Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 58

 

 

 

Б.Ст холбогдох эрүүгийн
хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
прокурор А.Д,
шүүгдэгч Б.С,
хохирогч Ц.Д,
хохирогчийн өмгөөлөгч Э.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ст холбогдох 201610010039 дугаартай, 2 хавтас, 321 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Сын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: С-т холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч Б.С нь 2016 оны 03 сарын 01-02 нд шилжих шөнө 07-19 ДГО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, Борхойн гудамжны 03-34 тоотод оршин суух иргэн Ц.Аийн монгол гэрийг мөргөж, гэр, гэрийн доторх эд зүйлийг эвдэлж 2048000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг учруулсан мөн гэр дотор байсан Д.Гын биед хөнгөн, Д.Цгийн биед хүндэвтэр, Д.Шийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй бөгөөд шүүгдэгч Б.Сын хувьд ногдох хөрөнгө цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн угаалгын машин, саарал өнгийн Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас 6265510 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дт, 433750 төгрөг гаргуулж хохирогч Д.Цд, 1048000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.А нарт тус тус олгож,
Иргэний нэхэмжлэгч Д.Г нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ст авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ талаар талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч намайг хоригдож байх хугацаанд ар гэрээс минь боломж хүчээ дайчлан хохирлыг төлж байгаа байдал, эхнэр, 2 сартайгаас 5 насны 3 нялх хүүхдийн хамт амьдарч байгаа ар гэрийн байдал зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгч У.А болон хохирогчийн өмгөөлөгч Э.Б нар давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ст хохирол төлбөр төлөөгүй байхад 3 жил 1 сарын хорих ял шийтгэсэн нь хэт бага ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч Ц.Дын талаас 9100000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байхад 2300000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн тул уг хохирлыг Б.Саас гаргуулах, мөн иргэний нэхэмжлэгч У.Аийн гаргаж өгсөн 2048000 төгрөгийн баримтаас гэрт 1 сая төгрөгөөр тооцож хассан нь үндэслэлгүй ба тухайн гэрээс гадна 2048000 төгрөгийн хохирол учирсан тул хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Сыг  жолооны эрхгүй байж бүрэн бус автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож  Ц.Аийн гэрийг дайрсны улмаас гэрт унтаж байсан Д.Гын биед хөнгөн, Д.Цгийн биед хүндэвтэр гэмтлүүд учруулсан, Д.Шийн амь насыг хохироосон,  Ц.Аийн гэр эд хөрөнгийг эвдэж 2.048.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
    
    Хохирогч Ц.Д оршуулгын зардалд 9.100.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг  анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх 6.265510 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ямар үндэслэлээр хангаж, үлдэх 2.834490 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэх талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Гэтэл хавтаст хэргийн 192-215 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ц.Даас гаргаж өгсөн оршуулгын зардлын нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн шаардлагыг хангасан байх тул хохирогчийн нэхэмжилсэн 9.100.000 төгрөгийн гэм хорын зардлыг бүрэн хангах байжээ.

    Шинжээчийн дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч Ц.Аийн гэр автомашинд дайрагдсаны улмаас 2.048000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоогдсноос шүүгдэгч 4 ханатай иж бүрэн гэр, 10 м хулдаасны хамт өгсөн тул шүүх 1 сая төгрөгийг хасч 1.048000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзлээ.
        
Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор төлүүлэхээр гаргасан төлбөрийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан ч хохирогч  Ц.Дт учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй ба  хохирогч гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлууд нь  Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж болох хуулийн нөхцөл шаардлагуудыг хангахгүй байна гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө болох угаалгын машин, хөргөгч зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоолоор хэвээр үлдээсэн нь үндэслэл муутай болсон байх тул битүүмжлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгуулах нь зүйтэй юм.

    Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Сын оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Бын  гаргасан шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн, иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаагүй гэсэн гомдлын шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох,  хохирогч Ц.Дын нэхэмжилсэн 9.100.000 төгрөгийн оршуулгын зардлыг бүрэн хангуулах тухай гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
    
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Б нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын 4, 5 дугаар заалтанд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

    а/  4-р заалтад “ шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгө болох цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн угаалгын машин, саарал өнгийн Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар битүүмжлэлийг хүчингүй болгосугай” гэж өөрчилсүгэй.
 
    б/  5 дугаар заалтад “ шүүгдэгч Б.Саас 6.265510 төгрөг гэснийг 9.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Дт олгосугай” гэж өөрчилсүгэй.

    2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 

                        
         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

          ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                          А.САЙНТӨГС