Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 50

 

                                     Б.Ууганбаярт холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

   Хохирогч О.Алтанчимэгийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

   Хохирогч А.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч: М.Төмөрцэцэг,

   Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулж,

     Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч А.Эрдэнэцэцэг, хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гомдлоор Б.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ууганбаяр нь Голомт банкны Өмнөговь салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа өөрийн ажлын давуу байдлаа ашиглан бусдын итгэлийг олж авч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд тендерийн баталгаа болгон мөнгө байршуулж, богино хугацаанд өндөр хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Д.Ганцэцэгээс 2014 оны 04 дүгээр сарын 24, 05 дугаар сарын 19, 27, 06 дугаар сарын 25, 07 дугаар сарын 02-ны 1,7,15 хоногийн хугацаатай, 5,7,10 хувийн хүүтэй, 6 удаагийн давтан үйлдлээр нийтдээ 366000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар А.Майцэцэгээс 2014 оны 03 дугаар сарын 20, 04 дүгээр сарын 04, 05 дугаар сарын 02, 06, 06 дугаар сарын 18, 20, 21, 29, 30, 07 дугаар сарын 01, 04, 05-ны өдрүүдэд 17 удаагийн давтан үйлдлээр 1, 7, 10, 15 хоногийн хугацаатай, хүүгүй болон 7, 10 хоногийн хүүтэй нийт 138048000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар А.Буян-Очироос 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 5 хоногийн хугацаатай, 17 хувийн хүүтэй 80000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөнгөний хэрэг гараад байна удахгүй 7 дугаар сарын 17- ны өдөр ажилдаа орно тэгээд мөнгийг чинь өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар П.Батцэцэгээс 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 9200000 төгрөгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөнгө зээлээч хүүтэй буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Т.Мөнхцэцэгээс мөнгө зээлээч хүүтэй буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2014 оны 04 дүгээр сарын 24, 05 дугаар сарын 05, 19, 06 дугаар сарын 04, 06, 20-ны өдрүүдэд 7 удаагийн давтан үйлдлээр 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй 24300000 төгрөгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн дансанд мөнгө байршуулах нэрийдлээр Ч.Анхтуулаас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 хоногийн хугацаатай, 1 хувийн хүү бодож өгнө гэж 50000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар О.Алтанчимэгээс 2013 оны 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын дундуур, 2014 оны 02 дугаар сарын эхэн болон сүүл үеэр, 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус 5 удаагийн давтан үйлдлээр, 10, 14 хоногийн хугацаатай, 8, 10 хувийн хүүтэй 135500000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар Д.Заяасүрэнгээс 2014 оны 05 дугаар сарын 08, 17-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй 38200000 төгрөгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан,

