Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 52

 

З.Сүхээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

               Прокурор Н.Ундрах

               Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч И.Олонмөнх

               Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулж,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр З.Сүхээд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З.Сүхээ нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар арван жилийн сургуулийн спорт зааланд иргэн Н.Сүхбаатарын эзэмшлийн “iphone 5s” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 Өмнөговь аймгийн Прокурорын газраас З.Сүхээд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх: Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Сүхээ нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримт CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сүхээд урьд авсан гадагш явахгүй байх тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...З.Сүхээ нь гар утсыг хулгайлах үйлдэл хийн, улмаар өмднийхөө карманд хийж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдсэн тохиолдолд түүнийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болно гэж цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ дурдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт заасан “цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт......шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Учир нь З.Сүхээгийн сетк чангалж байгаа үйлдэл камерт бичигдээгүй байхад шүүх таамгаар ийм дүгнэлт хийсэн.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд “...яллах талын голлох нотлох баримт болгож ирүүлсэн, нэг эх сурвалжид тулгуурласан адил агуулга бүхий хоёр нотлох баримтыг нэг нь нөгөөгөө үгүйсгэж байна гэсэн ойлгомжгүй дүгнэлтийг хийж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 ...Шүүгдэгч З.Сүхээд холбогдох хэрэг нь ....хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн хэдий боловч З.Сүхээгийн хувьд гэм буруугийн талаар маргаж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ” гэж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч З.Сүхээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн заалтыг шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн санал оруулж байна. Прокурор нэг баримтыг нөгөөгөөр нь үгүйсгэж байгаа гэсэн байдаг. Гэм буруугийн байдлыг судалж байж шүүх цагаатгах тогтоолоо гаргасан. Тороос чангалж байгаа асуудал 3 цагийн бичлэг хийж СD-р хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хурал дээр уг бичлэгийг үзсэн. Гэрч Батсайхан тороос чангалж байгааг харсан гэж тогтвортой мэдүүлдэг. Гэтэл гэрч Жаргалсайхан, Гансувд, Бат-Эрдэнэ нар нь хохирогч Сүхбаатартай хамт ажилладаг хүмүүс байдаг. Гэрч Ундармаа нь би Сүхбаатарын утсаар ярьсан гэж мэдүүлдэг. Энэ ярьснаас хойш Сүхбаатарын утас алга болсон асуудал яригддаг. Хохирогч Сүхбаатар нь Ундармаа миний утсаар яриад надад өгсөн гэх асуудал огт яригддаггүй.  Сүхбаатар нь би утсаа тавиад бүтээсэн гэж ярьдаг. Сүхээ бол тэр тороос чангалж байгаа үйлдэл л камерийн бичлэгт харагддаг.  Тэр утас байсан гэх газраас тороос чангалсан газар 80 см-н зайтай байдаг. Босоод өмдөө татсаны төлөө утас авч кармаа руугаа хийсэн гэх үйлдлээр л прокурор ялладаг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатнышүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлэхээр заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 316 дугаар зүйлийн 316.1 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ДОЛГОРМАА

                       ШҮҮГЧИД                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                          Х.ГЭРЭЛМАА