Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00124

 

                             О.Эрдэнэзаяад захиргааны шийтгэл

                                      ногдуулсан хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж

 

           Шүүх хуралдаанд:

           Гомдол гаргагч                                Б.Анхбаяр

            Гомдол гаргагчийн өмгөөлөгч    Д.Тогтохбаяр      

            Нарийн бичгийн дарга                Б. Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаар шийтгэвэртэй О.Эрдэнэзаяад холбогдох захиргааны зөрчилтэй хэргийг, гомдол гаргагч Б.Анхбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч  С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, баяжуулагч мэргэжилтэй, “Молор” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл-4, эмээ, ээж, эгч нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10 тоотод оршин суух, ФА93120707 регистрийн дугаартай Боржигон овогт Оюунцэцэгийн Эрдэнэзаяа.

 

О.Эрдэнэзаяа нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сонгогчдын нэр, хаяг, утасны дугаар цуглуулж бусдад мөнгө тараасан зөрчилд холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаар шийтгэврээр:

 

1.Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1. д зааснаар УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын ухуулагч О.Эрдэнэзаяаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 192.000 /нэг зуун ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, шийтгэврийг О.Эрдэнэзаяа болон гомдол гаргагч Б.Анхбаяр нарт танилцуулахыг шүүгчийн туслах Ц.Эрдэнэбатад даалгаж, энэ шийтгэврийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагч Б.Анхбаяр давж заалдах гомдолдоо:

 

УИХ-ын сонгуулийн 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын ухуулагч О.Эрдэнэзаяа нь нэр дэвшигч Д.Дамба-Очирын төлөө санал өгөх иргэдийн нэр, хаяг утасны дугаар зэрэг мэдээллийг гаргуулж, ийнхүү нэрс бүрдүүлж өгсөн нэр бүхий иргэдэд мөнгө өгсөн үйлдлийг нь Цагдаагийн газар шалгаж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.07.01-ний өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамжаар О.Эрдэнэзаяаг Сонгуулийн тухай хуулийн 70.1.1.д заасныг зөрчсөн гэж арга хэмжээ авсан.

 

1.О.Эрдэнэзая нь 2016.06.25-нд Цагдаагийн газарт тайлбар өгөхдөө “...4-16 дугаар байранд байдаг Туяа гэдэг эгчээс 2 сарын өмнө авсан 40.000 төгрөгөө өгөхөөр очсон...” гэж хэлсэн байхад түүний энэ тайлбар үнэн зов эсэхийг иргэн Туяагаас тодруулж, шалгаагүй.

 

Мөн сарын өмнө буусан цалингаа биедээ аваад явж байсан гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй илт эргэлзээтэй. 2016.06.27-нд мөн дахин тайлбар өгөхдөө “... Энхтуяа гэдэг эгчийг намаа дэмжих хүмүүс олж өглөө гэж 80.000 төгрөг өгсөн, бас Б.Болд гэдэг залууд 50.000 төгрөг өгсөн, М.Номинд 50.000 төгрөг өгсөн, Б.Отгонбаярт 30.000 төгрөг өгсөн. Би өөрөө энэ мөнгийг гаргаж өгсөн...” гэж хэлсэн нь энэ хүн МАН-ын гишүүн биш атлаа /2016.06.25-нд өгсөн тайлбартаа намын гишүүнчлэл бий эсэх талаар асуухад “байхгүй” гэж хэлсэн/ нэр дэвшигчийн уулзалтанд оролцох, тус намыг дэмждэг хүмүүсийг олж өгснийх нь төлөө өөрөөсөө мөнгө гаргаад өгсөн гэдэг нь дэндүү үнэмшилгүй тайлбар юм.

 

2.Иргэн Б.Сүхбаатар 2016.06.26-нд Цагдаагийн газарт өгсөн тайлбартаа “...Сонгуулийн сурталчилгаанд явж байгаа, хүний иргэний үнэмлэх олоод хүнд мөнгө төгрөг өгнө гэж яриад байсан, ...тухайн үед хүний иргэний үнэмлэхнээс нь нэрийг нь бичиж аваад хаяг, утасных нь дугаарыг аваад байсан...” гэж ярьсан нь О.Эрдэнэзаягийн өөрөөсөө мөнгө өгсөн гэж хэлж байгааг үгүйсгэж байна.