Тендерт оролцоно гэж хуурч мэхлэх аргаар А.Эрдэнэцэцэгээс 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 19000000 төгрөгийг залилан мэхлэж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Банкны зээл чөлөөлөх болон тендерт хүн оролцож байгаа гэж хуурч мэхлэх аргаар Ш.Тогтмолоос 2014 оны 01 дүгээр сарын 23, 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 25, 30-ны өдрүүдэд 10 хоног болон 1 сарын хугацаатай, 5, 10, 15 хувийн хүүтэй өгнө гэж 4 удаагийн давтан үйлдлээр 56000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн баталгаа байршуулах нэрийдлээр  Б.Оюунсүрэнгээс 2014 оны 05 дугаар сарын 06, 21, 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 3 удаагийн давтан үйлдлээр 76500000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Барилга эхлүүлэх гэж байгаа, яаралтай мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хуурч мэхлэх аргаар Н.Эрдэнэ-Очироос 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2000000 төгрөгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн барьцаа болгож мөнгийг чинь дансанд байршуулж байгаад тендер нь бүтэхээр хүүтэй эргүүлж өгнө гэж хуурч мэхлэх аргаар Н.Оюунсүрэнгээс 2014 оны 06 дугаар сарын 05, 09, 12-ны өдрүүдэд 1 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй, 3 удаагийн давтан үйлдлээр 127000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Барилгын тендерт байршуулах мөнгө түр хэрэгтэй байна мөнгө зээлүүлээч гэж хуурч мэхлэх аргаар Л.Ариунсайханаас 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20000000 төгрөгийг залилан мэхлэж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх аргаар Ц.Цогбатаас 2014 оны 04 дүгээр сарын 20, 05 дугаар сарын эхээр болон 06 дугаар сарын 04, 25-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 4 удаагийн давтан үйлдлээр 180000000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Тендерийн мөнгийг аваад буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Г.Отгонгэрэлээс 2014 оны 05 дугаар сарын 12, 26, 28, 06 дугаар сарын 02, 03, 13, 17, 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд 7, 10, 14 хоногийн хугацаатай, 5, 8, 10 хувийн хүүтэй, 11 удаагийн давтан үйлдлээр 75560000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Боломжийн тендер над дээр орж ирдэг, өндөр хүүтэй мөнгийг чинь өсгөх боломж байна гэж хуурч мэхлэх аргаар Д.Баяржаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 03, 10, 07 дугаар сарын 03, 04, 10, 12-ны өдрүүдэд 14, 15 хоног болон 1 сарын хугацаатай, 5, 10, 15 хувийн хүүтэй, 6 удаагийн давтан үйлдлээр 70250000 төгрөгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан /нийт 1467558000 төгрөгийг 74 удаагийн давтан үйлдлээр/ гэмт хэрэгт холбогджээ.

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.Ууганбаярт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Үйзэн овгийн Батсүрэнгийн Ууганбаярыг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяраас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярын цагдан хоригдсон 24 сарыг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

5. Шүүгдэгч Б.Ууганбаярын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Sony СD-R 700 МВ гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн дотроо 4 минут 10 секундын, 5 минут 30 секундын 2 бичлэгтэй диск 1 ширхэг, SD-R 80min/700 mb гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн 7 минут 54 секундын бичлэг бүхий диск 1 ширхэг, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг 17 хуудас, цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг 76 хуудас, ТОEFL гэсэн бичиглэлтэй никиль цагаан өнгийн хүрээтэй хөх өнгийн дотроо 7 минут 37 секундын бичлэгтэй флаш 1 ширхэгийг тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

7. Шүүгдэгч Б.Ууганбаярын нэр дээрх V1105000239 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 15 дугаар байрны 16 тоотын 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2014 оны 8-р сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

8. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяраас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 21 дүгээр байр 02-17 тоотод оршин суух, Магниуд овгийн Адъяагийн Буян-Очирт 80.000.000 /наян сая/  төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 03-13 тоотод оршин суух, Бэйс овгийн Тэрбишийн Мөнхцэцэгт 24.300.000 /хорин дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт оршин суух, Тайж овгийн Чинзоригийн Анхтуулд 50.000.000 /тавин сая/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 1-17 тоотод оршин суух, Няндаг овгийн Олзын Алтанчимэгт 127.000.000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Хийдийн 1-6 тоотод оршин суух, Бэйс овгийн Дашнямын Заяасүрэнд 38.200.000 /гучин найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүн сайхны 07-07 тоотод оршин суух, Дүгэр овгийн Аюушийн Эрдэнэцэцэгт 19.000.000 /арван есөн сая/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал-Уулын 5-14 тоотод оршин суух Боржгон овгийн Шаргаагийн Тогтмолд 50.000.000 /тавин сая/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Аргалантын 3-2 тоотод оршин суух, Номч овгийн Базарын Оюунсүрэнд 48.250.000 /дөчин найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 11-24 тоотод оршин суух, Түмэд овгийн Нарангийн Эрдэнэ-Очирт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уулын 11-13 тоотод оршин суух, Боржигон овгийн Нарантуяагийн Оюунсүрэнд 116.250.000 /нэг зуун арван зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Зуслангийн 01-04 тоотод оршин суух, Улааныхан овгийн Лувсандоржийн Ариунсайханд 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 4 дүгээр байр, 1-1 тоотод оршин суух Балт овгийн Цэрэндондивын Цогбатад 151.000.000 /нэг зуун тавин нэгэн сая/ төгрөгийг, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Мишээлийн 89 дүгээр байр 08-88 тоотод оршин суух, Шунхайдан овгийн Гэндэндаржаагийн Отгонгэрэлд 14.813.500 /арван дөрвөн сая найман зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайхны 08-11 тоотод оршин суух, Жинчин овгийн Дэлгэрцогтын Баяржаргалд 66.250.000 /жаран зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайхны 07-35 тоотод оршин суух, Боржигон овгийн Дулмаагийн Ганцэцэгт 287.900.000 /хоёр зуун наян долоон сая есөн зуу/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурван сайхны 03-07 тоотод оршин суух, Баяжих овгийн Авирын Майцэцэгт 134.734.500 /нэг зуун гучин дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 04-24 тоотод оршин суух, Багачуул овгийн Володягийн Ариунтунгалагт 15.150.000 /арван таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан олгож,

