох юм. Л.Батжаргалын унаж явсан "Hyundai sonata 6” загварын 30-25 УБЦ дугаартай машиныг ямар үнээр үнэлж хохиролд тооцох нь тодорхойгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгээр "...Б.Идэрчулууны жолоодож явсан автомашиныг мөргөж 47.241.081 төгрөгийн шууд, 50.198.420 төгрөгийн нийт хохирол учруулсан..." гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн тогтоолд "Л.Батжаргалаас 51.783.420 төгрөг гаргуулж, хохирогч Б.Идэрчулуунд олгох" гэж буруу шийдвэрлэлээ. Шүүгч 1.585.000 төгрөгийг хаанаас гаргаж, нэмж хохиролд тооцсон нь тодорхойгүй байна.

Мөн шүүхийн тогтоол "...Л.Батжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх..." гэж уншин сонсгосон. Гэтэл бидэнд гардуулан өгсөн тогтоолд "...хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх..." гэж дэглэмийг чангаруулж, хуулийг буруу хэрэглэжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг нь хэт нэг талыг барьсан, шүүгдэгчийг буруутгахад чиглэгдсэн шинжтэй явагдсан гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч миний бие "...хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна..." гэж өмгөөллийн үгээ хэлснийг хохирогч Б.Идэрчулуун эсэргүүцэж олон жил шүүгчээр ажилласнаа тодотгож, “...шүүхэд 20 жил ажиллахад наад заалтыг чинь хэрэглэсэн түүх байхгүй..." гэж шүүгч болон оролцогч нарт хандаж хэлсэн нь хохирогчийн зүгээс шүүхийн хараат бус, бие дааж шийдвэр гаргах, халдашгүй байх байдалд шууд халдсан үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүгч Г.Мөнхзул нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй нь хохирогч Б.Идэрчулууны нөлөөлөлд автсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан, гүйцэд биш хийгдсэн хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг шалгалгүй орхигдуулсан байдалд шүүх дүгнэлт хийлгүйгээр хорих ял оногдуулсан.

Иймд Л.Батжаргалд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн шалгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоолгох, хэрэг гарах үед хохирогч Б.Идэрчулуун нь самбаачилж машинаа зогсоох боломж байсан эсэх, өөрийнх нь мэдүүлж байгаагаар Л.Батжаргалын машин нь түүний машиныг мөргөсөн үү, өөрөө очиж мөргөсөн үү гэдгийг эцэслэн тогтоож хэргийн газарт туршилт хийх, хохирогч Б.Идэрчулуун Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрсөн эсэхэд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, хэргийн газарт байсан машины жолооч нараас гэрчийн мэдүүлэг авахуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Батжаргалд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Л.Батжаргалыг батлан даалтад гаргаж өгнө үү...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Идэрчулуун Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчөөгүй нь тогтоогдсон. Л.Батжаргал даваа өөд гарч ирж байсан. Б.Идэрчулуун өөдөөс нь эсрэг урсгалд автомашин орж ирнэ гэж мэдээгүй. Тухайн үед эсрэг урсгалаас автомашин орж ирснийг мэдээд баруун гар тийшээ дарсан. Гэтэл эсрэг урсгалаас орж ирсэн автомашин зүүн гар тийшээ дараад Б.Идэрчулууны унаж байсан автомашины баруун талаас мөргөсөн. Энэ талаар Б.Идэрчулуун болон гэрч Энхбаяр нар мэдүүлсэн. Замын хөдөлгөөний дүрэмд “даваа өөд өгсөж байхдаа эсрэг урсгал руу орохыг хориглоно” гэсэн заалт байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Батжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны замд 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд “Hyundai sonata 6” загварын 30-25УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.6 “е” дэх заалтуудыг зөрчсөнөөс, хохирогч Б.Идэрчулууны жолоодож явсан “Volkswagen touareg” загварын 00-08 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, 47.241.081 төгрөгийн шууд хохирол, 50.198.420 төгрөгийн нийт хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-7/,