 

3.2016.06.25-нд иргэн Х.Энхтуяа “... 2016.06.13-нд facebоок-т ороод байж байтал 99972331 гэсэн дугаар мөнгөний ажил хийх ээжууд байна уу гэсэн зар тавьсан байсан. Тэр групп нь ээжүүдийн групп байсан. Ингээд би өөрийнхөө 95342013 дугаараас залгасан...”, “...ингээд би Уртбулаг багийн 18 иргэний нэр, хаяг, утасны дугаарыг олоод Согоот багийн 6-140 байрны “Молор дэлгүүр дээр утсаар нь яриад уулзсан.

 

 Надад 40.000 төгрөг өгөөд МАН-аас УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж байгаа Дамба-Очирыг наад 18 хүндээ МАН-ыг дэмжээрэй гэж хэлээрэй. Мөн Дамба-Очирын уулзалтанд хүмүүсээ урьж авчраарай гэсэн...” гэж тайлбар өгсөн байдаг. 2016.06.25-нд О.Эрдэнэзаягаас тайлбар авсан тухай тэмдэглэлд түүнийг ам бүл 4-үүлээ, эмээ, ээж, эгчийн хамт амьдардаг гэж тэмдэглэсэн байхад тэр facebook-т ээжүүдийн группээр мөнгөний ажил хийх ээжүүд байна уу гэсэн халхавчилсан зараар сонгуульд нэр дэвшигчийг дэмжих хүмүүсийн мэдээллийг цуглуулж байснаас үзэхэд өөрөөсөө мөнгө гаргасан бус, харин цаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өөр эх үүсвэртэй мөнгийг тарааж байсан гэдэг нь харагдана.

 

4.Мөн Д.Гэрэлмаагийн тайлбарт “...2016 оны 06 сарын дундуур найз Номинтой гар утсаар ярьж байсан чинь 18 хүний нэр өгөөд цалин авах боломжийн ажилд танил О.Эрдэнэзаяа нэг хүн хэрэгтэй байна гэж ярьж байна. Чи энэ ажлыг хийх үү гэж надаас Номин асуусан юм. Надад мөнгө хэрэгтэй байсан учир би 18 хүний нэр, утасны дугаар, гэрийн хаяг гэх зэргийг О.Эрдэнэзаяа гэдэг хүнд олж өгөөд тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Эрдэнэзаяа миний гар утас руу залгаад урьдчилгаа мөнгөө ирж ав гээд би 6-9-р байрны хажууд байдаг “Молор” хүнсний дэлгүүрт орсон чинь Эрдэнэзаяа надад бэлнээр 50.000 төгрөг өгөөд, үлдэгдэл нь 25-ны өдрийн дотор орно. Тэгэхээр холбоо бариад чиний мөнгийг өгнө гэсэн...” гэж байгаа нь дээрх зөрчил зөвхөн О.Эрдэнэзаяа гэдэг хүнтэй хамаатай бус түүнд мөнгө өгч тараалгасан, санхүүжүүлсэн хүн байгаа гэх дүгнэлтэнд хүргэнэ.

 

М.Номингийн тайлбарт “...2016.06.26-ны өдөр өглөө эрт над руу залгаад үлдэгдэл мөнгө чинь орсон, ирээд ав гэхээр нь би завгүй байна гээд завтай болохоороо залгаад авъя гэж хэлсэн...” гэж бичсэн нь өөрөөсөө бус цаанаас нь санхүүжүүлсэн гэдгийг нотолж байна.

 

Дээр дурдсан хүмүүсийн тайлбаруудаар О.Эрдэнэзаяагийн үйлдлийг санхүүжүүлсэн, өөрөөр хэлбэл мөнгө тараалгасан хэн нэг этгээд байгаа гэдэг нь тодорхой байсаар байтал зөвхөн мөнгө тараасан этгээдийг торгоод өнгөрч байгаа нь хууль зөрчсөн гэм буруутай бусад этгээдүүдийг өөгшүүлээд өнгөрч, /цаашид сонгууль болгоноор ийм хууль бус үйлдлээ давтан/ сонгогчид болон хуулийн дагуу, шударгаар өрсөлдсөн бусад хүмүүсийн эрх ашигт илт хохиролтой шийдвэр болж байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 70.5.10 дахь хэсэгт сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж,  мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгохыг хориглосон ба дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд тус хуулийн 131.2 дахь зааснаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр заасан байна.