9. Хохирогч П.Батцэцэг нь шүүгдэгч Б.Ууганбаяраас 9.200.000 төгрөгийн хохирол, төлбөрөө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, хохирогч Ч.Анхтуул, А.Эрдэнэцэцэг нарын хохирол, төлбөрөө хохирогч А.Майцэцэг, О.Алтанчимэг нараас нэхэмжилнэ гэсэн хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч А.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...мөрдөн байцаалт нэг талыг барин Алтанчимэгийн талд байцаалт явуулж байна. Яагаад гэвэл Баасанхүүг дуудаж асуугаагүй. Энэ хүн хэн данс өгсөн, хэний дансанд мөнгө хийсэн, хэн ярьж хийлгэснийг бүгдийг мэднэ. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Эрдэнэцэцэгээс 19000000 төгрөгийг Алтанчимэг нь авсан бөгөөд дансаар авахдаа Ууганбаярын данс руу шилжүүлүүлсэн. Тэгэхээр анхнаасаа уг мөнгийг өгөхгүй буюу өгөх боломжгүй байсан гэдгээ мэдэж байсан, мэдээд авахдаа энэ 2 хүн үгсэн тохирч, хамтран А.Эрдэнэцэцэгийг залилсан гэж харагдаж байна.

 А.Эрдэнэцэцэг нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр анх удаа мэдүүлэг өгөхдөө “...Алтанчимэгт мөнгө байна уу гэж утсаар асууж байгаад гэрийн гадаа ирсэн. Би гарч уулзахад Алтанчимэг Голомт банкны эдийн засагч Ууганбаяртай хамт явж байсан. Мөнгийг өгсөн бөгөөд Алтанчимэг нь мөнгө зээлүүлээч гэдэг хүсэлтийг тавьсан.

Харин мөнгийг яг шилжүүлэх болохоор Ууганбаяраасаа данс асуугаад, түүний данс руу хий гэсэн. Тэгэхээр нь би хүний дансруу хийх гэж байгаа бол өгөхгүй гэтэл Аптанчимэг өөрөө хариуцна гэж хэлээд мөнгийг шилжүүлүүлсэн. Тэгээд Алтанчимэгээр 19000000 төгрөг хүлээн авсан гэсэн бичиг хийлгээд гэртээ орсон." гэжээ.

Хавтаст хэргийн 108-110 дугаар хуудсанд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр О.Алтанчимэг нь хохирогчоор байцаалт өгөхдөө “...Заяасүрэн бид 2 Ууганбаярыг дагуулаад мөнгө хэрэгтэй болохор найз Эрдэнэцэцэгтэй уулзан 19000000 төгрөгийг авч зээлж авч Ууганбаярт өгсөн. Тэр үед Ууганбаяр бид хоёр хамт явж байсан. ” гэж мэдүүлсэн байдаг. Энэ асуудлыг нарийвчлан шалгуулмаар байна.

Шүүх хуралдаан дээр Алтанчимэг нь Ууганбаяр надад өгөх ёстой байсан хүүний мөнгө 19 сая төгрөг дээр өөрөөсөө 800000 төгрөг нэмээд А.Эрдэнэцэцэгийн данс руу Ганцэцэгийн нөхрөөр хийлгэсэн боловч банк хураасан гэх, банкны ажилтан болохоор Ганцэцэг буцааж ав гэсэн гэх мэдүүлгээс энэ хоёр Эрдэнэцэцэгээс авсан 19 сая төгрөгийн залилангийн үйлдэл дээрээ хамтарсан, Алтанчимэг нь Ууганбаяраас хүүний мөнгө авахын тулд Эрдэнэцэцэгээс мөнгө авсан гэж ойлгогдож байна.

Иймээс мөрдөн байцаалт нэг талыг барьж, хэргийн бодит үнэнийг тогтоолгүй, гагцхүү мөнгө авсан, залилуулсан гэдэгт үндэслээд хамтран залилсан байж болзошгүй, гэмт этгээд ял завшиж болзошгүй гэдгийг шүүгч нар нягтлан судлаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1 дэх заалт буюу шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг баримтлан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгээс: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Хохирогч Эрдэнэцэцэгээс 19000000 төгрөгийг Алтанчимэг нь авсан бөгөөд дансаар авахдаа Ууганбаярын данс руу шилжүүлүүлсэн. Тэгэхээр анхнаасаа уг мөнгийг өгөхгүй буюу өгөх боломжгүй байсан гэдгээ мэдэж байсан, мэдээд авахдаа энэ 2 хүн үгсэн тохирч, хамтран А.Эрдэнэцэцэгийг залилсан гэж харагдаж байна. А.Эрдэнэцэцэг нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр анх удаа мэдүүлэг өгөхдөө “...Алтанчимэгт мөнгө байна уу гэж утсаар асууж байгаад гэрийн гадаа ирсэн. Би гарч уулзахад Алтанчимэг Голомт банкны эдийн засагч Ууганбаяртай хамт явж байсан. Мөнгийг өгсөн бөгөөд Алтанчимэг нь мөнгө зээлүүлээч гэдэг хүсэлтийг тавьсан. Харин мөнгийг яг шилжүүлэх болохоор Ууганбаяраасаа данс асуугаад, түүний данс руу хий гэсэн. Тэгэхээр нь би хүний дансруу хийх гэж байгаа бол өгөхгүй гэтэл Аптанчимэг өөрөө хариуцна гэж хэлээд мөнгийг шилжүүлүүлсэн. Тэгээд Алтанчимэгээр 19000000 төгрөг хүлээн авсан гэсэн бичиг хийлгээд гэртээ орсон." гэжээ. Хавтаст хэргийн 108-110 дугаар хуудсанд тодорхой байдаг. Энэ асуудлыг нарийвчлан шалгуулмаар байна. Шүүх хуралдаан дээр Алтанчимэг нь Ууганбаяр надад өгөх ёстой байсан хүүний мөнгө 19 сая төгрөг дээр өөрөөсөө 800000 төгрөг нэмээд А.Эрдэнэцэцэгийн данс руу Ганцэцэгийн нөхрөөр хийлгэсэн боловч банк хураасан гэх, банкны ажилтан болохоор Ганцэцэг буцааж ав гэсэн гэх мэдүүлгээс энэ хоёр Эрдэнэцэцэгээс авсан 19 сая төгрөгийн залилангийн үйлдэл дээрээ хамтарсан, Алтанчимэг нь Ууганбаяраас хүүний мөнгө авахын тулд Эрдэнэцэцэгээс мөнгө авсан гэж ойлгогдож байна. Иймээс мөрдөн байцаалт нэг талыг барьж, хэргийн бодит үнэнийг тогтоолгүй, гагцхүү мөнгө авсан, залилуулсан гэдэгт үндэслээд хамтран залилсан байж болзошгүй, гэмт этгээд ял завшиж болзошгүй гэдгийг шүүгч нар нягтлан судлаагүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас: Эрдэнэцэцэг болон Төмөрцэцэг нарын гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд хамтран оролцогч хэн бэ гэдгийг нарийн тодорхой зааж өгсөн байдаг. Алтанчимэгийн үйлдлийг харахад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт зэргээр тогтоогддоггүй. Эрдэнэцэцэг болон өмгөөлөгч Төмөрцэцэг нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд  бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 74 удаагийн  давтан үйлдлээр бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх түүнд 500000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1  сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

