Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 57

 

 Б.Гэд холбогдох захиргааны

зөрчлийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

            Зөрчил гаргагч Б.Г,

            Өмгөөлөгч Ж.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар шийтгэвэртэй, зөрчил гаргагч Б.Гэд холбогдох 1 хавтас 24 хуудас бүхий захиргааны зөрчлийн материалыг зөрчил гаргагч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч: Г -д холбогдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн материалыг анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Зөрчил гаргагч Б.Г нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Б.Гэд 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ногдуулсан баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулж, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба 6 цаг албадан саатуулагдсан болохыг дурдаж, шийтгэврийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Б.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний хувьд 2015 онд хөлөө хугалсны улмаас хөлөндөө хадаастай ба Улаанбаатар хотруу явж мэс заслын хагалгаагаар авахуулах цаг хугацаа болсон байдал болон 50 гаруй толгой малтай, орлогын эх үүсвэртэй тул торгох арга хэмжээний биелэлтийг хангах чадвартай, энэ байдлыг харгалзан надад торгох арга хэмжээ авч өгнө үү” гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:          

            Зөрчил гаргагч Б.Г нь нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, цагдаагийн дэд ахлагч Р.Бг ямар нэгэн шалтгаангүйгээр хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргасан тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар түүнд 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан шийтгэвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Зөрчил гаргагч Б.Г нь өвчний улмаас Улаанбаатар хотруу явах шаардлагатай тул уг зөрчилд оногдуулах шийтгэлийн санкцийг сонгож, торгох арга хэмжээ авахуулах агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч орлогын эх үүсвэртэй болон зайлшгүй эмчилгээнд явах шаардлагатай байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд оногдуулсан 14 хоногийн баривчлах арга хэмжээг хөнгөрүүлж өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.   

            Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан зөрчил гаргагч Б.Гийн торгох арга хэмжээ авахуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.       

 Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар хариуцахыг мэдэгдсүгэй.

            3. Энэхүү магадлалд хяналтын журмаар давж заалдах гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БОЛОРМАА

                               ШҮҮГЧИД                                                          Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                            А.САЙНТӨГС