“...давааны орой хэсэгт гараад ирэх мөчид урсгал сөрөөд буюу миний явах эгнээнд саарал өнгийн суудлын жижиг машин гараад ирсэн, би тэр машинтай мөргөлдөхгүй гээд баруун гар тийшээгээ дартал тэр машин дагаж дарж орж ирээд маш хурдтай орж ирээд мөргөлдөж...” хохирсон тухайгаа тодорхой мэдүүлсэн хохирогч Б.Идэрчулууны /хх17-18/, тухайн осол болох үед хохирогч Б.Идэрчулууны автомашинд 2 хүүхдийн хамт зорчиж явсан гэрч Л.Баясгалан /хх34/, ялтан Л.Батжаргалын жолоодон явсан автомашинд зорчиж явсан гэрч Б.Энхбаяр /хх32/, Б.Ялгуун /хх36-37/, Б.Болортуяа /хх39/ нарын мэдүүлгүүд, ялтны мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Б.Идэрчулууны “Volkswagen touareg” загварын 00-08 УНД улсын дугаартай автомашинд нийт 50.198.420 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон “Капитал эстимэйт” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан /хх55-58/,

Ялтан Л.Батжаргалын жолоодон явсан иргэн Б.Батзоригийн нэр дээрх “Hyundai sonata 6” загварын 30-25 УБЦ улсын дугаартай автомашинд 1.859.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон “Вендо” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан /хх 101-102/,

“Hyundai sonata 6” загварын 30-25 УБЦ улсын дугаартай автомашин жолоодон явсан жолооч Л.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 10 дугаар зүйлийн 10.6 “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Volkswagen touareg” загварын 00-08 УНД улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.Идэрчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн Нийслэлийн Замын Цагдаагийн газрын текникийн шинжээчийн 141 дугаартай дүгнэлт /хх114/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 Л.Батжаргалд холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

  Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 2451, 2452, 2386 дугаар дүгнэлтүүдээр зорчигч И.Анар-Эрдэнэ, И.Маргад-Эрдэнэ, Л.Баясгалан, хохирогч Б.Идэрчулуун нарын биед гэмтэл учраагүйг тогтоосон ба “бид нар хамгаалах бүстэй байсан учраас биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэж гэрч Б.Энхбаяр, “миний бие зүгээр байсан тул би шинжилгээ өгөөгүй” гэж гэрч Б.Ялгуун, “гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд Ялгуун бид хоёрын бие зүгээр байна гэсэн” гэж гэрч Б.Болортуяа нар мэдүүлснээр тэдний биед Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүйг буруутгах боломжгүй.

 Анхан шатны шүүхээс Л.Батжаргалын үйлдлээс, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Батзоригт 1.859.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэсгийг уг тээврийн хэрэгслэл /“Hyundai sonata 6”/-ийн шударга эзэмшигч нь Л.Батжаргал гэж дүгнэж, тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.6 “е” дахь заалтуудыг зөрчсөний улмаас Б.Идэрчулуунд 50.198.420 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.

Ялтан Л.Батжаргалын өмгөөлөгч Д.Батсайхан “...хэрэг гарах үед хохирогч Б.Идэрчулуун нь самбаачилж машинаа зогсоох боломжтой байсан эсэх, Л.Батжаргалын машин хохирогчийн автомашиныг мөргөсөн үү, өөрөө очиж мөргөсөн үү гэдгийг тогтоож хэргийн газар туршилт хийх, хохирогч Б.Идэрчулуун нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах, гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

 Мөрдөн байцаалтын шатанд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтээр Л.Батжаргалыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.6 “е” дэх заалтыг зөрчсөн, Б.Идэрчулууныг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаар шүүх хууль зүйн дүгнэлт өгөх бүрэн боломжтой тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй, мөн түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай бол туршилт хийж болно” гэж заасан бөгөөд Л.Батжаргалд холбогдох хэргийн тухайд хэргийн нөхцөл байдал үйл баримтаар тогтоогдсон, хэргийн үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагагүй, мөн хоёр машиныг хэрхэн мөргөлдсөн талаар мөрдөн байцаалтын туршилт хийх боломжгүй юм.   

Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Харин өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын нэг үндэслэл болох шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх байтал чанга гэж, хуралдаан дээр уншиж сонсгосноосоо хүндрүүлж тогтоол гаргасан гэсэн хэсэг нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.