Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 59

 

А.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч  Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,  
шүүгдэгч А.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Бд холбогдох 201610010049 дугаартай, 2 хавтас, 297 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Бы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б -нд холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч А.Б нь *** ХХК-ний Замын-Үүд дэх гэрээт борлуулагч ***ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015.11.14-ний өдөр Элсэн далай дэлгүүрээс өөрийн дансаар 645895 төгрөгийг, 2015.12.02-ны Ихэр-Овоо дэлгүүрээс өөрийн дансаар 2352800 төгрөгийг, 2015.12.31-ний өдөр Наран дэлгүүрээс 10571620 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар, 2016.01.04-ний өдөр Арвай хутаг дэлгүүрээс бэлнээр 70300 төгрөг, 2016.01.05-ны өдөр Талст дэлгүүрээс бэлнээр 483570 төгрөг, 2016.02.05-ны өдөр Эс Эс дэлгүүрнээс бэлнээр 500000 төгрөг, 2016.02.08-ны өдөр Бөмбөөлэй дэлгүүрт 692400 төгрөгийн бараа өгсөн гэж барааг өөрөө авч борлуулсан, 2016.02.18-ны өдөр Сайхан хүнс дэлгүүрээс дансаар 301740 төгрөг, 2016.02.18-ны өдөр Э-Транс дэлгүүрээс бэлнээр 257385 төгрөг, 2016.02.23-ны өдөр Ашиг Эрдэнэ дэлгүүрээс бэлнээр 138340 төгрөг, 2016.02.25-ны өдөр Овоот дэлгүүрээс бэлнээр 152200 төгрөгийг тус тус авч нийт 16166250 төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Быг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгий нхуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бы тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Баас 15366250 төгрөгийг гаруулж ***ХХК-нд олгож,

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүй өмгөөлүүлэх эрхийг минь хангаж өгөөгүйд гомдолтой байна. Миний хувьд өөрийгөө өмгөөлөх чадваргүй, эрх зүйн ямар нэгэн мэдлэггүй бөгөөд урьд нь 2 удаа өмгөөлөгчөөс шалтгаалж шүүх хуралдаан хойшлуулсандаа сандарч, хуралд орохоос өөр аргагүй болж шүүгчийн туслах хэлж өргөдөл бичүүлж хуралд орсон. Хэргийн хувьд гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд *** ДГО дугаартай автомашиныг ***ХХК-нийн захирал Зоригтод 6 сая төгрөгөөр тооцож шилжүүлсэн, цаашид үлдэх хохирлыг өөрийн боломжоор яаралтай төлөх хүсэлтэй байна. Өндөр настай ээжийн хамт амьдардаг бөгөөд эмнэлгийн байнгын хяналтад эмчлүүлж миний асрамжинд байдаг зэргийг харгалзан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бд холбогдох 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сарын 25-ны хугацаанд *** ХХК-ны Замын-Үүд дэх гэрээт борлуулагч ***ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр нийт 16.166.250 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар өмгөөлөгчөө өөрөө сонгон авах ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах үүрэгтэй боловч анхан шатны шүүх энэ үүргээ биелүүлээгүй байна.

Шүүгдэгч нь өмгөөлөгч Н.Аг өмгөөлөгчөөр сонгон авсан ба өмгөөлөгч нь биеийн эрүүл мэндийн шалтгаанаар Америк руу явж байгаагаа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байхад шүүх хуралдааныг боломжит биш хугацаанд товлон зарласан байх ба энэхүү товоо шүүгдэгчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй, улмаар түүнийг оролцуулалгүйгээр шүүгдэгчийг өмгөөлөгчөөс нь татгалзуулж шүүх хуралдааныг явуулсан нь буруу болсон байна.

Иймд шүүгдэгчээс гаргасан шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах атал миний эрхийг хамгаалах өмгөөллийн ажиллагаа байхгүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдлөө гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах гомдлын зарим хэсэг болох хохиролд өөрийн автомашиныг 6000.000 төгрөгөнд тооцож шилжүүлснийг тооцуулах,  оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзуулахыг хүссэн тухай гомдлуудыг хэлэлцэхгүй орхисон болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2,  317 дугаар зүйлийн 317.1.3, 320 дугаар зүйлийн 320.1.3, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Бы давж заалдсан гомдлын зарим хэсэг болох шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангуулаагүй тухай гомдлыг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад байлгасугай.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 


          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               Г.ТЭГШСУУРЬ

                                            А.САЙНТӨГС