Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/012

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12/А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 201505000122 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ... ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны оройн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн *******өд шаардлага тавихдаа гарыг нь өчиж газар унаган, ар нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасныг баримтлан 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дэх хэсэгт зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн өмсөж явсан гэх ногоон өнгөтэй даавуун нимгэн цамц 1 ширхэг, хар өнгийн хэрээстэй куртик 1 ширхэг зэргийг хохирогч *******өд буцаан олгож шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээ нотлогдохгүй байхад хэргийг шийдвэрлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь 1. ******* нь архи уусан, согтуурсан байдалтай зааланд орж ирээд гар бөмбөгийн тэмцээн болж байсан тоглолтын талбай руу багаа дэмжих нэрээр дайрч орон орилж хашгирах, дэвхцэх зэргээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэх зөрчил гаргасан. Энэ үед миний бие нь нэг удаа шаардлага тавьж, хойш нь суулгасан гэтэл дахин давтаад байсан учир заалнаас гаргаад авч явах үед шаардлага эсэргүүцээд явахгүй байсан учир Цагдаагийн үйл ажиллагааны журмын 238-д зааснаар тусгай мэх хэрэглэсэн. Энэ үед гэрч Ч.Цэрэнпунцаг, Ширмэндаваа нар хараад зогсож байсан.

/хх-ийн 63/ Гэрч “...одоогоор хавирга хугарсан зүйл байхгүй байна гэж хэлээд *******ийг дагуулаад эмнэлэг дээр алхан очоод их эмч т үзүүлсэн...”, /хх-ийн 65/ гэрч “... *******ийг харахад нүдэнд ил харагдах хэсэгт шарх гэмтэлгүй, эход үзэхэд дотор эрхтэний гэмтэл байхгүй, бодит үзлэгээр үзэхэд баруун хавирганы дунд шугамаар эмзэглэлтэй, хөндүүр цээжин хэсэгт хөндүүрлэлтэй ясны хугаралгүй байсан...” гэж мэдүүлсэн. Намайг ******* гэх иргэнийг зодож байхыг харсан гэрч байхгүй байхад ам дамжин сонссон мэдээгээр гэрчийн мэдүүлэг авч гэрчилсэн. Хэрэг болсон гэх өдрийн маргааш нь *******ийнд очиход хүн таних сөхөөгүй архи уусан гэртээ сууж байсан.

2. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн талаар 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч өөр хоорондоо харилцан зөрүүтэй буюу миний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтүүд гарсан байдаг. Үүнд хохирогчийн хамар өмнө нь хугарсан хуучин хугаралтай байхад шинэ хугарал гэж үзсэн. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд одоогоос гурван жилийн өмнө морьноос унасан, 5 жилийн өмнө мотоциклиос унаж, нуруундаа гэмтэл авч байсан нь тухайн үед *******тай чаргууцалдан арагш унах үед сэдэрсэн байх магадлалтай гэж мэдүүлж байхад уг гэмтлийг намайг учруулсан гэж дүгнэсэн.

3. Хавтаст хэрэгт цугларсан баримт зөрүүтэй, нотлох баримтаар авбал зохих баримтыг аваагүй. Үүнд: А. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №735 дугаар дүгнэлтэд тусгагдсан цээжний рентген зураг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авахуулсан сээр нурууны томографикийн зураг зэрэг нь эд мөрийн баримтаар хэрэгт авагдаагүй, сэтгэцийн эмнэлгийн өвчний түүх байдаг боловч эмчилгээ хийлгэсэн стор байхгүй, гэмтэл авсан хүн гэмтлийн эмнэлэгт биш сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ямар эмчилгээ эм тариа хийлгэсэн нь эргэлзээтэй, хохирогч Brilince оншилгооны төвд сээр нурууны томографикийн зураг авахуулсан байхад Суперпроб гэх өөр эмнэлэг дээр мөнгө тушаасан баримт байгаа зэрэг нь эргэлзээтэй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн.

4. Намайг сумын аврага шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг шүүж байсан үйлдлийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “...Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэх...” зааснаар үүргээ гүйцэтгээгүй гэж шүүх үзсэн. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар алба хаагч амралтын цагаар, эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамгаалах тусгай хэрэгсэл цахилгаан гүйдлээр цохиж нулимс асгаруулах, амьсгал боогдуулагч эрүүл мэндээ хамгаалах зорилгоор авч явж болно гэж заасан байна. Мөн мөрдөн байцаалтын ажилллагаа гүйцэт биш дутуу хийсэн. Саяхан миний сонссоноор хохирогч ******* нь 2014 оны 12 дугаар сарын эхээр сумаас аймаг руу ирэхдээ өөрийн ихэр Б.Батмөнхтэй зодолдсоор байгаад ирсэн талаар н.Ууганбаяр гэдэг хүн ярьсан байгаа. Иймд надад холбогдох хэргийг зүйлчилсэн зүйлчлэл тохирохгүй байна гэж үзэж байх тул миний гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн тухайн үед гаргасан үйлдлийг таслан зогсоосон байдаг. Мөн ******* нь хавирга, нуруундаа гэмтэл авсан атлаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох, эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******ын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

******* нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн *******өд шаардлага тавихдаа гарыг нь өчиж газар унаган, ар нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал буюу бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч ******* “...би харьж амарлаа гэхэд чи муу яасан овоо гөлөг вэ? нааш ир гээд татахаар нь би чаргууцалдахад баруун гарыг өчөөд баруун хөлийн ард хэсэгт хөлөө тавьж гэдэргээ савуулж унагаагаад дээрээс дараад багалзуур шахаад цээжин дээр өвдөглөөд би болиоч цагдаа хүн байж хүн зодох эрхтэй байдаг юм уу гээд орилсон, сүүлдээ орилж чадахаа больсон..., ...миний цээжин дээр дарж байгаад намайг зодсон, би хажуу тийшээ болоод босох гэхэд миний баруун гарыг өчөөд ард авчираад миний ууц орчим руу өшиглөсөн..., ...миний цээжний баруун хэсэгт өвдөглөөд багалзуур шахаад цээж рүү хүчтэй өвдөглөөд босох гээд хажуу тийшээ болох гэхэд гар мушгиад ар нуруун дээр нугалаад миний баруун талын ууц руу өшиглөсөн..., ...цээжин дээр 3-4 удаа өвдөглөөд гар мушгиж нуруун тус газар авчираад миний ууц орчим руу нэг удаа өшиглөсөн, тухайн үед өшиглөхөд амьсгаа авч болохгүй байсан...” /хх-ийн 1-р хавтас 44-45-р тал/,

Гэрч “...би удаагүй ажлын өрөөндөө яваад ороход Балдангомбын Баянмөнхийг түр саатуулахын өрөөнд гавлачихсан байсан чи яахлаараа дандаа зөрчил гаргаж байдаг юм бэ гэж хэлчихээд ажлынхаа өрөөнд ороод байж байхад *******ийн эхнэр нь ирээд нөхрийгөө аваад явчий гэхээр нь гавны түлхүүр байгаагүй болохоор *******аас гавны түлхүүр авчируулаад эхнэрт нь өгөөд явуулсан, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө гэртээ унтаж байхад 09 цагийн үед *******ийн эгч Б.Мэндээ нь хаалга нүдээд уулзая гэхээр нь уулзахад урьд шөнө ******* бие нь өвдөж хонолоо, танай цагдаа манай дүүг нааш нь авчирахдаа замдаа зодсон байна, тэр хүн чинь бие нь муу байна очиж уулз гэсэн..., ...Б.Мэндээг ирсэн үед ******* гараад ирчихсэн хамт зогсож байсан..., ...*******ыг явах гэхэд нь би хамт очих уу гэхэд за яахав би өөрөө очоодхоё гээд явсан ба эргэж ирээд *******, Б.Мэндээ нартай уулзаад ирлээ элэг нь томорчихсон юм шиг байна гэж ирсэн...” /хх-ийн 1-р хавтас 46-47-р тал/,

“...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн үед спорт заалны цаад талд байх өөрийн хүнсний дэлгүүрийн галыг үзчихээд харихаар дэлгүүрийн наад өнцөгөөр гараад хойшоо явж байхад хуучин сургуулийн урд талын 3 хүнсний дэлгүүрийн наахан талд 2 нөхөр зодолдоод ч байгаа юм уу зууралдаад ч байгаа нь мэдэгдэхгүй нэг нь ёо ёо гэхээр нь дөхөөд очиход нэг нь цагдаа байсан тэгээд архи уусан хүнийг авч явж байгаа юм байгаа биз гэж бодоод яваад өгсөн, маргааш нь цагдаа ******* хүнд зодсон гэнэ гэж сонсогдож байсан...” /хх-ийн 1-р хавтас 55-р тал/,

“...2 хүүхэд гүйж орж ирээд цагдаа хүн зодож байна гэхээр нь манай нөхөр биш байгаа гэж бодоод ажлынхаа үүдний нөмөрт гараад сонсоход Ичинноров ахын дэлгүүрийн урд руу нэг хүн чи намайг зодох эрхтэй юм уу гэж байсан, би нөхрийн дуу биш болохоор нь буцаад орсон..., ...маргааш нь ******* цагдаа Т.Баянмөнхийг зодсон гэж сонсогдсон...” /хх-ийн 1-р хавтас 56-р тал/,

“...гараад ирэхэд хойд талын цуваа 3 дэлгүүрийн урд хүн авраарай аллаа гээд орилсон би даараад буцаад ороод унтсан, маргааш өглөө нь Нарнаа эгч цайн дээр манай нөхрийг цагдаа зодсон байна эмнэлэгт үзүүллээ гээд гараад явсан...” /хх-ийн 1-р хавтас 58-р тал/,