 

Мөнгө тараасан этгээдүүдэд Сонгуулийн тухай хуулийн 70.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж мөнгө, эд зүйл тараасан гэдгээр арга хэмжээ авч байгаа бол цаана нь мөнгө эд зүйл тараалгасан хэн нэг хүн байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл тэр мөнгө тараагаад байгаа хүмүүс өөрөөсөө мөнгө гаргаад тараагаад байсан уу, үгүй юу гэдгийг цагдаагийн газар шалгаж тогтоох бүрэн боломжтой тул энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж гэм буруутай этгээдүүдэд Сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэг, тодруулбал 70.5.10 дугаар хэсгийг зөрчсөн үндэслэлээр арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Зөрчил гаргагч О.Эрдэнэзаяа давж заалдах гомдолдоо:

 

Намайг ухуулагчаар ажилласан гэдгийг нотлох баримт байхгүй байхад ухуулагчаар ажилласан гэж торгож арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 221 дугаар шийтгэврийг засаж О.Эрдэнэзаяа намайг аль нэг намд ухуулагчаар ажиллаагүй болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Захиргааны зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  зөрчил гаргагч О.Эрдэнэзаяа нь Монгол ардын намыг дэмждэг хүмүүсийг олох, сонгогчидтой хийх уулзалтанд иргэдийг идэвхтэй оролцуулах зорилгоор иргэдэд 30.000- 80.000 төгрөг тараасан болох нь  18 хүний нэр, утасны дугаар, гэрийн хаягийг олж ирж мөнгө авсан талаарх Х.Энхтуяа, Д.Гэрэлмаа, Б.Болд, М.Номин, Б.Отгонбаяр нарын тайлбар, зөрчил гаргагч О.Эрдэнэзаяагийн “...Би зарим нэг хүмүүст өөрөөсөө мөнгө өгсөн нь үнэн. Энхтуяа гэж эгчид намаа дэмжих хүмүүс олж өглөө гэж 80.000 төгрөг, Болд гэдэг залууд 50.000 төгрөг, М.Номинд 50.000 төгрөг, Б.Отгонбаярт 30.000 төгрөг өгсөн...., Би өөрөө олон сонгогч олъё гэж бодоод мөнгө өгсөн. Хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ойлгоогүй миний буруу байна...” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

 

Харин  хэрэгт  О.Эрдэнэзаяаг Улсын Их хурлын сонгуулийн 48 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабт ухуулагчаар ажиллаж байсан гэдгийг нотолсон ямар нэг  нотлох баримт байхгүй байх тул анхан шатны шүүх О.Эрдэнэзаяаг ...ухуулагчаар... ажиллаж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Ийм учраас шүүх зөрчил гаргагч О.Эрдэнэзаяаг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.д зааснаар ...ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор 70.1.1.д заасан мөнгө, эд зүйл тараахыг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн  гэж үзэж мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1.д заасан  захиргааны шийтгэл ногдуулсан  шийтгэвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх хэргийг гомдол гаргагч Б.Анхбаярын цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын хэмжээнд  шийдвэрлэсэн,  О.Эрдэнэзаяа нь бусдаас мөнгө авч сонгогчидод тараасан гэдгийг нотолсон зүйл зөрчлийн материалд авагдаагүй байх тул Б.Анхбаярын “...Цаана нь мөнгө тараалгаад байгаа эзнийг нь тогтоож арга хэмжээ авч өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, зөрчил гаргагч О.Эрдэнэзаяагийн “... би ухуулагч биш учраас намайг ухуулагчаар ажиллаагүй гэдгийг тогтоож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч  энэ талаар шийтгэвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 31 дүгээр зүйлийн 31.3.2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн 221 дугаар шийтгэвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтыг :

 

- ... Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1.д зааснаар зөрчил гаргагч Оюунцэцэгийн Эрдэнэзаяад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсугай... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Зөрчил гаргагч О.Эрдэнэзаяагийн гомдлыг хүлээн авч, гомдол гаргагч Б.Анхбаярын  давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.      

 

3.Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.