Энэ хэргийн талаар давж заалдах шатны шүүхэд хохирогч А.Эрдэнэцэцэг болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судалбал:

Хохирогч О.Алтанчимэгийн ...19000000 төгрөгийг хоногийн 5 хувийн хүүтэй Ууганбаяр Эрдэнэцэцэгээс гэрээ хийж зээлсэн. Эрдэнэцэцэг өөрөө 19000000 төгрөгөө нэхэмжилж цагдаад өргөдөл гаргасан гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 101/,  А.Эрдэнэцэцэгийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд ...Би Б.Ууганбаярт 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 19 сая төгрөгийг өдрийн 5 хувийн хүүтэй, 2 хоногийн хугацаатай 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Хохирлыг гэрээнд заагдсан заалтын дагуу гаргуулж өгнө үү гэжээ /1-р хавтасны 33/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн ...Баасанхүү Алтанчимэгийн өгсөн данс руу 19 сая төгрөг шилжүүлэхэд Алтанчимэг мөнгө данс руу ороод ирлээ гэж утсаар хэлсэн. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ууганбаяр намайг нотариат дээр хүрээд ир гэж дуудаад 19 сая төгрөг дээр хүүгээ нэмээд 20900000 төгрөг авсан нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Би нотариатаар батлуулсан 20900000 төгрөг болон хүү, алдангиа тооцуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 108/,  гэрч А.Цэндоогийн ...Ууганбаяр орж ирээд Эрдэнэцэцэг гэж хүнийг дуудаад 20900000 төгрөгний гэрээ хийсэн. Эрдэнэцэцэг нь Ууганбаярт 2014 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй 20900000 төгрөг зээлж зээлийн гэрээ хийсэн. Эрдэнэцэцэгийн гэрээг тухайн үедээ хувийн тохиролцоогоор мөнгө зээлж авч байна гэж хэлж байсан учраас би баталгаажуулсан гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 163/, сэжигтэн Б.Ууганбаярын ...Эрдэнэцэцэг нараас ихэвчлэн бэлнээр мөнгийг нь авч зээлдэг байсан гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 215/, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А.Эрдэнэцэцэг, Б.Ууганбаяр нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3-р хавтасны 524/, хохирогч О.Алтанчимэгийн ...Б.Ууганбаяр зогсоо зайгүй тендэрт орох гэсэн юм. Мөнгө олоод өгөөч, тэгж байж бүх мөнгө гарч ирнэ гээд байсан юм. Би найзаасаа асууж өгье гэж хэлээд найз Эрдэнэцэцэг рүүгээ яриад өдрийн 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэж ярьсан. Эрдэнэцэцэг яах гэж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь Голомт банкны эдийн засагч Ууганбаяр гэдэг хүүхэн зээлэх гээд байгаа юм гэж хэлсэн. Эрдэнэцэцэг хүнээс асууя гэж хэлээд тасалсан. Тэгж байтал Эрдэнэцэцэг 19 сая төгрөг олчихлоо. Мөнгөө яах юм бэ гэхээр нь очоод авья гэж хэлээд Ууганбаярыг дагуулаад очсон. Эрдэнэцэцэг нь хүнд өгөх гэж байгаа бол өгмөөргүй байна гэж надад хэлсэн. Ууганбаяр нь өгчих гэж Эрдэнэцэцэг болон надаас мөн гуйсан. Эрдэнэцэцэг нь бас таньдаг хүн байна гэж ярьж л байсан. Би Эрдэнэцэцэгт Ууганбаяраас би уг мөнгийг хариуцаж авч өгье гэдэг зүйл бичиж өгсөн. Ингээд Эрдэнэцэцэг Ууганбаяр хоёр хоорондоо ярилцаж байгаад мөнгөө шилжүүлж өгөлцсөн байсан. Эрдэнэцэцэг Ууганбаяртай харилцан зөвшөөрөөд нотариатаар баталгаажуулаад гэрээ хийчихсэн байсан. Би тэр хоёрт гэрээ хий гэж хэлээгүй. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Ууганбаяр нь Эрдэнэцэцэгийн 19 сая төгрөгийг өгөхгүй байсан болохоор Эрдэнэцэцэгийг Ууганбаяртай уулзуулж 19 сая төгрөгийг авахуулсан болохоор санаа зовоод найздаа мөнгийг нь өгье гэж бодоод Ганцэцэгийн нөхөр Ганчулуунаар Эрдэнэцэцэгийн 19 сая төгрөгийг хүүтэй буюу 19800000 төгрөгийг Голомт банкны Эрдэнэцэцэгийн данс руу хийлгэхээр явуулсан. Тэгтэл Голомт банк манай мөнгө гээд хураагаад авсан. Тухайн өдөр Эрдэнэцэцэгийн гар утсанд 19800000 төгрөг орж ирсэн гэсэн мессеж ирсэн байдаг. Эрдэнэцэцэг над руу тэр өдрөө 100000 төгрөгний хүү дутуу байна гэсэн мессэж ирүүлсэн. Маргааш нь Эрдэнэцэцэг нөгөө мөнгө чинь дансанд ороогүй алга байна гэж ярьсан гэсэн мэдүүлэг /6-р хавтасны 1262-1263/, шүүгдэгч Б.Ууганбаярын ...А.Эрдэнэцэцэгийн хохирол, тооцоолол дээр маргаангүй, хүлээн зөвшөөрч байна. Эрдэнэцэцэг надад мөнгө зээлдүүлэхийг мэдэж байсан. Алтанчимэгтэй хамт гэрийнх нь гадаа очоод Эрдэнэцэцэгээс 19 сая төгрөг авсан. Тухайн үед би Алтанчимэгт мөнгө хэрэгтэй байна гээд Алтанчимэг таньдаг хүнтэйгээ яриад хамт очиж авч байсан гэсэн мэдүүлэг /7-р хавтасны 1687-1688/, хохирогч О.Алтанчимэгийн ...Эрдэнэцэцэгээс 19 сая төгрөг өгч авалцсан баримтан дээр би хариуцана гэж гарын үсэг зурсандаа одоо харамсдаг. Гэхдээ тэр баримтан дээр Ууганбаяр ч гарын үсэг зурсан. Ямар данс руу орсныг нь мэдэхгүй, Ууганбаярт тэр мөнгө очино гэдгийг Эрдэнэцэцэг мэдэж байсан. Би зуучилж л өгсөн. Эрдэнэцэцэгийн мөнгөнөөс би аваагүй гэсэн мэдүүлэг /7-р хавтасны 1689/ зэргийг харьцуулан дүгнэхэд хохирогч А.Эрдэнэцэцэг болон түүний өмгөөлөгчийн хохирогч О.Алтанчимэг, шүүгдэгч Б.Ууганбаяр нар нь залилангийн үйлдэл дээрээ хамтарсан гэж хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “Алтанчимэгийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахыг” хүссэн хохирогч А.Эрдэнэцэцэг, “Ууганбаяр, Алтанчимэг нар нь их хэмжээний мөнгийг бусдаад залилж авсан асуудлыг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн” хохирогч А.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гомдолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэг,  325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Эрдэнэцэцэг, хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын “залилангийн гэмт хэрэгт холбогдуулан хохирогч О.Алтанчимэгийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах тухай” давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

 

                                     ШҮҮГЧИД                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                

                                                          Х.ГЭРЭЛМАА