“...гэрт нь очиж үзэхэд архи нь сайн гараагүй ёолоод байж байхаар нь биед бүх үзлэг хийсэн, тухайн үед хавирга хугарчихлаа гэхээр нь гаднаас нь тэмтрэхэд хавирганы хувьд хугарсан гэх зүйл мэдэгдээгүй ба эгч, ээж нь дэргэд байсан..., ...баруун талын хавирга хугарчих шиг боллоо өвдөөд байна гэхээр нь цааш нь харуулж байгаад араас нь хавиргыг нь тоолоод тэмтрээд үзэхэд хугарсан гэх зүйл мэдэгдээгүй...” /хх-ийн 1-р хавтас 63-р тал/,

“...******* нь харахад хүний нүдэнд ил харагдах хэсэгт шарх гэмтэлгүй, эход үзэхэд дотор эрхтэний гэмтэл байхгүй, бодит үзлэгээр үзэхэд баруун хавирганы нумны дунд шугамаар эмзэглэлтэй хөндүүр, цээжин хэсэг нь хөндүүрлэлтэй байна гэж хэлж байсан, ясны хугарал үгүй байсан, онош тодруулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх тухай зөвлөсөн, рентген харуул гэсэн...” /хх-ийн 1-р хавтас 65-р тал/,

“...*******ийн хувцас хунар нь шороо тоос болсон..., ...баруун, зүүн завжнаас нь жаахан цус юм шиг гараад хатсан байсан..., ...надад ярихдаа ******* зодоод, намайг зодсоныг та нар хараагүй юм чинь мэдэхгүй шдээ гээд байсан, эмнэлэгт үзүүлмээр байна гэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 67-р тал/,

“...хаалга цохиод байхаар нь онгойлгосон чинь ******* байсан, түүний хувцас нь шороо мэт зүйлээр бохирлогдсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай, цагдаа ******* намайг зодлоо гэж хэлсэн, манайд орж ирчихээд эмчид үзүүлье энэ тэр гэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 70-р тал/,

“... ахын хашааны орчим ******* түүний эхнэр нартай таарч уулзсан, тэгэхэд ******* нь цагдаад зодуулчихлаа гэж байсан, мөн эхнэр нь тэгж байсан, түүнийг гэрт нь хүргээд өгчих гэж эхнэр нь гуйсан, эхнэр нь зааланд тоглож байсан учир тоглох гээд яарсан юм шиг байна лээ, *******ийн хувцас хунар нь шороо мэт зүйл болсон байсан, бараан өнгийн хувцас байсан...” /хх-ийн 1-р хавтас 72-р тал/,

“...байрны хоёр хүүхэд нэг нэгэндээ үүдэн дээр цагдаа хүн зодож байна гэх шиг болсон, тэгэхээр нь би та нар яасан хэрэгт дуртай юм орж амарцгаа гэж загнаад оруулсан, тэр хүүхдүүдийг хэн хэн байсныг санахгүй байна...” /хх-ийн 1-р хавтас 79-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Цэрэнпунцаг “...******* цагдаа ******* ахтай спорт заалны урд талын 3 дэлгүүрийн урд талд ноцолдож байсан ба ******* ах пизда минь гар тавь гээд байсан, тэгсэн ******* ах миний дүү наад малгайг нь аваад өгчих гэхээр нь малгайг нь аваад өгсөн..., ... бид хоёрыг заалнаас гараад явж байхад ойр орчим хүн харагдаагүй, газар унагаад ******* ах дээшээ харчихсан баруун гарыг нь өччихсөн байсан...” /хх-ийн 1-р хавтас 52-53-р тал/,

Т.Сумъяабазар “...наанаас нь очиход ******* цагдаа байсан ба хоорондоо хэрэлдээд байсан наад хүн нь цагдаа хүн байж ингэж болдог юм уу гэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 57-р тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №374 тоот “...урьд гаргасан №735, №40 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна, *******өд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо, энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, бүсэлхийн 3-р нугалмын хажуугийн баруун сэртэнгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх болон мөн хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №679 тоот “...урьд гаргасан №735, №40 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна, ШШҮХ-н шинжээч , , нарын 2015.03.25-ны өдрийн гаргасан №374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, *******өд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, бүсэлхийн 3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, *******ийн хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь гар мушгих болон цээжин дээр дарах үед үүсгэгдэх боломжгүй...” гэж 2 удаагийн тус бүрдээ 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 1-р хавтас 120-121, 126-127-р тал/ зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдан бэхжигдэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан оногдуулж болох ялын төрөл болох 1 жилийн хорих ял оногдуулж уг ялаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

******* нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн талаар цагаатгах талын нотлох баримтыг дутуу бүрдүүлж нэг талыг барьсан, Цагдаагийн албаны тухай хууль бусад дүрэм, журманд заасны дагуу зохих ёсоор үүрэг гүйцэтгэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар давж заалдах гомдол гаргасан хэдий ч энэ нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч М.Навчааг оролцуулсан атлаа түүнийг шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт бичээгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг дурдаж, энэ нь мөн хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12/А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН